Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 39

 

 

 

2020       01         14                                    2020/ШЦТ/39                              

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Г.Ганбагана;

иргэдийн төлөөлөгч: Д.Бямбасүрэн;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Жаргалсайхан;

шүүгдэгч: Ч.Б, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1966 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт  , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч.Б

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

2019 оны 07 дугаар сарын 16, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрүүдэд хэл амаар доромжилж хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл зөрчил гаргаж 7-10 хоног баривчлагдаж зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан яллагдагч Ч.Б нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 22-ны шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 826б тоотод байрлах нийтийн байранд эхнэр Ч.Өлзийжаргалыг бусадтай хардсаны улмаас төмс нүүр лүү нь шидэж, хоолойг нь боож, нүүрэн тус газарт нь цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,

мөн согтуугаар 2019 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 826б тоотод байрлах нийтийн байранд өөрийн төрсөн 09 настай буюу бага насны хүүхэд Б.Бямба-Очирын дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ч.Өлзийжаргалыг бусадтай хардсаны улмаас хэвлийн зүүн дээд хэсэг болон зүүн хөхний доод хэсэгт 2 удаа хутгалж, санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Жаргалсайхан мэдүүлэхдээ: “...Би хохирогчийн төрсөн эгч, хөдөө байхдаа мэдсэн. Миний дүүг хөдөө байхад  хүүхэдтэй нь хээр, гадаа хонуулж, зодож дарамтладаг байсан. Өмнө дүүтэйгээ утсаар ярихад сайн байгаа, гайгүй л гэдэг байсан. Надаас нууж явсан байна. Улаанбаатар руу явж албан газарт ажиллаж амьдарч байсан. Ганц охин дүү минь байсан. Би маш их харамсаж гомдолтой байна. Хууч өвчин байгаагүй. Оршуулгын зардал нэхэмжилж байна. Хэрэгт баримт өгөөгүй  гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-9, 10-18, 19-26/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 27-29/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 30-33/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 34-44, 46/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 45/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 48-64/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 65-68/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол  /1хх-ийн 83/, амь хохирогч Ч.Өлзийжаргалын урьд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 82-84/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Жаргалсайхан /1хх-ийн 87-90/, гэрч Г.Алтанзул /1хх-ийн 125-126/, гэрч Б.Пүрэвсүрэн /1хх-ийн 128-129/, гэрч А.Калимаа /1хх-ийн 118-124/, гэрч Б.Батмөнх /1хх-ийн 91-93, 94-97/, гэрч Б.Батзаяа /1хх-ийн 99-100/, насанд хүрээгүй гэрч Ч.Бямба-Очир /1хх-ийн 102-105, 106-107, 108-109/, гэрч Г.Наранбаатар /1хх-ийн 111-113/, гэрч Ч.Ганчимэг /1хх-ийн 114-115/, гэрч Б.Бямбасүрэн /1хх-ийн 116-117/, гэрч Д.Цэцгээ /1хх-ийн 130-131/, гэрч М.Нэргүй /1хх-ийн 132-134/, гэрч М.Чимгээ /1хх-ийн 135-136/, гэрч Ц.Баянмөнх /1хх-ийн 137/, гэрч Т.Одончимэг /1хх-ийн 138-139/, гэрч Р.Уранчимэг /1хх-ийн 140-141/, гэрч Д.Оюунсуртал /1хх-ийн 142/, гэрч Г.Эрдэнэбаяр /1хх-ийн 143-144/, гэрч Б.Ганболд /1хх-ийн 145-146/, гэрч Р.Өлзий-Орших /1хх-ийн 147-148/, гэрч П.Наянтай /1хх-ийн 149-150/, гэрч Г.Энхцэцэг /1хх-ийн 151-152/, гэрч Ч.Ариунаа /1хх-ийн 153-154/, гэрч Д.Эрдэнэсайхан /1хх-ийн 155/, гэрч Н.Уртнасан /1хх-ийн 156-160/, гэрч Г.Батзориг /1хх-ийн 161-162/, гэрч С.Ганбаяр /1хх-ийн 163-165/, гэрч Х.Төрбат /1хх-ийн 166/, гэрч Б.Алтансүх /1хх-ийн 167-168/, гэрч Г.Энхбаатар /1хх-ийн 169-172/, гэрч Г.Золбоот /1хх-ийн 173-174/, гэрч Ц.Өнөрөө /1хх-ийн 176-177/, гэрч Я.Мөнх-Оргил /1хх-ийн 178-180/, гэрч Д.Төмөрбаатар /1хх-ийн 182-184/, гэрч Б.Нарантуяа /1хх-ийн 185-186/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №4317, №4316, 09 дүгээр сарын 10-ны өдрийн №10863, 09 дүгээр сарын 11-ний өдрийн №4313, 09 дүгээр сарын 13-ны өдрийн №4359, №4318, 09 дүгээр сарын 17-ны өдрийн №4388, 09 дүгээр сарын 18-ны өдрийн №1914, 09 дүгээр сарын 16-ны өдрийн №4471, №4319, 09 дүгээр сарын 19-ний өдрийн №4922, 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4312, 09 дүгээр сарын 20-ны өдрийн №5047 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 190-193, 196-198, 200, 202-203, 205-206, 208-209, 215-217, 219-220, 222, 223-224, 227-229, 231-232, 234-238/, шинжээч М.Энхбаярын мэдүүлэг /1хх-ийн 194/, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1182 дугаартай дүгнэлт /1хх-ийн 211-213/, Цагдаагийн Ерөнхий газар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албан тоот, хавсралт /2хх-ийн 49-51/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /2хх-ийн 53, 65/, “Юнител” ХХК-ийн албан тоот, хавсралт /2хх-ийн 55-62/, “Скайтел” ХХК-ийн албан тоот, хавсралт /2хх-ийн 63-64/, “Асап” сангийн мэдээлэл /2хх-ийн 66-68/, мөрдөгчийн илтгэх хуудас /2хх-ийн 69-73/, аюулын зэргийн үнэлгээний маягт /2хх-ийн 81/, Ч.Бы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 7-9, 104-106/, Ч.Бы хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 14, 20-25, 27, 29, 35, 37, 39, 41-44, 97-98/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Ч.Быг “2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 08 дугаар сараас 22-ны шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 826-б тоотод байрлах нийтийн байранд эхнэр Ч.Өлзийжаргалыг зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарахаар хуульчилсан болно. Эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход давтан, байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.         

Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгоно.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгээр тусдаа зүйлчлэгдээгүй, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасны дагуу хариуцлага хүлээгээгүй, гэр бүлийн хамааралтай байдлыг нь далимдуулан зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана.

Гэтэл Ч.Б нь өөрийн эхнэр Ч.Өлзийжаргалыг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зодсон, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэл амаар доромжилж хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийсэн гэх 2 удаагийн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалтад заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж тус тус хариуцлага хүлээсэн байна.

Гаргасан зөрчилдөө хариуцлага хүлээсэн дээрх 2 үйлдлийг сүүлийн 2019 оны 08 дугаар сараас 22-ны шөнө эхнэрээ зодсон үйлдэлтэй нь давхардуулан дүгнэж, гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжид тооцож дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдлийн шинжийг төсөөтэй хэрэглэж болохгүй талаарх Эрүүгийн хуулийн 2.1 зүйлийн шаардлага, мөн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх талаарх Эрүүгийн хуулийн 1.2 зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцээгүй, үндэслэлгүй яллагаа болжээ.     

Ийм учраас шүүгдэгч Ч.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих

шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 826-б тоотод байрлах нийтийн байранд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Ч.Өлзийжаргалыг хутгалж алсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

амь хохирогч Ч.Өлзийжаргалын урьд өгсөн /2хх-ийн 82-84/: “...2019 оны 08 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгээд байж байгаад “айлаас очиж виза картаа авчихаад ирье” гэж нөхөр болох Ч.Бд хэлсэн чинь намайг явуулахгүй гээд уурласан. Тэгээд байж байгаад “би хамт явна” гэж хэлэхээр нь “тэгье” гэсэн чинь Ч.Б “оройтчихлоо” гээд явахгүй гэсэн. Тэгэхээр нь би “чи яах гэж намайг дандаа хорьж цагддаг юм” гэсэн чинь “гадаа гарч янхандах гэж байгаа юм уу” гээд над руу төмс аваад шидчихсэн чинь хамарт оноод хамарнаас цус гарсан. Тэгээд байж байгаад шууд миний хоолойг боогоод нүүрэн тус газар нэг удаа цохичихоод гараад явсан. Гарахдаа гэрийн хаалга гаднаас түгжээд явсан. Би гэртээ байж байгаад орилоод хаалгаа түлхсэн чинь онгойчихсон. Коридорт гарсан чинь манай нийтийн байрны №10 тоот өрөөнд байдаг эмэгтэй “эгчээ та цагдаа дуудаач” гэж хэлсэн. Би “надад утас байхгүй нөхөр аваад явчихсан” гэж хэлсэн чинь “би цагдаад дуудлага өгье” гээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх үед манай нөхөр ирээгүй байсан. Цагдаа ирээд “байхгүй байна, жоохон байж байгаад буцаад ирье” гээд явсан. Би эгчийндээ очоод байж байсан чинь нөгөө №10 өрөөнд байдаг эмэгтэй миний гар утас руу залгаад “та гэртээ хүрээд ир, цагдаа ирээд танай нөхрийг аваад явсан” гэж хэлсэн. Би гэртээ очсон. Урьд нь олон удаа эрүүл согтуу ялгаагүй зоддог байсан. Гомдолтой байна. Энэ хүнд хатуухан арга хэмжээ авч өгнө үү. Манай нөхөр намайг хардаад утсаар яриулахгүй миний гар утсыг булаагаад авчихдаг. Мөн хадгалсан дугааруудыг “энэ хэний дугаар юм” гээд асуугаад надад их хэцүү байдаг. Намайг зодох үедээ утас авчихаад цагдаад дуудлага өгөх гэхээр өгүүлдэггүй юм. Байнга ажил дээр ирж хэрүүл маргаан хийдэг...” гэх мэдүүлгээр,

 

            арван зургаан насанд хүрээгүй гэрч Б.Бямба-Очирын /1хх-ийн 102-109/: “...Би унтаж байсан чинь хаалга нүдсэн. Тэгэхээр нь би сэрсэн. Ээж Ч.Өлзийжаргал нь босоод хаалга дотроос нь онгойлгоход аав Ч.Б нь жаахан халамцуу ганцаараа орж ирсэн. Ээж Ч.Өлзийжаргал, аав Ч.Б хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Ээж болохоор аавыг “үхсэндээ архи уугаад байгаа юм, архичин чинь” гэж хэлэхэд аав Ч.Б “чи даргатайгаа ярьдаг, утсаа аваад ир” гэж хэлсэн. Тэгсэн чинь ээж “зайл хүүрээ” гэж хэлэхэд аав Ч.Б нь тогоон доор байдаг авдран дотроос хар иштэй хутга аваад ээжийн гэдэс орчимд нь 3 удаа хутганыхаа ишээр чичлээд байсан. Гэхдээ тэр үед бол хутга ороогүй. Тэгж тэгж байснаа хутгаа эргүүлээд хутганыхаа үзүүрээр ээжийн хэвлийн орчимд хутгалсан. Тухайн үед ээж газарт гудсан дээр зогсож байсан. Би “аав болиоч ээ” гээд дөхөөд очтол аав миний цээж рүү түлхээд унагаасан. Тэгээд аав шууд гараад гүйсэн. Ээжээс цус гараад гараараа дараад юм түшээд аавын араас гарсан. Тэгснээ шууд ээж минь коридорт уначихсан. Аав гарч гүйгээд орж ирээгүй. Дээд давхрын Зулаа гэдэг эгч орж ирээд “амьсгаатай байна, дээшээ гарч утсаа аваад ирье, цагдаа түргэн дууна” гээд дээшээ гарсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Алтанзулын /1хх-ийн 125-126/: “...Шөнийн 02 цагийн үед гэртээ ирээд амрах гэтэл манай доод талын айлын хүмүүс хоорондоо хэрэлдээд, хүүхэд нь уйлаад, эхнэр нь аймар чанга орилж байгаад нээх сонин орилохоор нь доошоо буугаад хаалгыг нь татсан чинь урдаас нөхөр нь намайг дайрчих шахаад зөрөөд гарсан. Харин эхнэр нь цустай хутгалдсан байдалтай “Зулаа” гээд миний нэрээр дуудаад унахаар нь айгаад дээшээ гүйгээд Калимаа эгчийг дуудаад бид 2 буугаад ирэхэд талийгаач коридорт цустай хутгалдсан ухаангүй байдалтай, хүүхэд нь хажууд нь уйлаад байж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Пүрэвсүрэнгийн /1хх-ийн 128-129/: “...Би яг цаг хараагүй бөгөөд шөнө 03-04 цагийн орчим хэрүүл маргаан эхлээд удалгүй 10-20 минутын дараа “аллаа амь авраарай” гэх дуу гараад доошоо буухад талийгаач коридорт цус алдсан байдалтай хэвтсэн, эрэгтэй хүүхэд уйлсан байдалтай, агсан тавиад байсан залуу алга болсон байсан. Талийгаачийг ямар хүн хутгалсныг би өөрөө яг хараагүй бөгөөд хүүхэд нь “аав ээжийг хутгалсан” гээд уйлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Калимаагийн /1хх-ийн 118-124/: “...Шөнө 04 цагийн орчимд унтаж байхад дээд айлын Алтанзул гэх эмэгтэй намайг хаалга цохиж дуудаж сэрээсэн. Намайг өрөөний хаалга онгойлгоход Алтанзул ганцаараа “доор эгчийг алаад хаясан байна ш дээ” гээд орилоод байсан. Тэгээд Алтанзул бид хоёрыг шатаар доош 1 давхарт буухад үүдний 1 дугаартай өрөөний үүдэнд талийгаач Ч.Өлзийжаргал баруун талаараа шалан дээр хэвтчихсэн, бие нь нилэнхүйдээ цус болчихсон, дээгүүрээ хөх өнгийн фудволктой, доогуураа дотоожтой, өөр хувцасгүй, ухаангүй байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Жаргалсайханы /1хх-ийн 89-90/: “...Ч.Б архи уусан үедээ их догшин авир гаргадаг. Миний хажууд бол зодож цохиж байгаагүй. Харин бага хүү Бямба-Очирыг болон хажууд нь миний дүүг зоддог гэж ярьж байна лээ. 2019 оны байх яг cap, өдрөө санахгүй байна, би дүүтэйгээ утсаар ярих үед “Ч.Б намайг зодсон, гар утсаар хүнтэй яриулахгүй, үргэлж хүн дагаад жорлонд хүртэл оруулахгүй, найз нөхөдтэй минь хардаад хэцүү байна” гэж хэлж байсан. Хүүгийнхээ эхнэр буюу бэртэйгээ хүртэл таарахгүй, хүүгийнхээ хүү буюу 3 настай ачынхаа гарыг дээш нь өргүүлж удаан зогсоодог гэж Бямба-Очир сая ажил явдлын үеэр хэлж байсан... Оршуулгын зардалд 6.000.000 төгрөг зарцуулсан. Баримтууд нь хүүд нь байгаа байх. Тэгэхдээ Ч.Баас нэхэмжлэхгүй гэж хүүхдүүд нь хэлсэн. Ганц эмэгтэй дүүгээ бусдын гарт алдсандаа маш их харамсаж байна. Гомдолтой байна. Миний дүү 3 хүүхдийнхээ төлөө ажил голохгүй хийж, цалин авч тэжээдэг байсан. Нөхөр нь болох Ч.Б ажил төрөл хийдэггүй байсан. Харин ч миний дүүг ажил хийхэд нь дарамталж, хардаж зодож, эцэс сүүлд нь амийг нь авлаа. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,

 

Ч.Бы яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 7-9/: “...Шөнө нийтийн байрны 1 номерын өрөөний хаалгыг нүдэхэд дотроос нь цоожилчихсон байсан. Би хаалгыг нь нилээд хэдэн удаа тогшсон. Тэгтэл дотроос эхнэр Ч.Өлзийжаргал хаалга онгойлгож өгсөн. Би ороод “чи хаагуур тэнэж яваад ирж байгаа юм бэ” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм, миний ажил чамд ямар хамаатай юм” гэж хэлэхээр нь миний уур хүрсэн. Өмнө нь манай охин Батзаяа, хүү Батмөнх хоёр надад хэлэхдээ “ээжид нэг илүү гар утас байдаг юм шиг байна, танд хэлсэн үү” гэж ярьж байсан юм. Тухайн өдөр үүнийг нь санаад би эхнэр Ч.Өлзийжаргалаас “чи тэр илүү нууц утсаа гаргаад ир” гэж хэрүүл хийсэн. Тэгсэн өөдөөс “чамд ямар хамаатай юм” гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би тогооны тавиурны доод талаас хар иштэй хутга аваад эхнэр Ч.Өлзийжаргалын зүүн талын хөхний орчимд нь хутганыхаа үзүүрээр хатгасан. Тэгээд л би шууд хутгаа хаяад гараад гүйсэн... Би 4 хоног орчим гадуур явж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нийтийн байрандаа такси барьж ирээд цагдаа нарт баригдсан... Би эхнэрийгээ хутгалснаа мэдээд л шууд гараад гүйсэн. Манай эхнэр ч тухайн үед “чи намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлсэн. Би эхнэрийгээ харддаг байсан. Урьд нь би хаяа хаяа эхнэр Ч.Өлзийжаргалд гар хүрдэг л байсан. Сүүлдээ бүр тэнээд үзэгдэхээ байсан, хүний үгэнд орохоо байсан...” гэх мэдүүлгээр,

 

Ч.Өлзийжаргалын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “цээжний зүүн урд хэсгийн эгмийн дунд шугамаар 7, 8 дугаар хавирганы түвшин дэх цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн урд доод хэсгийн эгмийн дунд шугамаар 10 дугаар хавирганы түвшин дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх” бүхий хурц ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл учирсан. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас нас барсаныг...” тогтоосон  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1914 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 190-191/,

 

мөн хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4922 дугаартай шинжээчийн “Хар өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь 0/I бүлгийн харьяалалтай байна.” гэх 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4922 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 222/,

 

 “...Ч.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.Б нь асуултад хариулах чадвартай байна. Ч.Б нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. Ч.Б нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Ч.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Ч.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна” гэх Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1182 дугаартай дүгнэлтээр /1хх-ийн 212-213/ болон хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-9, 10-26, 27-29/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 48-64/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-ийн 83/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 544, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 602 дугаартай шийтгэвэрийн хуулбарууд /2хх-ийн 41-44/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 29/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь амь хохирогчтой нэг гэр бүлд багтаж хамт амьдарч байсан, шүүгдэгчийн зүгээс хохирогчид бие махбод, сэтгэл санааны дарамтад суурилсан харилцаа үзүүлдэг байсан, тухайн хэрэг болсон өдөр шүүгдэгч нь амь хохирогчийн сэтгэл санаанд дарамт учруулах, бие махбодид хүч хэрэглэн халдсан гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдлийн улмаас хутгалсан болохыг арван зургаан насанд хүрээгүй гэрч гэрчилж мэдүүлсэн,  шүүгдэгч нь амь хохирогчийг хутгалсны дараа хэргийн газраас гарч явж байгаа нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч хутгалуулсан шархны улмаас нас барсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ч.Бд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шаардлагатай гэрчүүдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгэсэн, чухал ач холбогдол бүхий баримт сэлт гаргуулсан, эд мөрийн баримтыг хураан авсан, шүүгдэгчийн болон хохирогчийн хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Ийнхүү өөрийн хамт амьдарч буй, гэр бүлийн харилцаатай байсан (эхнэрээ) хүнийг бие махбод, сэтгэл санааны хувьд дарамтад суурилсан харилцааны улмаас хутгалж, бие махбодийн хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироосон Ч.Бы санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэн тохирох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардал нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан төрөл, хэмжээний дотор хорих ял шийтгэв.

 

                Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Ч.Бд оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

           

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хуурагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээх, хар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Ч.Бы 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бы урьд цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэлдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                       ШҮҮГЧИД                             С.ОЮУНЧИМЭГ

                                               

                                                                                     Д.ДАРЬСҮРЭН