Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 432

 

 

 

 

 

 

    2020            4              7                                         2020/ДШМ/432                                                           

 

                                       Ж.Хт холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ, А.Кадирбек,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар  нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ, хохирогч А.Шолпан, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Нархулан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ж.Хт холбогдох эрүүгийн 2003000440060 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Х,

Ж.Х нь 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2 цаг 36 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Боззоло” дэлгүүрийн урд талын замын явган хүний гарцан дээр “Тоёота приус” маркийн 69-59 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Шолпан, Л.Еркегуль нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жантекейхаражан овгийн Жанарбекийн Ж.Хыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Хын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Л.Еркегульд төлөх төлбөргүй, хохирогч Б.Шолпанд 5.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Шолпан нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Хын 1302658 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.Хт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дуусан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ж.Хын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд хохирогчийн цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Хавтаст хэрэгт хохирогчийн баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 893.495 төгрөгийн баримт авагдсан байдаг боловч хохирогчид нийт 5.500.000 төгрөг төлсөн, мөн хохирогчийг эмнэлэгт хэвтсэн эхний 2 өдөр шүүгдэгч Ж.Х нь сахисан зэрэг нь түүнийг гэм буруугаа ухамсарлаж байгааг харуулж байдаг.

Шинжээчийн 1172 тоот дүгнэлтэд “Шолпаны биед...гэмтэл тогтоогдсон бөгөөд ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн байдаг ба одоогоор биеийн байдлын талаар болон ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх гэмтлээс үүдэлтэй үлдэц хор уршгийн талаар мэргэжлийн эмчийн тодорхойлолт, дүгнэлт хавтаст хэрэгт байдаггүй.

Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд Шолпаны биеийн байдал муу байгаа тухай мэдүүлдэг хэдий ч “гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэснийг харгалзан үзэж, шүүгдэгч Ж.Хт оногдуулсан хорих ялыг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Б.Шолпаны хууль ёсны төлөөлөгч Х.Нархулан давж заалдах гомдолдоо:  “...хохирогч нь давж заалдах шатны шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаа хэдий ч Дэлхий нийтийг хамарсан СОVID-19 вируст халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй байна.

            Иймд Ж.Хт оногдуулсан нэг жилийн хорих ялыг тэнсэж, түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Ж.Х болон хохирогч бид нарын хувьд нэг нутаг усны хүмүүс бөгөөд болгоомжгүй гэмт хэргийн улмаас хэн нэг нь хүнд ял шийтгэл хүлээлгэхгүй байх хүсэлтэй байна. ...” гэжээ.

Хохирогч Б.Шолпан давж заалдах гомдолдоо: “...хорих ял шийтгэл хүлээлгэхгүй байх хүсэлтэй байгааг минь харгалзан үзнэ үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Шолпанд цаашид учирч буй хохирол, хор уршгийг бүрэн хариуцаж төлж барагдуулахаа  хүлээн зөвшөөрч байна. Аав Х.Жанарбек их өндөр даралттай хүн байдаг байсан. Миний энэхүү нөхцөл байдлыг сонсож даралт нь ихсэж биеийн байдал нь хүнд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Ялтан Ж.Х миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ туйлаас харамсан гэмшиж, бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэн ялыг маань хөнгөрүүлж тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Хын өмгөөлөгч А.Кадирбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...: Шүүгдэгч Ж.Хын давж заалдах гомдолыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, материаллаг хохирлыг төлж барагдуулсан. ...” гэв.

прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч мөн адил тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байсан. Гэвч тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг харгалзан үзэж, 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна . ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ж.Х нь 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2 цаг 36 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Боззоло” дэлгүүрийн урд талын замын явган хүний гарцан дээр “Тоёота приус” маркийн 69-59 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Шолпан, Л.Еркегуль нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд, хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Шолпаны “...хойноосоо урагш чиглэлтэй явган хүний гарцаар миний урд талд Еркегуль алхаж, би араас нь ойрхон зайтай алхаад гарч явтал түс, тас хийсэн. ...” /хх 32-33/,

иргэний нэхэмжпэгч Л.Еркегулийн “...автомашины жолооч зогсолгүй шууд ирж бид хоёрыг явган хүний гарцан дээр мөргөж, би автомашины хажуу талд унаж, манай найз шидэгдэж автомашины жолооч ургашаа явж зогссон. ...” /хх 19-20, 132/,

гэрч Х.Мейрамын “...Ж.Х явган хүний гарц руу ойртон ирсэн. Тэр үед би Ж.Хт хүн гэж хэлтэл Ж.Х автомашинаа зогсоож чадалгүй мөргөж, урагш явж зогссон. ...” /хх 51/,

иргэний хариуцагч С.Мядагбадамын “...Машин зарагдсан бөгөөд би 2019 онд Ж.Хт зарсан. Ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Ж.Хын автомашин юм. ...” /хх 49/,

Ж.Хын яллагдагчаар өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 3-ны шөнийн 2 цаг 36 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Боззолло” дэлгүүрийн урд замд ...автомашиньг жолоодож яваад явган зорчигч Б.Шолпан, Л.Еркегуль нарыг мөргөж эрүүл мэндийг хохироосон. ...” /хх 127-128/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Шолпаны биед баруун талд дагз ясны суурь хэсгээс хөхлөг сэртэн, суурь яс, суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн цусархаг няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, зүүн хажуугийн ховдлын цус харвалт, буруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 80-82/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Л.Еркегулийн биед тархи доргилт, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, сарвуу, ташаа, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 74-76/,

Техникийн шинжээчийн “...Тоёота Приус маркийн 69-59 УБИ дугаарын автомашины жолооч Жанербек овогтой Ж.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Шолпан нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Явган зорчигч Л.Еркегуль нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. …” /хх 105/ гэх дүгнэлтүүд,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-10/, иргэний нэхэмжлэгч Л.Еркегулийн өвчний түүх /хх 23-30/, хохирогч Б.Шолпаний өвчний түүх /хх 36-47/, хохирлын баримтууд /хх 57-66, 138-139/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Ж.Хыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Хын автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч Ж.Хын “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэн ялыг маань хөнгөрүүлж тэнсэж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...”, хохирогч Б.Шолпан, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Нархулан нарын “...Ж.Хт оногдуулсан нэг жилийн хорих ялыг тэнсэж түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн утга, агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүгч Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүд юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.Х нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Хын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ, хохирогч Б.Шолпан, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Нархулан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ, хохирогч Б.Шолпан, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Нархулан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ