Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 000098

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г.д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                    Хэргийн индекс 142/2017/0229/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

   Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                          Ц.Идэрмөнх  

               Шүүгдэгч                                           Г.Г

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                Х.Оюунбат

               Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолтой Г. Г.д холбогдох, 201714000261 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, аав, эгч, ах, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суудаг, урьд нь 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сард Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д  зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 18 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, Б овогт Г-ын Г.

 

Г.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 2-28 тоот нийтийн зориулалттай байрны 4 тоот өрөөнд оршин суух Т.Д-ийн гэрээс түүний эзэмшлийн “HP” загварын зөөврийн комьпютерыг залгуурын хамт, 2 грамм хэмжээтэй монетон гинж, үүргэвч цүнх 1 ширхэг, 7 дугаар сургуулийн эзэмшилд ашиглагддаг i3 CPU-тэй “Lenovo” загварын зөөврийн комьпютер 1 ширхэг, i5 CPU-тэй “Lenovo” загварын зөөврийн компютер 1 ширхэг, цүнх, залгуур, хулганы хамт хулгайлж 1 318 905 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овогт Г-ын Г-ийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д  заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 6 сар баривчлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1.д заасныг баримтлан шүүгдэгч Г.Г-ийг 6 сар баривчлах ял эдлэхээс чөлөөлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

Шүүх Г.Г.д баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1.д заасныг баримтлан баривчлах ял эдлэхээс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1.д зөвхөн ялын төрлүүдийг заасан ба ялтанд ял оногдуулах, эдлэхээс чөлөөлөх үндэслэл, журмыг 6 дугаар бүлэгт зааж өгсөн байхад хууль хэрэглээний хувьд ял эдлэхээс чөлөөлөх хуулийн заалтыг буруу баримталсан.

Шүүгдэгч Г.Г.д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан ялын төрлөөс өөр төрлийн ялыг сонгож хэрэглэх боломжтой ба 2015 оны Эрүүгийн хуулиар ялын төрлөөс хасагдсан ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийлвэрлэх хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4.д давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодотгож өгсөний дагуу Г.Г.Э холбогдох 245 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байгаа..., Г.Г.Э баривчлахаас өөр төрлийн ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа :

 

Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байгаа... хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух Т.Д гэрээс түүний эзэмшлийн “HP” загварын зөөврийн комьпютерыг залгуурын хамт, 2 грамм хэмжээтэй монетон гинж, үүргэвч цүнх 1 ширхэг, 7 дугаар сургуулийн эзэмшилд ашиглагддаг i3 CPU-тэй “Lenovo” загварын зөөврийн комьпютер 1 ширхэг, i5 CPU-тэй “Lenovo” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, цүнх, залгуур, хулганы хамт хулгайлж 1 318 905 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн өөрийн болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт, эд зүйлийг буцаан өгсөн тухай баримт зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд нотолбол зохих ажиллагааг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу явагджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г.Э.д ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж,

өөрөөр хэлбэл Монгол улсын Үндсэн хуульд тусгалаа олсон хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн байх зарчимд үндэслэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж...” шүүгдэгчид баривчлах ял оногдуулаад дээрх хуульд баривчлах ял тусгагдаагүй учраас ялаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг байдлыг харгалзан үзээд шүүх өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу тухайн зүйл, хэсэгт заасан хэд хэдэн ялаас баривчлах ялыг сонгож оногдуулсныг шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.4.д заасан ...давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж болно ...гэсэн нь гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд “заавал” гэсэн ойлголт биш.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн “....шүүх хуульд ялын олон төрөл байхад заавал баривчлах ялыг сонгож хэрэглэсэн нь буруу ..., давж заалдах шатны шүүхэд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн ял оногдуулах эрх олгогдсны дагуу шүүгдэгчид өөр төрлийн ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад “ баривчлах ялаас чөлөөлөх” гэж бичих байтал “баривчлах ял эдлэхээс чөлөөлж” гэж бичиж алдаа гаргасан байх тул залруулах боломжтой.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “...баривчлах ял эдлэхээс чөлөөлсүгэй...” гэснийг “...баривчлах ялаас чөлөөлсүгэй...” гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

 

                ШҮҮГЧИД                                                                            С.ЦЭЦЭГМАА

 

 

                                                                                                               Ц.ТУЯА