Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 62

 

  

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Д.Цолмон,

шүүгдэгч Ю.Эрдэнэбаяр, Т.Дашням, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт Ялгуусан овогт Юрагийн Эрдэнэбаяр, Түшээ гүн овогт Түмэндэмбэрэлийн Дашням нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625011039 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Ялгуусан овогт Юрагийн Эрдэнэбаяр, 1991 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 4-110 тоотод оршин суудаг, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлсэн гэх, /РД:ЖМ91102713/,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Түшээ гүн овогт Түмэндэмбэрэлийн Дашням, 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушийн 10-25-341 тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, /РД:УХ93022756/,

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаяр нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 17-363 тоотод оршин суух хохирогч Э.Дамцагдуламын өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Асер” маркийн зөөврийн компьютер, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 890.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,      

Мөн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 16-17 цагийн үед шүүгдэгч Т.Дашнямтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан Хан-уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 7 дугаар гудамжны 197 тоотод оршин суух хохирогч О.Ганзоригийн өвлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж дотроо эмэгтэй хүний гоёлын эд зүйлстэй хүндрүүлэгчтэй сейф хулгайлж 1.240.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 2.130.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Т.Дашням нь шүүгдэгч Ю.Эрдэнэбаяртай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 02-ны 16-17 цагийн үед Хан-уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 7 дугаар гудамжны 197 тоотод оршин суух хохирогч О.Ганзоригийн өвлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж дотроо эмэгтэй хүний гоёлын эд зүйлстэй хүндрүүлэгчтэй сейф хулгайлж 1.240.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би энэ хэргийг үйлдсэн нь үнэн. Надад мөнгөний хэрэгцээ байсан юм. Би 2012 онд 05 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэнээс хойш гарч ирээд дахин гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Гэвч тухайн үед хүүхэд маань кор өвчин тусаж эмнэлэгт хэвтэж, эхнэр маань сахиж байсан юм. Тэгээд эм тарианы мөнгөний хэрэг болсон учир энэ хулгайн хэргийг үйлдсэн юм гэв.

Шүүгдэгч Т.Дашням: “Мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Э.Дамцагдулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед би гэрээсээ гараад гадуур явж байгаад 17 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн урд талын өрөөний порчик нь онгорхой цоожны цүү сөртийсөн байхаар нь нэг их юм бодолгүй орсон чинь том өрөөнд байсан чемоданыг онгичсон, буйдан замбараагүй болсон байсан. Хойд талын өрөөнд орсон чинь авдар онгойлгож онгичоод дотор нь байсан хувцаснуудыг гаргаад тавьсан байсан. Тэгээд гэр доторх юмнуудаа бүртгэж үзэхэд том өрөөний цонхны хажуу талд ширээн дээр байсан нөүтбүүк байхгүй болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би дараа дахиж юмнуудаа үзэхэд гал тогооны ширээн дээр байсан мөнгөн аяга алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-17/,

Хохирогч О.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 05 дугаар сарын 02-ны өглөө 06 цаг 40 минутын үед гэрээсээ гарсан. Харин манай эхнэр Гулжайна 12 цагийн үед гэрээсээ гарч ажилдаа явсан байсан. Орой эхнэр бид хоёр хамтдаа 19 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, байшингийн хаалга үүд, цонх нь урд хэсгээсээ харахад ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Тэгээд гэртээ хаалгаа онгойлгоод ороход галын өрөөний ширээн дээр манай том хутга байсан. Тэгээд өдөр манай эхнэр гарахдаа гэрээ цэвэрлээд гарсан бөгөөд хутга ширээн дээр байхаар нь гайхаад жижиг өрөөндөө ороход өрөөний салхивч онгорхой байсан. Тэр үед гэрт хулгай орсон талаар мэдсэн. Нүдэнд ил харагдах эд зүйлүүдээ харж үзэхэд байсан бөгөөд харин жижиг өрөөнд байсан сейф алга болсон байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...”  гэсэн мэдүүлэг. /хх-100/,

Гэрч Ц.Агтаамаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би урт цагаан дээр байрлах Уран дарханы цогцолбор дэлгүүр дээр ажлаа хийгээд сууж байхад орой цагийг нь тодорхой сайн санахгүй байна ажил тарахын өмнө намхан нуруутай, туранхай биетэй, бордуу царайтай залуу орж ирээд монетан эдлэл авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би авна гэж хэлээд байгаа эд зүйлүүдийг нь үзсэн. Тэгтэл нэг хос монетон ээмэг, 1 ширхэг гинжийг үзүүлсэн. Нэг граммыг нь 43.000 төгрөгөөр авахаар болоод граммласан. Миний санаж байгаагаар 5,4 грамм байхаар нь би 235.000 төгрөг өгөөд тэр залуугаас авсан. Тухайн үед би тэр залуугаас хулгайн эд зүйл мөн эсэхийг нь тодруулж асуугаагүй. Яагаад гэхээр их хэмжээний содон эд зүйл биш байсан. Тэгэхээр нь би ямар нэгэн зүйл асуулгүйгээр тэр монетон ээмэг, хүзүүний гинж хоёрыг авсан. Надад сэжигтэй санагдаагүй. Тэгтэл өнөөдөр 14-15 цагийн үед цагдаагийн хүмүүс ирээд та өчигдөр 5,4 граммтай монетон эдлэл авсан уу гэж асуусан. Тэгээд би үнэнээ хэлээд тиймээ гэж хэлсэн /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/, Би 200.000 төгрөг авч хохирлоо барагдуулсан. Үлдэгдэл 35.000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-175/,

Ю.Эрдэнэбаярын өгсөн тайлбар /хх-10/, хохирогч Э.Данзандуламын мэдүүлэг /хх-17/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15/, гэрч Л.Боргилын мэдүүлэг /хх-18/, гэрч Б.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-19/, гэрч Н.Алтантуяагийн мэдүүлэг /хх-20/,  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-51/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-93/, хохирогч О.Ганзоригийн мэдүүлэг /хх-100/, сэжигтэн Т.Дашнямын мэдүүлэг /хх-129/, хохирогч нар хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх-183/, хохирогч О.Ганзоригийн хүсэлт /хх-192/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаяр нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 17-363 тоотод оршин суух хохирогч Э.Дамцагдуламын өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Асер” маркийн зөөврийн компьютер, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 890.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,      

Мөн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 16-17 цагийн үед шүүгдэгч Т.Дашнямтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан Хан-уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 7 дугаар гудамжны 197 тоотод оршин суух хохирогч О.Ганзоригийн өвлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж дотроо эмэгтэй хүний гоёлын эд зүйлстэй хүндрүүлэгчтэй сейф хулгайлж 1.240.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 2.130.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Т.Дашням нь шүүгдэгч Ю.Эрдэнэбаяртай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин маеханизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 02-ны 16-17 цагийн үед Хан-уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 7 дугаар гудамжны 197 тоотод оршин суух хохирогч О.Ганзоригийн өвлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж дотроо эмэгтэй хүний гоёлын эд зүйлстэй хүндрүүлэгчтэй сейф хулгайлж 1.240.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ю.Эрдэнэбаяр, Т.Түмэндэмбэрэл нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ю.Эрдэнэбаяр, Т.Түмэндэмбэрэл нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Э.Дамцагдулам, О.Ганзориг нар нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул Ю.Эрдэнэбаяр, Т.Дашням нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаяр нь урьд нэг удаа шүүхээр ял шийтгүүлж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар хуульд зааснаар ялтай байх хугацаа өршөөгдсөн гэж шүүх дүгнэж түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаяр, Т.Дашням нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Сонота-5 маркийн 91-39 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг уг хэрэгт битүүмжлэн, эд зүйлийн үнэлгээгээр 4.500.000 төгрөгөөр үнэлсэн байх тул үнийг гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн  гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Уг төлбөрийг улсын орлогод оруулах хүртэл эд хөрөнгө битүүмжлэсэн тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Ю.Эрдэнэбаяр, Т.Дашням нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ялгуусан овогт Юрагийн Эрдэнэбаяр, Түшээ гүн овогт Түмэндэмбэрэлийн Дашням нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ю.Эрдэнэбаяраас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Т.Дашнямаас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ю.Эрдэнэбаяр, Т.Дашням нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Т.Дашням нь урьд цагдан хоригдоогүй, Ю.Эрдэнэбаярын урьд цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Ю.Эрдэнэбаяр, Т.Дашням нараас 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.  
  6. Уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Сонота-5 маркийн 91-39 УБЛ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн тогтоолыг төлбөр төлж дуусах хүртэл хэвээр байлгасугай.
  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Дашням нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ю.Эрдэнэбаярт оногдуулсан  2 жил 6 сарын хорих ял, Т.Дашнямд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 
  9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.Эрдэнэбаяр, Т.Дашням нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР