Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 396

 

 

 

 

 

    2020           4              2                                          2020/ДШМ/396                                 

Х.Тожилсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч Д.Мөнхбаатар,

шүүгдэгч Х.Тожилсүрэн, түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва,

нарийн бичгийн дарга Д.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Тожилсүрэнгийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан давж заалдах гомдлоор Х.Тожилсүрэнд холбогдох 1903013770032 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Х.Т, 1974 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Атибус” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамжны 5 дугаар байрны 21 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЧЗ74081619/;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар шүүгчийн захирамжаар 9 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан; 

Х.Тнь 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Тоса” төвийн баруун талын замд “Атибус” ХХК-ийн эзэмшлийн Дэү-106 загварын  06-53 УБА улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох” гэж заасныг зөрчсөний улмаас зорчигч Д.Мөнхбаатарыг автобусны хаалганы шат руу унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Тожилсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Хандсүхийн Тожилсүрэнг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Тожилсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тожилсүрэнд оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид 650.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Атибус” ХХК-иас 419.444 төгрөг гаргуулан хохирогч Д.Мөнхбаатарт олгож, хохирогч Д.Мөнхбаатар нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Тожилсүрэнгийн 41031 дугаартай B, C, D ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тожилсүрэнд оногдуулсан жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Тожилсүрэнгийн өмгөөлөгч Д.Жамъяндагва давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хэт нэг талын байр суурийг хамгаалсан буруу дүгнэлт хийж, яллах талыг баримталж, Эрүүгийн хуулийн шударга ёсны суурь зарчмыг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой эргэлзээгүй тогтоогоогүй байхад шүүгдэгчид хорих ял, эрх хасах ялыг давхардуулан оноож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ял оноосонд гомдолтой байна.

Шүүгдэгч Х.Тнь 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Атибус” ХХК-ийн эзэмшлийн Дэү-106 загварын 06-53 УБА улсын дугаартай автобусыг жолоодож, бусдад үйлчилгээ үзүүлж замын хөдөлгөөнд оролцож явахдаа өөрт болон бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор огцом тоормосолж, аргагүй хамгаалалтыг хэрэглэж, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хуулийг буруу хэрэглэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрч, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй ял оноосон нь хууль бус юм.

Мөрдөгч, прокурор нь гэрч, яллагдагчийг Үндсэн хууль бусад хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх үндсэн эрхээр хангах үүргээ биелүүлэхгүй, хэт нэг талын байр суурийг хамгаалж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх нь үүнийг буруу үнэлж, дүгнэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2/172 дугаартай албан бичгээр шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхээр хангасан мэт боловч өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлт, гомдол гаргах хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхгүй шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад үйлчилгээ үзүүлсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй, хуулийг хэрэглэхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хорих ял, эрх хасах ялаар давхар шийтгэж ял оногдуулсан нь илт хууль бус байна.

Шүүгдэгч нь өөрийн хийсэн үйлдлээ сайн дураар ухамсарлаж, өөрийн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүх нь хэрэглэх ёстой Эрүүгийн хуулийг хэрэглэхгүй, шүүгдэгчийг хорих ялаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл тогтоогдож байхад буруу үнэлэлт, дүгнэлт хийж шүүгдэгчид хорих ял оноосонд гомдолтой байна.

            Шүүгдэгч Х.Тнь эхнэр Сэлэнгэ овогтой Түвшинсайхантай 1996 онд гэр бүл болж дундаасаа гарсан 3 хүүхэдтэй бөгөөд эхнэр С.Түвшинсайхан нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байна. Шүүгдэгч Х.Тнь 2008 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Тожилсүрэнгийн Норовцэдэн, 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Тожилсүрэнгийн Мөнхсүлд нарын өсвөр насны 2 хүүхэдтэй бөгөөд өрх толгойлсон, ганц бие эцэг болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх үүнийг үнэлж, дүгнэхгүй, өсвөр насны 2 хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоогоогүй байхад шүүгдэгчид оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн хангалттай үндэслэл тогтоогдсон бөгөөд хуулийг хэрэглэхгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн болон насанд хүрээгүй өсвөр насны 2 хүүхдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Ттус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Мөнхбаатараас уучлалт гуйж байна. Цаашид ажлаа хийгээд хохирогч Мөнхбаатарт эмчилгээний зардлыг нь барагдуулах бодолтой байна.  Надад энэ гэмт хэргийн санаа сэдэл огт байгаагүй. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ... ” гэв.

Хохирогч Д.Мөнхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрөө олон хүүхэдтэй хүн учраас шүүгдэгчийг заавал хорих ял эдлүүлэх саналгүй байна. Надад учирсан хохирлыг барагдуулж, эмчилгээний зардлыг гаргуулан авахыг хүсч байна. ...” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг бүрэн тогтоогдсон бөгөөд өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар аюулгүй байдлын үүднээс тоормос гишгэсэн гэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх хохирогчийг цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн болон шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. ... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Х.Тнь 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Тоса” төвийн баруун талын замд “Атибус” ХХК-ийн эзэмшлийн Дэү-106 загварын  06-53 УБА улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох” гэж заасныг зөрчсөний улмаас зорчигч Д.Мөнхбаатарыг автобусны хаалганы шат руу унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Мөнхбаатарын “...Би тэр үед бариулаас баруун гараараа бариад явж байсан, хүчтэй тоормосолсон учир миний гар тавигдаад унасан. Тэгээд би босоод автобуснаас буугаад малгайгаа өмсөх гэтэл миний толгойны ард хавдчихсан, малгай орохоо байхаар нь юу ч гэсэн автобусны номерыг хараад авъя гэж бодоод дугаарыг нь хараад зогсож байтал жолооч нь “та гомдолтой юм уу” гэхээр нь “би гомдолтой байна” гэсэн чинь “та тэгвэл ороод ир” гэхээр нь би автобусанд ороод сууж байсан чинь жолооч нь “та тэгээд түргэн тусламж дуудаач” гэсэн. Тэгэхээр нь би түргэн тусламжид дуудлага өгсөн бөгөөд тариа хийж өгчихөөд намайг эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлсэн бөгөөд эмнэлэгт очиж үзүүлтэл дагз ясны хугарал гэсэн гэмтэл гарсан. ...” /хх-14-16/,

Х.Тожилсүрэнгийн яллагдагчаар өгсөн “...Би Дэү-106 загварын 42 дугаартай Зайсан, Сүлжмэл чиглэлийн автобус барьдаг ба Зайсангийн эцсийн буудлаас хөдлөөд Вокзалаас Богд Арын буудал орох гэж байсан. Гэтэл “Тоса” төвийн харалдаа явж байхад урд талын автомашинуудын хөдөлгөөн удааширсан. Тэр үед би хөдөлгөөнөө удаашруулж зогссон. Тэгээд буудлаас хөдлөөд явж байгаад тоормос гишгээд зогстол автобусны урд талын 2 дахь шатан дээр зогсож байсан хөгшин настай эмэгтэй доод шат руу унасан. Тэр эмэгтэй буугаад явах гэж байхаар нь та гомдолтой байгаа бол шалгуулаарай гэж хэлээд 102-т дуудлага өгсөн. Харин тэр эмэгтэй 103-т дуудлага өгсөн. ...” /хх-60-61, 62-63/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Мөнхбаатарын биед дагз ясны хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...”  02 дугаартай /хх-49-51/,

тээврийн цагдаагийн техникийн шинжээчийн “...0653 УБА улсын дугаартай автомашины жолооч Х.Тнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6 дугаар зүйл “жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилсан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...”13 дугаартай /хх-52-53/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-8/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-13/, хохирлын баримтууд /хх-20-24, 94/, хохирол төлсөн баримтууд /109-111/, хохирогчийн өвчний түүх /хх-25-32/, Х.Тожилсүрэнгийн ажил байдлын тодорхойлолт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Х.Тожилсүрэнг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Х.Тожилсүрэнгийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Х.Тожилсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байна гэж үзэв.  

Шүүгдэгч Х.Тожилсүрэнгийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн болон насанд хүрээгүй өсвөр насны 2 хүүхдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Тожилсүрэнд оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд нийцсэн төдийгүй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирчээ.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж заажээ.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Х.Тожилсүрэнгийн бага насны 2008 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн Т.Норовцэдэн, 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн Т.Мөнхсүлд нар нь төрсөн эгч Т.Хорол-Эрдэнийн хамт амьдарч байгаа нь тогтоогдож байгаа боловч тэрээр өөрийнхөө асрамжид байх дүү нарын “харгалзан дэмжих, асран хамгаалах” асуудлыг харьяа дүүргийнхээ Засаг даргаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдалгүй шийдвэрлэжээ.

Дээрх хуульд тогтоомжид заасны дагуу шүүгдэгч Х.Тожилсүрэнгийн бага насны Т.Норовцэдэн /11 нас/, Т.Мөнхсүлд /6 нас/ нарын “асран хамгаалах, харгалзан дэмжих” асуудлыг Т.Хорол-Эрдэнэ нь оршин суугаа газрынхаа харьяалах Засаг даргад хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдаж, шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулан шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Шүүгдэгч Х.Тожилсүрэнгийн бага насны хүүхдүүд болох Тожилсүрэнгийн Норовцэдэн /РД:УО08241321/, Тожилсүрэнгийн Мөнхсүлд /РД:УШ13291431/ нарын “асран хамгаалах, харгалзан дэмжих” асуудлыг Баянгол дүүргийн Засаг даргад өргөдөл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг Т.Хорол-Эрдэнэд мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Тожилсүрэнгийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ