Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 4033

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 3 дугаар хороо, Таван богд групп-ын төв байранд байрлах “Таван богд интернэйшнл” ХХК /РД:2548429/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 24 дүгээр байр 505 тоотод байрлах “Халиун нүдэн тэнгис” ХХК /РД:5655641/-нд холбогдох 7,159,900.00  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго, П.Ундрах, хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК-ийн захирал Б.Энхзаяа, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

            “Манай компани 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 02/35 тоот Нестий цайны бартераар Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг “Халиун нүдэн тэнгис” ХХК-тай  байгуулж, хамтран ажилласан.

 

            Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад 5,300,000.00 төгрөгийн гэрээний ажлын гүйцэтгэл дутуу үлдсэн. Авлагын асуудлыг гэрээний 9.5-д зааснаар эвийн журмаар зохицуулахаар харилцан тохиролцож нэмэлт ажил гүйцэтгүүлэх санал тавьсны дагуу 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дээр дурьдсан 02/35 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийт 4 төрлийн ажлыг гүйцэтгүүлэхээр болсон.

           

            Гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр нийт үнийн дүн болох 8,340,000.00 төгрөгөөс бартерын үлдэгдэл 5,300,000.00 төгрөгийг хасч, 3,040,000.00 төгрөгийн гэрээний үнэ төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 60 хувь буюу 1,824,000.00 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчийн Голомт банкны 140008663 тоот данс руу шилжүүлсэн.

 

            Гэрээний дагуу хариуцагч нь ажлыг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд багтаан гүйцэтгэх ёстой байсан боловч хариуцагч тал заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй. Тодруулбал Олейна брэндийн 30 секунтын шторкны засвар нь чанарын шаардлага хангаагүй, бүтээгдэхүүний 3d зураг авалт гэрээнд заасны дагуу нийт 131 ширхэг байх ёстой атал 48 ширхэгийг цахимаар ирүүлсэн байна. Гэвч эдгээрээс шаардлага хангасан зураг байхгүй, илгээсэн зургууд нь бидний тавьсан шаардлагыг хангаагүй, mamy poko брэндийн 15 секунтын шторк, sakura брэндийн шторкны ажил тус тус хийгдээгүй.

 

            Ийнхүү хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүйн улмаас Олейна брэндийн засварласан рекламыг цаг хугацаанд нь телевизийн эфирээр цацаж чадаагүй, 3d зураг ирээгүй улмаас маркетингийн идэвхижүүлэлтийн үйл ажиллагаанд хэрэглэж чадаагүй, онлайн дэлгүүрт байршуулах байсан ч цаг хугацаанаас хоцорсон.

 

            Ингээд үүссэн нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээний 5.8-д зааснаар 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр 02/35 тоот гэрээг цуцалсан.

 

            Иймд, хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК-иас 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/35 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 5,300,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий бартерын барааны төлбөрийн үлдэгдэл, нэмэлт ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа 1,824,000.00 төгрөг болон 3d зураг авалтын үеэр ашигласан буцааж өгөөгүй 3 ширхэг барааны үнэ 35,900.00 төгрөг, нийт 7,159,900.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

                       

             Хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК-ийн захирал Б.Энхзаяа 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулж, нийт 15,000,000.00 төгрөгийн үнийн дүнд ажил хийхээр болсон.

 

            Гэрээний үнийн дүнгээс 6,000,000.00 төгрөг буюу 40 хувийг хугацаа дуусч байсан Нестий цайг бартераар авах, 9,000,000.00 төгрөгийг мөнгөн дүнгээр авахаар болсон. Үүнээс 6,000,000.00 төгрөгийн Нестий цайг авсан ба хугацаа дуусч байсан учир борлогдоогүй, өөрсдөө хэрэглэсэн мөн ойр орчмын найз нөхөддөө тарааж өгсөн.

 

            Гэрээний хугацаанд 1 бренд рекламыг гүйцэтгэж өгсөн ба 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Таван богд интернэйшнл” ХХК-иас бартерийн барааны авлагаа дуусгахын тулд санал болгосон ажлыг манай компани гүйцэтгэхээр болж, өмнөх ажлын үлдэгдлийн зөрүү болох 5,300,000.00 төгрөг дээр нэмж шинэ гэрээний дүнг тооцоод 8,340,000.00 төгрөгөөр нийт 4 төрлийн ажил гүйцэтгэхээр болсон юм.

 

            Эхний ажил 130 бүтээгдэхүүний 3d зураг хийх мөн Олейна брэндийн чанар муутай рекламыг телевизийн реклам цацалтын түвшинд хүргэх байсан. Бүтээгдэхүүний 3d зургийг захиалгын дагуу авч, засаж явуулсан боловч менежертэйгээ буруу ойлголцсноос улбаалан буруу хийгдсэн гээд дахин засаж өгсөн боловч П.Ундрахтай ярилцаад 3d хэлбэрээр биш фото хэлбэрээр явуулчих гэхээр нь засварлаад явуулсан.

 

            Компанийн талаас захиалсан ажлаа 2d, 3d гэдэг тал дээр ойлголт буруу байснаас зургийг дахин дахин өөрчлүүлж байсан, сүүлд 48 зургийг болсон гэж хүлээн авсан бөгөөд нэхэмжлэл дээр чанарын шаардлага хангаагүй гэжээ, гэвч энэ ажлыг тодорхой хэмжээнд гүйцэтгэсэнд тооцохыг хүсч байна.

 

            Олейна брэндийн рекламыг хүлээн авч, телевизээр цацсан ба одоо шаардлага хангаагүй гэж байна, гэхдээ гүйцэтгэсэн тул мөн адил энэ ажлыг тодорхой хэмжээнд гүйцэтгэсэнд тооцохыг хүсч байна.

 

            Өмнөх гэрээгээр 6,000,000.00 төгрөгийн хугацаа нь дууссан бөгөөд борлуулах боломжгүй бүтээгдэхүүн байсан учраас ашигтай гэрээ болж чадаагүй.

 

            Иймээс тодорхой гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэлийн дүнгээс хасч, үлдэх төлбөрийг нэмэлтээр ажил гүйцэтгэж барагдуулах саналтай байна” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго, П.Ундрах нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Манай компаниас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгаж, үндэслэлээ өөрчлөхөөр боллоо. Бидний өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага маань 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/35 тоот гэрээний дагуу 5,300,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий бартерийн барааны төлбөрийн үлдэгдэл, нэмэлт гэрээ байгуулсан урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 1,824,000.00 төгрөг, болон 3d зураг авалтын үеэр ашигласан буцааж өгөөгүй 3 ширхэг барааны үнэ 35,900.00 төгрөг, нийт 7,159,900.00 төгрөгийг нэхэмжилсэн билээ.

 

            Өмнө байгуулсан гэрээний дагуу хүлээлгэн өгсөн 6,000,000.00 төгрөгийн бартерийн хувьд 700,000.00 төгрөгийн ажлыг хийснийг манай компани хүлээн авсан, харин сүүлд байгуулсан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу гүйцэтгэх ёстой зарим ажлууд хийгдээгүй.

 

            Гэвч тус гэрээний Олейна брэндийн 30 секунтын засварын ажлыг гүйцэтгэсэнд тооцож, нэхэмжлэлээс 150,000.00 төгрөгийг, мөн бүтээгдэхүүний 3d зургийн хувьд 12 зургийг хүлээн авсанд тооцож, 360,000.00 төгрөгийг тус тус хасч, нийт 6,649,000.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаатай холбогдуулан тус Олейна брэндийн 30 секунтын засварын болоод 3d зурагт үзлэгт хийх шаардлагагүй болсон.

 

            Хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК-тай дээр дурьдсан гэрээг байгуулсан боловч захиалагч тал гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээн аваагүй, одоо хугацаа өгч дахин гүйцэтгүүлэх болоход ач холбогдолгүй юм.

 

            Иймд, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагчаас 6,649,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

 

           

Хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК-ийн захирал Б.Энхзаяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            Компанийнхаа хамтран ажилладаг хүмүүстэй буруу ойлголцсоноос ийм асуудал боллоо, одоо тэдгээр хүмүүс байхгүй болсон бөгөөд энэ асуудлыг би үүрч байгаа нь надад хохиролтой байна, төлбөрийг шууд төлж барагдуулах боломжгүй тул нэхэмжлээд байгаа 6,649,000.00 төгрөгийн хувьд нэмэлтээр ажил гүйцэтгэж өгье. Миний хувьд цаашид реклам, зар сурталчилгаа хийх боломжтой, туршлагатайгаас гадна материал багаж байгаа юм. Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хувьд Олейна, бүтээгдэхүүний 3d зургийг зохих хэмжээнд хийсэн, зургийн хувьд 48 биш 12 байна гэж байгаа бол ажилтантайгаа ойлголцоогүй байдлынх, харин mamy poko брэндийн 15 секунтын шторк, sakura брэндийн шторкны ажил тус тус хийгдээгүй, нэхэмжлэгч тал боломжтой гэж үзвэл дахиад хийхэд татгалзах зүйлгүй байна. Энэ бүхэн хамт ажиллаж байсан хүмүүсээс болсон юм, гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадаагүй нь үнэн.

 

            Нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК-ийн зүгээс 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр 02/35 тоот гэрээг цуцалсан мэйлийг би хүлээн авсан бөгөөд 6,000,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий Нэстий цайг ашиглаж, тарааж дууссан, одоо буцаагаад өгөх боломжгүй гэв.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр  иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Зохигч нараас өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

 

  1. Талуудын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ,
  2. Талуудын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ,
  3. 6,000,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий бараа хүлээлгэн өгсөн болон авсан тухай баримт,
  4. “Таван богд интернэйшнл” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Гэрээ цуцлах тухай мэдэгдэл,
  5. Гэрээ дүгнэсэн акт,
  6. Олейна брэндийн реклам бүхий cd /1 ширхэг/,
  7. “Таван богд интернэйшнл” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
  8. “Халиун нүдэн тэнгис” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
  9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  10. Талуудын тайлбар.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК нь хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК-нд холбогдуулан 7,159,900.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 510,000.00 төгрөгөөр багасгаж байна.

 

Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэж мэтгэлцэхгүй байгаа ба тодорхой гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсанд тооцуулж, хийж гүйцэтгээгүй ажлыг дахин хийж гүйцэтгэх хүсэлттэй байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Нэхэмжлэлд хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК нь хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 15,000,000.00 төгрөгт багтааж тодорхой ажлыг хийж гүйцэтгэхээр талууд тохирчээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор ажил гүйцэтгэгч тал гэрээний хөлс болсон 15,000,000.00 төгрөгийн 40 хувь буюу 6,000,000.00 төгрөгт 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хугацаа дуусах Нестий бүтээгдэхүүнийг авч, үлдэх 9,000,000.00 төгрөгийг тухай бүр захиалсан ажлыг гүйцэтгэж, мөнгөөр төлөхөөр тохиролцсон байна.

 

Зохигчдын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар Ажил гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг Захиалагчид актаар хүлээлгэн өгөх бөгөөд Захиалагч нь төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлөх үүрэг хүлээсэн ба талууд эхний удаагийн ажлын хөлсийг тооцохдоо Ажил гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн 6,000,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий барааны үнээс хасч тооцохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, Ажил гүйцэтгэгч тал нь тодорхой ажлыг Захиалагчийн захиалгаар тухай бүр гүйцэтгэх үүргийг хүлээж, төлбөрийг мөнгө болон эд зүйлээр хүлээн авахаар тохиролцжээ.

 

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 42.2-т тус тус зааснаар талуудын санал, хүсэл зориг, гэрээний гол нөхцөл зохих ёсоор тусгагдаж, хүчин төгөлдөр болсон байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-т зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч нь үүнийг Захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараас үзвэл Ажил гүйцэтгэгч “Халиун нүдэн тэнгис” ХХК нь эхний ажлын хувьд 700,000.00 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн гэх бөгөөд зохигчид  тухайн үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Харин 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр дараах зүйлийг хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК нь гүйцэтгэхээр болжээ. Үүнд:

 

  1. Олейна брендийн 30 секунтын засварын ажлыг 150,000.00 төгрөгөөр,
  2. Бүтээгдэхүүний 3d зураг авалт / 1 ширхэг зургийг 30,000.00 төгрөгөөр нийт 131 ширхэг зургийг 3,930,000.00 төгрөгөөр/,
  3. Хуурай mamy poko барааны 15 секунтын рекламыг 2,130,000.00 төгрөгөөр,
  4. Sakura брэндийн бүтээгдэхүүний 15 секунтын рекламыг 2,130,000.00 төгрөг, нийт 8,340,000.00 төгрөгөөр дээрх ажлуудыг хийхээр тохиролцсон байна.

 

Хэдийгээр талуудын хооронд 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зохицуулснаар 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дууссан боловч талууд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулахдаа энэхүү гэрээг үргэлжүүлэхээр болжээ.

 

Талууд дээр дурьдсан 4 /дөрөв/ төрлийн ажлыг ийнхүү хийж гүйцэтгэхдээ төлбөрийн хувьд 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ажил гүйцэтгэгч “Халиун нүдэн тэнгис” ХХК-ийн урьдчилгаа төлбөрт тооцон өгсөн 6,000,000.00 төгрөгийн бартерийн үлдэгдлээс 700,000.00 төгрөгийн гүйцэтгэсэн ажлыг хасч тооцож, үлдсэн 5,300,000.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнэ дээр нэмж 3,040,000.00 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт хариуцагч талд 1,824,000.00 төгрөгийг шилжүүлж, “Халиун нүдэн тэнгис” ХХК нь гэрээт ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр дуусгаж, хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.

 

Гэвч хариуцагч гүйцэтгэгч “Халиун нүдэн тэнгис” ХХК нь Иргэний хуулийн 206, 208 дахь зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргийг хүлээсэн боловч тус компани гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн, мөн зарим үүргээ бодитоор гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын үр дүнг Захиалагч талд хүлээлгэн өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх ба хариуцагч тал Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын үр дүнг зохих ёсоор гүйцэтгээгүй, зарим ажлын үр дүнг бодитоор бий болгоогүй байна.

 

Учир нь, талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор хариуцагч тал гэрээнд заасан ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр дуусгаж, хүлээлгэн өгөх ёстой байсан атал Олейна брендийн 30 секундын засварын ажил, бүтээгдэхүүний 3d 131 ширхэг зургийг тус тус хугацаанд нь гүйцэтгээгүй, хуурай mamy poko барааны 15 секундын реклам, sakura брэндийн бүтээгдэхүүний 15 секундын рекламыг тус тус бодитоор хийж гүйцэтгээгүй гэдэг нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэдийгээр хариуцагчийн зүгээс гүйцэтгээгүй үлдсэн ажлыг тодорхой хугацаанд хийж гүйцэтгэх хүсэл сонирхолтой байгаа боловч нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК-ийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан дээрх гэрээний дагуу гүйцэтгэх ажлын үр дүн нь тухайн цаг хугацаанд ач холбогдолтой байсан бөгөөд одоо ийнхүү ажлын үр дүнг хүлээн авах нь түүнд ач холбогдолгүй байгаа ажээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК-ийн зүгээс хариуцагч талд нэмж хугацаа олгох шаардлагагүй, тодорхой гүйцэтгэсэн ажлын үр дүнг биелэгдсэнд тооцож /олейна брендийн 30 секундын засварын ажил, бүтээгдэхүүний 3d 12 ширхэг зураг/, хүлээн авч, харин гүйцэтгээгүй ажлын хувьд гэрээг цуцалж, хохирлоо арилгуулах шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүнд ач холбогдол бүхий байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс Ажил гүйцэтгэх гэрээний хугацааг ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх ямар бодит нөхцөл, шалтгаан байсан талаар баримтаар нотлохгүй байна.

 

Хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК-ийн захирал Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээт ажлыг хийж гүйцэтгэхэд хамт ажиллаж байсан болон компанийн бусад ажилтнуудын буруугаас улбаалан ийм зүйл болсон гэжээ.

 

Гэвч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.5-д зааснаар хууль ёсны төлөөлөгч буюу бусад этгээдээр үүргээ гүйцэтгүүлсэн үүрэг гүйцэтгэгч тэдгээрийн үйлдлийн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцах үүрэгтэй ба мөн тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д зааснаар үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч нь түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүдэн гарах хариуцлагыг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх зохицуулалттай.

 

Иймд, хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаанаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн, үүргийг бодитоор гүйцэтгэхэд түүнээс хамааралгүй шалтгаан нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ”, мөн тус хуулийн 353.3-т “хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнээс үзвэл гүйцэтгэсэн ажлын үр дүн ямар байх ёстой талаар тусгайлан тохироогүй байх бөгөөд нэхэмжлэгч тал 3d зургийн хувьд 131 ширхэг байх ёстойгоос 12 ширхэг зургийг хүлээн авсанд тооцож, үлдэх 119 ширхэг зургийг зохих ёсоор болон бодитоор гүйцэтгээгүй гэх тайлбарыг хариуцагч тал эсэргүүцээгүй, тус компани 48 ширхэг зургийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгийг баримтаар нотлохгүй байна.

 

Харин нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК нь Олейна брендийн 30 секундын засварын ажлыг хүлээн авсанд тооцсон ба үлдэх хуурай mamy poko барааны 15 секундын реклам, sakura брэндийн бүтээгдэхүүний 15 секундын рекламыг хариуцагч тал хийж гүйцэтгээгүй тул хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, түүний гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд, нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг цуцалж, учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй болно.

 

Нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК нь хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК-иас 6,649,900.00 төгрөг нэхэмжилж байгаа тухайн нэхэмжлэлийн үнийн дүнг задалвал:

 

  1. Талуудын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 02/35 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт тооцон өгсөн 6,000,000.00 төгрөгийн бартерийн үлдэгдлээс 700,000.00 төгрөгийн гүйцэтгэсэн ажлыг хасч тооцож, үлдсэн 5,300,000.00 төгрөгийн үнэтэй барааг мөнгөн төлбөрт шилжүүлж,
  2. Талуудын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт хариуцагч талд шилжүүлсэн 1,824,000.00 төгрөгийг,
  3. 3d зураг авалтын үеэр ашигласан буцааж өгөөгүй 3 ширхэг барааны үнэ 35,900.00 төгрөг, нийт 7,159,900.00 төгрөг бөгөөд үүнээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 510,000.00 төгрөгөөр багасгаж, 6,649,900.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК болон хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК нар нь 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 02/35 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа гэрээний төлбөрийг мөнгө болон эд зүйлээр тус тус тохирч, хариуцагчийн зүгээс нийт 6,000,000.00 төгрөгийн үнэтэй бараа материалыг хүлээн авч, захиран зарцуулсан байна. Хожим талууд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг байгуулахдаа тус 6,000,000.00 төгрөгийн барааны материалыг нэгэнт хүлээн авснаар тооцож, төлбөрийн нөхцөлд оруулсан байх тул тухайн нөхцлийг талууд анхнаасаа зөвшөөрсөн, тэдгээрийн хүсэл зориг зохих ёсоор тусгагдаж, хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэлд 1,824,000.00 төгрөгийг хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК-нд шилжүүлсэн болон 35,900.00 төгрөгийн үнэтэй бараа материалыг хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримт байхгүй боловч хариуцагчийн зүгээс тус 1,824,000.00 төгрөгийг 35,900.00 төгрөгийн үнийн дүнтэй барааны хамт авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү хохиролд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг тус тус хохиролд тооцох журамтай.

 

Нэгэнт хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээг зөрчсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК-иас гэрээг цуцалж байх тул урьдчилгаа төлбөр болон 3d зураг авалтын үеэр ашигласан буцааж өгөөгүй 3 ширхэг барааны үнэ 35,900.00 төгрөгийг тус тус нэхэмжлэх эрхтэй юм.

 

Иймд, нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч  “Халиун нүдэн тэнгис” ХХК –иас 6,649,900.00 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК–иас 6,649,900.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК-нд олгосугай.

 

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 510,000.00 төгрөгөөр багасгасныг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,510.00 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Халиун нүдэн тэнгис” ХХК–иас 121,348,00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Таван богд интернэйшнл” ХХК-нд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР