Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 331

 

 

“Рокмон” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06526 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Рокмон” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ноён шаг” ХХК-д холбогдох

 

Бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэх гэрээг цуцалж, гэрээгээр хүлээсэн үүрэг 7 456 000 төгрөг, алданги 8 772 450 төгрөг, гэрээний нэмэлтээр тохирсон орон сууцыг хүлээн авахаас татгалзаж, 69 790 000 төгрөг, алданги 17 385 760 төгрөг, нийт 103 404 165 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Билэгтийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай,

Хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Рокмон” ХХК 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Ноён шаг” ХХК-тай Бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэх тухай гэрээ байгуулж, нийлүүлсэн зуурмагийн үнийн 50 хувийг, помп /бетон шахагч машин/-ны үйлчилгээний хөлсийг 100 хувь бэлэн болон дансаар ажлын 3 хоногт төлөх, үлдэгдэл 50 хувийг бартераар орон сууц авахаар тохиролцсон юм. Энэхүү гэрээний дагуу манай компанийн зүгээс 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 160 580 000 төгрөгийн үнэтэй БМ-250 маркийн 1036 куб метр бетон зуурмаг, 9 108 000 төгрөгийн 1012 куб метр бетон зуурмагийг помп машинаар шахаж, нийт 169 688 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж, ажил үйлчилгээ үзүүлсэн байна. Талууд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний өөрчлөлтөөр “Ноён шаг” ХХК-ийн барьж буй Тарвилан хотхоны D блокны 1 дүгээр орцны 7 дугаар давхраас 38.2 м.кв талбайтай орон сууцыг бартерын үнэ 57 300 000 төгрөгт тооцож, авахаар тохиролцсон байсан хэдий ч хариуцагч “Ноён шаг” ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ зөрчиж, уг орон сууцыг бидний зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан байсан. Үүний дараа тухайн худалдсан орон сууцнаас өөр буюу G блокны 1 дүгээр давхарт 31.2 м.кв талбайтай орон сууцыг бартерын үнэ 46 800 000 төгрөгт тооцож, авахаар болж, талбайн м.кв-ын зөрүү 10 500 000 төгрөгийг манай компанид мөнгөөр төлсөн. Гэвч энэхүү орон сууц өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглалтанд ороогүй, гэрээгээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орох ёстой байсан ч хугацаа хэтэрсэн, мөн тагт байхгүй, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломжгүй байр байснаас гадна “Ноён шаг” ХХК нь дахин бусдад худалдсан байсан. Хариуцагч “Ноён шаг” ХХК-иас ийнхүү гэрээнд заасан үүргээ зөрчсөн учраас талуудын хооронд байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээг цуцлах, өмнө нь нийлүүлсэн бетон зуурмагийн дутуу төлбөр 7 456 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 15/20 тоот гэрээний 6.2-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцсон алданги 8 772 405 төгрөг, тус 15/20 гэрээний хавсралт гэрээнд заасан бартерийн төлбөр 69 790 000 төгрөг, орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй хариуцлагад нэмэлт гэрээний 1.3-д зааснаар алданги тооцож, 17 385 760 төгрөг, нийт 103 404 165 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан Бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэх гэрээгээр “Рокмон” ХХК нь нийт 387 500 000 төгрөгийн үнэтэй бетон зуурмаг нийлүүлэх үүрэг хүлээсэн ч худалдан авагч тал гэрээгээ зөрчсөн учраас цаашид бетон зуурмаг нийлүүлэхгүй, гэрээг цуцлах хүсэлттэй байгаа юм, мөн 32.1 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авахаас татгалзаж, бартераар тохирсон үнийн үлдэгдэл 69 790 000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд бетон зуурмаг худалдах, худалдан авахтай холбоотой төлбөр тооцооны асуудал байгааг үгүйсгэхгүй. Гэвч нэхэмжлэгч “Рокмон” ХХК-иас гаргасан 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг цуцалж, 31.2 м.кв талбайтай байрыг бус 69 790 000 төгрөг болон алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Нэмэлт гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд уг гэрээг албан ёсоор цуцлах талаар манай компанид ямар нэгэн мэдэгдэл ирж байгаагүй юм. Өнөөдрийн байдлаар талуудын тохиролцоо болсон G блокны 1 дүгээр давхарт 31.2 м.кв талбайтай орон сууцыг бусдад худалдсан гэдгийг хэн нэгэн албан ёсоор тогтоогоогүй, уг орон сууц одоо хүртэл хэнд ч худалдагдаагүй байгаа болно. Бид уг нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 1 м.кв талбайг 1 500 000 төгрөгөөр тооцож, 31.2 м.кв талбатай, 46 800 000 төгрөгийн үнэтэй орон сууц өгөхөөр болсон, анхны тохиролцоо 38.2 м.кв талбайтай, 57 300 000 төгрөгийн үнэтэй орон сууц байсан хэдий ч хожим өөрчилж, зөрүү 10 500 000 төгрөгийг манай компани төлсөн. Тагтгүй гэж тайлбарлаж байна, гэвч тагт байх талаар зохигчид гэрээндээ тохиролцоогүй, тагт байсан хэдий ч эрх бүхий этгээдийн шаардлагаар ийнхүү өөрчлөхөд хүрсэн. Тарвилан хотхон маань 2015 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон, одоо хэвийн ашиглалттай байна. Нэхэмжлэгч “Рокмон” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болон 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр албан шаардлага ирүүлснийг бид хүлээн авч, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хариу албан бичиг хүргүүлсэн боловч тус компаниас хариу өгөхгүйгээр шууд нэхэмжлэл гаргасан байсан. Манай компанийн зүгээс 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн хариу саналыг нэхэмжлэгч “Рокмон” ХХК-ийн зүгээс шаардаж, шахуулсаар байж авсан, ийм учраас нэмэлт буюу орон сууц авах гэрээг цуцлах үндэслэлгүй. Харин 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөр 7 456 000 төгрөгийн үлдэгдэл байгаа ба алданги төлөх талаар тохиролцоо байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Энэ талаар манай компанийн зүгээс тооцоо нийлсэн ба үлдэгдэл төлбөрийг төлж байсан учраас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч “Ноён шаг” ХХК-иас 83 474 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Рокмон” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 930 165 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Рокмон” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674 970 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ноён шаг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 576 685 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Рокмон” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Билэгт давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Ноён шаг" ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр "Рокмон" ХХК-тай Бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулж хамтран ажилласан болно. Гэрээний дагуу нийт төлбөрийн 46 800 000 төгрөгийн үнийн дүнд манай барьсан орон сууцнаас G блокны 1 дүгээр давхрын 31.2 м.кв талбай бүхий орон сууцыг "Рокмон" ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байсан. Гэтэл "Рокмон" ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, G блокны 1 дүгээр давхрын 31.2 м.кв талбай бүхий орон сууцыг тагтгүй гэсэн гэрээнд огт тусгагдаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 46 800 000 төгрөгийг нэхэмжилсэн. Компаний зүгээс гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээнд тагттай байх талаар тусгагдаагүй тул "Рокмон" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь илэрхий байтал анхан шатны шүүхийн шийдвэрээр 46 800 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг, мөн шүүхээс "Рокмон" ХХК нь өөрсдөө орон сууц хүлээн авахаас татгалзаж хугацаа хэтрүүлсэн байхад манай компанийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн гэж буруу дүгнэлт хийж 6 228 000 төгрөгийг алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн "Ноён шаг" ХХК-иас 83 474 000 төгрөг гаргуулж, "Рокмон" ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 53 028 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэрээний дагуу "Рокмон" ХХК-д G блокны 1 дүгээр давхрын 31.2 м.кв талбай бүхий орон сууцыг олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт нийцсэн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Рокмон” ХХК харуцагч “Ноён шаг” ХХК-тай байгуулсан бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэх гэрээг цуцалж, гэрээгээр хүлээсэн үүрэг 7 456 000 төгрөг, алданги 8 772 450 төгрөг, гэрээний нэмэлтээр тохирсон орон сууцыг хүлээн авахаас татгалзаж, 69 790 000 төгрөг, алданги 17 385 760 төгрөг, нийт 103 404 165 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзан эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2500 тонн буюу 387 500 000 төгрөгийн бетон зуурмаг худалдах болон тээвэрлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нийлүүлсэн бетон зуурмагийн 50 хувийг помп /бетон шахагч машин/-ы үйлчилгээний хөлсийг 100 хувь бэлэн болон дансаар ажлын 3 хоногт багтаан төлөх, үлдэгдэл 50 хувийг бартераар орон сууцаар төлөхөөр бетон зуурмагийг нийлүүлэхдээ худалдагч тал “Ноён шаг” ХХК-д тээвэрлэн хүргэж өгөх, худалдан авагч тал зардлыг хариуцахаар тохиролцжээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсч, худалдагч нь бүтээгдэхүүнийг худалдан авагчид ачаа тээвэрлэн хүргэх үүргийг хүлээн, худалдан авагч нь худалдан авсан бүтээгдэхүүний үнэ, тээвэрийн хөлсний хамт гэрээгээр тогтоосон хугацаанд мөнгөөр болон ажил гүйцэтгэх гэрээний дагуу орон сууц шилжүүлэх замаар төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хамаарах үүргийг харилцан хүлээсэн холимог гэрээ байгуулагдсан байх боловч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөх үүрэгтэй холбоотой маргаан үүссэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийн хүрээнд дүгнэлт хийх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсгийн гэрээг тайлбарлах журамд нийцнэ.

 

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 1036 тонн буюу 160 580 000 төгрөгийн зуурмаг нийлүүлсэн, бетон шахагч машинаар 1012 тонн буюу 9 108 000 төгрөгийн зуурмаг шахсан үйл баримт хэргийн 23 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн актаар тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Хэргийн 23, 24 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл “Рокмон” ХХК нь “Ноён шаг” ХХК-д 169 688 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн болон помп /бетон  зуурмагийн машинаар/-оор зуурмаг шахах үйлчилгээ үзүүлсэн, уг төлбөрөөс 80 290 000 төгрөгт бартер хийж орон сууцаар төлөх, 89 398 000 төгрөг бэлэн төлөхөөс 76 942 000 төгрөгийг төлж 12 456 000 төгрөг төлөөгүй үлдсэнээс 5 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлснөөр 7 456 000 төгрөг үлдсэн үйл баримт хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт болон талуудын тайлбараар тогтоогдсон гэж үзнэ.

 

Талууд гэрээний хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж нийлүүлсэн бетон зуурмагийн үнээс 80 290 000 төгрөгт бартер хийж 38.2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 57 300 000 төгрөгөөр тооцон өгөхөөр тохирсон боловч уг орон сууц бусдад худалдагдсантай холбоотойгоор баригдаж буй 31.2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 46 800 000 төгрөгт тооцож хүлээлгэн өгөхөөр тохиролцсон баримт байх бөгөөд харин үлдэх 22 900 000 төгрөгийн талаар заагаагүй байна.

 

Дээрх гэрээний хавсралтад баригдаж буй орон сууцнаас 1 өрөө орон сууц нэхэмжлэгчид хариуцагч хүлээлгэж өгөхөөр тохиролцон Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар талууд өмнөх худалдах-худалдан авах гэрээний үүргийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэж үзэх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Зохигчид бартер хийж орон сууцаар төлөхөөр тохирсон 80 290 000 төгрөгөөс 57 300 000 төгрөгт орон сууц өгөхөөр тохирсон нь биелэгдээгүй тул 46 800 000 төгрөгт орон сууц өгөхөөр тохирч 10 500 000 төгрөгийг бэлэн төлсөн тул 80 290 000 төгрөгийн зөрүү 22 990 000 төгрөг болон бэлнээр төлөх бетон зуурмагийн үнийн дутуу 7 456 000 төгрөг нийт 30 446 000 төгрөг төлөгдөөгүйг хариуцагч “Ноён шаг” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Рокмон” ХХК-д олгож шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.9, 2.10, 6.2-т бүтээгдэхүүн нийлүүлсэн нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан төлөх, уг хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хүрээнд тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч “Рокмон” ХХК-д хариуцагч “Ноён шаг” ХХК-иас бэлнээр төлөх бетон зуурмагийн үлдэгдэл болох 12 456 000 төгрөг, түүнд алданги тооцож 6 228 000 төгрөг гаргуулахаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хэргийн 16, 17, 18 дугаар талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа сануулж албан бичиг хүргүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээг цуцалж, 78 740 720 төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчилж төлөхөөр албан бичиг хүргүүлж байсан тухай үйл баримтууд тогтоогджээ.

 

Иймээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний нэг тал нь нөгөө талдаа гэрээг цуцлах тухай мэдэгдсэн, нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “Рокмон” ХХК-д хариуцагч “Ноён шаг” ХХК гэрээгээр хүлээсэн үүрэг болох нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч “Рокмон” ХХК бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэх хэсгээс, мөн гэрээний хавсралтаар тохирсон орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь ач холбогдлоо алдсан тул ажил гүйцэтгэх гэрээнээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, нийлүүлсэн бетон зуурмагийн үнэд 46 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Нэгэнт талууд ажил гүйцэтгэх гэрээг цуцласан тул уг гэрээгээр хариуцагчийн хүлээсэн нэмэлт үүрэг буюу гэрээний хариуцлага нэгэн адил цуцлагдсан уг гэрээний дагуу алданги гаргуулах үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 090 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                          ШҮҮГЧИД                                                А.МӨНХЗУЛ

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ