Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00986

 

Д.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02514 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2018/00347 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.М

          Хариуцагч: Я.Лд холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 36.800.000 төгрөг гаргуулах тухай,

      Сөрөг нэхэмжлэл: 2014-01-28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Д.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжарал нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Л нь 2014-01-28-ны өдөр 20 сая төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,3 хувийн алданги төлөхөөр тохирч авсан. Зээл 20сая төгрөг, хүү 2,4сая төгрөг, алданги 11,2 сая төгрөг, нийт 33,6 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Анх шүүхэд 36,8 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 33,6сая төгрөг болгон багасгаж өөрчилж байна. Мөнгийг хүлээлгэн өгсөн зарлагын баримт хэрэгт авагдсан. Хариуцагч өөрөө уг мөнгийг авснаа зөвшөөрдөг. Цэнд-Аюуштай газрын наймаа хийхэд Я.Л нь нэхэмжлэгчийг уулзуулж зуучилсан. Гэхдээ хариуцагчид зуучлалын хөлс, урамшуулал өгнө гэж амлаагүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 33,6 сая төгрөгийг Я.Лгаас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2014 оны 9 дүгээр сарын үед С.Цэнд-Аюуштай уулзаж 20 га газрыг худалдах-худалдан авахад зуучилсан. С.Цэнд-Аюуш  80 сая төгрөгөөр газраа зарах гэж байхад нь бэлэн 25 000 000 төгрөгөөр нэхэмжлэгчид заруулахаар зуучилсан. С.Цэнд-Аюуш, Д.М хоёрыг уулзуулж тэд хоорондоо тохиролцож нотариат дээр орж гэрээгээ байгуулж газрын албан дээр очиж газраа шилжүүлсэн. Зуучлалын хөлсөнд 20сая  төгрөгийг өгнө гэсэн. Үүнээс хойш Д.М холбоо барихгүй байж байгаад 2014 онд 20 сая төгрөг өгч, баримтанд гарын үсэг зуруулсан. Зуучлалын хөлс гэж өгснөөс бус мөнгө зээлдүүлж байна гэж хэлээгүй. Эцэст нь зээл, хүү гэж 33, 6 сая төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Д.М нь 2013 онд надтай танилцаж газар худалдаж авахаар ярихад нь С.Цэнд-Аюушийг ятгаж байгаад 80 сая төгрөгөөр зарна гэсэн газрыг нь 25 сая төгрөгөөр авч Д.Мгийн нэр дээр шилжүүлж, газрыг хямд авахад тус болсон гэж газар шилжсэнээс хойш 3 сарын дараа 20 сая төгрөгийг газрын эрхийг худалдсаны ашиг гэж өгсөн. Хагас сарын дараа Мягмарсүрэн надтай уулзаж эхнэртээ үзүүлнэ зээлийн гэрээ хийчихье гэхэд нь нотариат орж гарын үсэг зурсан. Мягмарсүрэнгээс мөнгө зээлээгүй, уг гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн тул 2014-01- 28-ны өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн  56.1.1-д заасан заалтыг зөрчиж, дүр үзүүлж хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээг халхавчилж хийсэн бол ямар зээлийг халхавчилж хийсэн нь шүүхийн өмнө нотлогдохгүй байна. Зуучлал гэж үзэх бол тухай үед газар 80 сая төгрөг хүрэх үү, Газрыг 80 сая төгрөгөөр үнэлсэн гэж байгаа боловч нотолсон баримт хэрэгт байхгүй. Зээлийн гэрээ хийгдээгүй гэж тайлбарласан ч сөрөг нэхэмжлэл дээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж байгаа нь нэг бол зээлийн гэрээг зөвшөөрч байгаа мэт тайлбар. Хэрэв хүчин төгөлдөр бусд тооцох бол гэрээгээр өгч авсан зүйлээ буцааж өгөх тухай асуудал яригдана. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

         Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02514 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Я.Лгаас 36 800 000 төгрөг гаргуулах Д.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Я.Лгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341.950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2018/00347 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02514 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Би Лхагваатай 2014-01- 28-ны өдөр 20 сая төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги төлөхөөр гэрээ байгуулсан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа анхан шатны шүүхэд 2017.08.02-ны өдөр гаргаж улмаар иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн юм. Би магадлал гарсны дараа шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад нэхэмжлэлийн шаардлагаас 3.200.000 төгрөгийг хасч эвлэрэх боломжтой гэснийг 3 сая төгрөг гэж алдаатай бичсэн, Лхагваа зуучлалын хөлсний үнийн дүнг тохиролцоогүй гэсэн мэдүүлгийг 20 сая төгрөгөөр тохиролцсон мэтээр бичсэн, гэрч Алтанцэцэгийн мэдүүлэгт Цэвээндоржийг Цэвээн гэж удаа дараа буруу бичигдсэн, хариуцагч Лхагваа шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр даргалагчаас танаас Мягмарсүрэн мөнгөө нэхэж байсан уу гэсэн асуултанд нэг удаа зуучлалын хөлсөнд өгсөн мөнгөө нэхсэн би өгч чадахгүй гэсэн мэдүүлгийг орхиж бичсэн, шүүхийн хэлэлцүүлэг дуусаад миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн санал хүсэлтийг аваагүй шүүх хуралдаан болсон байна. Би шүүх хуралдаан болсны дараа 3 хоноод шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахаар очиход шүүх хуралдааны тэмдэглэл хэвлэгдэн гараагүй байсан. Би шүүгчийн туслахт шүүх хуралдааны тэмдэглэлд Лхагваа надаас мөнгөө нэг удаа нэхэж байсныг орхисон байвал оруулчхаарай гээд явсан. Хэд хоногийн дараа туслахаас Лагваагийн хэлсэн үгийг шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа эсэхийг асуухад шүүгчид танилцуулсан Лхагваа шүүх хуралдаанд хэлсэн нь үнэн юм чинь шүүх хуралдааны нарийн бичгийн даргад хэлээд оруулсан гэж хэлсэн. Гэтэл шүүх хуралдаан дээр Лхагваагийн хэлсэн үгийг орхигдуулж. алдаатай бичиж, нэхэмжлэгч миний үг хэлэх эрхийг хасч надад шүүх хуралдааны тэмдэглэлийг 3 хоногт танилцуулаагүйгээс шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах боломжгүй болсон бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэг нь толь мэт байх хуулийн шаардлагаа хангахгүй шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлснөөс нэхэмжлэгч миний эрх ашгийг ноцтой хохироосон шүүх хуралдааны тэмдэглэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох чухал баримт байх боломжгүй болсон тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д.М 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Я.Лд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 16,800,000 төгрөг нийт 36,800,000 төгрөг шаарджээ. /хх 1/

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн ... 20 га газрыг С.Цэнд-Аюуш 80,000,000 төгрөгөөр зарна  гэж хэлсэн байсныг 25,000,000 төгрөг болгох ...  ашиг өгөх талаар тохирсны дагуу Я.Л Цэнд-Аюушид хэлж Д.Мд газрыг хямд худалдсан...тэгээд 20,000,000 төгрөгийг ашиг гэж өгсөн...мөнгө өгөхдөө “эхнэрт үзүүлнэ” гэж зээлийн гэрээ хийсэн... одоо энэ газар компанийн нэр дээр байгаа...” гэж маргасан /хх 6/ байна. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж “...2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн  зээлийн гэрээнд “...Д.М 20,000,000 төгрөгийг 2014-01-28-ны өдрөөс 2014-07-28-ны өдрийг хүртэл 2 хувийн хүүтэй зээлүүлэх, Я.Л мөнгийг хугацаанд нь төлөх, төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,3 хувийн алданги төлөх...” тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн /хх 23/ байна.

       Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй “...би С.Цэнд-Аюушаас газар худалдаж авсан бөгөөд уг газар өмнө нь хариуцагчийн нэр дээр байсан гэж сонссон тул ямар нэг тооцоо байгаа эсэхийг асууж лавласан...ямар нэгэн тооцоо байхгүй гэсэн тул газрыг худалдан авсан...үүнээс хойш Я.Л нь мөнгө зээлдүүлээч гүзээлзгэний хүлэмж хийх гэсэн юм гэж байсан тул 20,000,000 төгрөг зээлүүлж бичгээр гэрээ хийсэн ...сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй..” гэж /хх 32/  маргажээ. 

       Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж  заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр Д.М 20,000,000 төгрөгийг 2014-01-28-ны өдрөөс 2014-07-28-ны өдрийг хүртэл 2 хувийн хүүтэй зээлүүлэх, Я.Л мөнгийг хугацаанд нь төлөх, төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,3 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн бөгөөд шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.   

       Д.М тус шүүхэд гомдол гаргахдаа “...шүүх хуралдааны тэмдэглэл буруу бичигдсэн...” гэх боловч энэ нь тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

       Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 75, 76, 79, 281 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02514 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2018/00347 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 341.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ