Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 494

 

 

 

 

 

 

  2020             4              21                                          2020/ДШМ/494

 

 

Ч.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганбагана,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Бы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1909033160950 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Ч-ийн Б, 1966 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Архангай аймаг, Эрдэнэмандал сум, 5 дугаар баг, Тээл гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 544 дугаартай шийтгэвэр, 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 602 дугаартай шийтгэврээр эхнэр Ч.Өлзийжаргалыг хэл амаар доромжилж, хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд холбогдож, 7-10 хоног баривчлах зөрчлийн арга хэмжээ тус тус авагдаж байсан;

 

Шүүгдэгч Ч.Б нь согтуугаар 2019 оны 8 дугаар сарын 22-ны шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 826б тоотод байрлах нийтийн байранд эхнэр Ч.Өлзийжаргалыг бусадтай хардсаны улмаас нүүр лүү нь төмс шидэж, хоолойг нь боож, нүүрэн тус газарт нь цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт,

мөн согтуугаар 2019 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 826б тоотод байрлах нийтийн байранд өөрийн төрсөн 9 настай буюу бага насны хүүхэд Б.Бямба-Очирын дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ч.Өлзийжаргалыг бусадтай хардсаны улмаас хэвлийн зүүн дээд хэсэг болон зүүн хөхний доод хэсэгт 2 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Түмэнч овгийн Чимэддоржийн Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Ч.Быг 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний урьд цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад тухайн үед өөрийн эхнэрээ алъя гэсэн бодол санаа байгаагүй, эхнэрийнхээ амь насыг нь хохирооно гэж бодсонгүй. Бид хоёр 30 жил хамт амьдарч, гурван сайхан үр хүүхэдтэй болсон. Залуу насаа аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөж зовлон жаргалаа хуваалцаж өдийг хүрсэн. Хоромхон зуурын мунхаг үйлдлээсээ болж амьдралдаа нөхөж баршгүй алдаа гаргаж, ийм бусармаг үйлдэл хийсэндээ өөрийгөө зүхэвч баршгүй сэтгэл зүрх минь шаналж байна.

Би хань ижлийнхээ алтан амийг бүрэлгэсэндээ маш их харамсаж байна. Тухайн үеийн уурын мунхагаас ийм засаж болохгүй алдаа гаргажээ. Миний ялыг уян хатан байдлаар тооцож, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр өөрчилж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ч.Бы давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөн Ч.Б нь бичиг үсэг мэдэхгүй учир эрхийг нь хангаж оролцож байна. Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол, төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Мөн уг гэмт хэргийн ялын санкц нь 12-20 жилийн хорих ялтай, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учир хэвээр үлдээх саналтай байна. Уг хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан учраас Сүхбаатар дүүргийн Засаг даргад албан бичиг хүргүүлсний дагуу хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Ч.Бы хоёр хүүхэд нь насанд хүрсэн. Том хүү нь бага дүүгээ өөр дээрээ авах хүсэлт гаргасан” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 826б тоот гэртээ өөрийн төрсөн 9 настай, бага насны хүүхэд Б.Бямба-Очирын дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ч.Өлзийжаргалыг бусадтай хардсаны улмаас хэвлийн зүүн дээд хэсэг болон зүүн хөхний доод хэсэгт 2 удаа хутгалж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй гэрч Б.Бямба-Очирын “...аав Ч.Б  тогоон доор байдаг авдран дотроос хар иштэй хутга аваад ээжийн гэдэс орчимд нь 3 удаа хутганыхаа ишээр чичлээд байсан. Гэхдээ тэр үед бол хутга ороогүй. Тэгж байснаа хутгаа эргүүлээд хутганыхаа үзүүрээр ээжийн хэвлийн орчимд хутгалсан. Тухайн үед ээж газарт гудсан дээр зогсож байсан. Би “аав болиоч ээ” гээд дөхөөд очтол аав миний цээж рүү түлхээд унагаасан. Тэгээд аав шууд гараад гүйсэн. Ээжээс цус гараад гараараа дараад юм түшээд аавын араас гарсан. Тэгснээ шууд ээж минь коридорт уначихсан. Аав гарч гүйгээд орж ирээгүй. Дээд давхрын Зулаа гэдэг эгч орж ирээд “амьсгаатай байна, дээшээ гарч утсаа аваад ирье, цагдаа, түргэн дуудна” гээд дээшээ гарсан. ...” /1хх 102-109/,

гэрч Г.Алтанзулын “...шөнийн 02 цагийн үед гэртээ ирээд амрах гэтэл манай доод талын айлын хүмүүс хоорондоо хэрэлдээд, хүүхэд нь уйлаад, эхнэр нь аймар чанга орилж байгаад нээх сонин орилохоор нь доошоо буугаад хаалгыг нь татсан чинь урдаас нөхөр нь намайг дайрчих шахаад зөрөөд гарсан. Харин эхнэр нь цустай хутгалдсан байдалтай “Зулаа” гээд миний нэрээр дуудаад унахаар нь айгаад дээшээ гүйгээд Калимаа эгчийг дуудаад ирэхэд талийгаач коридорт цустай хутгалдсан ухаангүй байдалтай, хүүхэд нь хажууд нь уйлаад байж байсан. ...” /1хх 125-126/,

гэрч Б.Пүрэвсүрэнгийн “...2019 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 03-04 цагийн орчим хэрүүл маргаан эхлээд удалгүй 10-20 минутын дараа “аллаа амь авраарай” гэх дуу гараад доошоо буухад талийгаач коридорт цус алдсан байдалтай хэвтсэн, эрэгтэй хүүхэд уйлсан байдалтай, агсан тавиад байсан залуу алга болсон байсан. Талийгаачийг ямар хүн хутгалсныг би өөрөө яг хараагүй бөгөөд хүүхэд нь “аав ээжийг хутгалсан” гээд уйлж байсан. ...” /1хх 128-129/,

гэрч А.Калимаагийн “...2019 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 04 цагийн орчимд унтаж байхад дээд айлын Алтанзул гэх эмэгтэй намайг хаалга цохиж дуудаж сэрээсэн. Намайг өрөөний хаалга онгойлгоход Алтанзул ганцаараа “доор эгчийг алаад хаясан байна ш дээ” гээд орилоод байсан. Алтанзул бид хоёрыг шатаар доош 1 давхарт буухад үүдний 1 дугаартай өрөөний үүдэнд талийгаач Ч.Өлзийжаргал баруун талаараа шалан дээр хэвтчихсэн, бие нь нилэнхүйдээ цус болчихсон ухаангүй байдалтай хэвтэж байсан. ...” /1хх 118-124/,

шүүгдэгч Ч.Бы яллагдагчаар өгсөн “..шөнө нийтийн байрны 1 номерын өрөөний хаалгыг нүдэхэд дотроос нь цоожилчихсон байсан. Би хаалгыг нь нэлээд хэдэн удаа тогшсон. Тэгтэл дотроос эхнэр Ч.Өлзийжаргал хаалга онгойлгож өгсөн. Би эхнэр Ч.Өлзийжаргалаас “чи тэр илүү нууц утсаа гаргаад ир” гэж хэрүүл хийсэн. Тэгсэн өөдөөс “чамд ямар хамаатай юм” гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би тогооны тавиурны доод талаас хар иштэй хутга аваад эхнэр Ч.Өлзийжаргалын зүүн талын хөхний орчимд нь хутганыхаа үзүүрээр хатгасан. Тэгээд л би шууд хутгаа хаяад гараад гүйсэн... тэр явдлыг хүү маань харсан, манай хүү орилсон. ...” /2хх 7-9/,

амь хохирогч Ч.Өлзийжаргалын цээжний зүүн урд хэсгийн эгмийн дунд шугамаар 7, 8 дугаар хавирганы түвшин гэх цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн урд доод хэсгийн эгэмний дунд шугамаар 10 дугаар хавирганы түвшин дэх цээжний хөндий рүү нэвтэрч хатгагдсан шарх гэмтэл учирсан. Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас нас барсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1914 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 190/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-9/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 10-26/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 27-29/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 30-33/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 36-44/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 48-64/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 544, 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 602 дугаартай шийтгэврийн хуулбарууд /2хх 41-44/, Мэдээлэл, шуурхай дуудлагын төвийн дуудлагын лавлагаа /2хх 50-51/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /2хх 53/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.Б нь өөрийн эхнэр амь хохирогч Ч.Өлзийжаргалыг зодох байдлаар хүч хэрэглэн 2 удаа зөрчлийн арга хэмжээ авагдсан байх бөгөөд үүний дараа дахин гэр бүлийн маргаан үүсгэж улмаар бага насны хүүхдийн дэргэд эхнэр Ч.Өлзийжаргалыг 2 удаа хутгалж амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дугаар заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ч.Бы “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Ч.Бы согтуугаар эхнэр Ч.Өлзийжаргалыг бусадтай хардсаны улмаас хэвлийн зүүн дээд хэсэг болон зүүн хөхний доод хэсэгт 2 удаа хутгалсны улмаас Ч.Өлзийжаргал нас барсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан төрөл хэмжээний дотор 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ