Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 44

 

 

 “Трасткапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01058 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Трасткапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Чинзоригт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 736 656 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Э.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Доржсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Гарьд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Чинзориг нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ЗГ-15/44 тоот зээлийн гэрээ байгуулж, 33 700 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэйгээр, Ү-2203025868 улсын бүртгэлийн дугаартай, Д-000338373 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Д-000446907 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсэг гудамж, 98-6 тоот 183 м.кв 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц барьцаалан зээл авсан. 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хувиарын дагуу төлөлгүй 250 хоногоор хугацаа хэтрээд байна. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 33 700 000 төгрөг, зээлийн хүү 11 479 025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 557 361 төгрөг, нийт 45 736 656 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Чинзориг миний бие “Трасткапитал ББСБ” ХХК-иас 30 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр 2014 онд зээлж Хандгайт Вилла хотхоны барилгын ажилд зориулсан. 2014 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хямрал нь тус Виллагаас байр борлогдоход сөргөөр нөлөөлж өдий хүртэл зээл болон зээлийн хүүг төлж чадахгүйд хүргэсэн. Нэхэмжлэгчтэй анх 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн 14/42 тоот гэрээ байгуулсан бөгөөд 30 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Нэхэмжлэгчийн 37 000 000 төгрөгийг зээлж аваагүй бөгөөд хүүгээс хүү бодох замаар хэт нэмэгдүүлсэн үнийн дүн болоод байна. Миний бие нь нэхэмжлэгчийн шаардаж буй бүх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зээлдэгч нартай 35 000 000 төгрөгөөр зээлийн гэрээний үнийн дүн дээр 7 сарын хугацаатайгаар эвлэрч тохиролцох хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Чинзоригоос 44 447 805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Трасткапитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 288 851 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар “Трасткапитал ББСБ” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386 634 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Э.Чинзоригоос 380 189 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Трасткапитал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.Чинзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хурлын тов мэдэгдээгүй, шүүх хуралд оролцох боломжоор хангаагүй. Миний бие 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд ОХУ-д ажилтай явж байсан. Улаанбаатар хотод ирээд шүүх хурлын товыг асуухад....шүүхийн шийдвэр гарсан, гэрийн хаягаар таны шүүхийн шийдвэрийг явуулсан, одоо хэвлээд авч болно гэсний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэртэй танилцсан. Намайг ОХУ руу явахаас өмнө буюу 10 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө надаа шүүх хурал удахгүй товлогдох талаар ерөөөсөө мэдэгдээгүй. Хэргийн материалтай танилцуулж, эрх үүргийн агуулгын хувьд бүрэн тайлбарлаж өгөөгүй. Миний хувьд нэхэмжлэлтэй танилцаад өмгөөлөгчөөс зөвлөгөө авах, нотлох баримт гаргах, гаргуулах, өмгөөлөгч авах зэрэг надад хуулиар олгогдсон эрхүүдийг олгоогүй, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэж байна. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хоорондоо ялгаатай, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн. Нэхэмжлэгч ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа барьцааны гэрээ үйлдэж, 2015 оны 10 дугаар сарын сарын 22-ны өдрийн ЗГ-15/44 тоот зээлийн гэрээг байгуулсан. Гэвч нэхэмжлэлд дурдсан барьцааны гэрээ нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн огноотой, Э.Чинзоригийн нэр дээр бус иргэн С.Ганхүү нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө байдаг. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүх үндэслэх хэсэгтээ ...Хариуцагч нь 33 700 000 төгрөгийн зээл аваагүй гэж маргаж байгаа боловч 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 33 700 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь кассын орлогын ордерын баримтаар тогтоогдож байна... гэж үндэслэх хэсэгтээ тусгажээ. Гэвч 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр болон 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дансаар болон бэлнээр зээлдүүлэгч ББСБ нь хариуцагч Э.Чинзоригт мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөөгүй буюу гэрээний үүргээ гүйцэтгээгүй байдаг. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй тул, бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                     ХЯНАВАЛ:       

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Трасткапитал ББСБ” ХХК нь хариуцагч Э.Чинзоригт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч 2014 онд Хандгайт вилла хотхоны барилгын ажилд зориулж 3.5 хувийн хүүтэй 30 000 000 төгрөг зээлсэн 33 700 000 төгрөг нэхэмжлэгчээс зээлж аваагүй хүүгээс хүү тооцсон гээд 35 000 000 төгрөгөөр эвлэрч 7 сарын хугацаанд төлөх боломжтой гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.                                                        /хэргийн 21 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг зохицуулжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүх нэхэмжлэгчийг хэргийн материалтай танилцуулсан атлаа хариуцагчийг хэргийн материалтай танилцуулаагүй нь талуудын эрх тэгш байх зарчимд нийцэхгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан зохигчдод хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01058 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 189 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                   

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ