Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 728

 

С.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Алтансүх,

            шүүгдэгч С.Э,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Мгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлээр С.Эд холбогдох эрүүгийн 201725011342 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            С.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 9 тоотод өөрийн төрсөн дүү С.Мг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Боржигон овогт Сүх-Очирын С.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, С.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, хохирогч энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Хохирогч С.М давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс С.Эгийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон хэрнээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэн торгуулийн ялаас нь чөлөөлсөн. Тэгэхээр энэ хүнд ямар ч хариуцлага ногдуулаагүйтэй адил гэж ойлгохоор байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгч болон бусад оролцогчид нь хувьд хүний эрхийг дээдлэн хамгаалах хуульчид хэрнээ намайг шүүх хуралд трансжендэр гэдгээр ялгаварлан гадуурхах, үл тоомсорлох, доог тохуу хийх байдалтай харилцаж байсанд гомдолтой байна. Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэхүү заалт нь зөвхөн хорих ялаар шийтгүүлсэн хүний хувьд хамаарах байхад торгуулийн ял оноож, энэ ялаас чөлөөлж байгаа нь хуулийг зөрчиж, буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зохих ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Ч.Алтансүх бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Э нь хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн төрсөн дүү С.Мгийн эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж зөвхөн хорих ялд хамааралтай заалтыг тусгасан. Гэтэл шүүгдэгч С.Эд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар чөлөөлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд С.Эд холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа учраас хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх С.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

С.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 9 тоотод өөрийн төрсөн дүү С.Мг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Мгийн “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний 23 цагийн үед гэртээ очсон. Ах согтуу, хүүхдээ хараад хоёулханаа байж таарсан. Ах С.Э намайг “хүн шиг амьдарсангүй, ажлаа болиод миний хүүг асран халамжлаад өгсөнгүй, гэрийг зочид буудал шиг үзлээ, өөрийнх нь салсан эхнэрийн гэрээр хоног төөрүүллээ, гэр орон цэвэр цэмцгэр байлгасангүй, хоол унд хийсэнгүй” гэх мэтээр дайрч давшилсан. Ах согтуу байсан тул би өөдөөс нь эсэргүүцэж хэрүүл огт хийгээгүй. Тэгтэл ах “өөрийнх нь хэлсэн үгийг сонссонгүй, асуусан зүйлд хариулсангүй, үл тоолоо, чи хариу дуугараач” гэж дайрч давшлаад үснээс зулгаагаад 2 гараа атгаж байгаад гар нүүр, толгой гэх зэрэг газраар цохиж зодсон. Би тухайн үед зугтахыг оролдсон. Тэгэхэд шууд арагшаа түлхэж шалан дээр унагаагаад өшиглөөд, дэвсээд эхэлсэн. ... Намайг гал тогооны өрөөнд зогсоочихоод миний хүзүүг хэрчинэ, чамайг өнөөдөр ална гэж байсан. Тухайн үед ахын хүүхэд уйлаад хүүхдээ унтуулах гээд цаад өрөөндөө ороход нь би хөл нүцгэн гадагшаа гарч зугтаад таньдаг айлдаа очиж хоносон. Маргааш нь би өдөржингөө бөөлжиж, бие муу байсан. Тэр оройноо төрсөн эгч С.Нарангэрэлтэй гэмтлийн эмнэлэгт очиж, уруул язарсан байсныг оёулсан. Миний толгой хэд хэдэн газраа булдруутай, толгой, гарын булчин, шуу, нуруу хөхрөлттэй байна. ...” /Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

 

С.Эгийн сэжигтнээр өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би хүнтэй уулзчихаад орой гэртээ ирэхдээ дүү С.Мтай гэрийн гадаа таарсан. С.М согтууруулах ундаа хэрэглэчихсэн, пиво авч байсан. Би пиво аваад бид 2 орцны үүдэнд пиво ууцгаасан. Тэгээд хоёулаа гэр лүүгээ ороод хоорондоо маргалдсан. С.М нь өөрийнхөө хүйсийг голдог трансжендэр хүн. Одооноос 3 жилийн өмнөөс трансжендэр гэж яригдаад бид гэр бүлээрээ ярилцаад үүнийг зөвшөөрсөн. Тэгээд хүйсээ солиулна гэхээр нь бид ярилцаад мөнгө цуглуулаад Тайван руу явуулдаг юм уу гэж ярилцсан боловч тэгж чадаагүй. Үүнд, С.М юм боддог юм шиг байгаа юм. Тэр өдөр “та нар надад туслаагүй биз дээ” гээд гараа зангидаад агсан тавих янзтай болоод хуруу гараа гозолзуулаад маргалдаж эхэлсэн. С.М багаасаа нээлттэй биш, хатуу үг хэлчихвэл цаашаа явчих шинжтэй, тийм учраас би юм хэлдэггүй. Тэр өдөр С.Мг дарж унагаагаад хэд хэдэн удаа нүүр лүү нь өшиглөчихөөд больсон. Би С.Мг “гэр орноо янзал” гээд хэлэхэд гараад явчихсан. ...” /Хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5051 дугаартай “... С.Мгийн биед зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

С.Э нь согтуурсан үедээ, өөрийн төрсөн дүү С.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “хүн шиг амьдарсангүй, ажлаа болиод миний хүүг асран халамжлаад өгсөнгүй, гэрийг зочид буудал шиг үзлээ, өөрийнх нь салсан эхнэрийн гэрээр хоног төөрүүллээ, гэр орон цэвэр цэмцгэр байлгасангүй, хоол унд хийсэнгүй” гэх мэт асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг зодож, бие махбодид нь зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд түүний энэ үйлдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх С.Эд холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжид хамааруулан үзэж, зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэжээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр заасан бөгөөд уг зүйлд заасан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээнээс хөнгөрсөн боловч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хугацааны хувьд буюу эрх зүйн байдлын хувьд хүндэрсэн байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад С.Эг эрүүгийн хариуцлагад татах хугацаа дуусчээ.

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар С.Эг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж,  хохирогч С.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Прокурор Ч.Алтансүхийн бичсэн “... 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж зөвхөн хорих ялд хамааралтай заалтыг тусгасан. Гэтэл шүүгдэгч С.Эд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. ...” гэх эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байгааг дурдаж байна.