Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 215

 

Б.Сонинбаяр, Г.Өсөхбаяр, С.Эрдэнэтамир, Т.Өгэдэй,

Г.Баасанжав нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар магадлалтай, Б.Сонинбаяр, Г.Өсөхбаяр, С.Эрдэнэтамир, Т.Өгэдэй, Г.Баасанжав нарт холбогдох эрүүгийн 201509000840 дугаартай хэргийг шүүгдэгч Т.Өгэдэйн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батжаргалын Сонинбаяр нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Ганбаярын Өсөхбаяр нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шалхаан овогт Содномбаатарын Эрдэнэтамир нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хиад боржигон овогт Тэмүүжингийн Өгэдэй нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганбаатарын Баасанжав нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь ыыСум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Сонинбаяр, Г.Өсөхбаяр, С.Эрдэнэтамир, Т.Өгэдэй, Г.Баасанжав нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Сонинбаяр, Г.Өсөхбаяр, С.Эрдэнэтамир нарт 3 жил 6 сар хорих ял, Т.Өгэдэй, Г.Баасанжав нарт 3 жил 4 сар 10 хоног хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийтгэж, Б.Сонинбаяр, Г.Өсөхбаяр, С.Эрдэнэтамир, Т.Өгэдэй, Г.Баасанжав нарын цагдан хоригдсон 14 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Г.Өсөхбаяр, Б.Сонинбаяр, С.Эрдэнэтамир, Г.Баасанжав, Т.Өгэдэй нарын гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нар төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг си диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Г.Өсөхбаяр, Б.Сонинбаяр, С.Эрдэнэтамир, Т.Өгэдэй, Г.Баасанжав нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, Б.Чинбаатар, Н.Баярмаа, Ч.Булган нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Өгэдэйн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… Өгөдэйн гэм буруутай үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн шинжийг агуулаагүй нь өөрийнх нь болон хохирогч Одбилэг, шүүгдэгч Сонинбаяр нарын мэдүүлгээр нотлогдож байна. Тухайн үед Өгөдэйг Сонинбаяр дуудаад хамт явж байсан. Утас авсныг нь мэдээгүй байсан. Өгөдэйг утас цэнэглээд ир гээд 600 төгрөгийн хамт өгсөн. Миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдээгүй байхад нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.3-д заасан агуулгатай зөрүүтэй байна. Өгөдэйн үйлдэл нь субьектив талын шинжийг агуулаагүй. Хэрэв утас хулгай хийснийг мэдсэн бол 20, 30 минутын хооронд утсыг аваад явах боломжтой байсан. Гэтэл гар утсыг буцаагаад авчирч өгсөн талаар хохирогч өөрөө мэдүүлсэн байдаг. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.3-д заасныг зөрчиж Өгөдэйд ял шийтгэл оногдуулсан. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл “... шүүгдэгч нарт холбогдох хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Өгөдэй нь субьектив санаа, зорилгоороо нэгдэж энэ гэмт хэргийг үйлдсэн. Хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Сонинбаяр, Г.Өсөхбаяр, Б.Эрдэнэтамир, Т.Өгэдэй, Г.Баасанжав нар бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд хохирогч Ө.Одбилэгийн “Iрhone 5” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаас гэмшиж, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хэмжээний ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

“Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үеэс төгс үйлдэгдсэнд тооцдог бөгөөд 2 буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Өгэдэй нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан үйл баримт мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй тул түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан “Т.Өгэдэй нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь тогтоогдохгүй байгааг анхааран үзэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Өгэдэйн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                ДАРГАЛАГЧ,

                ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН

                ШҮҮГЧ                                               Б.ЦОГТ