Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0137

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг

     “Улаанбаатар төмөр зам”-ын гомдолтой

    захиргааны хэргийн тухай

                                                                           

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, С.Х, хариуцагч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын гомдолтой, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.5, 3.1.11, 32 дугаар зүйлийн 32.1, 36 дугаар зүйлийн 36.2, 74 дүгээр зүйлийн 74.3.1, 78, 79, 188 дугаар зүйлийн 188.1, 188.1.1, 189 дүгээр зүйл, 192 дугаар зүйлийн 192.1, 237 дугаар зүйлийн 237.1, 240 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Э-гийн Монгол-Орос хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд оногдуулсан 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0245473 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, С.Х нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь “38 ширхэг тавцант вагон нь “Гаалийн тухай хууль”ийн 3.1.5 дугаар зүйлд заасан “барааг улс хооронд тээвэрлэж, гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл бус, мөн хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгсэл болох бараа тэр дундаа гадаад бараанд хамаарч байна”, “.... шууд утгаараа тээврийн хэрэгсэл боловч .... гомдол гаргагч тээврийн хэрэгсэл гэж явцуу утгаар тайлбарласан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй буюу үндэслэлгүй дүгнэлт болсон.

Монгол Улсын 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэгдэн орсон “Олон Улсын харилцаан дах ачааны вагон эдэлгээний дүрэм” хэмээх Олон Улсын гэрээнд Вагон-ыг өөрийн гол дээр зүтгүүрээр татуулж явах болон ачаа тээвэрлэхэд зориулагдсан эсвэл галт тэрэгний бүрэлдэхүүн дэх вагонуудын аялалыг хангахад зориулагдсан “Тээврийн хэрэгсэл” хэмээн тодорхойлдог бөгөөд бодит байдал дээр ч тухайн 38 тавцант вагон нь хос дугуй тавцант вагон тус бүр нь 4 хос дугуйтай бөгөөд дээр нь чингэлэг тавьж тухайн чингэлэгт ачаа бараа хийн тавцант вагоныг тээврийн хэрэгслээр ашигладаг болно. Гаалийн тухай хуулийн 3.1.5 дугаар зүйлд чингэлэгийг хүртэл тээврийн хэрэгсэлд тооцсон байхад чингэлэгийг ачаад тээвэрлэдэг хос дугуйтай тавцант вагоныг тээврийн хэрэгсэлд тооцоогүй нь өөрөө хууль бус байна.

Гэтэл анхан шатны шүүх нь дээрх 38 тавцант вагоныг барааг тээвэрлэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл бус, мөн хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгсэл болох бараа тэр дундаа гадаад бараанд хамаарч байна” гэснээс гадна “.... шууд утгаараа тээврийн хэрэгсэл боловч....гомдол гаргагч тээврийн хэрэгсэл гэж явцуу утгаар тайлбарласан нь үндэслэлгүй хэмээн тээврийн хэрэгсэл мөн гэж дүгнэсэн боловч, биш байна гэх агуулга буух хоорондоо зөрчилдсөн үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан.

Түүнчлэн тээврийн хэрэгсэл бус гэдэг нь Гаалийн ерөнхий газарт хандсан 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 6/184тоот албан бичгээс нотлогдож байна гэж үзсэн байх бөгөөд тухайн албан бичигт ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгсэл бус гэсэн тодорхойлолт баримт дурьдаагүй байдаг. Мөн анхан шатны шүүх нь “хариуцагчийн бараа биш юм бол яагаад ОХУ-ын РЖД-тэй тавцант вагон түрээслэх гэрээтэй оруулж ирж байгаа юм бэ, гэсэн тайлбар болон С.Х-гийн шүүхэд гаргасан ОХУ-ын улсаас түрээсийн гэрээгээр 1 жилийн хугацаатай өөрийн үйл ажиллагаандаа зориулан оруулж ирсэн гэсэн тайлбаруудаар нотлогдож байна гэсэн нь мөн үндэслэлгүй. Учир нь дээрх дүгнэлтийг харахад зөвхөн барааг түрээсийн гэрээгээр авч ашиглаж болдог, аливаа тээврийн хэрэгсэлийг түрээсийн гэрээгээр ашиглаж болдоггүй гэсэн хууль бус дүгнэлт гарахаар байхаас гадна шүүх нь гэрээний 1 жилийн хугацааг гаалийн хууль тогтоомжийн 6 сараар ашиглаад буцаж гаргаад дахин оруулж ирж 1 жилийн хугацаанд ашиглаж болох хугацаанаас ялгаж салган дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл гэрээний чөлөөт зарчмын дагуу талууд гэрээний хугацааг өөрсдөө тогтоож гэрээндээ зааж болдогийг анхаарч үзээгүй.

Ийнхүү шууд утгаараа буюу бодит байдал дээр ашиглагддаг шинж чанарын хувьд ч тэр, Гаалийн тухай хуулийн 3.1.5-д зааснаар ч тэр 38 тавцант вагон нь “бараа” биш “Тээврийн хэрэгсэл” байхад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт заасан “Гаалийн хяналтад байгаа барааг .....” хэмээн бараанд тооцсон нь “Захиргааны ерөнхий хууль”-ийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дах заалтуудыг зөрчсөн буюу илт хууль бус алдааг агуулж байна.

Зөрчил үйлдэгчийг Сүхбаатар өртөөгөөр тогтоож шийтгэл ногдуулсан захиргааны акт болох шийтгэлийн хуудас нь илт хууль бус алдаатай болсон байтал анхан шатны шүүх нь Улаанбаатар төмөр замын харъяа Сүхбаатар өртөө гэж бичсэн байх бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хаяг, хуулийн этгээдийн регистрийн дугаарыг бичсэн гэдгээр үгүйсгэсэн нь өөрөө үндэслэлгүй байна. Манай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” нь зөвхөн хуулийн этгээдийн нэг гэрчилгээтэй бөгөөд нийгэмлэгийн харъяа салбар нэгжүүд тухайлбал Сүхбаатар өртөө нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, улсын бүртгэлд бүрт бие даан хуулийн хариуцлага хүлээх чадамжгүй болно. Түүнчлэн Улаанбаатар төмөр зам гэж бичих нь ч үндэслэлгүй бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нэрээр хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Үүнээс үзэхэд Улаанбаатар төмөр зам хариуцлага хүлээх этгээд уу эсвэл Сүхбаатар өртөө нь хариуцлага хүлээх этгээд үү гэдэг нь тодорхойгүй болсон буюу Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийг зөрчсөн байхад шүүх хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн.

Зөрчил гаргаагүй буюу гаалийн тухай хууль, тогтоомжийг зөрчөөгүй байхад үндэслэлгүйгээр шийтгэлийн хуудас ногдуулсаныг анхан шатны шүүхээс зөв үнэлж шийдвэр гаргаагүй. Монгол улсын хилээр аливаа тээврийн хэрэгсэл, бараа нэвтэрч орж ирэхэд дараах ажиллагаанууд хийгддэг буюу эхлээд гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч тээврийн хэрэгслийн бүртгэл, бараа, тээврийн хэрэгслийн манифестыг нөхөн бичиж үүний дараа бараа, тээврийн хэрэгсэлийг горимд шилжүүлдэг.

Гомдол гаргагчийн зүгээс шүүхэд гомдол гаргасан цагаасаа эхлэн гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан үйлдэл гаргаагүй болохоо тодорхой тайлбарласан бөгөөд шүүхээс энэхүү тайлбар болон холбогдох хуулийн заалтыг анхаарч үзээгүй.

Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, олгосон буюу олгох гэдэг үгийг Монгол хэлний тайлбар толь бичгээс харахад бусдад ямар нэгэн зүйл өгөх гэж тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч нь тухайн тавцант вагон буюу тээврийн хэрэгслийг бусдад өгсөн буюу олгосон үйлдэл гаргаагүй.

Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй гаалийн хилээр гаргасан үйлдлийн тухайд Гаалийн тухай хуулийн 4.3 дугаар зүйл “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ” гэсэн байдаг. Тэгэхээр Монгол улсын хилээс гарсан үйлдэл байхгүй. Нөгөө талаар 4.4 дугаар зүйл “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” Гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцох дээрх агуулгаар харах юм бол нэхэмжлэгч нь гаалийн хилээр гаргасан үйлдэл мөн гаргаагүй. Учир нь Сүхбаатар өртөө нь хилийн өртөө учир Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замаар тээвэрлэгдэн орж ирж буй бүхий л импортын болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй ачаа, тээврийн хэрэгсэл орж ирж Сүхбаатар өртөөний замыг эзлэн холбогдох гаалийн бүрдүүлэлт хийлгэдэг. Тухайн үед буюу 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Сүхбаатар өртөөтэй залгаа ОХУ-ын “Оросын төмөр зам” нь зам засварын ажил хийсэнтэй холбогдуулан галт тэрэг найруулгагүй явуулна гэсэн агуулга бүхий цахилгаан ирүүлсэн. Сүхбаатар өртөө нь нийт 536 вагон боловсруулах техникийн хүчин чадалтайгаас 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 526 вагон тус өртөөний замыг эзлэн зогсоод байсан буюу ийнхүү цахилгаан ирсэнээр Сүхбаатар өртөөнд вагон, хөдлөх бүрэлдэхүүний их хэмжээний хуримтлал үүсч, галт тэрэгний сэлгээний ажил болон найруулга хийхэд хүндрэл учирч, улмаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж болзошгүй байдалд, түүнчлэн дахин вагон нэмж хүлээн авах техникийн хүчин чадалгүй болж зогсолт хийх, тээвэрлэлт саатах нөхцөл байдалд хүрсэн тул Сүхбаатар өртөө түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохих арга хэмжээ авах шаардлагатай болсон. Гомдол гаргагчийн зүгээс дээрх нөхцөл байдалтай холбогдуулан тул Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 264 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Төмөр замаар ачаа тээвэрлэх журам”-ын 20.8.4 дүгээр заалт "тээвэрлэх ачаа нь хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчин, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учруулах болон төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг саатуулахаар бол аливаа учирч болзошгүй аюул, хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын болон гаалийн байгууллагууд, ачаа илгээгч, хүлээн авагчтай урьдчилан тохирохгүйгээр тээвэрлэгчийн шийдвэрээр хаяг сольж буулгуулна. Вагон паркийн мэдээг нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн.

Мөн манай байгууллагын дээрх хаяг солих албан бичгийн дагуу тус тавцант вагонуудыг гаалийн горимд шилжүүлэх боломжтой байсан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа болно. Иймд энэхуу үйлдэл нь зөрчлийн тухай хуулийн 11.21-ийн бдугаар зүйлд заасан зөрчил болохгүй юм.

Ийнхүү аливаа техникийн хүчин чадал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотойгоор учирч болзошгүй аюул, хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” нь Зам тээврийн хөгжлийн яамнаас баталсан журмын дагуу ажилласан буюу дээрх 38 тавцант вагоныг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан асуудал огт гаргаагүй байхад, манай байгууллагын эрхэд халдах, шийтгэл оногдуулах хууль эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад дээрх шийтгэлийн хуудсыг бичсэн.

Хариуцагчийн нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн 2020 оын 07 дугаар сарын 23-ний өдөр үйлдсэн тэмдэглэлд “38 вагон тавцанг зөвшөөрөлгүйгээр УБ хот руу явуулсан”, 2020 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн No32 дугаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал хэсэгт гаалийн улсын байцаагч зөвшөөрч хөдөлгөх зөвшөөрөл олгоогүй болох нь харагдаж байна”, гаалийн улсын ахлах байцаагч н.Н-ийн гаргасан тайлбарт “2020.07.21-д гаалийн хяналтад байгаа 38 вагоныг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн байгааг мэдэж" гэсэн тайлбар, шийтгэлийн хуудсан дах “38 вагон тавцанг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр УБ хот руу явуулсан” гэснээс харахад гаалийн улсын байцаагч тухайн 38 тавцант вагоныг зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, явуулсан гэсэн зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн байна гэж үзэхээр байна.

Гэтэл Зөрчлийн хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дугаар зүйл Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн. эсхүл ачсан, эсхүл буулгасан, эсхүл шилжүүлэн ачсан нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй бол....гэж тусдаа заалт байгааг шүүгч анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл зүйлчилсэн хуулийн заалт бодит нөхцөл байдалд гаргасан үйлдэл 2 хоорондоо нийцээгүй буюу хэрэв хууль зөрчиж хөдөлгөсөн, явуулсан гэж дүгнэсэн бол Зөрчлийн хуулийн өөр заалтаар шийтгэл ногдуулах байсан.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” бол Монгол болон ОХУ-ын хувь нийлүүлж хамтран байгуулсан аж ахуйн нэгж бөгөөд анх 1949 оны 6 дугаар сарын 6-ний өдөр 2 улсын Засгийн газар хооронд хэлэлцээрээр хувь нийлүүлэн нийлж байгуулсан бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн No260 дугаар тогтоолоор дээрх хэлэлцээрийг Монгол Улсын нэгдсэн орсон Олон улсын гэрээгээр баталсан.

Тус 2 улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн ж-д төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг гаалийн шалгалт хийхгүй ба гааль татварыг хураахгүйгээр БНМАУ-д нэвтрүүлэн оруулж байх үүргийг БНМАУ-ын Засгийн газар хүлээсэн.

Манай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” нь дэлхий нийтийг хамарсан цар тахал болох COVID-19 вирус гарсантай холбогдуулан Улсын онцгой Комисс, Засгийн газар болон Зам тээврийн хөгжлийн яамнаас ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, экспорт, импортын ачаа барааг хүндрэл чирэгдэлгүйгээр нэвтрүүлэхийг бидэнд үүрэг болгосон бөгөөд дээрх нөхцөл байдалтай холбогдуулан чингэлэг тээвэрлэх зориулалтаар 38 тавцант вагоныг ОХУ-ын Трансконтейнер компанитай түрээсийн гэрээ байгуулан оруулж ирсэн байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, Гаалийн тухай хуулийн 2.2 дугаар зүйл "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө”, Зөрчлийн тухай хуулийн 1.4-ийн 1 дүгээр зүйл “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж тус тус заасны дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” нь дээрх 38 тавцант вагоныг Монгол улсад оруулж ирэхэд гаалийн хуулийн дагуу гаалийн хяналт шалгалт хийлгэх, ямар нэгэн зөвшөөрөл авах үүрэг хүлээгээгүй байна.

Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан гэсэн тохиолдолдын хувьд гаалийн шалгалт болон гаалийн хяналт нь ялгаагүй байх бөгөөд анхан шатны шүүх нь ямар үйлдэл, ажиллагаагаар ялгагдаж байгааг тодорхойлохгүйгээр шууд үгүйсгэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон.

Зөрчлийн тухай хуульд “гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөл гаалийн хилээр гаргасан” гэсэн үйлдэлтэй хамааралгүй хуулийн заалт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл шаардлагыг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 0245473 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Маргаан бүхий актаар нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ыг ОХУ-аас 2020 оны 7 дугаар сарын 10, 11, 18-ны өдрүүдэд Сүхбаатар өртөөнд орж ирэн гаалийн хяналтад байсан 38 вагон тавцанг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот руу явуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгосон байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч, “38 тавцант вагоныг хуульд заасан үндэслэлээр Монгол улсад оруулсан, Гаалийн тухай хуульд заасны дагуу хяналт шалгалт хийлгэх, ямар нэгэн зөвшөөрөл авах үүрэг хүлээгээгүй, хяналт шалгалтгүй оруулах ёстой байсан, Гаалийн тухай хуулийн 4.3, 4.4 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй бөгөөд тухайн шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дах заалт, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргажээ. 

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх...хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг” 3.1.5-л “тээврийн хэрэгсэл” гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн ОХУ-аас оруулж ирсэн хөдлөх эд хөрөнгө буюу 38 тавцант вагон нь тээврийн хэрэгсэл бус бараа гэх хуулийн нэр томъёонд хамаарахаар, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Аливаа этгээд энэ хууль болон Монгол Улсын олон улсын гэрээ /цаашид “олон улсын гэрээ” гэх/-нд заасан нөхцөл, журмын дагуу бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр чөлөөтэй нэвтрүүлэх эрхтэй” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх зарчмыг тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь 2020 оны 07 дугаар сарын 10, 11, 18, 25-ны өдрүүдэд 38 вагон тавцанг ОХУ-аас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Сүхбаатар боомтын хяналтын бүсэд оруулж ирснийг дагалдах бичиг баримтыг үндэслэн гаалийн хяналтад авч импортын манифест, гаалийн бүрдүүлэлт хийж, улмаар гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр 38 вагон тавцанг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу татан авсан нь тогтоогдож байхын зэрэгцээ гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй гаалийн хилээр гаргасан зөрчилд хамаарахаар бөгөөд “гүний гаалийн байгууллага” руу нэвтэрсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Гаалийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг түүний сонгосон горимд байршуулна” гэж, 188 дугаар зүйлийн 188.1-д “Дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимын дагуу барааг өөрчлөлт оруулахгүйгээр, тогтоосон хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор дараахь гаалийн байгууллагын хооронд тээвэрлэнэ” гэж, 188.1.1-д “хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллага хооронд” гэж, 192 дугаар зүйлийн 192.1-д “Хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагад хүргэх барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулахад ачааны манифестыг үндэслэнэ” гэж зааснаас үзвэл дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах бараанд гаалийн байгууллага хяналт тавих, гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх, барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэхэд 38 тавцанд вагонд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх зэрэг боломжтой байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй тул шийтгэлийн хуудас үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/281 дүгээр тушаалаар батлагдан “Ачааны манифест нөхөн бичих, хянан, бүртгэх журам”-ын 1.2-д “Хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн бүртгэл /цаашид “бүртгэл” гэх/ бараа, тээврийн хэрэгслийн манифестыг гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч тээврийн хэрэгсэл, чингэлэг тус бүрт нөхөн бичиж, барааг тээвэрлэнэ” гэж, 1.4-д “Тээвэрлэгч манифестанд бичигдсэн хүлээн авах гаалийн хяналтын бүсэд барааг” хүргэнэ гэж зохицуулсанаас үзвэл, гомдол гаргагчаас гаалийн хяналтад байсан барааг хилийн гаалиас гүний гаальд шилжүүлэхдээ холбогдох /Гаалийн ерөнхий газрын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтын асуудал хариуцсан/ газарт хүсэлт гарган гаалийн “зөвшөөрөх” үйлдэл хийсний дараа Улаанбаатар хот руу зорчуулах ёстой байжээ. 

Түүнчлэн гомдол гаргагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дах заалтад заасан илт хууль бус шинжийг агуулсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Маргаан бүхий “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0245473 дугаар шийтгэлийн хуудасны агуулгаас үзвэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд “Захиргааны акт илт хууль бус болох” гээд 7 шинжийг агуулаагүй бөгөөд хуульд илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн захиргааны актаар бий болгосон үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргааны түүнийг хэрэгжүүлэх ёсгүй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч гаалийн хяналтад байгаа /38 тавцант вагон/-ыг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр гаалийн хилээр гаргасан тогтоогдож байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Мөн гомдол гаргагчаас Засгийн газрын хэлэлцээрийн дагуу 38 вагон тавцанг хяналт шалгалтгүйгээр оруулах ёстой байсан гэж маргадаг. 

Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Монгол Улсын хуулийн этгээд байх бөгөөд “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэлтэй” хуулийн этгээд байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Маргааны үйл баримтад дурьдаж буй, хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн Ж дэхь хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газар хүлээнэ гэж заасны дагуу гомдол гаргагчаас 38 тавцант вагоныг Монгол Улсад оруулж ирэхэд гаалийн хяналт, шалгалт хийлгэх үүрэг хүлээгээгүй гэжээ. Гэвч тус гэрээнээс үзвэл, зөвхөн “...төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг гаалийн шалгалт хийхгүй ба гааль, татвар...”-ыг хураахгүйгээр Монгол улсад нэвтрүүлэн оруулж байх үүргийг хүлээсэн бөгөөд тус 38 ширхэг тавцанд вагонд хамаарахааргүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН