Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
Хэргийн индекс | 119/2017/0015/З |
Дугаар | 00041 |
Огноо | 2017-12-21 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 00041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болормаа, шүүгч Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.М-д холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2017/0015/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч Д.Ж, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд А.Б, иргэдийн төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие О.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар 2013 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Оюут багийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох хурал явагдсан. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дараах хууль зөрчсөн үйл ажиллагаа явууллаа. Үүнд:
1. Анх хурал явагдах зарыг иргэдэд өгөхдөө Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урлагийн зааланд гэж зарласан атлаа санаатайгаар спорт зааланд болгон өөрчилж иргэдийг төөрөгдүүлсэн.
2. Санал өгсөн иргэдийн дотор харъяаллын хувьд тус багийн иргэн биш 11 иргэнийг санал хураалтанд оролцуулсан. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
3. Оюут багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хуралд нийт 305 иргэн оролцсоноос А.Б-д 113 иргэн санал өгсөн. О.М надад 105 хүн санал өгсөн ба хүчингүй 8 саналын хуудас байсан. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дахь хэсэгт заасан 50-иас дээш хувийн ирцэд хүрэлцэхгүй байгаа болно.
4. Харъяаллын хувьд өөр багийн иргэдээр санал өгүүлсэн. Тодруулбал Оюун-Эрдэнэ гэх өөр багийн хаягтай хүнээр санал өгүүлсэн.
5. Саналын хуудсыг 1-305 хүртэл дугаарлаж санал хураасан нь иргэний саналыг нэрийн жагсаалтаар хөөж хэнд санал өгсөнийг мэдэх боломжтой болгосон нь иргэдийг нууцаар чөлөөтэй санал өгөх эрхэд халдсан.
Ийнхүү Оюут багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох хуралдааны үйл ажиллагааг хууль зөрчин явуулж холбогдох багийн Засаг даргын нэрийг Засаг даргад томилуулахаар санал болгосон. Үүнийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай “Багуудын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нарыг түр томилох тухай” захирамж, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай “Багуудын Засаг дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” захирамжаар тус тус чөлөөлж, томилж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ нь миний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчөөд зогсохгүй сонгогч иргэдийн сонгох эрхийг давхар зөрчсөн үйл ажиллагаа боллоо.
Иймээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.М-д холбогдох хэсэг, мөн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү”[1] гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.М-д холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэдийн дундаас нэхэмжлэгч О.М нь тус хуралдаанд багийн Засаг даргаар нэрээ дэвшүүлсэн. Гэтэл тус багийн Засаг даргыг сонгох сонгууль хуулийн хүрээнд явагдаагүй хууль зөрчсөн гэж үзсэн. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хуралд өөр багийн харъяалалтай 11 иргэн оролцсон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байгаа. А.Б болон О.М нарын санал 8 хүний саналын зөрүүтэй байгаа бөгөөд нэхэмжлэгч О.М-ын хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дах хэсэгт зааснаар тухайн багийн сонгуулийн насны иргэд санал өгч хуралдаанд оролцсоноос Л.Чулуунцэцэг Д.Оюунтуяа, Х.Оюун-Эрдэнэ, Б.Азжаргал, Г.Баттулга, Ш.Мөнхболд, Г.Алтантуяа Г.Янжинлхам, Б.Ганхавх, Г.Жавхлан, П.Ариунтунгалаг гэх энэ багийн харъяаллын биш 11 хүн оролцсон. О.М, А.Б нарын саналын тоо, сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц байгаа тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс эдгээр 11 хүнийг мэдсээр байж оруулсан нь нэхэмжлэгчийн буруу гэж байна. Үүнийгээ сонгууль хүчингүй болгуулах гэж ашиглаж байгаа мэтээр ярьж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт баг, хорооны Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан. Үүнд багийн Засаг дарга сонгуулийг зохион байгуулах гэж байхгүй. Миний үйлчлүүлэгч 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэнийхээ хувьд уг хуралдаанд оролцсон. Түүнээс биш өөрөө хянаж, тоолж, бүртгэж оруулаад саналаа аваад хариугаа гаргаад байгаа зүйл байхгүй. Харин үүнийг сумын Засаг даргыг Тамгын газраас арга зүйн удирдлагаар хангаж оролцсон гэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “Баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах” гэж заасан байна. Хуралдааныг өмнөх Хурлын дарга зохион байгуулж явуулаад дараагийн шинээр сонгогдсон Хурлын дарга үргэлжлүүлээд хуралдааныг даргалаад явдаг журамтай. Энэ журмаар явсан. Миний үйлчлүүлэгчид иргэдэд нөлөөлсөн гэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан. Нэр дэвшигч нарын саналын зөрүү 8 байсан. Тухайн хуралдаанд оролцсон хүмүүсийн 11 нь өөр багаас оролцсон байсан. Эдгээр 11 хүнээс 9 нь багийн Засаг даргыг сонгох санал хураалтад санал өгсөн байна. Тиймээс О.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байна” гэв.
Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Ж шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Оюут багийн Тэргүүлэгчид, иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх иргэдийн Нийтийн Хурал явагдсан. Уг хуралдаанаар миний бие иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон. Ийнхүү иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдож багийн Засаг дарга сонгох ажиллагааг явуулахдаа эрх зүйн мэдлэг дутуугийн улмаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн нь үнэн юм. Тодруулбал багийн иргэдийн Нийтийн Хуралд 305 иргэн оролцсоноос А.Б-д 113 иргэн, О.М-д 105 иргэн санал өгсөн, хүчингүй саналын 8 хуудас гарсан. Дээрх санал хураалтын дүнгээс хувь тооцохдоо иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн тооноос хувь тооцолгүй санал өгсөн иргэдийн тооноос хувь тооцож, А.Б-ийн нэрийг Оюут багийн Засаг даргад сонгогдсонд тооцож Баян-Өндөр сумын Засаг даргад батламжлуулахаар тогтоол гарсан. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дахь заалтад үл нийцэж байгааг хурал болсоноос хойш мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү”[2] гэв.
Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өндөр сумын 21 багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаж багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Уг хурлаас иргэдийн олонхийн саналаар сонгогдсон иргэнийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дахь заалтыг баримтлан тухайн иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол гаргаж, томилуулах санал гаргаж, томилуулах санал ирүүлсний дагуу 5 өдөрт багтаан сумын Засаг даргын захирамж гарган томилж батламжилсан. Уг захирамжид багуудын Засаг дарга нарыг Авлигатай тэмцэх газрын мэдэгдэл ирэх хүртэл хугацаагаар түр томилсон. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10, Б/11 дугаартай захирамжууд нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна”[3] гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг тухай бүр хүргэж ажиллаж байсан. Тухайн нэр бүхий 11 хүн ямар байдлаар хуралд оролцсон бэ? гэхээр иргэний цахим үнэмлэхийг шалгуулж орсон байдаг. Гадаа үүдэнд Цагдаагийн газрын ажилтан хүртэл хяналт тавьж байсан. Дээрх 11 хүн цахим үнэмлэхээ үзүүлээд л орсон байдаг. Оюут багийн харъяалал бүхий хаяг үнэмлэх дээр байдаг. Иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулж байгаа комисс бүртгэлийн нэгдсэн системээс тулгаж шалгах боломж байгаагүй. Тухайн үед Оюут багийн Засаг даргын ажлыг эрхэлж байсан О.М-д эдгээр хүмүүсийг шилжин явсан талаар мэдэж байж оруулахгүй байх, шалгуулах боломжтой байсан. А.Б нь эдгээр 11 иргэн энэ багт оршин суудаг эсэхийг мэдэх боломжгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нотлох баримттай холбоотой нэр бүхий 11 хүний лавлагаа дээрээс үзэхэд эдгээр хүмүүс урьд нь Оюут багт оршин суудаг хаягтай байсан байна. Монгол Улсын анхны иргэний үнэмлэх бол шилжилт хөдөлгөөн хийгдсэн бол ар талд нь цаас наагаад өгдөг байсан. Одоо шинэ цахим гэх иргэний үнэмлэх нь тийм боломжгүй болсон. Тиймээс анхны хаяг буюу иргэний үнэмлэх авах үед байсан хаяг нь үнэмлэхний ард бичээстэй байдаг” гэв.
Гуравдагч этгээд А.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие А.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралд иргэдээс нэр дэвшсэн бөгөөд уг хурлыг хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. А.Б миний зүгээс уг хуралд бүрдүүлэх ёстой Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.6-д заасны дагуу бүрдүүлсэн байх ёстой шүүхийн ял шийтгэлгүй, өр зээл төлбөргүй гэсэн бичиг баримтууд бүрэн бүрдүүлж өгсөн ба уг бичиг баримтууд Баян-Өндөр сумын иргэдийн Нийтийн Хуралд өгсөн хурлын материал дотор бүрэн байгаа болно. Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргад нэр дэвшигч О.М-той өрсөлдөж, уг хуралд 226 иргэдийн саналаас 8 санал хүчингүйд тооцогдон актлагдсан, 218 иргэдийн саналаас 113 санал авч 51,8%-иар уг тогтоол хүчин төгөлдөр болсон. Хурлын байрыг өөрчилсөн, иргэдийн бүртгэж оруулсан зохион байгуулалтыг нэхэмжлэгч тал хариуцсан байсан тул эндээс гарсан үр дагаврыг нэхэмжлэгч тал хүлээнэ. Миний бие олонхийн саналаар багийн Засаг даргад баталсан Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагт эхэлж 16 цаг 30 минутад дууссан. Уг хурал цэгцтэй тайван явагдсан. Миний бие уг хурлын үйл явц хуулийн дагуу гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”[4]
“Энэ 11 хүнийг Оюут багийн харъяалалтай гэдгийг мэдэх боломжгүй. Энэ хүмүүс мөн санал өгсөн үгүйг мэдэх боломжгүй байна. Багийн Засаг даргыг сонгохоор саналын хуудас тараах үед эдгээр хүмүүс байхгүй байсан ч байж болно” гэв.
Иргэдийн төлөөлөгч И.Г дүгнэлтдээ: “Хуулийн дагуу сонгууль явагдсан байна. Цахим үнэмлэхийг дэлгэц дээр гаргаад бүртгэлийг шалгаад үзэх ёстой байсан гэж үзэж байна. Захиргааны байгууллагын шийдвэр хуулийн дагуу гарсан. Сонгууль явуулахдаа цахим үнэмлэхийг хаягаар шалгаж оруулаагүй нь буруу. Гэхдээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал хуулийн дагуу явагдсан байна.” гэв.
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М-ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.М-д холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болж, тус хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцжээ.
2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдсан Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд анх 305 иргэн хүрэлцэн ирсэн боловч багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх үед 226 иргэн үлдэж, санал хураалтад оролцсон болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон тус өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Тооллогын комиссын “Санал хураалтын дүнгийн тухай” 04 дугаартай тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад нийт 226 иргэн санал өгсөн байх бөгөөд үүнээс хүчинтэй саналын хуудас 218, хүчингүй 8 саналын хуудас байсан болох нь Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 04 дугаартай тогтоол, тус хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолд зааснаар хүчинтэй 218 саналын хуудаснаас тооллогын дүнг гаргахад Оюут багийн Засаг даргаар А.Б-г сонгохоор 113 иргэн, О.М-ыг сонгохоор 105 иргэн санал өгсөн байх бөгөөд А.Б нь 113 иргэний санал буюу 50.8 хувийн санал авснаар түүнийг хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн санал авсан гэж үзэж, Оюут багийн Засаг даргаар сонгогдсонд тооцжээ.
Нэхэмжлэгч талаас “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт зааснаар багийн иргэдийн Нийтийн Хуралд зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэн оролцох байтал Оюут багийн харъяалалгүй Л.Чулуунцэцэг /ФМ:82051204/, Д.Оюунтуяа /ГГ:59022803/, Х.Оюун-Эрдэнэ /РТ:75032179/, Б.Азжаргал /ИЭ:80111011/, Г.Баттулга /ФА:94070657/, Ш.Мөнхболд /ФМ:71022351/, Г.Алтантуяа /ИЦ:61061864/, Г.Янжинлхам /ГЮ:88103185/, Б.Ганхавх /ЙЭ:62100312/, Г.Жавхлан /ФА:77100531/, П.Ариунтунгалаг /НБ:79072922/ нар оролцож санал өгсөн нь ирцийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлээр нотлогдож байгаа, энэ нь саналын дүнд нөлөөлсөн” гэж маргаж байгааг үндэслэлтэй гэж үзлээ.
Дээрх нэр бүхий 11 иргэн нь өмнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт оршин суудаг харъяалалтай байсан боловч 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болох үед оршин суух харъяалал нь өөрчлөгдсөн байсан болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 984 дугаартай албан бичиг[5], мөн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1812 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан нэр бүхий 11 иргэний иргэний үнэмлэхний лавлагаа[6] зэргээр нотлогдсон болно.
Дээрх нэр бүхий 11 иргэн нь Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны ирцийн бүртгэлийн 1 дүгээр хуудасны 35, 2 дугаар хуудасны 69, 5 дугаар хуудасны 176, 180, 181, 184, 7 дугаар хуудасны 229, 230, 8 дугаар хуудасны 269, 9 дүгээр хуудасны 303, 331 дугаарт тус тус бүртгэгдсэн бөгөөд тус хуралдаанд тус багийн харъяаллын бус иргэдийг оролцуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 /Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд.../-т заасныг зөрчжээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад 226 иргэн оролцож, саналаа өгсөн нэрийн жагсаалтад өөр “Оюут” багийн харъяаллын бус 9 иргэн буюу Л.Чулуунцэцэг, Г.Янжинлхам, Г.Баттулга, Г.Алтантуяа, П.Ариунтунгалаг, Г.Жавхлан, Б.Ганхавх, Ш.Мөнхболд, Х.Оюун-Эрдэнэ нар санал өгсөн болох нь санал өгсөн иргэдийн нэрсийн бүртгэлээр тогтоогдсон бөгөөд эдгээр 9 иргэнийг А.Б болон О.М-ын хэнд нь санал өгсөн гэдгийг тогтоох боломжгүй, нэр дэвшигч нар нь санал хураалтын дүнд хоорондоо 8 хүний саналын зөрүүтэй байгаа нь саналын дүнд шууд нөлөөлөх хэмжээнд байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаар тогтоолоор А.Б-г Оюут багийн иргэдийн Нийтийн хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн санал авсан гэж үзэн тус багийн Засаг даргаар томилуулах саналыг Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 /...Хурлын хуралдаанд оролцсон иргэд...-ийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно/-т зааснаар нэр дэвшигч А.Б-г багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн санал авсан гэж үзэж, түүнийг тухайн багийн Засаг даргаар томилуулахаар Баян-Өндөр сумын Засаг даргад уламжилсан нь үндэслэлгүй байна.
Дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож, санал өгсөн иргэдийн саналаас олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан”-ыг тооцох байтал хүчингүй болгосон 8 саналын хуудсыг оруулан тооцолгүй “саналын хувь” гаргасан нь буруу болно.
Тодруулбал, нэхэмжлэгч А.Б 113, О.М-ын авсан 105 саналыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд оролцож санал өгсөн 226 иргэний саналд харьцуулан тооцоход А.Б 50.0 хувь, А.М 39.5 хувийн санал авсан байх бөгөөд тэдний аль аль нь хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, “Олонхийн буюу 50-иас дээш хувийн санал” гэдгийг хуралдаанд оролцсон иргэдийн “50%+1” хувийн санал гэж ойлгох тул нэр дэвшигч А.Б нь хуралдаанд оролцсон иргэдийн 50.0 хувийн санал авсныг “олонхийн санал” авсан гэж үзэхгүй.
Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 /Баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах/, 26 дугаар зүйлийн 26.2 /...Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно/-т зааснаар Оюут багийн Засаг даргад А.Б-ийн нэрийг дэвшүүлсэн Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаар тогтоол нь хууль бус шийдвэр байх тул түүнийг үндэслэн гаргасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10, Б/11 тоот захирамжуудын О.М, А.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.М-ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг дарга нарт тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.М-д холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О.М-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БОЛОРМАА
Б.МӨНХЖАРГАЛ
[1] ХХ-ийн 1 дүгээр тал
[2] ХХ-ийн 17 дугаар тал
[3] ХХ-ийн 25 дугаар тал
[4] ХХ-ийн 27 дугаар тал
[5] ХХ-ийн 78 дугаар тал
[6] ХХ-ийн 204-215 дугаар тал