Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 211

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Б.Дэлгэрмаа,

Хохирогч Б.Ш-ы хууль ёсны төлөөлөгч: Х.Н-, 

           Шүүгдэгч: Ж.Х-, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Ж.Х-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000440060 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Х-, 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эгч, ах, дүүгийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 цаг 36 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Боззоло” дэлгүүрийн урд талын замын явган хүний гарцан дээр “Toyota Prius” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зоригчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ш-, Л.Е-нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд, хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Х- шүүх хуралдаанд: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө Баян-Өлгий аймгаас ирсэн хүмүүсийг 13 дугаар хороололд хүргээд буцаж явж байгаад явган хүний гарцаар гарч ирсэн 2 хүнийг хараагүй мөргөөд нэг нь машины хажуу талд, нэг нь машины урд унасан. Би тэр хоёр хүнийг хараад зогсож амжаагүй. Ш- нь босож чадахгүй байсан. Би тухайн үед түргэн дуудаад бас цагдаа ирсэн. Хохирогч нарын эмчилгээнд гарсан зардлыг бүгдийг нь төлж байсан” гэв.

Хохирогч Б.Ш-ы хууль ёсны төлөөлөгч Х.Н- шүүх хуралдаанд: “...Б.Ш- гэмтэл авснаас хойш хоёр удаа ухаан алдаж унаад аймгийн эмнэлэгт хоёр удаа эмчлүүлсэн. Одоо хохирогч асаргаанд байгаа. Ажлын чадамжаа алдсан. Цаашид Улаанбаатар хотод урт хугацаанд эмчлүүлэх нөхцөл байдал үүссэн. Бодитойгоор нэхэмжилсэн зүйл буюу баримт одоогоор байхгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх боломж олгож өгнө үү. Мөн Ш- нь энд сургуульд төгсөн курст сурч байсан ба цаашид сурах боломжгүй болсон. Шүүгдэгч нь утсаар ярихдаа дахин мөнгө өгөх боломжгүй гэж хэлсэн байсан” гэв.

Хохирогч Б.Ш-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...хойноосоо урагш чиглэлтэй явган хүний гарцаар миний урд талд Е- алхаж, би араас нь ойрхон зайтай алхаад гарч явтал түс, тас хийсэн. Тэгээд юу болсныг санахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

Иргэний нэхэмжлэгч Е-мөрдөн байцаалтад өгсөн: “...автомашины жолооч зогсолгүй шууд ирж бид хоёрыг явган хүний гарцан дээр мөргөж, би автомашины хажуу талд унаж, манай найз шидэгдэж автомашины жолооч ургашаа явж зогссон. Тэр үед манай найз Ш- мөргөсөн автомашины хойд талд ухаангүй хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20, 132/,

Гэрч Х.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хайнар явган хүний гарц руу ойртон ирсэн. Тэр үед би Хайнарт хүн гэж хэлтэл Хайнар автомашинаа зогсоож чадалгүй мөргөж, урагш явж зогссон” гэсэн мэдүүлэг /хх-н 51/,

Иргэний хариуцагч С.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Машин зарагдсан бөгөөд би 2019 онд Ж.Х-т зарсан. Ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Ж.Х-ын автомашин юм. ...Миний нэр дээр автомашин байгаа боловч өөр хүний автомашин” гэсэн мэдүүлэг /хх-н 49/,

Шинжээчийн 1172 тоот дүгнэлтэд: “...Б.Ш-ы биед баруун талд дагз ясны суурь хэсгээс хөхлөг сэртэн, суурь яс, суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн цусархаг няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, зүүн хажуугийн ховдлын цус харвалт, буруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 80-82/,

Шинжээчийн 1171 тоот дүгнэлтэд: “...Е-биед тархи доргилт, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, сарвуу, ташаа, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 74-76/,

Техникийн шинжээчийн 66 дугаар дүгнэлтэд: “...Т.Приус маркийн ...дугаарын автомашины жолооч Жанербек овогтой Хайнар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Болотбек овогтой Ш- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Явган зорчигч Лекей овогтой Е- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэжээ /хх-н 105/,

Яллагдагчаар Ж.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны шөнийн 02 цаг 36 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Боззолло дэлгүүрийн урд замд Т.Приус маркийн ...дугаартай автомашиныг жолоодож яваад явган зорчигч Б.Ш-, Л.Е-нарыг мөргөж эрүүл мэндийг хохироосон. ...Миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 127-128/,  

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-10/, иргэний нэхэмжлэгч Е-өвчний түүх /хх-н 23-30/, хохирогч Б.Ш-ий өвчний түүх /хх-н 36-47/, хохирлын баримтууд /хх-н 57-66, 138-139/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-н 93-100/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 113-115/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ж.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 цаг 36 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Боззоло” дэлгүүрийн урд талын замын явган хүний гарцан дээр “Toyota Prius” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зоригчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ш-, Л.Е-нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд, хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Ш-ы: “...хойноосоо урагш чиглэлтэй явган хүний гарцаар миний урд талд Е- алхаж, би араас нь ойрхон зайтай алхаад гарч явтал түс, тас хийсэн. Тэгээд юу болсныг санахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/, иргэний нэхэмжлэгч Л.Еркегулийн: “...автомашины жолооч зогсолгүй шууд ирж бид хоёрыг явган хүний гарцан дээр мөргөж, би автомашины хажуу талд унаж, манай найз шидэгдэж автомашины жолооч урагшаа явж зогссон. Тэр үед манай найз Ш- мөргөсөн автомашины хойд талд ухаангүй хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20, 132/, гэрч Х.М-ын: “...Хайнар явган хүний гарц руу ойртон ирсэн. Тэр үед би Хайнарт хүн гэж хэлтэл Хайнар автомашинаа зогсоож чадалгүй мөргөж, урагш явж зогссон” гэсэн мэдүүлэг /хх-н 51/, шинжээчийн 1172, 1171 тоот дүгнэлтүүд, техникийн шинжээчийн 66 дугаар дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Х- нь хохирогч Б.Ш-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл, иргэний нэхэмжлэгч Л.Еркегулийг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ш-ий биед хүнд, иргэний нэхэмжлэгч Л.Еркегулын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Иргэний нэхэмжлэгч Л.Еркугуль нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтийг ирүүлсэн /хх-н 122/ байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Л.Еркугульд төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Ш-ий хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохирогч Б.Ш-ий биеийн байдал муу байгаа, цаашид дахин эмчилгээ хийлгэх талаар мэдүүлж байх тул хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогч Б.Ш-д 5.500.000 төгрөг төлсөн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Х-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

  Шүүхээс шүүгдэгч Ж.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу хохирогчид хүнд хохирол учирсан, хохирогчид учирсан гэмтэл бүрэн эдгээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, улсын яллагчаас гаргасан 01 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид учирсан гэм хорын хохирол бүрэн арилсан гэж үзэх үндэслэлгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “Ш-ы биеийн байдал муу байгаа, 2 удаа ухаан алдаж аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, цаашид хотод ирж эмчилгээ хийлгэнэ, энэ талаарх хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.Х-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Х-ын 1302658 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгч Л.Е-д төлөх төлбөргүй, хохирогч Б.Ш-д 5.500.000 төгрөг төлсөн болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Х-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Х-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-т оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Л.Е-д төлөх төлбөргүй, хохирогч Б.Ш-д 5.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Б.Ш- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шүүгдэгч Ж.Х-ын 1302658 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.Х-ын оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дуусан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР