Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогч: Д.М-,

Иргэний хариуцагч: Э.Д-,

           Шүүгдэгч: Х.Т-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Х.Т-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903013770032 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Т-, 1974 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Х.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Тоса” төвийн баруун талын замд “Атибус” ХХК-ний эзэмшлийн Дэү-106 маркийн ... улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Д.М- автобусны хаалганы шат руу унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Т- шүүх хуралдаанд: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 42 чиглэлийн шугаманд явж байсан. Вокзалаас хөдлөөд Богд ар чиглэлтэй явж байсан. Тоса худалдааны төвийн хажууд хөдөлгөөн удааширсан байсан. Би 15-20 км цагийн хурдтай явж байсан. Хөдөлгөөнөө удаашруулах гэж тоормос гишгэсэн чинь зорчиж явж байсан зорчигч урд хаалга руу уначихсан. Би хурд багатай явж байсан тул огцом тоормос гишгээгүй. Хохирогч урд хаалганы 2 дахь шатан дээрээс унасан. Бариулаас барьсан байсан эсэхийг мэдэхгүй байна” гэв.

Хохирогч Д.М- шүүх хуралдаанд: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүлжмэл гээд автобусанд суусан. Автобус хөдлөхдөө огцом тоормос гишгэсэн. Автобусны шил нь хүртэл хагарсан. Автобусанд сууж явж байсан бүх л хүмүүс унасан. Хүмүүс уурлаад бууж байсан. Урд шил хагалчихлаа, хэн төлөхийн гээд жолооч яриад байсан. Би автобус хүн ихтэй байсан тул хойд хаалга руу явах гэснээ урд хаалга ойрхон байсан тул урд хаалгаар буухаар очоод бариулаас бариад зогсож байсан. Би тэгээд буусан толгой хавдсан байсан. Тухайн үед би ухаан алдсан байсан байх юу болсныг мэдээгүй. Жолооч надтай их муухай харьцсан. Та гомдолтой байвал цагдаагаа дууд гэж хэлсэн. Би түргэн дуудаад хүүхдүүдээ дуудсан. Шүүгдэгч надад гомдолтой байна. Би ажлаа хиймээр байна гэж хэлсэн. Дараа нь би охинтойгоо гэмтлийн эмнэлэг орсон эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Саяхан надад 650.000 төгрөг өгсөн. Энэ хохирлоос хойш гарсан хохирлоо нэхэмжилж байна. Эмч намайг удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Толгойн ард байгаа цус хуралт сайн шимэгдэхгүй байна, эм уу гэж хэлсэн” гэв.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Э.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баримттай хохирлыг төлнө. Шүүгдэгч нь ажлаа хийхгүй байгаа. Хохирогчид төлсөн 650.000 төгрөгийг шүүгдэгч өөрөө төлсөн” гэв.

Хохирогч Д.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би Богд-Ар хорооллын автобусны буудал дээр буух гээд автобусны урд хаалганы голын буюу 2 дахь шатан дээр зогсож байхад автобус хөдлөөд гэнэт огцом хөдлөх үед би шатны хөндий рүү унасан. Би тэр үед бариулнаас баруун гараараа бариад явж байсан, хүчтэй тоормослосон учир миний гар тавигдаад унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Шинжээчийн 62 дугаар дүгнэлтэд: “...Д.М-ын биед дагз ясны хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх энь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх нь шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт /хх-н 50-51/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 13 тоот дүгнэлтэд: “...Daewoo-106 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Хандсүрэн овогтой Тожилсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: д/зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зорчигч Должинсүрэн овогтой Мөнхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 53/,

Ялагдагчаар Х.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонсгосон зүйл ангитай танилцлаа. Хуулийн байгууллагын гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. ...буудлаас хөдлөөд явж байгаад тоормос гишгээд зогстол автобусан дотор урд талын 2 дахь шатан дээр зогсож байсан нэг хөгшин настай хүн доод шат руу унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 62-63/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-13/, хохирлын баримтууд /хх-н 22-24/, хохирогчийн өвчний түүх /хх-н 25-32/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 69-78/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Х.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Тоса” төвийн баруун талын замд Атибус ХХК-ний эзэмшлийн Дэү-106 маркийн ... улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Д.М- автобусны хаалганы шат руу унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.М-ын: “...автобусны урд хаалганы голын буюу 2 дахь шатан дээр зогсож байхад автобус хөдлөөд гэнэт огцом тоормослох үед би шатны хөндий рүү унасан. Би тэр үед бариулнаас баруун гараараа бариад явж байсан, хүчтэй тоормослосон учир миний гар тавигдаад унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, шинжээчийн 62 дугаар дүгнэлт, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 13 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Х.Т-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Т- нь нийтийн тээврийн хэрэгсэл буюу автобус жолоодох явахдаа огцом тоормослож, тухайн автобусанд зорчиж явсан хохирогч Д.М- нь шатан дээр зогсож байхдаа унаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь хөдөлгөөн удаашралтай байсан ба огцом тоормослоогүй гэж мэдүүлж байх боловч хохирогчийн “гэнэт тоормослох үед автобусанд зогсож байсан олон хүмүүс унасан. Уурлацгаагаад бууж байсан. Мөн жолоочийн урд талын шил хүртэл хагарсан” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М-ын биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх ба тухайн үед шүүгдэгч Х.Т-гийн .Х.ахобраобораолбалааунаж явсан автобус нь иргэний хариуцагч “Атибус” ХХК-ний эзэмшлийнх тул уг хохирлыг иргэний хариуцагч “Атибус” ХХК хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогчид учирсан 650.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь төлсөн байна. Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх үед гаргаж өгсөн баримт болон хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар 419.444 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул уг хохирлыг иргэний хариуцагч “Атибус ХХК”-с гаргуулж хохирогч Д.М-т олгох нь зүйтэй.

Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх талаар мэдүүлж байх тул хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Х.Т-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 10 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ялыг доод хэмжээгээр буюу 6 сар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

  Иймд шүүхээс шүүгдэгч Х.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу хохирогчид хүнд хохирол учирсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, тус зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөхөө илэрхийлсэн хэдий ч уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлөөгүй, мөн хохирогчид учирсан гэм хор бүрэн арилсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Т-гийн 41031 дугаартай В, C, D ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х.Т-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Т-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 06 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-д оногдуулсан 06 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид 650.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Атибус ХХК-с 419.444 төгрөг гаргуулж хохирогч Д.М-т олгосугай.
  6. Хохирогч Д.М- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
  7. Шүүгдэгч Х.Т-гийн 41031 дугаартай В, C, D ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дуусан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР