Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 439

 

Б.П-гийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                Д.Мөнхтуяа,                      

Шүүгчид:                             Л.Атарцэцэг,

                                              Х.Батсүрэн,

                                              Б.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:  Ц.Ундрал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Б.П-г Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0381 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0472 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, А.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0381 дүгээр шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Б.П-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан “Ерөнхий аудитор Д.Х-ын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Б.П-г Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нэхэмжлэгчид 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор олгож мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0472 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.П-г Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны 13,350,520 төгрөгийн олговрыг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/87 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Аудиторын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод мэргэжлээрээ болон төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх, тусгай шаардлагад ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байхаар заасан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан ерөнхий болон, тусгай шаардлагыг заасан баримт бичиг болно. Шүүгчийн дүгнэснээр бол С.С, Б.А нар дээрх шаардлагыг бүхэлд нь хангаагүй мэтээр дүгнэжээ. Тус хоёр албан хаагчийн мэдээлэл нь Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын комиссын тэмдэглэлээс тодорхой харагдана. Мөн Г.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагын зарим хэсгийг хангаагүй талаар сонгон шалгаруулалтын тэмдэглэлд дурдаж Монгол Улсын Ерөнхий аудиторт танилцуулсан байдаг.

4. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь судлалгүй өнгөц дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу тус тус томилсон болно.

5. "Б.П-г хууль зөрчсөн үйлдэл гаргасан үндэслэлээр аудиторын үүрэгт ажлаас халах саналыг хүргүүлж байсан гэх боловч хариуцагч албан тушаалтан тухайн үндэслэлээр Б.П-г ажлаас чөлөөлөөгүй тул давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт өгөх шаардлагагүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцэхгүй байна

6. Мөн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын тусгай шаардлагад Төрийн болон байгууллага, иргэдийн нууцыг хадгалах, Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх гэж тодорхойлсон байдаг. Энэ шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйл, Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлд тус тус үндсэн зарчмын дагуу батлагдсан бөгөөд   нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн аудитын газар /хуучин нэршлээр/-ын дарга, тэргүүлэх аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа “Б” ХХК-руу 9,472,000 төгрөгийг шилжүүлж компьютер, тоног төхөөрөмжийн марк, хүчин чадал бууруулж 7,628,100 төгрөгийн компьютер, тоног төхөөрөмж аван, 9,472,000 төгрөгийн нэхэмжлэх авч зөрүү 1,843,900 төгрөгийг бэлнээр авсан  үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-т заасныг зөрчсөн үйлдэл гаргаж байсан. Мөн Дархан-Уул аймгийн Ардчилсан нам Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор хүргүүлсэн холбогдох тайлан судалгааг мөрийн хөтөлбөрт нийцэж буй талаар дүгнэлт гаргах үүргээ биелүүлэлгүй холбогдох хуулийг зөрчсөн нь Төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйл мөн гэж үзэж байна.

7. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 тоот тушаалаар Аймгийн аудитын газрын орон тоог 10-12 байхаар баталсан байдаг. Нэхэмжлэгч Б.П-г Дархан-Уул аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд /орон тоо 11 байсан/ Г.Б-ыг Дархан-Уул аймгийн аудитын газарт шинжээчийн албан тушаалд томилсон бөгөөд Б.П-г 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалаар Аудиторын албан тушаалд томилогдоход 13 хүний орон тоотой буюу орон тооны хэтрэлттэй ажиллаж байсан. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа Г.Б-ыг албан тушаалд томилсон гэж дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-т заасантай нийцэхгүй байх ба Б.П-ийн эрхийг хамгаалахын төлөө Г.Б-ийн хууль ёсоор олж авсан эрхийг зөрчих боломжгүй гэж үзэж байна.

8. Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний  өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгч Б.П нь Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт аудиторын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалаар “бүтэц, орон тоо өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна.

11. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар нь 12 орон тоотой, батлагдсан орон тооноос илүү буюу 13 орон тоотой ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчээс “Ч.Ч-ыг хэвээр үлдээж ажиллуулахын тулд Б.П-г ажлаас чөлөөлсөн, мэргэшээгүй хоёр ажилтнаа үлдээсэн” гэх үндэслэлээр маргажээ.

12. Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий аудитор нь батлагдсан төсөв, цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан аудитын байгууллагын ажилтныг томилох үүрэгтэй, энэ хүрээнд батлагдсан 12 орон тоогоор ажиллуулах зорилгоор гаргасан маргаан бүхий акт нь зорилгодоо нийцсэн, улмаар захиргааны байгууллагаас эрх хэмжээний хүрээнд албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хэрхэн хангаж байгаа шалгуур үзүүлэлтээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль зөрчөөгүй байна.

13. Аудиторын ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагад “аудитор нь ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй” байхыг тусгайлан заасан байна. Нэхэмжлэгчийн тухайд Аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх үедээ албан хэрэгцээнд компьютер, техник хэрэгсэл худалдан авахдаа техникийн хүчин чадал, үзүүлэлтийг өөрчлөн, үнийн зөрүүг 2143800 төгрөгийг бэлнээр авсан ноцтой зөрчил гаргасан болох нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлт, Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр тус тус тогтоогджээ.

14. Хариуцагчаас батлагдсан орон тоонд нийцүүлэн албан хаагчдыг томилох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ албан хаагч тус бүрээр ажлын байранд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгаа судлан үзэж, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хамт олны хурлын тэмдэглэл, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Сонгон шалгаруулалтын комиссын хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн, нэхэмжлэгчийн дээрх үйлдсэн зөрчлийн шинж байдлыг харгалзаж, түүний эрхэлж буй албан тушаалын чиг үүрэгтэй холбогдуулан, хяналтын шалгалт хэрэгжүүлэх тусгай шаардлагыг хангаагүй буюу ёс зүйн зөрчилтэй гэж үзэж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

15. Нэхэмжлэгчээс “сахилгын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлаж байгаа боловч шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан зөрчил, түүний хууль зүйн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй гагцхүү ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагатай холбогдуулан “ёс зүйн хувьд шаардлага хангахгүй” буюу аудитын байгууллагад ажиллах ашиг сонирхлын зөрчилтэй гэж хариуцагчаас шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэгт нийцсэн байна.

16. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “захиргааны байгууллага нь тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42 дугаар зүйлийн 42.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээний хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж тус тус зохицуулсан байна. Хуулийн энэхүү заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд захиргааны байгууллагаас өөрт олгогдсон эрхийн хүрээнд аудиторын албан тушаалд тавигдах мэргэшсэн нягтлан бодогч байх, төрийн албанд 3 жил ажилласан байх шалгуураас илүүтэйгээр ёс зүйн зөрчилгүй байх шалгуурыг гол зарчим болгож, сонгосон нь захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд нийцсэн байна.

17. Давж заалдах шатны шүүхээс “Б.А, Г.Б нар ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй .. байхад ажилд томилж, нэхэмжлэгчийг томилоогүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна. Дээр дурдснаар захиргааны байгууллагаас хууль бус эс үйлдэхүй гаргаагүй, харин аудитын байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн ёс зүйн шаардлагыг гол үндэслэл болгосон байгаа нь хуулийн зөрчилгүй юм.  

18. Нэхэмжлэгчээс “Ч.Ч илүү орон тоо үүсгэсэн, хамгийн сүүлд томилогдсон учраас түүнийг чөлөөлөх байсан” гэх агуулгаар маргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Ч.Ч нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн б/144 дүгээр тушаалаар Аудитын газрын даргаар томилогдсон бөгөөд газрын даргын албан тушаалын чиг үүрэг нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүргээс өөр, энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй /газрын даргаар томилуулах шаардлага гаргаагүй/ болно.

19. Түүнчлэн хоёр шатны шүүхээс Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг маргааны үйл баримтад хэрэглэсэн нь буруу бөгөөд хэргийн оролцогчид батлагдсан орон тооноос илүү орон тоогоор ажиллаж байсан талаар маргаагүй, тухайн байгууллагын орон тоо цөөрөөгүй, харин илүү орон тоог хассан үйл баримттай маргаж байгаа тул хуулийн дээрх заалтыг энэ маргаанд хэрэглэхгүй юм.

20. Анхан шатны шүүхээс “Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэг” гэсэн маргааны үйл баримтыг зохицуулаагүй, аудитын байгууллагын тогтолцоог зохицуулсан хуулийг хэрэглэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, холбогдох хуулийн заалтыг нэмж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0472 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0381 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3” гэснийг хасч, “Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 , Төрийн албаны хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА      

 ШҮҮГЧ                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ