Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 29

 

 

Э.Баярмаа, Н.Эрэндэрэг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/00818 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Баярмаа, Н.Эрэндэрэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Баянзууч проперти” ХХК-д холбогдох

 

Олох байсан орлого, ашиглалтын зардал, байранд засвар хийсны зардалд нэхэмжлэгч Н.Эрэндэрэг нь 3 519 991 төгрөг, нэхэмжлэгч Э.Баярмаа нь 5 836 510 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгалмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгалмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангуа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Байгалмаа миний бие өөрийн төрсөн эгч Э.Баярмаагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006757 дугаартай, 000150212 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 23 дугаар байрны 21 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг түүнээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр бусдад хөлслүүлдэг байсан. "Баянзууч проперти" ХХК-тай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж эгчийнхээ байрыг зуучлуулахаар болж тавилгатай 2 өрөө байрыг хүлээлгэж өгсөн. “Баянзууч проперти” ХХК-тай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1118/15 дугаартай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.2-т зааснаар орон сууцыг нэг сарын 600 000 төгрөгөөр хөлслүүлэх, зуучлалын хөлсийг гэрээний 3.1-д зааснаар төлөхөөр харилцан тохиролцсон. "Баянзууч проперти" ХХК нь зуучлалын үйл ажиллагаа явуулаад байхад сарын хөлс өндөр байна гээд нэг сарын 500 000 төгрөг болгож буулгах хэрэгтэй байна гэснээр 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр н.Батзориг гэх хүн манай эгчийн байрыг нэг жилийн хугацаагаар хөлслөхөөр болсон гэж "Баянзууч проперти" ХХК-иас утсаар мэдэгдсэн. Ингээд эхний сарын байрны хөлс болох 500 000 төгрөгийг “Баянзууч проперти” ХХК нь авсан. Дараа сараас эхлэн "Баянзууч проперти" ХХК-иас 500 000 төгрөгийг н.Батзоригоос авч надад өгөхөөр байсан боловч н.Батзориг нь хөлс төлөөгүй гэх шалтгаанаар хөлс төлөөгүй. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 350 000 төгрөгийг "Баянзууч проперти" ХХК-иас авсан. Ингээд өнөөдрийг хүртэл байрны хөлсийг "Баянзууч проперти" ХХК-иас надад олгоогүй байна. Миний бие эгчийнхээ байрыг өөрөө сонинд зар өгөөд бусдад хөлслүүлж эгчдээ мөнгийг нь явуулдаг байсан ба нэг сарын 650.000 төгрөгөөр хөлслүүлдэг байсан. Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.1-д зааснаар "Баянзууч проперти" ХХК нь нэг сарын хөлс болох 500 000 төгрөгийг суутган авч н.Батзоригийг миний эгчийн байранд оруулсан хирнээ cap бүр төлөх ёстой 500 000 төгрөгийн хөлсийг төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд cap бүр 500 000 төгрөгийн хөлсийг төлөхгүй гэрээгээр хүлэээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд cap бүр байрны ашиглалтын зардал гарч байгаа. Мөн байрны түлхүүр болон байрыг надад хүлээлгэж өгөхгүй байгаа бөгөөд угаалгын өрөөний шугамын хаалт, гал тогооны холигчтой крант эвдэрсэн, бөгөөд тухайн үед н.Батзоригийг байранд ороход зурагт хэрэгтэй гэхээр нь 180 000 төгрөгийг "Баянзууч проперти" ХХК-д төлснөөр шинэ зурагт авч өглөө гэж байсан боловч н.Батзориг нь байрнаас гарахдаа зурагтыг аваад явсан.

Хариуцагч "Баянзууч проперти" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Э.Баярмаагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006757 дугаартай, 000150212 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 23 дугаар байрны 21 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг /түлхүүр, эд хөрөнгийг/ удаа дараа шаардуулан байж 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр "Баянзууч проперти" ХХК-ийн ажилтан н.Нарангэрэлийг байлцуулан хүлээн авсан боловч тухайн орон сууцанд засвар хийх зайлшгүй шаардлага гарсан /гал тогооны өрөөний крант эвдэрсэн, ус алдсаны улмаас хана, тааз, хаалга, цонх зэргийг засварлах, ханын цаас солих зэрэг/ тул нэмж 2 260 000 төгрөгийг засварын зардалд тооцон гаргуулах хүсэлтэй байна. Бараа материалын үнэ болон ажлын хөлс, хариуцагч "Баянзууч проперти" ХХК-иас олох байсан орлогод нийт 2 550 000 төгрөг, нэхэмжлэгч Э.Баярмаад 2016 оны 5 дугаар сарын сарын 31-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын сарын 31-ний өдрийг хүртэл 1 сарын 500 000 төгрөгөөр бусдад хөлслүүлж нийт 3 сарын 1 500 000 төгрөг, нэхэмжлэгч Н.Эрэндэрэгт 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 сарын 350 000 төгрөгөөр бусдад хөлслүүлж нийт 3 сарын 1 050 000 төгрөгийг, хариуцагч "Баянзууч проперти" ХХК-иас өөрт учирсан хохиролд дээрх 2 орон сууцны ашиглалтын зардалд нэхэмжлэгч Э.Баярмаагийн орон сууцанд 205 697 төгрөг, нэхэмжлэгч Н.Эрэндэрэгийн орон сууцанд 109 991 төгрөг буюу нийт 315 688 төгрөгийг, нийт Э.Баярмаад 5 836 510 төгрөг, Н.Эрэндэрэгт 3 519 991 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч "Баянзууч проперти" ХХК-иас нэхэмжлэгч Н.Эрэндэрэгийн өмчлөлийн эрхийн улсны бүртгэлийн Ү-22010101 13 дугаартай, 000115445 дугаарын гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 1 дүгээр хороолол, ЦС-ын 5 дугаар байрны 37 тоот хаягтай, 16 м.кв талбай бүхий орон сууцыг /түлхүүр болон эд хөрөнгийг/ өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй байгаа тул тухайн орон сууцыг хүлээлгэн өгөхийг "Баянзууч проперти" ХХК-иас шаардсан хэдий ч хүлээлгэн өгөөгүй тул бид өөрсдөө байрандаа орсон гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Э.Байгалмаатай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манай компани Э.Байгалмаагаас зуучлалын үйлчилгээний төлбөр хөлс аваагүй. Бид бусад байрыг нь түрээслэн өгсөн зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч "Баянзууч проперти" ХХК-иас олох байсан орлого, ашиглалтын зардал, байранд засвар хийсний зардал Н.Эрэндэрэг нь 3 519 991 төгрөг, Э.Баярмаа нь 5 836 510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгалмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “Баянзууч проперти” XXК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа санаатайгаар саад учруулж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах төлөөлөгчийг томилох болон компаний баримт бичиг зэргийг сайн дураараа гарган өгч шүүхэд хүндэтгэлтэй хандах үүргээ биелүүлээгүй бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл ямар нэгэн тайлбарыг бичгээр болон амаар гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч “Баянзууч проперти” XXК нь надтай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан надад итгэмжлэлээр эрх олгогдсон орон сууцнуудыг бусдад хөлслүүлсэн нь орон сууцны ашиглалтын зардал cap бүр тогтмол бус гарч байсан, орон сууцнуудыг эзэмшилдээ байлгаж, элэгдэл, гэмтлүүд үүсгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад хариуцагчийн төлөөлөгчийн "байхгүй байх, мэдэхгүй байна" гэсэн тайлбарыг үнэлж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Орон сууцнуудаа бусдад өөрөө хөлслүүлэх ч боломж олгоогүй түлхүүрүүдийг нь өгөхгүй, шаардаад очихоор мэдэх нэг ч хүн байхгүй, байнга ажилчид нь солигдож байдаг ийм газрыг шүүх хамгаалсан байдлаар шийдвэр гаргаж нэхэмжлэгч миний эрх ашгийг хамгаалж чадаагүйд гомдолтой байна. Миний бие “Баян зууч проперти” XXK-тай гурвалсан гэрээ байгуулж гарын үсэг зурсан талаар болон захирлаараа гарын үсэг зуруулаад буцааж өгнө гэснийг шүүх хуралдаанд хэлэхэд хариуцагч тийм гэрээ байхгүй гэсэн тул миний өмгөөлөгч шүүхэд нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн аваагүй нь хэргийг хариуцагчийн талд шийдвэрлэсэн хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Хариуцагч “Баянзууч проперти” ХХК-д холбогдуулан олох байсан орлого, ашиглалтын зардал, байранд засвар хийсны зардалд нэхэмжлэгч Н.Эрэндэрэг нь 3 519 991 төгрөг, нэхэмжлэгч Э.Баярмаа нь 5 836 510 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хэргийн 96-102 дугаар тал дахь шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “эхлээд зуучлалын гэрээ хийгээд дараа нь түрээсийн гэрээ хийгдсэн, түрээсийн гэрээ манай компанид байхгүй, зуучлалын хөлс 350 000 төгрөг авсан байх үүнтэй холбогдох гэрээ байхгүй байна, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Э.Баярмаад 350 000 төгрөг өгснийг мэдэхгүй” гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “байранд сайн хүн орсон гэсэн гурвалсан гэрээ байгуулах гээд дуудах байх гэж бодож байсан, тэгээд гарын үсэг зуруулаад компаныхаа захирлаар гарын үсэг зуруулна гээд буцааж өгөөгүй” гэх тайлбарыг тус тус шүүхэд гаргаж байжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын зуучилснаар 2 өрөө байранд иргэн н.Батзоригийг суулган, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 350 000 төгрөг түрээсийн төлбөрийг хариуцагч байгууллага дансаар шилжүүлж өгсөн гэх тайлбар гаргасан боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч н.Батзоригийг орон сууцанд оруулахдаа зурагт хэрэгтэй гэсэн тул 180 000 төгрөгийг хариуцагч “Баян зууч проперти” ХХК-д шилжүүлсэн гээд хэргийн 23 дугаар талд авагдсан Хаан банкны 2016 оны 1 дүгээр сары 21-ний өдөр “Баян зууч проперти” ХХК-д телевизорын үнэ 180 000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын мэдүүлгийг баримтаар ирүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл уг баримтын талаар шүүх тодруулаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй болжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд “хариуцагчаас Э.Байгалмаатай байгуулсан гурвалсан гэрээг нотлох баримтаар гаргуулах” тухай хүсэлт гаргасныг шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гурвалсан гэрээ тус компанид байхгүй гэж тайлбарласан гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгон, маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой бүхий нотлох баримтыг гаргуулах эсэх талаар арга хэмжээ авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу хуульд нийцэхгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн шүүхийн журмаар нотлох баримтыг бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Учир нь түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтын хувьд анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “гурвалсан гэрээ хийгддэг үү” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тийм, эхлээд зуучлалын гэрээ хийгээд дараа нь түрээсийн гэрээ хийгдсэн” гэсэн тайлбарыг өгсөн байгаагаас үзэхэд түрээсийн гэрээ байгуулагдсан бол аль нэг талд байх боломжтой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрт байхгүй баримтаа нөгөө талаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулсан гэж үзэх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/00818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгалмаагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ