Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 159/ШШ2020/0031

 

хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяа

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяагийн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт оногдуулсан 2020 оны 7 дугаар сарын өдөр нь тодорхойгүй буюу бичигдээгүй, 0245473 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг, Б.Нарантуяа, С.Хүслэн, хариуцагч Ц.Эрдэнэзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо:

... Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяа нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдуулан 2020 оны 7 дугаар сард өдөр нь тодорхойгүй буюу бичигдээгүй 0245473 дугаартай шийтгэлийн хуудас ногдуулсныг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гардан авч манай Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга М.Дамдинхоролд хандан гомдол гаргасан болно. Дээрх гомдлын хариуг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гардан авсан бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяагийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам-ийг торгосон шийдвэрийг бүхэлд нь хэвээр үлдээх, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэн ирүүлсний дагуу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад хандан гомдол гаргахад 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр №01/-2/3375 дугаартай албан бичгээр 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн хариуг бидэнд ирүүлсэн болно.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяагийн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт оногдуулсан 2020 оны 7 дугаар сарын өдөр нь тодорхойгүй буюу бичигдээгүй, 0245473 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгохоор дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан бол гэсэн байх буюу гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, түүнчлэн гаалийн хилээр гаргасан гэсэн 2 үйлдлийн аль нэг нь хийгдсэн тохиолдолд дээрх зөрчил үйлдэгдсэнд тооцогдохоор байна. Гэтэл бодит байдал дээр манай байгууллагын зүгээс дээрх 2 үйлдлийн алийг нь ч гаргаагүй болно. Үүнд:

Гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон гэх үйлдлийн тухайд: Дээрх хуулийн заалтаас харахад зөрчил гаргагч субъект нь гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон тохиолдолд зөрчилд тооцогдохоор агуулгатай байна. Тус шийтгэлийн хуудас дахь 2020 оны 7 дугаар сарын 10, 11, 18-ны өдрүүдэд Сүхбаатар өртөөнд Оросын холбооны улсаас орж ирсэн гаалийн хяналтад байсан 38 вагон тавцанг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан гэх асуудлыг шалгаад гэснээс харахад зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар гаалийн нэг хяналтаас нөгөө хяналт руу шилжүүлсэн үйлдэлд зөвшөөрөлгүй олгосон гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудас бичсэн нь үндэслэлгүй байна. Сүхбаатар өртөө нь хилийн өртөө учир Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замаар тээвэрлэгдэн орж ирж буй бүхий л импорт, реэкспортын болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй ачаа, тээврийн хэрэгсэл орж ирж Сүхбаатар өртөөний замыг эзлэн холбогдох гаалийн бүрдүүлэлт хийлгэдэг.

Тухайн үед буюу 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар өртөөтэй залгаа Оросын холбооны улсын Оросын төмөр зам нь зам засварын ажил хийсэнтэй холбогдуулан Сүхбаатар өртөөний хүлээлгэн өгөх галт тэрэгний тоо багассаны улмаас тус өртөөнд вагон, хөдлөх бүрэлдэхүүний их хэмжээний хуримтлал үүсч, галт тэрэгний сэлгээний ажил хийхэд хүндрэл учирч, улмаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдахад хүрсэн тул тус 38 ширхэг тавцант вагонуудыг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын харьяа АБТЭМА гаалийн хяналтын бүс руу татаж улмаар Улаанбаатар хотод гаалийн бүрдүүлэлт хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн.

Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахал болох СОVID-19 вирус гарсантай холбогдуулан Улсын онцгой комисс, Засгийн газар болон Зам тээврийн хөгжлийн яамнаас ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, экспорт, импортын ачаа барааг хүндрэл чирэгдэлгүйгээр нэвтрүүлэхийг бидэнд үүрэг болгосон бөгөөд дээрх нөхцөл байдал нь энэхүү үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад саад учруулж дээрх байгууллагуудын өгсөн үүрэг даалгаврыг зөрчихөд хүргэж байсан.

Галт тэрэгний сэлгээний ажил хийхэд хүндрэл учрах улмаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж хөдлөх бүрэлдэхүүн замаас гарах нь ачаа нурах, эвдрэх нь олон сая тэрбум төгрөгөөр үнэлэгдэх бусдын эд хөрөнгө бараа материал гэмтэж, устах ашиглах боломжгүй болох, цаашлаад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй аюултай үр дагавар дагуулдаг тул бид галт тэрэгний аюулгүй байдлыг бүрэн хангах хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах төр засгийн байгууллагын онцгой байдалтай холбогдуулан гаргасан үүргийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх үүднээс Улаанбаатар хот дахь Гаалийн газрын харьяа АБТЭМА гаалийн хяналтын бүсэд тус вагонуудыг татсан юм.

Энэ нь хилийн гаалиас гүний гааль руу шилжсэн явдал болохоос гаалийн хяналтаас гарсан асуудал огт биш буюу гаалийн хяналтад хэвээр байгаа үйлдэл юм. Өөрөөр хэлбэл тэдгээр тавцант вагон нь зөвхөн төмөр замын өөрийн гол дээр зүтгүүрээр татуулж явдаг тээврийн хэрэгсэл тул бусад ачаа, тээврийн хэрэгсэл шиг гаалийн зам, гаалийн хяналтаас шууд гарах боломжгүй байдаг онцлогтой тул Улаанбаатар хот дахь Гаалийн газрын харьяа АБТЭМА гаалийн хяналтын бүс рүү шилжсэнээр гаалийн хяналт, гаалийн хилээр гарч байгаа асуудал огт биш юм.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан бид Гаалийн тухай хуулийн 32.1 дүгээр зүйл Гэнэтийн буюу давагдашгүй онцгой нөхцөл байдлын улмаас Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүхий газарт тээвэрлэн хүргэх боломжгүй болсон тохиолдолд хамгийн ойр байрлах гаалийн байгууллагад мэдэгдэх, түүнд хүргэх арга хэмжээ авна гэсэн заалтын дагуу гэнэтийн хүчин зүйл, нөхцөл байдал үүссэний улмаас Улаанбаатар хот дахь Гаалийн газрын харьяа АБТЭМА гаалийн хяналтын бүсэд тус вагонуудыг татаж, вагоны ачааны манифестыг зохих журмын дагуу АБТЭМА болгон залруулах арга хэмжээ авч өгөх талаар 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Гаалийн ерөнхий газар-т №61/84 дугаартай албан бичиг хүргүүлсэн байсан.

Үүнээс үзэхэд манай байгууллага нь дээрх 38 тавцант вагоныг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон асуудал огт гаргаагүй байхад буюу манай байгууллагын эрхэд халдаж шийтгэл оногдуулах хууль эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад дээрх шийтгэлийн хуудсыг бичсэн байна. Түүнчлэн нөгөө талаар гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон үйл баримт огт байхгүй нь дээрх нөхцөл байдлаас тодорхой бөгөөд ойлгомжтой харагддаг болно.

Гаалийн хилээр гаргасан бол гэх үйлдлийн тухайд: Гаалийн тухай хуулийн 4.3 дугаар зүйл Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ гэж зааснаас харахад гаалийн хилээр гаргана гэдэг нь Монгол Улсын хилээр гаргахыг ойлгохоор байна. Иймд тус тавцант вагон буюу тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарсан, Монгол Улсын хилийг давсан асуудал байхгүй бөгөөд Монгол Улсад байрлаж байгаа тул гаалийн хилээр гаргасанд тооцох хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

2.Шийтгэлийн хуудсанд дурдагдсан 38 тавцант вагон нь бараа биш харин тээврийн хэрэгсэл болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зүйлд заасан барааг улс хооронд тээвэрлэж, гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл юм. Монгол Улсын 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэгдэн орсон Олон Улсын харилцаан дахь ачааны вагон эдэлгээний дүрэм хэмээх Олон Улсын гэрээнд вагон гэж өөрийн гол дээр зүтгүүрээр татуулж явах болон ачаа тээвэрлэхэд зориулагдсан эсвэл галт тэрэгний бүрэлдэхүүн дэх вагонуудын аяллыг хангахад зориулагдсан тээврийн хэрэгсэл юм.

Ийнхүү бараа биш тээврийн хэрэгсэл байхад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан Гаалийн хяналтад байгаа барааг ..... хэмээн тухайн тавцант вагоныг бараанд тооцон шийтгэл оногдуулсан нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалт утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6 дахь заалт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7 дах заалт түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3.Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэрийн үндэслэл хэсгийн 9 дүгээр заалтад 3 дугаар хувь дээр хорон хэлбэрээр бүдэг, гараагүй байх магадлалтай байна гэсэн тайлбар өгснөөс харахад нэг талаас тухайн шийтгэлийн хуудсанд бичигдсэн огноог үнэн зөв, тодорхой бичих үүргийг улсын байцаагч биелүүлэх болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нөгөө талаас шийтгэлийн хуудсанд огноо бүрэн бичигдээгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль-ийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудсанд зөрчлийг шалган шийдвэрлэсэн он сар өдрийг тусгана гэсэн заалтыг зөрчсөн болохыг нотолж байна.

Ийнхүү манай байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэлийн хуудас оногдуулах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байхаас гадна Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяагийн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт оногдуулсан 2020 оны 7 дугаар сарын өдөр нь тодорхойгүй 0245473 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гомдлын шаардлагаа өөрчлөхдөө:

... Тус шүүхэд хандан УБТЗ ХНН-ийн зүгээс Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяагийн УБТЗ ХНН-д оногдуулсан №0245473 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох гэснийг өөрчилж, хүчингүй болгуулах шаардлагаар солих хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлд ... илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэснийг ... №0245473 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү хэмээн өөрчилж байгааг хүлээн авна уу. гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

... Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албанаас ирүүлсэн тайлбартай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1.Маргаанд холбогдож байгаа 2 үйлдлийг хийх ёстой байсан боловч хийгээгүй буюу ГЕГ-т бичгээр мэдэгдэж зөвшөөрөл авах, тээврийн бичиг баримтаа гаалийн хэсэгт авч орон бүртгүүлж гүний гааль руу илгээх гаалийн зөвшөөрлийг сүлжээгээр авах ажиллагааг хийгээгүй мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй юм. Учир нь бид өмнөх шүүхэд гаргасан гомдолд дурьдсанчлан гэнэтийн хүчин зүйл, нөхцөл байдал үүссэний улмаас Улаанбаатар хот дахь гаалийн газрын харьяа АБТЭМА гаалийн хяналтын бүсэд тус вагонуудыг татаж, вагоны ачааны манифестыг зохих журмын дагуу АБТЭМА болгон залруулах арга хэмжээ авч өгөх талаар 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Гаалийн ерөнхий газар-т №61/84 дугаартай албан бичиг хүргүүлсэн бөгөөд энэхүү албан бичгийн мөрөөр Гаалийн ерөнхий газарт хандан холбогдох зөвшөөрлийг авах гэтэл Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар танай нийгэмлэгийг зөрчлийн хуультай холбоотой асуудал үүсээд байгаа талаар мэдэгдсэн энэхүү асуудлаа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газартай шийдэх хүртэл зөвшөөрлийг өгөх боломжгүй байсан гэсэн тайлбар өгсөн. Иймд дээрх 2 үйл ажиллагааг огт хийгээгүй гэж үзэх боломжгүй юм.

2.Вагоныг бараа гэж үзэх талаар дурдсан байна. Гэвч тус шийтгэлийн хуудсанд дурдагдсан 38 тавцант вагон нь бараа биш харин тээврийн хэрэгсэл бөгөөд Монгол Улсын 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэгдсэн орсон Олон улсын харилцаан дахь ачааны вагон эдэлгээний дүрэм хэмээх Олон улсын гэрээнд вагон гэж өөрийн гол дээр зүтгүүрээр татуулж явах болон ачаа тээвэрлэхэд зориулагдсан эсвэл галт тэрэгний бүрэлдэхүүн дэх вагонуудын аяллыг хангахад зориулагдсан тээврийн хэрэгсэл гэж тодорхойлсон. Дээрх Олон улсын харилцаан дах ачааны вагон эдэлгээний дүрэм нь хариуцагчийн тодорхойлсон зөвхөн УБТЗ ХНН болон ОХУ-ын төмөр зам хооронд байгуулсан гэрээ төдий зүйл биш төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын байгуулж 25 нэгдэн улс орсон Олон улсын гэрээ юм. Гаалийн тухай хуулийн 2.2 дугаар зүйл Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд энэ тохиолдолд Гаалийн тухай хууль тогтоомжийг бус Олон улсын гэрээ болох Олон улсын харилцаан дах вагон эдэлгээний дүрэм-ийг дагаж мөрдөхөөр байна. Иймд бараа биш тээврийн хэрэгсэл байхад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийтгэлийн хуудас бичсэн нь үндэслэлгүй.

3.Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим-ын FORCE MAJUERE /гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон HARDSHIP /хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журам-ын 1.2.1 дүгээр заалтад Force majeure буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэг талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно гэсэн байх бөгөөд энэхүү заалтаас харахад гэрээний эрх зүйн харилцаа үүссэн тохиолдолд баримтлах заалт болох нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №264 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан Төмөр замаар ачаа тээвэрлэх журам-ын 20.8.4 дүгээр заалт тээвэрлэх ачаа нь хүний эрүүл мэнд амь нас байгаль орчин, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учруулах болон төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг саатуулахаар бол аливаа учирч болзошгүй аюул, хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын болон гаалийн байгууллагууд, ачаа илгээгч, хүлээн авагчтай урьдчилан тохирохгүйгээр тээвэрлэгчийн шийдвэрээр хаяг сольж буулгуулна. Ачааны хаягийг сольж буулгуулах болсон талаар тээвэрлэгч нь мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гаалийн байгууллага, хүлээн авагч, илгээгчид болон илгээсэн өртөөнд яаралтай мэдэгдэнэ гэсэн заалтын дагуу дээрх ажиллагаа мөн хийгдсэн болно. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

4.Сүхбаатар өртөөнд вагон, хөдлөх бүрэлдэхүүний их хэмжээний хуримтлал үүсч, галт тэрэгний сэлгээний ажил хийхэд хүндрэл учирч, улмаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах гэнэтийн нөхцөл байдалд хүрсэн тул тус 38 ширхэг тавцант вагонуудыг Сүхбаатар өртөө буюу хилийн гаалиас АБТЭМА /302001/ гүний гааль руу хаяг солих шаардлагатай болсон талаар бид өмнө гаргасан гомдолдоо тодорхой дурдсан. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/294 дүгээр тушаалаар батлагдсан гаалийн хяналтын бүсийн журмын 1.5 гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийнэ. Шаардлагатай тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүсээс өөр газарт мэдүүлэгчийн зардлаар хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн албаны болон ахуйн байрыг гаалийн хяналтын түр бүс гэж тооцно гэж заасны дагуу АБТЭМА хяналтын бүс рүү татсаныг гаалийн хяналтаас гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

5.Шийтгэлийн хуудас хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй буюу он, сар, өдрийг тодорхой бичээгүй болох нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн шийтгэлийн хуудаснаас тодорхой харагддаг тул хариуцагчийн тайлбар мөн үндэслэлгүй.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

... Тус шүүхэд хандан манай нийгэмлэгээс Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяагийн УБТЗ ХНН-д оногдуулсан 2020 оны 7 дугаар сарын өдөр нь тодорхойгүй буюу бичигдээгүй, №0245473 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд дээрх шийтгэлийн хуудсанд манай хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд зөвхөн салбар нэгж болох Сүхбаатар өртөө гэж зөрчил үйлдэгчийг тодорхойлж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 7.1-д Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь, түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно. 7.7-д Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна. гэж тус тус заасан байдаг. Манай УБТЗ ХНН нь зөвхөн хуулийн этгээдийн нэг гэрчилгээтэй бөгөөд Сүхбаатар өртөө нь хуулийн этгээд эрхтэй субъект биш юм. Иймд бие даасан хуулийн этгээдийн эрхгүй буюу бие даан хуулийн хариуцлага хүлээх чадамжгүй Сүхбаатар өртөөг хуулийн этгээд гэж үзэж торгууль ногдуулсан нь хууль зөрчиж байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүслэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

... Тус шүүхээс Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албанаас ирүүлсэн тайлбартаа ... гомдол гаргагч нь Гаалийн ерөнхий газарт бичгээр мэдэгдэж хариу аваагүй, Сүхбаатар өртөөний ачаа тээвэр хариуцсан ажилтан нь тээврийн баримтаа гаалийн хэсэгт авч бүртгүүлж, гүний гаальд илгээх гаалийн зөвшөөрлийг сүлжээгээр аваагүй гэжээ ..., дээрх ажиллагааг биелүүлсэн эсэх, хэрэв биелүүлээгүй бол ямар шалтгааны улмаас биелүүлээгүй талаар тайлбар баримт ирүүлэхийг хүссэний дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Сүхбаатар өртөө нь хилийн өртөө учир Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замаар тээвэрлэгдэн орж ирж буй бүхий л импортын болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй ачаа, тээврийн хэрэгсэл орж ирж Сүхбаатар өртөөний замыг эзлэн холбогдох гаалийн бүрдүүлэлт хийлгэдэг. Зөрчил гаргасан гэх 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар өртөөтэй залгаа ОХУ-ын Оросын төмөр зам нь зам засварын ажил хийсэнтэй холбогдуулан Сүхбаатар өртөөний хүлээлгэн өгөх галт тэрэгний тоо багассаны улмаас тус өртөөнд вагон, хөдлөх бүрэлдэхүүний их хэмжээний хуримтлал үүсч, галт тэрэгний сэлгээний ажил хийхэд хүндрэл учирч, улмаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах гэнэтийн нөхцөл байдал хүрсэн. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан бид Гаалийн тухай хуулийн 32.1-д заасны дагуу Улаанбаатар хот дахь Гаалий газрын харьяа АБТЭМА гаалийн хяналтын бүсэд тус вагонуудыг татаж, вагоны ачааны манифестыг зохих журмын дагуу АБТЭМА болгон залруулах арга хэмжээ авч өгөх талаар 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Гаалийн ерөнхий газар-т №61/84 дугаартай албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичгийн дагуу Гаалийн ерөнхий газарт хариу авахаар удаа дараа лавлахад Сэлэнгэ аймаг дахь гаалийн газартай танай УБТЗ ХНН нь энэ асуудлаар маргаантай байгаа юм байна, ... иймд энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл бид танай албан бичгийн хариуг өгөх боломжгүй байна, шийдвэрлэгдчихвэл манифест дээр хаяг солилт хийж болно гэсэн хариуг бидэнд амаар өгсөн.

Гэнэтийн хүчин зүйл буюу Сүхбаатар өртөөний хүлээлгэн өгөх галт тэрэгний тоо багассаны улмаас тус өртөөнд вагон, хөдлөх бүрэлдэхүүний их хэмжээний хуримтлал үүсч, галт тэрэгний сэлгээний ажил хийхэд хүндрэл учирч, улмаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөл байдалд хүрсэн тул бид урьдчилан тээврийн баримтаа гаалийн хэсэгт авч бүртгүүлж, гүний гаальд илгээх гаалийн зөвшөөрлийг сүлжээгээр авах боломжгүй байсан. Гэвч бид нэн даруй буюу талаар 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Гаалийн ерөнхий газар-т №61/84 дугаартай албан бичиг хүргүүлсэн, түүнчлэн урьдчилан бүртгүүлж, гүний гаальд илгээх зөвшөөрөл авах боломжгүй гэнэтийн нөхцөл байдал үүссэн байхад хариуцагчийн ... гомдол гаргагч нь Гаалийн ерөнхий газарт бичгээр мэдэгдэж хариу аваагүй, Сүхбаатар өртөөний ачаа тээвэр хариуцсан ажилтан нь тээврийн баримтаа гаалийн хэсэгт авч бүртгүүлж, гүний гаальд илгээх гаалийн зөвшөөрлийг сүлжээгээр аваагүй гэсэн нь үндэслэлгүй тайлбар байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчинсүрэн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

... Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-аас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяагийн бичсэн 0245473 дугаарын шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан гомдолд доорх хариу тайлбарыг гаргаж байна. УБТЗ ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа, С.Хүслэн, Г.Эрдэнэцэцэг нар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан бол гэсэн байхад гээд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан гэсэн 2 үйлдлийг онцлон гомдол гаргажээ. Үүнээс дүгнэхэд тэд гаалийн хяналтад байгаа гэх ойлголттой маргаагүй буюу хүлээн зөвшөөрсөн байгаад анхаарлаа хандуулна уу. Гаалийн хяналтад байгаа гэх ойлголтод юуг ойлгодгийг хуулиас харъя. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 заалтад гаалийн хяналт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг ойлгохоор хуульчилжээ. Энэ цогц арга хэмжээнүүд нь Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт бараа, тээврийн хэрэгслийг оруулах, гаргах үйл ажиллагаанд тээвэрлэгч болон гаальд мэдүүлэгч гэх субъектүүдээс хүлээх чиг үүрэг, хийх үйлдэл, тэдгээрт тавих гаалийн байгууллагуудын хяналтын үйл ажиллагаанууд багтдаг. Харин улсын чухал ажил, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, дээрээс шийдвэрлэсэн гэх мэт тайлбар нь хууль зөрчөөд хийгээд бай гэсэн утгыг агуулдаггүй, харин тухайн асуудлыг хариуцсан ажилтан, албан тушаалтнууд нь хуулиар тогтоосон арга хэмжээнүүдийг богино хугацаанд хийж гүйцэтгэхийг л даалгасан гэсэн үг. Хэрэв хуулиар ямар нэг ажиллагаа хийх ёстой бөгөөд тэр нь урт хугацаа шаардахаар бол хуулиар олгогдсон эрхийн хүрээнд УИХ, ЗГ-аас тодорхой зарим тохиолдлыг тодорхой хугацааны дотор тэдэн удаа ингэж хий гэж бичгээр шийдвэрлэдэг журамтай. Гэтэл маргаанд холбогдож байгаа асуудлын тухайд авч үзэх юм бол доорх үйлдлүүдийг хийх ёстой байснаа хийгээгүй. Үүнд:

-Гаалийн ерөнхий газарт бичгээр мэдэгдэж зөвшөөрөл авах,

-Сүхбаатар өртөөний ачаа тээврийн асуудал хариуцсан ажилтан нь вагоны тавцангийн төмөр замын наклад буюу тээврийн баримтаа гаалийн хэсэгт авч орон бүртгүүлж, гүний гааль руу илгээх гаалийн зөвшөөрлийг сүлжээгээр авах.

Энэ 2 ажиллагаа хийгдэхэд ердөө 2-5 цагийн л хугацаа зарцуулна. Харин тус тавцант вагонууд нь 7 дугаар сарын 10-аас 18-ны хооронд хэсэг хэсгээрээ цувран ОХУ-аас орж ирээд 7 дугаар сарын 20-нд Сүхбаатар өртөөнөөс вагонуудаа татаад УБ руу явуулчихсан нь 21-ний өдөр гаалийн улсын ахлах байцаагч Б.Нарантуяа илрүүлээд Сүхбаатар өртөөний ачаа тээвэр эрхэлсэн орлогч дарга Г.Эрдэнэцэцэгээс тодруулахад дээрээс шийдвэр ирээд явуулсан. Явуулах шийдвэрийг би өгсөн гэх мэдүүлгээс харагддаг. Ингээд л хуулийн хариуцлага хүлээх асуудал хөндөгдөөд ирсний дараа 22-ны өдөр УБТЗ-ын гаалийн хэлтсээс Гаалийн ерөнхий газрын гаалийн хяналт шалгалтын газарт нөхөж бичиг илгээсэн байдаг. Энэ нөхөж хийгдэх үйлдэл мөн үү. Төмөр замын байгууллага нь 24 цагаар амралтын өдөр гэж ялгахгүй ажилладаг гэж тайлбарласан байна. Манай гаалийн байгууллага ч гэсэн 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгааг энд дурдах нь зүйтэй. Одоо гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс гаргаж тавьж байгаа дараагийн үндэслэл болох гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон гэх үйлдэл байхгүй харин энэ нь гаалийн нэг хяналтаас нөгөө хяналт руу шилжүүлсэн үйлдэл гэж мушгихыг оролдож байна. Дээр тодорхой тоочсноор гаалийн байгууллагад хандсан уу. Хандсан бол хэн гэж ямар ажил үүрэгтэй хүн хэдний өдрийн хэдэн цагт ямар утга агуулгатай хүсэлтийг гаалийн байгууллагын хэн гэдэг хүнд гаргасан бэ. Гомдол гаргагч маань гаалийн хяналтад байсан барааг гаалийн байгууллагын ямар ч албан хаагчид хандалгүйгээр УБ руу явуулсан гэдгээ энд өөрөө хэлчихлээ. УБ хотын гаалийн хяналтад энэ 38 вагон тавцан очиж, гаалийн хяналтад авагдсан эсэх, гаалийн хяналтын бүсийн зам дээр байрлаж байгаа эсэх асуудлыг бид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад УБ хот дахь гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанд хандан шалгуулсан. Ирсэн хариу нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хэрэгт хавсаргагдсан байгаа.

Мөн Сүхбаатар өртөө нь хилийн өртөө бөгөөд вагонууд нь дээрээ ачаа ачаад хилээр нэвтэрдэг буюу Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан тээврийн хэрэгсэл юм гэж тайлбарлахыг оролдож, үүгээрээ зөрчлийн объект болох тавцант вагонууд нь бараа гэх ойлголтод хамаарахгүй харин тээврийн хэрэгсэл гэх ойлголтод хамаарна гэж нотлохыг оролджээ. Тэгвэл тус 38 ширхэг тавцант вагонууд нь яагаад гаалийн хяналтад авагдсан юм бэ. Бараа биш бол яагаад УБТЗ нь ОХУ-ын РЖД-тэй тавцант вагон түрээслэх гэрээтэй оруулж ирж байгаа юм бэ. Гомдол гаргагч өөрөө гомдол дээрээ энэ талаар тайлбарлачихсан байна. Утгачлан базаж харвал Төмөр замын зам хүрэлцээ багассан учраас төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Сэлэнгэ гаалийн хяналтаас гүний гаалийн хяналт буюу УБ хотын гаалийн хяналтад татсан гээд биччихсэн байна. Мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 заалтад бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг ойлгохоор зохицуулжээ. Харин 3.1.5 тээврийн хэрэгсэл гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг ойлгоно гэсэн байна. Тэгвэл маргааны объект болох 38 тавцант вагон нь УБТЗ, ОХУ-ын төмөр зам хоёрын хоорондын гэрээгээр УБТЗ-ын мэдэлд ашиглахаар гэрээтэй шилжүүлж байгаа буюу 3.1.1-д заасан тээврийн хэрэгсэл болж байна.

Асуулт: Тус 38 ширхэг тавцант вагон одоо аль гаалийн хяналтад байгаа вэ. Гаалийн ерөнхий газраас тус тавцант вагонуудыг УБГГ-ын хяналтад манифестийг нь шилжүүлэх зөвшөөрөл өгсөн үү. Манифест шилжүүлэх ажиллагаа хийгдсэн үү. Түр горимоор бараа оруулах гаалийн бүрдүүлэлт хийгдсэн үү. Надад байгаа мэдээллээр бол аль нь хийгдээгүй байгаа. Тэгсэн мөртлөө аль хэдийн бараа зөөвөрлөх эргэлтэндээ оруулчихсан байгаа. Энэ тэгээд хуулийн дагуу юм уу. Төмөр замын зарим албан тушаалтан дээгүүрээ дарга нар ширээний ард яриад шийддэг юм. Та нар мэддэг юм биш гэж ажил хариуцсан манай ажилтны асуулгад хариулсан байдаг. Тэгэхээр хэн нь хууль зөрчиж, том толгой гаргаад байна. Мөн гомдол гаргагч нь гомдолдоо Гаалийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 Гэнэтийн буюу давагдашгүй онцгой нөхцөл байдлын улмаас Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүхий газарт тээвэрлэн хүргэх боломжгүй болсон тохиолдолд хамгийн ойр байрлах гаалийн байгууллагад мэдэгдэх, түүнд хүргэх арга хэмжээ авна гэсний дагуу УБ гаалийн газрын хяналтад татаж вагоны ачааны манифестийг зохих журмын дагуу АБТЭМА болгон залруулах арга хэмжээ авахуулах талаар 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ГЕГ-т 61/84 тоот албан бичиг хүргүүлсэн байсан гэжээ.

Нэгд уг нь хамгийн ойрхон гаалийн байгууллага нь Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар баймаар юм. Яагаад мэдэгдэж болоогүй юм бэ. 20-нд татаж авч яваад 21-нд УБ-т аваачаад 22-нд ГЕГ-т хандсан болж байна уу. Энэ үйлдлээ хуулийн үндэслэлтэйгээр тайлбарлах шаардлагатай байна.

Хоёрт гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдал гэх ойлголтыг энд тайлбарлая. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийг гэрчилдэг чиг үүрэгтэй байгууллага Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан force majeure /гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон hardship /хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журмын дагуу 1.2.1-д заасны дагуу force majeure буюу гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно:

1.Зарласан бол зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хувьсгал

2.Байгалийн бүх төрлийн гамшиг /хүчтэй салхи шуурга, хар салхи, газар хөдлөлт, хүчтэй давалгаа, үер, цас, зуд, ган гачиг, их хэмжээний бороо, аянга цахилгаан, гал түймэр гэх мэт/

3.Тэсрэлт, дэлбэрэлт, машин, үйлдвэрлэлийн тоног төрөхөөмжийн эвдрэл, цахилгаан ноцтой гэмтэл,

4.Бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт

5.Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж, ажлын байр татан буугдах, эд хөрөнгө дайчлан хураах, нийгэмчлэх зэрэг орно гэж журамласан байна. Төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолдоо дурдсан нөхцөлүүд нь эдгээрийн аль нэгэнд хамаарахгүй байна. Гаалийн тухай хуульд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэх асуудлыг Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээний үндсэн дээр тусгаж өгч хуульчилсан. Тиймээс дээрх ойлголт руу хэн нэгэн өөрт хэцүү санагдсан нөхцөл бүрээ хамааруулан авч үзэх боломжгүй байгааг харгалзан үзнэ үү. Мөн гомдол гаргагч тал гаалийн хилээр гаргасан бол гэх Зөрчлийн тухай хуулийн ухагдахуун нь тухайн бараа улсын хилээр гараагүй учраас буруу гэж тайлбарлахыг оролдсон байна. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 гаалийн хилээр нэвтрүүлэх гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг 3.1.18 гаалийн хяналтын бүс гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг 4.4 Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно гээд хуульчилсан байна.

Сүхбаатар өртөөний замууд нь гаалийн хяналтын бүс бөгөөд улсын хилээр орж ирж байгаа бараа, тээврийн хэрэгслүүд нь өртөөний зам дээрээ гаалийн хяналтад ордог, гарах гэж байгаа нь мөн л өртөөний зам дээр гаалийн хяналтад авагдан гаалийн хяналт, бүрдүүлэлтийн цогц үйл ажиллагаанд ордог. ГЕГ-аас гаалийн хяналтын бүсүүдийн код өгөгдөж, энэ жагсаалтад нь Сүхбаатар өртөө гээд тодоос тод бичигдчихсэн байна. Харин УБТЗ, түүний нэгж болох Сүхбаатар өртөө нь гаалийн хууль тогтоомжийн хувьд тээвэрлэгч гэх статустай оролцдог, тээвэрлэгчийн эрх, үүрэг нь хувьчлагдсан, энэ хүрээнд л одоо болтол ажиллаж байгаа юм. Тийм ч учраас өртөөний зам дээр 38 тавцант вагон зогсож байсан гэдгийг, гаалийн хяналтад байсан гэдгийг гомдол гаргагч өөрөө гомдолдоо бичээд байгаа хэрэг. Эндээс өртөө нь гаалийн бүс мөн, гаалийн хяналтын бүсийн хил нь гаалийн хилд тооцогддог гэдэг нь ойлгомжтой болж байна. Шийтгэврийн хэвлэмэл хуудас нь хорон 3% байдаг бөгөөд түүнийг гараар бичдэг. Гараар бичсэн 3%-ийн эхний 2 хувь дээр гомдол гаргагчийн маргаад байгаа нэг үндэслэл болох өдөр бичигдээгүй гэх үндэслэл харагдахгүй байгаа буюу уншиж болохоор харагдаж байгаа юм. Иймээс шийтгэврийн хуудас бичихдээ илт процессын алдаа гаргасан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Сүхбаатар өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Г.Эрдэнэцэцэг нь шийдвэр өгч гаалийн хяналтын бүсэд, гаалийн хяналтад байсан бараа болох 38 тавцант вагоныг хөдөлгөн авч явсан, УБТЗ түүнийг өөрийн хэрэгцээндээ ашиглаж байгаа нь гадаадын барааг буюу гаалийн байгууллага тус барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, ашиглахыг зөвшөөрөөгүй байхад дур мэдэн авч ашиглаж байгаа нь илт хууль зөрчиж байгаа юм. Иймд гомдол гаргагчийн гомдлыг бүрэн хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяагийн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт оногдуулсан 2020 оны 7 дугаар сарын өдөр нь тодорхойгүй буюу бичигдээгүй, 0245473 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

ОХУ-аас 2020 оны 7 дугаар сарын 10, 11, 18-ны өдрүүдэд Сүхбаатар өртөөнд орж ирэн гаалийн хяналтад байсан 38 вагон тавцанг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот руу явуулсан зөрчилд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 0245473 дугаартай шийтгэлийн хуудас[1]-аар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгожээ.

Гомдол гаргагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгчид ...ОХУ-аас оруулж ирсэн 38 тавцант вагон нь тээврийн хэрэгсэл бус бараа гэж үзэн шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах гэнэтийн нөхцөл байдал үүссэн тул гаалийн бүрдүүлэлтийг хилийн гаалиас гүний гаальд хийлгэхээр шилжүүлсэн, гаалийн хяналтаас гараагүй тул зөрчил биш, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг байгуулах хоёр орны Засгийн газрын 1949 оны хэлэлцээрийн дагуу 38 вагон тавцанг хяналт, шалгалтгүй оруулах байсан, шийтгэлийн хуудсыг хэдний өдөр гаргасан, гомдлыг хаана, хэзээ гаргах талаар дурьдаагүй. гэж маргажээ.

1.ОХУ-аас оруулж ирсэн 38 тавцант вагон нь тээврийн хэрэгсэл бус бараа гэж үзэн шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус гэх гомдлын тухайд:

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг;, мөн зүйлийн 3.1.5-д тээврийн хэрэгсэл гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг; ойлгоно гэж тус тус заажээ.

Гэтэл уг 38 ширхэг тавцант вагоныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүслэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...ОХУ-аас түрээсийн гэрээгээр 1 жилийн хугацаатай дотооддоо, өөрийн байгууллагын үйл ажиллагаанд зориулан оруулж ирсэн... гэж, харуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчисүрэнгийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт ...тэгвэл тус 38 ширхэг тавцант вагон яагаад гаалийн хяналтад авагдсан юм бэ? бараа биш юм бол яагаад Улаанбаатар төмөр зам нь ОХУ-ын РЖД-тэй тавцант вагон түрээслэх гэрээтэй оруулж ирж байгаа юм бэ? гомдол гаргагч өөрөө гомдол дээрээ энэ талаар тайлбарлачихсан байна[2] гэж тус тус тайлбарласан. Мөн Улаанбаатар төмөр замын гаалийн хэлтсээс Сүхбаатар өртөөгөөр орж ирсэн 38 ширхэг тавцант вагоны гаалийн бүрдүүлэлтийг Улаанбаатар хотод хийлгэхээр Гаалийн ерөнхий газарт хандсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 6/184 тоот албан бичиг зэргээс үзвэл тухайн 38 тавцант вагон нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх тээврийн хэрэгсэл бус, мөн хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгсэл болох бараа тэр дундаа гадаад бараанд хамаарч байна.

Иймд тухайн 38 ширхэг тавцант вагон нь шууд утгаараа тээврийн хэрэгсэл боловч Гаалийн тухай хуулиар зохицуулснаас үзвэл тухайн тээврийн хэрэгслийн зориулалт, хугацаанаас хамаарч барааны ангилалд орох тохиолдол байдгийг гомдол гаргагчаас үгүйсгэн, Монгол Улсын 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэгдэн орсон Олон Улсын харилцаан дахь ачааны вагон эдэлгээний дүрэм хэмээх олон улсын гэрээнд Вагон гэж өөрийн гол дээр зүтгүүрээр татуулж явах болон ачаа тээвэрлэхэд зориулагдсан эсвэл галт тэрэгний бүрэлдэхүүн дэх вагонуудын аялалыг хангахад зориулагдсан тээврийн хэрэгсэл гэж заасан байх тул 38 тавцант вагон нь тээврийн хэрэгсэл гэж явцуу утгаар тайлбарласан нь үндэслэлгүй байна.

2. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах гэнэтийн нөхцөл байдал үүссэн тул гаалийн бүрдүүлэлтийг хилийн гаалиас гүний гаальд хийлгэхээр шилжүүлсэн, гаалийн хяналтаас гараагүй тул зөрчил биш гэх гомдлын тухайд:

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 5, 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 8, 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 25, нийт 38 вагон тавцанг ОХУ-аас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Сүхбаатар боомтын Ачааны хэсэг 304001 кодтой хяналтын бүсэд оруулж ирснийг дагалдах бичиг баримтыг үндэслэн гаалийн хяналтад авч импортын манифестээр /845 горимоор/ гаалийн бүрдүүлэлт хийж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын оруулж ирсэн дээрх 38 тавцант вагоны тээврийн баримтад зааснаар хүрэх өртөөг Сүхбаатар гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын 304006 кодтой хяналтын бүсийн хяналтад илгээжээ[3].

Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулах, иргэн хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдал үүссэн гэж үзэн түүнийгээ Гаалийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэлд хамаатуулж тайлбарладаг атлаа гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй 38 ширхэг тавцант вагоныг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу татан авч, гаалийн бүрдүүлэлтийг Улаанбаатар хотод хийлгэн вагоны ачааны манифестыг зохих журмын дагуу залруулахаар Гаалийн ерөнхий газрын даргад 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хандсан байна.

Гаалийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүхий газарт тээвэрлэн хүргэх боломжгүй болсон тохиолдолд хамгийн ойр байрлах гаалийн байгууллагад мэдэгдэх, түүнд хүргэх арга хэмжээ авна. гэж заасан. Гэтэл тухайн бараа Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт орж ирэн, Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын 304006 кодтой хяналтын бүсийн хяналтад байсан тул гаалийн байгууллага бүхий газарт тээвэрлэн хүргэх боломжгүй нөхцөл байдал үүсэхгүй, улмаар хамгийн ойр байрлах гаалийн байгууллагад мэдэгдэх, түүнд хүргэх шаардлагагүй бөгөөд энэхүү зохицуулалт тухайн тохиолдолд хамаарахгүй, бодит байдалтай нийцэхгүй байна. Харин Сүхбаатар өртөөтэй залгаа ОХУ-ын Оросын төмөр зам-ын буюу Иркутск ангилалын өртөөний тэгш тооны ангилалын паркын замын их засвар[4]-ын улмаас гаалийн хяналтын бүсийн техникийн хүчин чадлаас шалтгаалан галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд хүндрэл учирсан бол тухайн нөхцөл байдалтай уялдуулан холбогдох арга хэмжээг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх байжээ.

Гомдол гаргагч нь гаалийн бүрдүүлэлтийн горимыг зөрчиж, тухайн бараанд тавих гаалийн хяналтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Тодруулбал, Гаалийн тухай хуулийн 78, 79 дүгээр зүйлд тус тус заасан гаалийн бүрдүүлэлтийн нэг ангилалаас нөгөө ангилалд, нэг төрлөөс нөгөө төрөлд буюу барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах гаалийн бүрдүүлэлтийн ангилалаас барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих ангилалд, барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах бүрдүүлэлтийн горимын төрлөөс барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх төрөлд тус тус шилжүүлэхэд шаардагдах бичиг баримт, холбогдох зөвшөөрлийг аваагүй.

Гаалийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд барааг гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулах талаар зохицуулсан бөгөөд 74.3.1-т энэ хуулийн 79.4.1, 79.4.2-т заасан төрлийн горимд ачааны манифестыг-ыг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийн горимд барааг байршуулна гэж заасан. Мөн хуулийн 188 дугаар зүйлийн 188.1-д Дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимын дагуу барааг өөрчлөлт оруулахгүйгээр, тогтоосон хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор дараах гаалийн байгууллага хооронд тээвэрлэнэ гээд 188.1.1-д Хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллага хооронд тээвэрлэхийг хуулиар зөвшөөрсөн бөгөөд дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах бараанд гаалийн байгууллага хяналт тавих, гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх, барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэхэд ашиглах тээврийн хэрэгсэлд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх зэрэг боломжтой байх шаардлагыг Гаалийн тухай хуулийн 189 дүгээр зүйлд зохицуулж, улмаар мөн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д Хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагад хүргэх барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулахад ачааны манифестыг үндэслэнэ гэж тус тус заасан байхад холбогдох ажиллагааг хийлгүй, дээрх хуулийн заалтыг зөрчжээ.

Гаалийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын удирдлага батална гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/281 дүгээр тушаалаар батлагдсан Ачааны манифест нөхөн бичих, хянах бүртгэх журам-ын Тавд. Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэлд манифест бичих, хяналт тавих талаар зохицуулсан бөгөөд 5.13-т импортын манифесттай барааг гаалийн байгууллага хооронд шилжүүлэх тохиолдолд Гаалийн удирдах төв байгууллагын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтын асуудал хариуцсан нэгжид хүсэлт гаргана, 5.15-д Дараах тохиолдолд барааг гаалийн хяналтын бүс хооронд шилжүүлнэ, 5.15.4-т гаалийн хяналтын бүсийн техникийн хүчин чадлаас шалтгаалан хүлээн авах боломжгүй болсон, 5.16-д Энэ журмын 5.13, 5.14-т заасан албан тушаалтан бараа хүлээн авагчийн хүсэлтийг харгалзан шилжүүлэх тохиолдолд манифестийн хүрэх хяналтын бүсийн нэр кодыг гаалийн автоматжуулсан системд өөрчилж, зөвшөөрөх үйлдэл хийнэ гэж тус тус заасан байна.

Үүнээс үзвэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь гаалийн хяналтад байсан барааг хилийн гаалиас гүний гаальд шилжүүлэхдээ Гаалийн ерөнхий газрын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтын асуудал хариуцсан нэгжид хүсэлт гарган улмаар холбогдох албан тушаалтнаас гаалийн зөвшөөрөх үйлдэл хийсний дараа Улаанбаатар хот руу авч явах байтал мэдэгдэж, зөвшөөрөл аваагүйн улмаас тухайн бараанд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх, барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэхэд ашиглах тээврийн хэрэгсэлд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх зэрэг гаалийн хяналтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байх тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн энэхүү гомдол үндэслэлгүй байна.

3.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг байгуулах хоёр орны Засгийн газрын 1949 оны хэлэлцээрийн дагуу 38 вагон тавцанг хяналт шалгалтгүй оруулах байсан гэх гомдлын тухайд:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа шүүх хуралдаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг байгуулах хоёр орны Засгийн газрын 1949 оны хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн 8.ж-д Төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг гаалийн шалгалт хийхгүй ба гааль/татвар хураахгүйгээр Бүгд найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруулж байх... гэж заасны дагуу ОХУ-аас оруулж ирсэн 38 ширхэг тавцант вагоныг гаалийн хяналт шалгалтгүй нэвтрүүлэх байсан гэж тайлбарлан маргадаг.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчинсүрэн гаалийн хяналт гэдэг ойлголт нь цогц арга хэмжээг хэлэх бөгөөд дээрх хэлэлцээрт дурьдагдсан гаалийн шалгалт хийхгүй гэдэг нь гаалийн хяналтгүй нэвтрүүлнэ гэсэн ойлголт биш юм гэж тайлбарлаж буйг үгүйсгэх боломжгүй юм.

Учир нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д гаалийн хяналт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг ойлгоно гэж заасан бөгөөд гаалийн хяналт нь тус хуулийн 240 дүгээр зүйлд зааснаар 10 хэлбэртэй байх бөгөөд үүнд гаалийн шалгалт хамаарч байна. Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 38 вагон тавцанг хяналт шалгалтгүй Монгол Улсад нэвтрүүлнэ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.Шийтгэлийн хуудсыг хэдний өдөр гаргасан, гомдлыг хаана, хэзээ гаргах талаар дурьдаагүй гэх гомдлын тухайд:

Түүнчлэн гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд бус хуулийн этгээдийн эрхгүй Сүхбаатар өртөөнд холбогдуулж оногдуулсан гэх боловч хариуцагч нь шийтгэлийн хуудаст Улаанбаатар төмөр замын харьяа Сүхбаатар өртөө гэж бичсэн байх бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хаяг, хуулийн этгээдийн регистрийн дугаарыг бичжээ.

Харин шийтгэлийн хуудас оногдуулсан өдөр болон хаана, хэзээ гомдол гаргах болон холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилоогүй зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг дутуу хийсэн ч энэ нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэдгийг дурьдах нь зүйтэй.

Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь ОХУ-аас 2020 оны 7 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд 38 ширхэг тавцант вагоныг оруулж ирсэн нь гаалийн харилцаанд оролцогчийн хувьд мэдүүлэгч, мөн тээвэрлэгчийн үүргийг тус тус гүйцэтгэхээр байна. Гэтэл Гаалийн тухай хуулийн 237 дугаар зүйлийн 237.1-д Гаалийн харилцаанд оролцогч нь гаалийн хяналтад шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гаалийн бүрдүүлэлтийн горим зөрчиж, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон байх тул Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяагийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд оногдуулсан 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 0245473 дугаар шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй байх тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.5, 3.1.11, 32 дугаар зүйлийн 32.1, 36 дугаар зүйлийн 36.2, 74 дүгээр зүйлийн 74.3.1, 78 дугаар зүйл, 79 дүгээр зүйл, 188 дугаар зүйлийн 188.1, 188.1.1, 189 дүгээр зүйл, 192 дугаар зүйлийн 192.1, 237 дугаар зүйлийн 237.1, 240 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяагийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд оногдуулсан 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 0245473 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА