Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 908

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Б.П гийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн агуулга: Миний төлөөлж буй нэхэмжлэгч иргэн Б.П  нь төрийн байгууллагад тасралтгүй 24 жил ажилласан, төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч хүн юм. Түүнийг Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газарт төрийн аудитын түшээгийн дөтгөөр зэрэгтэй ажиллаж байтал хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Х  нь гэнэт, тодорхой бус шалтгаанаар, үндэслэлгүйгээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Ийнхүү чөлөөлөхдөө захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн дагуу явуулаагүй байна. Тухайлбал, Б.П д албан тушаалаас нь чөлөөлөх талаар огт мэдэгдээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаандаа оролцуулаагүй, тушаалд заасан сонгон шалгаруулалтын байнгын комиссынхоо дүгнэлтийг танилцуулаагүй байна. 

Түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалд Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн учраас чөлөөлж байгаа мэтээр заасан байгаа ч тус газарт Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсгүүдэд заасан өөрчлөлт огт болоогүй юм. 2016 онд тус газар албан ёсоор 12 орон тоотой байсан бол одоо ч энэ нь хэвээр байгаа ажээ. Харин 2016 оны 10 дугаар сард тус газрын даргаар одоогийн дарга Ч.Чүлтэмбатыг гаднаас авчран тавьж байгууллагын албан ёсны батлагдсан орон тоог зөрчин 13 болгож байжээ. 

Иймд Ч.Чүлтэмбатыг хэвээр үлдээж ажиллуулахын тулд Б.П г ажлаас нь халлаа гэж үзэхээс өөр аргагүй байгаа юм.

Төрийн албаны тухай хуулийн 4, 10 дугаар зүйлд зааснаар төрийн алба мэргэшсэн тогтвортой байх ёстой. Б.П  нь мэргэшсэн төрийн албан хаагч атал мэргэшээгүй хоёр ч ажилтнаа үлдээн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн нь илэрхий байна. 

Төрийн албаны зөвлөл нь Монгол Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан журамд зааснаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан үндэслэлээр гарсан маргааныг хянан шийдвэрлэдэггүй тул нэхэмжлэлээ шүүхэд шууд гаргасан болно гэжээ.

Иймд “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагад Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/251 дүгээр тушаалд тодорхой бус шалтгаанаар ажлаас халсан гэжээ. Тус тушаалыг Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах бүрэн эрхтэй гэж заасан бөгөөд мөн хуулийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын  байгууллагын ажилтнуудыг  томилох, чөлөөлөх эрхтэй” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд батлан гаргасан юм. Учир нь: 

А./ Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, түүний харъяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ.” гэж заасан байна.  

Б./ Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4 дэх хэсгүүдэд нийцүүлэн орон нутаг дахь салбар байгууллагуудад төрөлжсөн аудитын нэгжтэй байхаар Төрийн аудитын байгууллагын хэмжээнд зохион байгуулж Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/69 дугаар тушаалаар батлан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласан. Өмнө нь орон нутаг дахь салбар байгууллагын бүтэц нь тодорхой зохион байгуулалтгүй байсан. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын А/89 дүгээр тушаалаар Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Монгол Улсын ерөнхий аудитор Улсын Их Хурлын төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй” гэж заасныг үндэслэн иргэн Б.П г ажлаас нь хамт олны хурлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.

2. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/251 дүгээр тушаалаар Б.П г ажлаас нь чөлөөлөх тушаалын 3-т дурдснаар түүнд ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан 3 сарын цалинтай хэмжээний тэтгэлгийг олгохоор заасан ба санхүүгийн нөөц боломжийг ашиглан тус тушаалын хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл хангалтгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын талаар: 

Нэхэмжлэгч Б.П гээс гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх 26-28/.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэхэд дараах бодит нөхцөл байдал тогтоогдож байна:

Б.П  нь Дархан-Уул аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/50 тушаал /хх 14/-аар томилогджээ. 

Улмаар Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 дүгээр тушаал /хх 15/-аар Дархан-Уул аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөр чөлөөлөгдөж, мөн өдрөөс тус газрын аудиторын албан тушаалд томилогдсон байна. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр тушаал /хх 52/-аар Аймаг, нийслэлийн Аудитын газруудыг Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар болгон өөрчилжээ. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/69 дүгээр тушаал /хх 53, 131-134/-аар Аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар 12 орон тоотой байхаар, шинжээчийн орон тоог алга болгож, аудитор, бусад ажилтан 7 байхаар баталжээ. 

Шинэ бүтцийг хуучин бүтэцтэй харьцуулахад: Дархан-Уул аймгийн аудитын газар өмнө нь 10-12 орон тоотой байхаар батлагдаж, аудитор, шинжээчийн орон тоо нь 5-6 байхаар /хх 92/, мөн бодит байдал дээр 12 албан тушаалтан ажиллаж, 4 аудитор, 3 шинжээч ажиллаж байсан. Харин шинэ бүтцээр тус газрын орон тоо нь 12 байхаар батлагдсан, 7 аудитор, бусад ажилтны орон тоо батлагдаж, бодит байдал дээр нийт 10 албан хаагч, үүнээс 5 нь аудитороор томилогдон ажиллаж байгаа гэдэг нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар тушаал /хх 88-92/ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр тушаал /хх 52/, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/69 дүгээр тушаал /хх 53, 131-134/-аар, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны Б/162 дугаар “Ажлаас чөлөөлж, мэдэлд авах тухай” тушаал /хх 128-130/,  Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 04-ны Б/203 дугаар “Албан тушаалд томилох тухай” тушаал /хх 126-127/ зэргийг харьцуулан дүгнэхэд тогтоогдож байна. 

Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар нь хамт олны хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хийсэн  /хх 58-60/. Уг хуралдаанаар бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан орон тооны цомхотгол хийх асуудлыг хэлэлцэж, нэхэмжлэгч Б.П  /хх 59/-г “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн” гэж ажлаас чөлөөлөх саналыг гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/87 дугаар тушаал /хх 61/-аар Аймаг дахь Төрийн аудитын газрын ажлын байрны жагсаалтыг 1 дүгээр хавсралт /хх 62-64/, 2 дугаар хавсралтаар ажлын байрны тодорхойлолтыг баталсан байна. 

Монгол Улсын Үндэсний Аудитын газрын Тамгын газрын дарга нь 2017 оны 05 дугаар сарын 24, 25-ны 10 цаг 30 минутад сонсох ажиллагаа явуулах болсон талаар нэхэмжлэгч Б.П д 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гардуулсан байна /хх 105/.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын албан хаагчдын чөлөөлж, мэдэлд авсан бөгөөд уг тушаалаар 12 албан хаагчийг чөлөөлж мэдэлд авсан /хх 128-129/. 

Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын албан хаагчдын шинээр болон шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуурт үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулалтыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр явуулсан байна /хх 106-109/.

Уг сонгон шалгаруулалтаар нийтдээ Дархан уул аймаг дахь 12 албан хаагчийн дунд сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд үүнээс Г.Б ыг ажлын байрны тодорхойлолтод заасан зарим шаардлагыг хангаагүй, ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх ажлын байрны тодорхойлолт заасан тусгай шаардлагыг хангаагүй гэж Б.П г ажлаас чөлөөлөх санал гарсан байна /хх 109/. 

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий аудиторын газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/203 дугаар тушаал  /хх 126-127/-аар  Дархан Уул аймаг дахь Төрийн аудитын газарт нийт 10 албан  хаагчийг албан тушаалд томилжээ. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалаар /хх 16, 104/ Б.П г албан тушаалаас нь чөлөөлжээ. 

Нэхэмжлэгчээс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэжээ. 

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүнийг талуудын тайлбар, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдалтай холбон дүгнэсэн талаар:

Маргаан бүхий акт дараахь хууль зүйн үндэслэлийг баримталжээ: Үүнд:

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7. “Монгол Улсын Ерөнхий аудитор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах;” мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. “Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй.” гэсэн заалтыг;

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3. “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана: төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;” гэсэн заалтыг;

Монгол Улсын Ерөнхий аудиторын “Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрыг өөрчлөн байгуулах тухай” 2017 оны А/59 дүгээр тушаал, мөн Ерөнхий аудиторын “Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 2017 оны А/69 дүгээр тушаалын заалтыг.

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, хариуцагчийн тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Б.П г Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан, түүний ажиллаж байсан аудиторын орон тоо шинэ бүтцээр цөөрсөн гэж үзэн ажлаас нь чөлөөлж, ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг олгохоор шийдвэрлэжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “орон тоо цөөрүүлэх”, 27.2.4-д заасан “орон тоо хасагдсан” гэдгийг Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д “...“орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино...”, 15.1.2-т “... “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.” гэж тайлбарласан зарчмаар ойлгох нь зүйтэй. Тодруулбал, Төрийн албан тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Энэ хэсэгт заасан “...орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан ...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.” гэж заажээ.

Харин маргааны үйл баримтаас дүгнэхэд хариуцагчаас нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дархан-Уул аймгийн Аудитын газрын аудиторын ажлын байрны орон тоо цөөрсөн гэж үзэн тус газарт шинжээчээр ажиллаж байсан Г.Б , нэхэмжлэгч Б.П  нарыг хамт олны хурлаар хэнийг нь шинэ бүтцийн дагуу ажиллуулах талаар саналыг авч /хх 58-60/, улмаар Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын комиссоос ажлын байрны тодорхойлолт дахь шалгуур үзүүлэлтийг гарган нэхэмжлэгчийг “багаар ажиллах чадвартай байх, ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх” тусгай шаардлагыг хангаагүй гэж үзэн  ажлаас чөлөөлөх саналыг Монгол Улсын Ерөнхий аудиторт танилцуулжээ /хх 109/. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан газрын нэр Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар гэж өөрчлөгдөж, тус газар өмнө нь 12 орон тоотой ажиллаж байсан, шинэ бүтцээр мөн л 12 орон тоотой байхаар  батлагдаж орон тоо цөөрөөгүй, мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан аудиторын орон тоо шинжээчтэй нийлээд 5-6 байхаар батлагдаж, бодит байдал дээр 4 аудитор, 3 шинжээч ажиллаж байсан бол шинэ бүтцээр мөн л 7 аудитор, бусад ажилтны орон тоо батлагдаж, бодит байдал дээр 5 аудитор ажиллаж байгаа буюу аудиторын орон тоо цөөрөөгүй, аудиторын орон тоо хасагдаагүй гэдэг нь энэхүү шүүхийн шийдвэрийн маргааны үйл баримтыг дүгнэх хэсгээс тогтоогдов.

Дүгнэхэд, хариуцагчаас Дархан-Уул аймаг дахь Төрийн аудиторын газрын орон тоо бодит байдалд 5-6 байсан бөгөөд шинэ бүтцээр аудиторын орон тоо цөөрөөгүй 7 орон тоотой болсон, бодит байдал дээр өмнө нь 4 аудитор ажиллаж байгаад шинэ бүтцийн дагуу 5 аудитор болж нэмэгдэн ажиллаж байхад орон тоо цөөрсөн мэтээр дүгнэж сонгон шалгаруулалт явуулж нэхэмжлэгч Б.П г ажлаас чөлөөлсөн акт гаргасан. Улмаар хариуцагчаас байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрсөн нөхцөлд хэрэглэх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана: ... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэж заасныг баримтлан маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцээгүй бөгөөд бодит нөхцөл байдалд тохироогүй байна. 

Дээрхээс гадна Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу бодит байдалд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын нь нэр, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан аудитын албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн учир хариуцагчаас нэхэмжлэгчийг аудиторын албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй шалгаруулалт явуулж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь энэхүү хуулийн хэм хэмжээг хариуцагчаас зөрчсөн гэж үзнэ. 

Тодруулбал, Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын аудиторын орон тоо цөөрөөгүй байхад орон тоо цөөрсөн тохиолдолд явуулах шалгаруулалтыг явуулж төрийн албан хаагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн албан хаагчийн баталгааг зөрчиж байгаа учир “шинэ бүтцийн дагуу хийсэн ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагыг Б.П гийн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл өмнө нь гаргаж байснаараа хангахгүй байгаа гэдэг нь сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтээр тогтоогдсон...” гэж хариуцагчаас маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тооны тоо байгууллагын бүтцээс алга болж хасагдаагүй байтал байгууллагын орон тоо хасагдсан үндэслэлээр буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэлт баталгаагаар хангагдана: 27.2.4-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;” гэж заасныг үндэслэн маргаан бүхий актыг гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр актыг гаргасан гэж үзэхээр байна. 

Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд тус тус нийцээгүй байна. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах, 27.1.2-т заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”, 27.2.3-д албан тушаалд үргэлжлэн ажиллах баталгаагаар хангагдах зэрэг төрийн тусгай албан хаагч Б.П гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий актын улмаас зөрчигдсөн байна. 

Дүгнэхэд, маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч Б.П гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэхэмжлэгч хууль бусаар ажлаас халагдсан гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоолж, нэхэмжлэгчид олгох, түүнчлэн тухайн олговрыг Монгол Улсын Үндэсний аудиторын газрын төсвөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэв. 

Түүнчлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалд заасан үндсэн цалин, нэмэгдлийг тодорхойлох, ажилтны ажилласан сүүлийн 3 сарын дунджаар тодорхойлохоор заажээ.

Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сард авч байсан 1 сарын үндсэн цалин нь  718,776 төгрөг, 503143 төгрөгийн нэмэгдэл нийт 1,221,919 төгрөг авч байсан нь цалингийн тодорхойлолт /хх 117/-оор тогтоогдож байна.   

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тооцооллын задаргаа:

1,221,919 төгрөг буюу бүтэн ажилласан сүүлийн 3 сарын 1 сарын дундаж цалин : 21,6 өдөр буюу сүүлийн бүтэн ажилласан 3 сарын ажлын өдрийн дундаж тоо = 56,570 төгрөг (сүүлийн бүтэн ажилласан 3 сарын 1 өдрийн дундаж цалин). 

56,170 төгрөг х 106 өдөр = 5,996,420  төгрөг ажилгүй байсан хугацааны цалин. 

Нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр /маргаан бүхий акт гарснаас энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр/ хүртэл буюу ажлын 106 өдрийн хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,996,420  төгрөгийг олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.П гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07  дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.П г Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 5,996,420 төгрөгийг Монгол Улсын Үндэсний Аудитын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөж, бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Ерөнхий Аудиторт даалгасугай. 

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.П г Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан журмын дагуу аудиторын албан тушаалд томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                           А.САРАНГЭРЭЛ