Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 214

 

Н.Ариунзаяа, Г.Наранцацрал нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Н.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Л.Дашравдан,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 356 дугаар магадлалтай, Н.Ариунзаяа, Г.Наранцацрал нарт холбогдох эрүүгийн 201525022340 дугаартай хэргийг шүүгдэгч Н.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Л.Дашравдан нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Анчин овогт Нарангэрэлийн Ариунзаяа нь Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Танхайрах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тавхай овогт Ганхүүгийн Наранцацрал нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Г.Наранцацралд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Ариунзаяаг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ариунзаяад оногдуулсан хүнд ялд хөнгөн ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгч Г.Наранцацрал, Н.Ариунзаяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ариунзаяад оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч Г.Наранцацралд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Л.Дашравдан нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Л.Дашравдан нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ариунзаяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, зам тээврийн зөрчил, осол гаргаагүй, өөрийн болон хамт явсан хүүгийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс гэмт этгээдүүдээс зугтаж цагдаагийн байгууллагад хандсан, энэ явцдаа биедээ гэмтэл авч, унаж явсан автомашинд эвдрэл учирч хохирол амссан хүн ялтан болж, харин энэ хэргийг үйлдсэн этгээд хохирогч болсон буюу мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс шүүх буруу шийдвэрлэсэн. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хэн учруулсан эсэх талаар шүүх авч хэлэлцээгүйгээс гадна миний унаж явсан автомашинд учруулсан хохирлыг хэрхэх талаар шийдвэрлээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Миний унаж явсан автомашинд гэмтэл учруулсан байхад Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийг Г.Наранцацрал үйлдсэн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай байсан. Прокурор хэн нэгийг яллаж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр шүүх Г.Наранцацралын үйлдлийг дүгнэсэн. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн дугнэлтээр тогтоогдсон. Мөн миний биеийн хэсгүүдэд (хүзүү, нүүр, цээж, гар) хумсаараа маажиж, өмсөж явсан зангиа цамцыг урсан. Энэ нөхцөлд би өөрийн болон хүүгийнхээ аюулгүй байдлыг хангах гэж надад халдсан этгээдүүдээс намайг зүгээр явуулахыг гуйж зарим нэгэн этгээдүүдийн гаргаж байсан ааш үйлдэлд тааруулж аргагүй хамгаалалт хийж тухайн газраас нэн даруй зугтаж шууд цагдаагийн байгууллагад хандсан. Гэхдээ би Наранцацралд халдаагүй, түүнийг самардаагүй, цохиогүй, өшиглөөгүй. Би түүнд гэмтэл учруулсан гэсэн дүгнэлт шүүх эмнэлгээс гараагүй. Ийм байсаар байтал Наранцацралт аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэгдсэн нь эндүүрэл болсон. Эсхүл шүүх хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдсэн гэж үзэж байна. Бусдын эд хөрөнгийг устгасан хэмээн намайг Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлээр ялласан нь бас хангалттай нотолгоогүй. Учир нь санаатай үйлдлийн улмаас үйлдэгдээгүй. Тэгээд ч нэг орон зай, цаг хугацаанд болсон хууль зүйн фактыг холбогдогч хүн тус бүр дээр өөр байдлаар авч үзэж яллаж болохгүй байтал хууль шүүхийн өмнө эрх тэш байх зарчим алдагдагдуулж намайг давхар зүйл ангиар яллаж  миний эрх зүйн байдлыг улам дордуулж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай юм. Харин Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйл бол гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан үйлдэл бөгөөд гагцхүү аргагүй хамгаалалтын байдалд үйлдэгдсэн гэдгээрээ гэмт хэрэгт тооцохгүй байгаа тухай асуудал байдаг. Ийм байтал шүүх логик зөрчилтэй байдлаар хууль хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Шүүхийн дүгнэлтээр нэг талаас гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан аргагүй хамгаалалт гэж үзэн Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлээр дүгнэсэн мөртлөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслээр өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн тогтоол гаргасан. Шийтгэх тогтоолын 5 дахь хуудасны дундаас эхлээд надад холбогдох хэрэгт огт хамаагүй зүйлс бичигдсэн, хэрэгт холбогдолгүй этгээдүүдийн мэдүүлгүүд байгаа нь намайг шийтгэхээр үйлдэгдсэн шүүхийн тэрхүү тогтоол нь хууль чадамжаа алдаж байна гэж үзэж байна. Иймээс шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийг бүхэлд нь хангахгүй байх тул хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Ариунзаяагийн өмгөөлөгч Л.Дашравдан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “… тухайн үед Ариунзаяад учирсан гэмтлийг нотлох гэрэл зургийг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгч чадаагүй. Харин анхан шатны шүүх уг зургийг нотлох баримтаар гаргаж өгөх боломжоор хангаагүй. Хяналтын шатны шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгдөггүй болохоор хэрэгт хавсаргах боломжгүй болж байна. Шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн үед Ариунзаяагийн эд хөрөнгө болон биед хохирол учруулсан Наранцацралтын үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзээд давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн шүүгч Даваасүрэн нь хэрүүл маргаан байхгүйгээр шийдвэрлэх боломжтой хэргийг чи энд өмгөөлөөд зогсож байгаадаа ичихгүй байна уу гэж байсан. Би ичихгүй байна гэсэн. Яагаад гэвэл хэн ч хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан уг зарчим алдагдсан гэж үзэж байна. Гэмт хэрэг гарахад хэн хэнийх нь буруутай үйлдэл байгаа. Мөн хэн хэнд нь хохирол учирсан. Ариунзаяагийн эд хөрөнгөнд учирсан хохирол, биед нь учирсан гэмтэл зэрэг нь тогтоогдсоор байтал энэ талаар хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Ариунзаяа өөрт учирсан хохирлоо шийдвэрлүүлээгүй байж ял эдлээд явж байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийж шалгасан. Ариунзаяа хэрэг гарах үед хүүхэдтэйгээ хамт явж байсан. Гэтэл насанд хүрээгүй гэрч нарыг байцаасан атлаа Ариунзаяагийн хүүхдийг асуугаагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл “... Ариунзаяа нь үл ялих зүйлээр шалтаглан бусдад хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн. Мөн танхайрах явцдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч Наранцацралтад холбогдох хэргийг шүүх шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар автомашины гэмтэл, хохирлын үнэлгээ гарсан байхад энэ талаар хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус, мөн шүүгдэгчид ашигтай гэсэн нотлох баримтыг шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Н.Ариунзаяагийн унаж явсан тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийн талаар тусгай мэдлэг бүхий этгээдээр дүгнэлт гаргуулах замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг шалгаж  тогтоолгүй орхигдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасныг зөрчиж хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлажээ.

Прокурор мөрдөн байцаалт явуулсан хүндэвтэр гэмт хэргийг хянахдаа мөрдөн байцаалтыг бүрэн бодитой явуулсан эсэх, сонсгосон ял нь хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэгдсэн эсэх, мөрдөн байцаалтаар тогтоосон бүх хэргийг хамарч чадсан эсэх, Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг зөв хэрэглэсэн эсэх, иргэний нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авсан эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулж чадсан эсэх зэрэг асуудлыг бүрэн гүйцэт хяналгүй яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлд заасныг зөрчсөний улмаас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй орхигдуулсан байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Энэ нь мөрдөн байцаалтыг нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн үндэслэл мөн бөгөөд шүүхээс хэргийн бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.

Мөн нэг мөр шалгаж тогтоогоогүй шүүгдэгч Г.Наранцацралын үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй орхисон анхан болон давж заалдах шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 356 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Н.Ариунзаяа, Г.Наранцацрал нарт холбогдох эрүүгийн 201525022340 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Н.Ариунзаяа, Г.Наранцацрал нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                ДАРГАЛАГЧ,

                 ШҮҮГЧ                                                                Б.БАТЦЭРЭН

                 ШҮҮГЧ                                                                Б.ЦОГТ