Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/03

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904002400130 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Б.Мөнх-Учрал

Улсын яллагч                                                      Д.Аянагүл

Хохирогч                                                        Б.Н

Шүүгдэгч                                                        М.Б нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн.. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, моторчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., .. дүүргийн ..дүгээр хороо,.. тоот хашаанд оршин суух Б.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

           Яллагдагч Б нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн ..дүүргийн .. дүгээр хороо, Жаргалант хэсгийн .. дугаар гудамжны .. тоот хашааны гадна талд хамтран амьдрагч Н-д хандаж “чамайг гэртээ оруулахгүй” гэхэд Н түүний гар утсыг нь халааснаас нь авч, явах үед яллагдагч Б, Н-ыг араас нь түлхэж унагаан Н-ын зүүн хөлний хавчаар ясыг хугалж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхээс Б-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

Шүүгдэгч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө эхнэр бид хоёр гэрт байсан тал шил архийг хувааж уусан. Тэгээд 09 цагийн үед манай эхнэрийн найзынд очиж хөзөр тоглонгоо 1 шил архи хувааж уусан. Өдрийн 12 цагийн үед байх айлаас гараад гэртээ харих гээд явж байснаа санаж байна. Тэр үед би согтчихсон байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд эхнэрийн хөл гэмтчихсэн гээд эмнэлэг рүү явж байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 498 000 төгрөгийн группын мөнгө авдаг, хохирогчийн эмчилгээний зардалд 200 000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 43, 44-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б-ын гэрт орох гэтэл чамайг гэртээ оруулахгүй гээд намайг хөөсөн. Би утсаа өг би найз нөхөд, хамаатан садантайгаа холбоо барина гээд утсыг  нь аваад цааш явж байхад Б араас гүйж ирээд хүчтэй түлхэж унагаасан. Тухайн үед би Б-ын гутал, куртикийг өмсөж байсан юм. Тэгтэл миний гутал, куртикийг Б тайлж авсан. Би босох гэтэл хөл өвдөөд гишгэж чадахгүй байсан. Б-г ял зэм үүрүүлэхийг хүсэхгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлчихвөл гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хамтран амьдрагч Б хамт айлд очиж хөзөр тоглоод 1 шил архи уучихаад харьж явахад Жаргалантын 6 дугаар гудамжны 1 тоот хашааны үүдэнд ирээд намайг гэрт оруулахгүй гэхээр нь би Б утсыг аваад явсан. Гэтэл Б миний араас хүрч ирээд намайг түлхэж унагаасан, би газар унахдаа зүүн хөлөө эвгүй болгочихсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 17, 18-р хуудас/,

              Гэрч Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн үед дүү Н хөлөө гэмтээчихсэн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт байна гэж мэдсэн. Тэгээд төрсөн дүүгийн хамт Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт очиход манай дүү хөлөө гипсдүүлээд дуусаж байсан. Би эмчээс юу болсон талаар асуухад дүүгийн зүүн хөлний рентген зургийг үзүүлээд шагай хэсэг нь цууралттай байна гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ хүлээн авах тасгаас аваад гэр рүүгээ явж байх замдаа хөлөө яасан юм гэж асуухад Б миний араас түлхэж унагаасан, тэгээд унахдаа хөлөө гэмтээсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 21, 22-р хуудас/

              Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хүлээн авах тасагт жижүүрт гарч байхад Н гэх эмэгтэй хөлөө гэмтээчихсэн байдалтай ирсэн. Юу болсон талаар асуухад нөхөр араас түлхэж унагаасан, тэгээд хөл эвгүй болчихлоо гэж байсан. Н-ын зүүн хөл шагай хэсгээрээ гэмтсэн байсан, рентген зургийг нь авахад шилбэний яс цуурсан байсан...” гэсэн  мэдүүлэг /хх-н 29-р хуудас/

              Гэрч М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12-16 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Жаргалант хэсгийн 6 дугаар гудамжны үзүүрт эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан бөгөөд эмэгтэй нь уйлчихсан хашаа түшээд зогсож байсан. Тэгээд очиход эмэгтэй нь манай нөхөр намайг түлхэж унагаагаад миний хөлийг эвгүй болгочихлоо, би гишгэж чадахгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-р хуудас/

              Шинжээч эмчийн 09шэ/278 дугаартай “…Н-ын биед зүүн талын хөлний хавчаар ясны зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон унах үед учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/

              Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас /хх-н 52-р хуудас/

  Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон “... хөдөлмөрийн чадвар алдалт 65 хувь...” гэсэн акт /хх-н 48-51-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчээс “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна... “ гэжээ.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Б нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалант хэсгийн 7 дугаар гудамжны 1 тоот хашааны гадна талд хамтран амьдрагч Н-д хандаж “чамайг гэртээ оруулахгүй” гэхэд Н түүний гар утсыг нь халааснаас нь авч, явах үед Б нь Н-г араас нь түлхэж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд зүүн хөлний гадна хавчаар яс бага зэрэг зөрсөн хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Б нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг араас нь түлхсэн үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “…Н-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/278 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Б-ын үйлдэл нь Н-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял шийтгэх саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчээс “...хэлэх зүйлгүй, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ... “ гэжээ.

Шүүгдэгч Б-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогчийн эмчилгээний зардалд 200 000 төгрөг төлсөн болох нь хохирогч шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хохирогч Н нь “Б-г ял зэм үүрүүлэхийг хүсэхгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлчихвөл гомдол саналгүй. Цаашид хэдэн төгрөгийн хохирол гарах нь тодорхойгүй байгаа.” гэж мэдүүлсэн, хэрэгт хохирогчийн эмчилгээний зардлын баримт байхгүй, шүүгдэгч “...бид эвлэрсэн...”  гэж мэдүүлж байх тул хохирогч нь цаашид гарах  эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, хохирол 200.000 төгрөг төлсөн,  65% хөдөлмөрийн чадвар алдалттай зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Б-д мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирлын 200.000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж, хохирогч Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              А.БЯМБАЖАВ