| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2017/0009/З |
| Дугаар | 00040 |
| Огноо | 2017-12-18 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 00040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, шүүгч Д.Сарангэрэл, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох
“Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2017/0009/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, гуравдагч этгээд Т.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 2017 оны иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичгийн даргаар Т.Нармандах ажилласан. Энэ хүн бол манай багийн иргэн биш. Мөн хуралд оролцохоор ирсэн иргэдийг регистрийн дугаараар нь бүртгэх ёстой байхад утасны дугаар нэрээр бүртгэсэн. Мөн Цэдэндорж, Батгэрэл нар 2 удаа санал өгсөн. Хуралдаан эхлээд 10 цаг 00 минут гэхэд хаалгаа барьсан байхад Доржийг 3 хүний хамт оруулсан. Хаалга барьсан байна гээд гарах шаардлага тавихад гараагүй. Багийн Засаг даргын сонгуульд Баянбулаг багийн иргэн биш Чинчулуун, Чулуун-Эрдэнэ нарыг санал өгүүлсэн. Эдгээр хүмүүсийг шилжиж явсан гэдгийг би мэдэж байгаа. Үүнээс гадна миний мэдээгүй хэдэн хүн байгааг би мэдэхгүй. Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн нэрсийн жагсаалттай танилцаад шүүж үзэхэд 42 иргэний бүртгэл зөрчилтэй байгаа бөгөөд энэ иргэн мөн эсэх нь тодорхойгүй байна. Эдгээр зөрчлүүд гарч иргэдийн Нийтийн Хурал хууль зөрчсөн байгаа тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг даалгаж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхээс магадлал гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн заалтыг баримтлан дүгнэлт хийсэн. Үүнийг хэргийн байдалтай холбоод үзэхээр магадлалын зүйл заалт биелэгдээгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг, 3.1.2. “сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг гэж заасан. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар энэ багт оршин сууж байгаа. Энэ хэрэг хэргийн оролцогчийн гомдлоор дахиад Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах боломжтой. Багийн иргэдийг нэг бүрчлэн таних мэдэх ёстой гэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь иргэдийг бүртгэхдээ регистрийн дугааргүй бичсэн байгаа. Энэ хэргийг дээд шатны шүүх хянахад учир дутагдалтай байна. Багийн Засаг даргыг сонгох сонгууль 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болсон. Улсын бүртгэлийн байгууллагаас 04 дүгээр сарын байдлаар иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой лавлагааг ирүүлнэ үү? гэхэд өөр жагсаалт ирүүлсэн байх тул шүүхийн захирамжийн биелэлт хангагдаагүй байна. 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар ирүүлсэн бол маргаангүй байх байсан. Мөн иргэдийг регистрийн дугаараар бүртгэсэн бол маргаангүй байх байлаа. 275 хүнтэй утсаар яриад шалгана гэдэг бол хэцүү. 2331 хүнтэй ярина гэдэг бол бүтэхгүй асуудал. Магадлалд зааснаар насанд хүрсэн хүн сонгуульд оролцсон эсэхийг шалгаагүй нь учир дутагдалтай байна гэсэн байдаг. Мөн тус багийн иргэн бус Нармандах гэдэг хүнийг нарийн бичгийн даргаар сонгосон. Нарийн бичгийн даргыг багийн иргэд дундаас сонгоно гэж хуулинд заасан байдаг. Өөр багийн иргэн Баяртай гэж хүнийг нарийн бичгийн даргаар сонгох гэхээр өөр багийн иргэн тул болохгүй гэсэн мөртлөө Нармандахыг нарийн бичгийн даргаар сонгосон байдаг. Үүнийг хуулийн дагуу сонгосон байна гэж үзэх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Ж.А-ийн өргөдлийн дагуу хариу өгөх нь: 1. Ирцийн бүртгэлийг багийн Засаг даргын ажлын алба хийж гүйцэтгэсэн. 2. Цэдэндорж, Батгэрэл нарын иргэдийг би танихгүй тул 2 дахин санал өгснийг мэдэхгүй. Хуралд хүрэлцэн ирсэн иргэдээс сонгогдсон тооллогын комисс хурал эхлэхийн өмнө гараар бүртгэсэн ирцийн бүртгэлийн дагуу нэрсийг дуудаж санал өгүүлсэн байсан. 3. 10.00 цагаас хойш орж ирсэн иргэдийг би мэдэхгүй. Тухайн үед хамгаалалтанд цагдаагийн албан хаагчид ажиллаж байсан болно. 4. Баянбулаг багийн Засаг даргаар ажиллаж байсан Давгадоржийн саналаар Төмөрбаатарын Нармандахыг нарийн бичгийн даргаар иргэдийн олонхийн саналаар сонгосон. Т.Нармандах нь багийн нийгмийн ажилтанаар ажилладаг. 5. Баянбулаг багийн иргэн биш хүмүүс санал өгсөнийг би мэдэхгүй.” гэжээ.
Гуравдагч этгээд Т.Д шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал болсон. Тус хуралд багийн Засаг дарга сонгох санал хураалтын үед 275 иргэн санал өгсөн. Т.Д 153 хүний саналаар 55.2%, Ж.А 85 хүний саналаар 31.6%-ийн санал авсан. Энд нэхэмжлэгчийн яриад байгаа 2 хүн байсан үнэн. Энэ бол тухайн хурлыг зохион байгуулж байгаа хүний буруутай ажиллагаа байгаа. Мөн зарим хүмүүс 2 удаа санал өгсөн байна гээд байдаг. Эдгээр нь нэхэмжлэгчийн ямар эрх ашигт нөлөөлөөд халдаад байгааг нь дүгнэх ёстой. Хууль зөрчсөн бол энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хэрхэн зөрчсөн эсэх тодорхойгүй байна. Тиймээс тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй.” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгогч арын хаалгаар орох, урд хаалгаар орох нь энд ач холбогдолгүй гэж үзэж байна. Ямар хаалгаар орсон нь нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг хөндөөд байгаа юм бэ? Нэрсийн жагсаалт хүчингүй бол насанд хүрээгүй хүн орсон байж магадгүй гэж байна. Тухайн хурал болж байхад олон жил нийгмийн ажилтан хийж байсан хүний хувьд насанд хүрсэн хүрээгүй хүмүүсээ хараад мэдэх боломжтой бөгөөд тухайн үед насанд хүрээгүй хүн байна гээд гомдлоо гаргаад шалгуулах эрх байсан. Тэр үед энэ талаар юу ч яригдаагүй. Баг дотроо хаягаа өөрчилсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ж.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болж, тус хуралдаанаар багийн Засаг даргад иргэн Т.Д, Ж.А, С.Б нар нэрээ дэвшүүлж, санал хураалт явагджээ.
Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргыг сонгох санал хураалтад нийт 275 иргэн оролцож, саналаа өгсөн байх бөгөөд Т.Д 152 санал буюу 55.2 хувь, Ж.А 87 санал буюу 31.6 хувь, С.Б 25 санал буюу 9.1 хувийн санал авч, олонхийн санал авсан Т.Д-ыг Засаг даргаар сонгогдсонд тооцож, Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар “Багийн Засаг даргыг сонгосон тухай” тогтоол, багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаар “Багийн Засаг даргыг сонгосон тухай” тогтоолыг тус тус гаргасан байна.
Багийн Засаг даргад нэр дэвшигч Т.Д нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 55.2 хувийн саналыг авсан тул Засаг даргаар сонгогдсон гэж үзэж, түүнийг Баянбулаг багийн Засаг даргаар томилуулахаар Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоолыг гаргаж, Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлжээ.
Нэхэмжлэгч Ж.А нь Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар тогтоолын улмаас эрхээ зөрчигдсөн гэж үзэж, хүчингүй болгуулах, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Иргэдийн бүртгэлийг регистрээр бүртгээгүй утасны дугаараар бүртгэсэн, Цэдэндорж, Батгэрэл гэх хүмүүсээр 2 дахин санал өгүүлсэн, 10.00 цагт хаалга барихад арын хаалгаар 3 хүн нэмж оруулсан, тухайн багийн иргэн биш Т.Нармандахыг нарийн бичгийн даргаар томилж, тогтоолд гарын үсэг зуруулсан, тус багийн иргэн биш Ц.Чинчулуун, Б.Чулуун-Эрдэнэ нараар санал өгүүлсэн зөрчлүүд гарсан” гэж тодорхойлсон болно.
Багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн ирцийг бүртгэхдээ регистрийн дугаарыг бүртгээгүй, утасны дугаараар бүртгэсэн гэсэн үндэслэлийн тухайд: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Баянбулаг багт амьдардаг сонгуулийн насны иргэдийн нэрийн жагсаалтыг багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн ирц бүртгэсэн баримттай тулган үзэхэд сонгуулийн нас болох 18 насанд хүрээгүй иргэд тус багийн Засаг дарга сонгох иргэдийн Нийтийн Хуралд оролцоогүй болох нь нотлогдлоо.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн Баянбулаг багийн иргэдийн нэрийн жагсаалт нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед гарсан нэрийн жагсаалт учраас нотлох баримтын шаардлага хангахгүй, өөр багийн хүмүүс Засаг дарга сонгох сонгуульд оролцоод хурлын дараа шилжиж явсан тул 2017 оны 04 дүгээр сарын 21-нээс өмнө гарсан нэрийн жагсаалтыг гаргуулах шаардлагатай гэж тайлбарласныг шүүх үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Баянбулаг багийн Засаг даргын сонгуульд оролцсон харьяаллын бус болон дараа нь багаас шилжсэн иргэдийн бүртгэл 2 сарын дараа болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрийн жагсаалтад бүртгэгдэхгүй байсан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Баянбулаг багт амьдарч байгаад өөр багт шилжиж явсан Б.Чулуун-Эрдэнэ, Ц.Чинчулуун нар санал өгсөн гэсэн үндэслэлийн тухайд: Хэрэгт авагдсан нотлох баримтаар багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд Б.Чулуун-Эрдэнэ, Ц.Чинчулуун нар оролцож, санал өгсөн болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1089 дугаартай албан бичиг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1140 дугаартай албан бичиг, ирцийн бүртгэл зэргээр нотлогдож байна. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан багийн Хурлын хуралдаанд зөвхөн тухайн багийн иргэд оролцох заалтыг зөрчиж байгаа хэдий ч нэр дэвшигч Т.Д 152 санал буюу 55.2 хувь, Ж.А 87 санал буюу 31.6 хувийн санал авсан байх тул тухайн багийн иргэн биш хоёр хүн санал өгсөн нь Баянбулаг багийн Засаг даргыг сонгох саналын дүнд нөлөөлөхгүй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс “Цэдэндорж, Батгэрэл гэх хүмүүс 2 дахин санал өгсөн” гэж маргаж байгаа нь Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг сонгосон тухай” 05 дугаар тогтоолын дүн ямар нэгэн зөрүү байхгүй байгаа, хуралдааны тэмдэглэлд “багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтад Цэдэндорж, Батгэрэл нар 2 удаа санал өгсөн” гэж тэмдэглэснээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд гэрч А.Норовбадам нь “Цэдэндорж, Батгэрэл нар саналаа өгөөгүй гэж маргаж байгаад дахин саналаа өгсөн” гэж мэдүүлж байгаа зэргээс үзвэл дээрх 2 иргэнийг багийн Засаг даргыг сонгох санал хураалтад хоёр удаа санал өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч өөрөө санал хураалтад оролцох ирцын бүртгэлийг 2 дахин бүртгүүлсэн боловч би 2 дахин саналаа өгөөгүй, харин бусад 2 дахин бүртгүүлсэн хүмүүс давхардуулан санал өгсөн байж магадгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн хуралдаан эхлэх цаг болж хаалга барьсны дараа арын хаалгаар 3 хүн нэмж оруулсан, тухайн багийн иргэн биш Т.Нармандахыг нарийн бичгийн даргаар сонгосон гэж тайлбарласан боловч Ж.А нь хуралдааны үед гомдлоо гаргаагүй нь түүний эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 152 иргэн буюу 55.2 хувийн санал авсан Т.Д-ыг тус багийн Засаг даргад нэр дэвшигчээр сонгосон тул тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоолыг гаргаж, Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлжээ.
Ийнхүү багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар санал болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Иймд Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Т.Д-ыг багийн Засаг даргад нэрийг дэвшүүлсэн нь нэхэмжлэгч Ж.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул “Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу шүүх хуралдааны товыг албан ёсоор хариуцагч, түүний өмгөөлөгч нарт тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Мөн иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаантай болохыг албан ёсоор мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.
Иймээс хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж, хариуцагч, түүний өмгөөлөгч болон иргэдийн төлөөлөгч нарыг хэргийн оролцогч нарын зөвшөөрлөөр шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн Баянбулагт багт бүртгэлгүй гэх 45 иргэний нэрийн жагсаалтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх хуралдааны үед Улсын бүртгэлээс гаргаж өгсөн нэрийн жагсаалттай тулган үзэхэд Батбаярын Чулуун-Эрдэнэ, Цэдэвийн Чинчулуун нар Баянбулаг багийн иргэд биш бусад иргэд нь Баянбулаг багийн иргэд болох нь тогтоогдсон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ж.А-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан Ж.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Д.САРАНГЭРЭЛ
Б.МӨНХЖАРГАЛ