Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1254

 

 

  

 

 

 

  

 

2017 оны 05 сарын 08 өдөр          Дугаар 181/ШШ2017/01254            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Нарны зам 8-1, ТМ төвийн 3 давхарт байрлах, “Трасткапитал ББСБ” ХХК /РД:5693977/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 хороолол, 50 мянгатын 30 дугаар байрны 16 тоотод оршин суух, Бэгз овогт Энхээгийн Чинзориг /РД:ХД78030897/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 56,852,261 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнэ, Г.Доржсүрэн, хариуцагч Э.Чинзориг, хариуцагчийн өмгөөлөгч С.Гарьд, гэрч С.Ганхүү, нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Э.Чинзориг 2014 оны 6 дугаар сард 30,000,000 төгрөгийн зээлийг манайхаас авсан. 2015 оны 8 дугаар сард зээлээ сунгах хүсэлт гаргасныг бид зөвшөөрөөгүй. Тэрээр 2015 оны 8 дугаар сар хүртэл хүүгээ төлсөн. Өөр төлөлт хийгээгүй. Бид 2015 оны 10 дугаар сард төлөөгүй 3 сарын хүү 3,700,000 төгрөгийг төлж, зээлээ хаах шаардлага тавьсан. Гэтэл хүүгийн 3,700,000 төгрөгийг төлөх боломжгүй байна, үндсэн зээл дээрээ нэмж, нийт 33,700,000 төгрөгийн зээлийн гэрээ хийх хүсэлтийг Э.Чинзориг гаргаснаар дахин гэрээ хийсэн. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээгээ байгуулж, талууд гарын үсэг зурж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ бол өмнөх гэрээний үргэлжлэл учир 33,700,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх асуудал яригдахгүй юм.

Дахин гэрээ хийсэн боловч Э.Чинзориг гэрээний үүргээ зөрчиж, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй.

Иймд үндсэн зээл 33,700,000 төгрөг, хүү 20,742,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,410,231 төгрөг, нийт 56,852,261 төгрөгийг Э.Чинзоригоос гаргуулахаар шаардаж байна.

Э.Чинзориг гэрээ байгуулж гарын үсэг зурсан, нотариатаар батлуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн, С.Ганхүү, Э.Чинзориг нар ээж, хүү 2 тул бид Э.Чинзоригоос уг зээлийг буцаан шаардаж байна. Хариуцагч нь одоо энэ гэрээний үүргийг зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй тул Э.Чинзоригоос нийт 56,852,261 төгрөгийг гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2014 оны 6 дугаар сард нэхэмжлэгчтэй 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Хүүнд нь 17 орчим сая төгрөг төлсөн. Одоо уг зээлийн гэрээний үүрэгт 37,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Харин 2015 оны 10 дугаар сард байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр 33,700,000 төгрөгийг шилжүүлж аваагүй тул буцаан төлөх үүрэггүй гэж үзэж байна.

Уг 33,700,000 төгрөгийн 3,700,000 төгрөг нь өмнөх зээлийн гэрээний хүү тул нэхэмжлэгч тал хүүгээс хүү тооцож шаардаж байгаа нь Иргэний хуульд нийцэхгүй.  Бид 2014 онд авсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүгээ төлөх үүрэгтэй гэж үзэж 37,000,000 төгрөг төлнө гэж тайлбарлаж байна. Харин нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сард байгуулсан гэрээг үндэслэж шаардвал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 хороолол, 50 мянгатын 30 дугаар байрны 16 тоотод оршин суух, Боржигон овогт Санжидын Ганхүү /РД:ХД47122767/ өгсөн мэдүүлэгтээ:

Э.Чинзориг 2014 онд “Трасткапитал ББСБ” ХХК-аас зээл авч байсан. 2015 оны 10 дугаар сарын зээлийн гэрээнд би гарын үсэг зурсан нь үнэн. Хурдан зур гэхээр нь л би гарын үсэг зурсан. Барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн нь үнэн гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Трасткапитал ББСБ” ХХК нь хариуцагч Э.Чинзоригоос 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33,700,000 төгрөг, зээлийн хүү 20,742,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,410,231 төгрөг, нийт 56,852,261 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 22-нд 33,700,000 төгрөгийн зээл аваагүй, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн, энэ гэрээний үндсэн дээр 37,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, харин 2015 оны 10 дугаар сарын зээлийн гэрээг үндэслэж нэхэмжилж байгаа бол нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон үйл баримтад үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Трасткапитал ББСБ” ХХК нь 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч Э.Чинзориг нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүү 1,050,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү 1,085,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 1,850,000 төгрөгийг тус тус буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Мөн энэ өдөр зохигчид барьцааны гэрээг байгуулж, С.Ганхүүгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025866 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсэг гудамжны 98-4 тоот, 183 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, Э.Чинзоригийн нэгж талбарын 18641332608316 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зусланд байрлах 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд бариулжээ.

 

Түүнчлэн “Трасткапитал ББСБ” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Э.Чинзориг, С.Ганхүү нартай зээлийн ЗГ15/44 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 33,700,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч нар 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд зээл, түүний хүүг тогтоосон хуваарийн дагуу сар бүр буцаан төлөх үүргийг хүлээсэн ба талууд мөн барьцааны 15/44 тоот гэрээг байгуулж, С.Ганхүүгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025866 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсэг гудамжны 98-4 тоот, 183 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, Э.Чинзоригийн нэгж талбарын 18641332608316 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зусланд байрлах 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд бариулсан байна.

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж, барьцааны гэрээнүүдийг 2014 оны 6 дугаар сарын 18, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан хэлбэрийн шаардлага хангасан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг үндэслэж шаардлагаа гаргасан, талууд уг гэрээний хүрээнд маргаж буй тул шүүх 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнүүд хуульд нийцсэн эсэх, хүчин төгөлдөр эсэх болоод тухайн гэрээний үүрэг зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Харин 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохигчид зээлийн гэрээг бодитоор байгуулсан эсэх, зээл болох 33,700,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн эсэх, хариуцагч нь уг гэрээнд заасан тохиролцоог гүйцэтгэх үүрэгтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээлийг тохирсон хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хууль болон гэрээгээр тус тус хүлээдэг бөгөөд мөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог.

 

Үүнээс үзвэл “Трасткапитал ББСБ” ХХК нь 33,700,000 төгрөгийн зээлийг Э.Чинзоригт шилжүүлснээр зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа бий болж, улмаар зээлийн гэрээ болон хуулиар хүлээсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүрэг нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар Э.Чинзоригт үүсэх учиртай байна.

 

Тодруулбал, зээлдэгчид зээлийг шилжүүлэн өгсөн зээлдүүлэгч буцаан шаардах эрхтэй юм.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараар зээлийн гэрээнд заасан 33,700,000 төгрөгийг зээлдэгч Э.Чинзориг. С.Ганхүү нарт шилжүүлэн өгөх үүргээ зээлдүүлэгч “Трасткапитал ББСБ” ХХК биелүүлээгүй нь тогтоогдсон тул шүүх талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.   

 

Зээлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлгүй тул Э.Чинзориг, С.Ганхүү нар зээлийг буцаан төлөх үүрэг, зээлдүүлэгч “Трасткапитал ББСБ” ХХК-д зээлээ шаардах эрх үүсэхгүй.

 

Иймд шүүх нэхэмжлэгч “Трасткапитал ББСБ” ХХК-ийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч Э.Чинзоригоос шаардах эрхгүй үндэслэлээр Э.Чинзоригоос 56,852,261 төгрөг гаргуулах “Трасткапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэдийгээр талуудын тайлбар, хэргийн баримтаар 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зохигчдын хооронд 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон боловч нэхэмжлэгч уг гэрээг үндэслэж шаардаагүйн гадна уг гэрээ болон 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний оролцогч нь өөр өөр тул шүүх зохигчдыг өмнөх гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өөр үүргээр сольсон гэж үзэх үндэслэлгүй байсныг энд тэмдэглэв.

 

Барьцаалуулагчаас үүрэг гүйцэтгэхийг шаардах барьцаалагчийн эрх нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д зааснаар зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд үүсэх үндэслэлтэй тул шүүх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй байгаа энэ тохиолдолд барьцаалагчийн шаардлагыг хангах эсэх асуудлыг хянан хэлэлцэх хууль үндэслэлгүй юм.

 

Энэ үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх “Трасткапитал ББСБ” ХХК-д үүсээгүй гэж үзэх тул үүнтэй холбоотой гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 187 дугаар зүйлийн 187.1, 451 дугаар зүйлийн 451.1-д заасныг тус тус баримтлан Э.Чинзоригоос зээлийн гэрээний үүрэгт 56,852,261 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “Трасткапитал ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 665,184 төгрөгөөс 512,411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 152,773 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас нь хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл энэ хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Ө.УЯНГА