| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 142/2017/0288/Э |
| Дугаар | 000100 |
| Огноо | 2017-10-18 |
| Зүйл хэсэг | 148.2., 148.4., |
| Улсын яллагч | Ч.Сэлэнгэ |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 000100
Г.Ганзул, Г.Нарантуяа, С.Отгонцагаан
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 142/2017/0288/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ч.Сэлэнгэ
Шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа, С.Отгонцагаан
Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар, Х.Оюунбат,
Р.Цэрэнханд, Ж.Шинэжаргал
Хохирогч нарын өмгөөлөгч Д.Дарьбазар
Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолтой Гангаасамбуугийн Нарантуяа, Гонгорсүрэнгийн Ганзул, Санжидын Отгонцагаан нарт холбогдох, 201514000615 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа, С.Отгонцагаан, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, Х.Оюунбат, Р.Цэрэнханд, Ж.Шинэжаргал нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 12-01 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ФА 81122406 регистрийн дугараатай Боржигон овогт Гонгорсүрэнгийн Ганзул,
Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 29-нд Дорнод аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Орхон аймгийн авто оношилгооны газарт үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 5-06 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,хэрэг хариуцах чадвартай, ФБ 71122961 регистрийн дугаартай Солгой овогт Гангаасамбуугийн Нарантуяа,
Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 06-нд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “Бяцхан-Од” цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 2-р баг Оюут, Дөмөг гудамж 35 тоотод оршин суух, урьд нь 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РЮ 67030603 регистрийн дугаартай, Намбуу овогт Санжидын Отгонцагаан.
-Шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нар нь бүлэглэн иргэн Жаргалсайханаас 2013 оны 05 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөмөг” худалдааны төвийн зүүн талын 3000 м2 газрыг үзүүлж үүнээс 750 м газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 21.000.000 төгрөг залилан мэхэлж авсан, иргэн Зандарьяагаас Булган аймгийн нутаг дэвсгэрт байх Бүрэн бүст амралтын газарт зуслангийн газар авч өгнө гээд 2 айлын хашаа бариагүй газрыг үзүүлээд 7.500 000 төгрөг, Зуун айл худалдааны төвийн хойд талд 300 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 18.000.000 төгрөг, энэ газар дээр сунгаад 650 мкв газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 40.000.000 төгрөг, мөн ”Дөмөг” худалдааны төвийн зүүн талын 400 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 25.000.000 төгрөг, энэ газар дээрээ 350 м2 газар сунгаж авч өгнө 12. 000.000 төгрөг 1500 мкв газрыг нэмж гэрчилгээ гаргаж өгнө гэж 81.000.000 төгрөг, 2014 оны 07 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р хорооллын урд талд 6 гаражийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 10.000.000 төгрөг, нийт 193.500.000 төгрөгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч Г.Ганзул, С.Отгонцагаан нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын эхээр Б.Мядагмаагийн хүүхдийг Орхон аймгийн Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж 3.200.000 төгрөг, И.Сод-Эрдэнийг Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж 4.200. 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын эхээр И.Саруулын хүү Учралыг Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж хэлээд 4.200.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын эхээр Д.Эрхэмбаярыг Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж хэлээд 3.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын эхээр Л.Ванчиндоржийг ажилд оруулж өгнө гэж 5.000.000 төгрөг, Л.Сандагдоржоос 1.700.000 төгрөг, Д.Цэрэн-Очироос 1.700.000 төгрөг залилан мэхлэж бусдад нийт 23.000.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Ганзул нь ганцаараа иргэн Саруулыг залилан мэхэлж хүү Учралын нэр дээр байх үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанд тавиулан 50.000.000 төгрөг залилан мэхлэж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Боржигон овгийн Гонгорсүрэнгийн Ганзул, Солгой овгийн Гангаасамбуугийн Нарантуяа нарыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд, шүүгдэгч Намбуу овгийн Санжидын Отгонцагааныг бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчилж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д зааснаар шүүгдэгч Г.Ганзулын 4 жил хорих ялаар, шүүгдэгч Г.Нарантуяаг 2 жил хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.д зааснаар шүүгдэгч С.Отгонцагааныг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,
2002 оны Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д зааснаар шүүгдэгч С.Отгонцагаанд оногдуулсан 2 жил хорих ялаас өршөөн хэлтрүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Г.Ганзулд оногдуулсан 4 жил хорих ял, шүүгдэгч Г.Нарантуяад оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Отгонцаганд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцох,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Г.Ганзулаас нийт 104.775.000 төгрөгийг гаргаж үүнээс хохирогч А.Зандаръяад 82.750.000 төгрөг, хохирогч П.Жаргалсайханд 9.750.000 төгрөг, хохирогч И.Саруулд 7.100.000 төгрөг, хохирогч Л.Ванчиндоржид 2.500.000 төгрөг, хохирогч Д.Эрхэмбаярт 1,0 сая төгрөгийг, хохирогч И.Сод-Эрдэнэд 1.675.000 төгрөгийг,
шүүгдэгч Г.Нарантуяагаас 92.500.000 төгрөг гаргаж хохирогч А.Зандаръяад 82. 750.000 төгрөгийг, хохирогч П.Жаргалсайханд 9.750.000 төгрөг,
шүүгдэгч С.Отгонцагаанаас 7.275.000 төгрөг гаргаж хохирогч И.Саруулд 2.100.000 төгрөгийг, хохирогч Л.Ванчиндоржид 2.500.000 төгрөг, хохирогч Д.Эрхэмбаярт 1,0 сая төгрөг, хохирогч И.Сод-Эрдэнэд 1.675.000 төгрөгийг тус тус олгох,
Эрүүгийн 201514000615 дугаартай хэрэгт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 1-1 тоот хашаа байшин, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 5-6в тоот хашаа байшин, 18-12 ОРО улсын дугаартай “Приус 20”маркийн автомашин зэргийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх,
Шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах гомдолдоо:
Миний үйлчлүүлэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нар нь их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн талаар маргахгүй байгаа бөгөөд энэ хэргийн хохирогч А.Зандарьяагийн хохирлыг барагдуулах талаар өөрсдийн зүгээс хангалттай санал санаачлага, зүтгэл гаргаж 100 айл худалдааны төвийн 350 м2 газрыг гаргаж өгсөн, мөн 6 грашийн газар болон 2 айлын зуслангийн газрыг гаргаж өгсөн байтал шүүх хохирлын үнийн дүнгээс хасч тооцоогүйд гомдолтой байна.
Г.Ганзул, Г.Нарантуяа нар нь Жаргалсайханыг залилан мэхлэн 21,0 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруугийн талаар шүүх дүгнэхдээ дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн боловч, хохирогч Жаргалсайхан нь дээрхи 2 этгээдэд ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэсэн албан ёсны бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байтал, шүүх Г.Ганзул, Г.Нарантуяа нараас Жаргалсайханд 9.750.000 төгрөг тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Тогтоолын тогтоох хэсгийн 10.д шүүгдэгч нар цагдан хоригдоогүй гэж дурдсан бөгөөд Г.Ганзул нь өмнө нь 14 хоног цагдан хоригдож байсан энэ хугацааг ял эдлүүлэх хугацаанд оруулж тооцох ёстой. Ялтан Г.Ганзул нь 8 сартай жирэмсэн, биеийн байдал тааруу, байнгын даралт буурах, толгой өвдөх, нугасаар хатгуулах, хэвлийн хөндийгөөр базлаж өвдөх зэрэг зовиуртай байгаа. Г.Нарантуяа нь 3 насанд хүрээгүй, бага насны хүүхэдтэйг зэргийг тус тус ял хөнгөрүүлэхэд харгалзан үзэхийг хүсч байна.
Шүүх 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүгдэгч нарт хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна. 2 хууль хольж хэрэглэх талаар гомдол гаргаагүй харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтыг ялтан нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хэрэглэж өгнө үү гэж гомдол гаргаж байгаа.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийг хасч өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Г.Ганзулын өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах нь
Хохирогч А.Зандарьяагийн, гэрч И.Сувдаагийн, шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нарын мэдүүлэг зөрүүтэй байдлаас хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг анхан шатны шүүх гаргасан. Г.Ганзулын данс болон Нарантуяа нарын дансанд 193.500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх ба үүнээс 2 айлын газрын 7.500.000 төгрөгөнд тооцон хөөцөлдүүлэн газрыг авсан. Орхон аймгийн Баян өндөр сумын Оюут багийн 100 айлын худалдааны төвийн газарт 210 мкв газрыг хөөцөлдүүлэхээр 18.000.000 төгрөгийг авсан уг газрыг 350 мкв газар болгон гаргаж өгсөн. Үүнд 58 000 000 төгрөгөөр талууд тохиролцсон. 6 айлын гаражийн газар хөөцөлдөн авч өгөх болж 15.000.000 төгрөг авсан . Уг газрыг Зандарьяагийн ээж С.Ханджавын нэр дээр гаргаж өгсөн. 7 айлын гараж 21.000.000 төгрөгөнд хөөцөлдөн нөхөр Гэрэлт-Одын нэр дээр гаргаж А.Зандарьяад шилжүүлэн өгсөн. А.Зандарьяа түүнийг 17.500.000 төгрөгөнд тооцно гэх маргаантай,
Орхон аймгийн Баян өндөр сумын Оюут багийн Дөмөг захын зүүн талд 450 мкв газар гаргаж өгнө гэж 25.000.000 төгрөг авсан. газрыг А.Зандарьяад өгөх зорилгоор Г.Ганзул өөрийн ээж Сайнбилэгийн нэр дээр гаргасан. Энэ асуудлаар захиргааны хэргийн шүүхэд маргаан үүссэн шүүгчийн захирамжийг хэрэгт өгсөн. Орхон аймгийн Баян Өндөр сумын Оюут багийн Дөмөг захын зүүн талд 450 мкв газарт нэмж 1500 мкв газар гаргаж өгөхөөр 60.000.000 төгрөгийг авсан одоогоор талуудын тохиролцон Зандарьяа мөнгө өгч хөөцөлдүүлэн өөрийн нэр дээрээ авахыг хүссэн газруудаас
Орхон аймгийн Баян өндөр сумын Оюут багийн 100 айлын газарт 210 мкв газар дээр нэмж гаргуулахаар тохиролцсон 300 мкв газар, Орхон аймгийн Баян өндөр сумын Оюут багийн Дөмөг захын зүүн талд 450 мкв газар дээр нэмж гаргаж өгнө гэсэн 1500 мкв газруудыг гэрчилгээ гараагүй болох нь хэрэгт нотлогдсон. А.Зандарьяагаас мөнгө авч тохиролцсон газруудаас нь 2 хэсэг газрыг л А.Зандарьяагийн нэр дээр гаргаж өгөөгүй. Дээрх газруудыг А.Зандарьяад авч өгөхөөр хөөцөлдөж байсан нь хэрэгт авагдсан.
Гэрч Б.Бүрэн-Эрдэнэ, гэрч Манлайбаатар, Г.Ганчимэг, Д.Цолмон нарын мэдүүлэг зураг барилгын зураг төсөл зэрэг нотлох баримтаар нотлогдсон. Гэтэл дээрх баримтуудыг шүүх анхаарч үзэлгүй Г.Ганзулыг гэрчилгээ гаргаж өгнө гэж итгэл төрүүлж хуурч мэхлэн их хэмжээний мөнгө авч залилсан гэж буруутгасан. Эрүүгийн хуулийн 17.3 зүйлд “Залилах“ гэмт хэргийн шинжийг заасан бөгөөд “... илтэд хууль бус... итгэл төрүүлж, хуурч мэхлэх гэх шинжийг тодорхойлоогүй байхад дээрх дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Залилангийн гэмт хэрэг гэж үзэж хохирлын хэр хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16-р зүйлийн 1.5 заалтыг зөрчсөн. П.Жаргапсайхан гэх хохирогчийн хохирол гэх 21.000.000 төгрөгийг төлсөн атал хохирол гэж 9.750.000 төгрөгийг, хохирогч И.Саруулд 7.100.000 төгрөгийг, Зандарьяад 165.500.000 төгрөгийг гаргуулах анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргасан хохирлын хэр хэмжээ хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч С.Отгонцагаан давж заалдах гомдолдоо:
Намайг анхан шатны шүүх нь Г.Ганзултай бүлэглэн 7 хохирогчийг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Отгонцагаан миний бие нь энэ 7 хохирогчийн хэнтэй ч уулзаж, ах дүү, үр хүүхэд болон өөрийг нь ажилд оруулж өгнө гэж хэлээгүй, эдгээр хохирогч нарыг миний бие огт танихгүй. Энэ 7 хүний хэнээс ч нэг ч төгрөг аваагүй. Харин намайг энэ хүмүүсийн мөнгийг авч, ажилд оруулж өгнө гэсэн хэмээн ялтан Г.Ганзул нь худал хэлж, гүтгэж байна. Үүнд нь би маш их гомдолтой байна.
Над дээр хохирогч гэх Саруул гэж хүн ирээд мөнгөө авмаар байна гэсэн би ямар учиртайг нь асуугаад би ямар ч хүнийг ажилд оруулж өгнө гэж Ганзулаас мөнгө аваагүй та нар тэр хүнтэйгээ өөрсдөө учраа ол гээд Саруулын дэргэд утсаа чанга яригч дээр нь тавьж байгаад Ганзултай ярьж юун хүн ажилд оруулж өгөх, юун мөнгө вэ, би ямар ч мөнгө чамаас аваагүй гэхэд Ганзул нь өөдөөс наад хүмүүс чинь харин надад өөрсдөө өртэй, би тэгж хэлээгүй... гэх зэргээр ярьсан. Ганзулын энэ яриаг нь Саруул сонсоод явсан. Энэ талаараа шүүх хурал дээр ч хохирогч Саруул мэдүүлгээ өгсөн.
Мөн Ганзул нь нэг өдөр хүмүүс дагуулж ирээд би хүнд байдалд ороод байна энэ хүмүүст та миний танаас авсан ээмэг, бөгж, зүүлтийнхээ мөнгийг өгчих би харин таны өртэй хүнд чинь газар олж өгье, намайг Цагдаад өгнө гээд байна гээд зовлон тоочоод гуйгаад байхаар нь садан төрлийн сүлбээтэй мөн адилхан эмэгтэй хүний хувьд өрөвдөөд мөнгө өгөөд явуулсан. Энэ бүх яриаг тухайн үед ирсэн хохирогч гэх Сандагдорж мэдэж байсан ба баярлаад л гарсан. Тэгтэл одоо болохоор аль аль нь шал өөрөөр мэдүүлдэг. Намайг Цагдаагийн газарт дүүтэйгээ цуг ирэхэд тэнд Г.Ганзул хэдэн хүмүүстэй байсан ба бид 2 ойр зуурын юм яриад намайг дотогшоо ороход намайг дагаж 2 залуу Мөнхбат дарга дээр орсон. Түүнээс биш би өөрөө тухайн хүмүүсийг дагуулж ороогүй. Мөн тэр дарга нас биед хүрсэн хүмүүс байна та гар гээд намайг гаргасан.
Миний бие нь Г.Ганзултай бүлэглэж бусдыг залилан мэхлэж мөнгө авч, хохирол учруулсан үйлдэл огт хийгээгүй. Г.Ганзулд миний бие маш их гомдолтой байна, яасан гэж намайг хийгээгүй хэрэгт минь татан оролцуулж байгааг ойлгохгүй байна. Одоо бодоход Г.Ганзул надаас мөнгө гуйж ирэхэд нь мөнгө алга олж өгч чадахгүй гэхэд та аргалвал аргалах л байх даа, таныг би чадвал чадна ш дээ гээд хамгийн сүүлд хэлээд гарсан. Энэ хэлсэндээ хүрч намайг чадаж байна гэж бодож байна.
Иймээс надад холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч С.Отгонцагааны өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах гомдолдоо:
Ялтан С.Отгонцагаан нь нэр бүхий 7 хохирогчийг залилан мэхлэж, хохирол учруулсан гэм буруугүй гэж ялтны өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь: Нэр бүхий 7 хохирогчийн нэгэнтэй нь ч ялтан С.Отгонцагаан уулзаж, ажилд оруулж өгөх талаар тохиролцсон буюу амлалт өгсөн зүйл байхгүй байдаг бөгөөд харин бүр сүүлд ялтан Г.Ганзул нь хохирогч нарт С.Отгонцагаан гэдэг хүнээс та нар хохирол, мөнгөө ав гэсний дараа С.Отгонцагааны тухай мэдүүлсэн байдаг. Энэ тухай хохирогч нар бүгдээрээ мэдүүлэгтээ хэлсэн байгаа.
Ялтан С.Отгонцагаан нь хохирогч нарын нэгнээс нь ч мөнгө аваагүй байдаг ба хохирогч нараас ялтан Г.Ганзул ажилд оруулж өгнө хэмээн мөнгө авсан нь хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Цагдаагийн газар Мөнхбат гэдэг хүн дээр хохирогч нарыг ялтан С.Отгонцагааныг дагуулан орсон гэх боловч тухайн үед ялтан Г.Ганзул нь хохирогч нарыг ялтан С.Отгонцагаантай цуг оруулсан болохоос биш С.Отгонцагаан нь өөрөө дагуулан орсон үйл баримт тогтоогдоогүй бөгөөд ялтан С.Отгонцагаан нь тухайн үед өөрийн дүү болох С.Эрдэнэбаатарыг дагуулан явж байсан, мөн тэр цаг хугацаа нь Цагдаагийн газраас зарласан цаг хугацаа байсан гэдэг нь нотлогддог. Мөн хохирогч нартай тухайн үед ямар нэгэн юм яриагүй байдаг. Энэ нь Цагдаагийн газраас зарласан цаг хугацаатай давхцсан бөгөөд хохирогч нарыг залилан мэхлэх гэсэн санаатай үйлдэл байгаагүй.
Хохирогч нар нь анхнаасаа буюу Цагдаагийн газарт ялтан С.Отгонцагаан үнэхээр зорилго бүхий дагуулж орсон бол гомдол гаргахдаа л ялтан С.Отгонцагааны талаар ч мөн хэлж, мэдүүлэх байсан. Хохирогч нар нь ялтан Г.Ганзулыг бусдад их хэмжээний өртэй болон өөрсдийнх нь мөнгийг өгч чадахгүйг, харин ялтан С.Отгонцагаан нь өөрийн гэсэн хөрөнгө, мөнгөтэй, хувьдаа объект бүхий хувийн цэцэрлэг ажиллуулдаг гэдгийг мэдсэн учраас мөнгөө авч байвал хэнээс авах, Г.Ганзулаас уу, С.Отгонцагаанаас уу хамаагүй мөнгөө л олж авах гэсэн санаа зорилгоор сүүлд өгсөн мэдүүлэгүүддээ ялтан С.Отгонцагааныг буруутгах болсон нь хохирогч нарын анх болон сүүлд гаргасан, өгсөн гомдол, мэдүүлэгийн огнооноос тодорхой харагддаг.
Ялтан С.Отгонцагаан нь анхнаасаа хэнийг ч ажилд оруулах зорилгоор мөнгө авсан зүйл байхгүй гэдгээ тууштай мэдүүлдэг. Хохирогч Л.Сандагдоржийн ...Г.Ганзул гэх эмэгтэй биднээс авсан мөнгөө цааш нь С.Отгонцагаан гэх эмэгтэйд өгсөн болохыг мэдсэн. Би мөнгөө Отгонцагаанаас ажил дээр нь очиж авсан... гэж мэдүүлдэг боловч энэ талаар ялтан С.Отгонцагаан мэдүүлэгтээ ...Г.Ганзул нь түүнээс авсан ээмэг, бөгж, зүүлтнийхээ төлсөн мөнгийг эргүүлээд энэ хүмүүст өгчих, өртэй хүнд чинь газар авч өгнө, тэгэхгүй бол энэ хүмүүс намайг цагдаад өгөөд байна....гэсний дагуу тэдгээр хүмүүст мөнгө өгсөнөө тодорхой тайлбарладаг.
Ялтан Г.Ганзул болоод ялтан С.Отгонцагаан нар нь урд нь бие биеэ сайн таниж мэддэгээс гадна садна төрөл, хадам бэрийн холбоо бүхий хүмүүс тул Г.Ганзулыг аргагүй байдал тоочоод ирэхэд тусалж дэмжиж болох харилцаатай хүмүүс юм. Энэ нь гэрч Ганзориг, Чингэс, болон Отгонцагаантай цуг ажилладаг гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. С.Отгонцагаан нь бусдыг залилан мэхэлсэн гэдэг нь хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Мөн С.Отгонцагаан нь хэнийг залилан мэхэлсэн байхав. Хохирогч нарын хэнтэй нь ч уулзаагүй, хэнээс нь ч мөнгө аваагүй байдаг. Ялтан Г.Ганзултай бүлэглэн залилж мэхэлсэн гэдэг нь ямар нотлох баримтаар тогтоогдсон учраас гэм буруутайд тооцсон нь тодорхойгүй байна. Зөвхөн ялтан Г.Ганзулын мэдүүлгээр яллаж байна. Гэтэл сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, хохирогч нарын ялтан С.Отгонцагааныг буруутгасан мэдүүлгийн эх сурвалж нь ялтан Г.Ганзулын мэдүүлэг, болон түүний хэлсэн ярьсанаас үүдэлтэй байна.
Хохирогч нар нь С.Отгонцагаан буруутай байх, мөнгийг нь авсан байсан гэх мэдүүлгүүд нь мөн л ялтан Г.Ганзулын хэлсэн, ярьсанаас үүдэлтэй, өөр эх сурвалж байхгүй байна. Тэгэхээр эцэст нь зөвхөн ялтан Г.Ганзулын мэдүүлэг нь дангаараа ялтан С.Отгонцагааныг гэм буруутайд тооцох эх сурвалж болсон байна. Шүүх хуралдаан дээр хохирогч И.Саруул мэдүүлэхдээ ...би Отгонцагааны ажил дээр нь очоод мөнгөө нэхсэн тэгэхэд Отгонцагаан нь би ямар ч мөнгө хүн ажилд оруулна гэж Ганзулаас аваагүй гээд миний дэргэд утсаа чанга яригч дээр нь тавьж байгаад Ганзул руу залгахад Ганзул нь наад хүмүүс чинь өөрсдөө надад өртэй юм, би тийм зүйл хэлээгүй хэмээн худлаа ярьж байсан ба би Г.Ганзултай очиж уулзаад өөрийнх нь ярьсаныг хэлэхэд би тэгж хэлээгүй хэмээн худлаа ярьж байсан... гэж мэдүүлдэг. Энэ хохирогчийн мэдүүлгээс дүгнэхэд ялтан Г.Ганзул нь мөнгийг ялтан С.Отгонцагааныг авсан мэтээр худал хэлж хохирогч нарыг ялтан С.Отгонцагаан руу явуулдаг байсан нь нотлогдож байна.
Иймд ялтан С.Отгонцагаан нь бусадтай бүлэглэн бусдыг залилан мэхэлсэн гэм буруутай гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа тул түүнд холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017-08-16-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Г.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал давж заалдах гомдолдоо:
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Г.Нарантуяаг Г.Ганзултай бүлэглэж иргэн Жаргалсайханд 21.000.000 төгрөг, иргэн А.Зандаръяад 193.500.000 төгрөгийн хохирол учруулж залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцож анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж Иргэний хуулийн 497.1, 510.1.д заасны дагуу Г.Нарантуяагаас 92.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Зандаръяад 82.750.000 төгрөг, хохирогч Жаргалсайханд 9.750.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.хохирлын хэр хэмжээг үнэн бодитоор тогтоогоогүй дүгнэлтийг анхан шатны шүүх гаргасан байна.
Шүүгдэгч Г.Нарантуяагаас гаргуулж байгаа хохирлын хэмжээ хэт өндөр хийсвэр дүн байна. Учир нь Г.Нарантуяа нь анх Г.Ганзулыг газар авах хүн байнa уу гэхэд өөрийн танил Сувдаа, А.Зандаръяаг нарыг танилцуулсан ба А.Зандаръяа, Г.Ганзул нар уулзаж ярилцаад хашааны газар авах шийдэлд хүрээд үнэ ханшаа тохиролцоод Сувдаа, А.Зандаръяа нарын хүүхдүүдийн нэр дээр уг газрын гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. Дараа нь Бүрэнбүстэд 2 айлын зуслангийн газар зарна гээд үүнийг нь А.Зандаръяа авахаар болж 7.500.000 төгрөгийг шилжүүлж газраа авсан. Эдгээр газрын мөнгөнөөс Г.Нарантуяа нэг ч төгрөг аваагүй юм. Үүнээс хойш А.Зандаръяа, Г.Ганзул нар хоорондоо газрын наймаа хийцгээж эхэлсэн. Зарим нэг газрын асуудлыг Г.Нарантуяад хэлэлгүйгээр хоорондоо наймаалцсаар ирсэн. Үүгээр ч зогсохгүй Г.Ганзул, А.Зандаръяа нар нь хэзээний дотно танилууд болчихсон Г.Ганзул А.Зандаръяагийн барилгын материалын дэлгүүрээс нь 5.0 сая төгрөгийн бараа зээлээд авчихсан. Мөн Г.Ганзулын барьж байсан байшинд нь А.Зандаръяа бэлэг болгож 2.0 сая гаран төгрөгийн кабелийн утас өгсөн байсныг Г.Нарантуяа мэдээгүй явсан.
Гэтэл улсын яллагч болон анхан шатны шүүх Нарантуяаг мөнгөтэй танил талаа Ганзулд танилцуулж бүлэглэж залилан мэхэлсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. Г.Нарантуяа Ганзул нарын дансанд хохирогч Зандаръяа 193.500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үүнийг Нарантуяа Ганзул нар нь бүлэглэж залилан мэхэлж авсан гэж уг хохирлыг тэнцүү хуваан хоёр шүүгдэгчээр төлүүлэхээр болсон. Гэтэл Нарантуяагийн дансаар нийт Зандаръяагаас 120.500.000 төгрөг орж ирсэн үүнийг тэр дор нь Ганзулын дансруу шилжүүлж зарим нэгийг бэлнээр зарлагдаж гаргаж өгч байсан. Үүнээс Ганзул Нарантуяад өөрийн хувийн өр болох 14.500.000 төгрөгийг өгсөн. Энэ байдал нь Нарантуяагийн мэдүүлэг, Ганзулын мэдүүлэг, хавтас харагт авагдсан Г.Нарантуяагийн дансны хуулга зэргээс тодорхой харагдаж байна. Нарантуяагийн дансаар дамжуулж авсан тэр их хэмжээний мөнгийг Г.Ганзул юунд зарцуулсан эсэхийг Г.Нарантуяа мэдэхгүй тэрнээс аваагүй байтал анхан шатны шүүх Г.Нарантуяад тал хувийг хариуцуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн 1 дүгээр хавтас хэргийн 209 дүгээр хуудсанд Г.Нарантуяа болон түүний нөхөр Буянбатын нэр дээрх хашаа байшинг 35.720.000 төгрөгөөр үнэлж энэхүү хашаа байшинг хохирогч Зандаръяагийн эхнэр Сувдын өмчлөлд шилжүүлсэн байдаг. Үүнийг шүүх хохиролд тооцож хасаагүй. Хохирогч Жаргалсайханд 21.000.000 төгрөгийн хохирлыг Ганзултай бүлэглэн учруулсан гэж дүгнэсэн. Жаргалсайханаас газар гаргаж өгнө гэж авсан 21.000.000 төгрөгнөөс Нарантуяа нэг ч төгрөг аваагүй нь /1 хх 23 ху/ Нарантуяагийн анхны тайлбар, /1 хх 24 ху/ Ганзулын тайлбар, /1 хх 82 ху/ хохирогч Жаргалсайханы мэдүүлэг, /2хх 18 ху/ сэжигтэн Ганзул нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Ганзул нь Жаргалсайханаас авсан 21.000.000 төгрөгийг өөрийн хадам аавын эмчилгээнд зарцуулсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн хохирогч Жаргалсайхан нь /5хх 99ху/ шүүгдэгч нараас нэхэмжлэх гомдол санал байхгүй хохирол төлөгдсөн гэдгийг бичгээр илэрхийлэн шүүхэд ирүүлсэн байтал шүүх хохирлоос хасалгүй хохирол гэж үзэн 9.750.000 төгрөгийг гаргуулах шийтгэх тогтоол гаргасан.
Дээрх нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлгийг анхаарч үзэлгүй эрүүгийн хуулийн 17.3.д заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байтал итгэл төрүүлж хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэл болж байна.
Г.Нарантуяа нь Жаргалсайханаас нэг ч төгрөг аваагүй, Ганзул болон Зандаръяа нарын хооронд хийгдсэн газрын наймааны 193.500.000 төгрөгнөөс 14.500.000 төгрөгийг л авсан байтал 2002 оны эрүүгийн хуулиар 148.4 зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлж анхан шатны шүүх эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 гэж өөрчлөн шийтгэх тогтоол гаргасан нь хэргийн бодит байдал хохирлын хэр хэмжээтэй нийцэхгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Сэлэнгэ дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч нар зарим хохирлыг нөхөн төлсөн байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирлыг хавтаст хэрэгт цугларсан баримтаар дахин тооцож гаргах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Отгонцагааны өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Гэтэл С.Отгонцагаан нь Г.Ганзултай бүлэглэн бусдыг Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж удаа дараа бусдыг залилан мэхэлсэн үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Орхон аймгийн Прокурорын газраасшүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч С.Отгонцагааныг мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5.д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай” үндэслэл, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7.д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай” үндэслэл гэж тус тус заасныг зөрчиж гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ зэргийг тогтоогоогүй.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтууд нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг хянаж бүрэн гүйцэд дүгнэлт хийгээгүй, хохирол төлөх үндэслэлийг тодорхойлсон дүгнэлт хийгээгүй, зарим хохирогчид хохирлыг төлсөн эсэхийг харгалзахгүйгээр давхардуулан тооцсон зэрэг алдаа гаргасан байна.
Эдгээр нөхцөл байдал нь шүүхээр хэрэг хэлэлцэж гарах шүүхийн шийдвэрт сөрөг нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч нараас хохирогч нарт хохирлыг төлж барагдуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасан ... ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөх гэснийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6.д заасан шаардлагыг хангаагүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ноцтой зөрчих үндэслэл болжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Нарантуяагийн хувийн байдал, хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байна.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.Ганзул, Г.Нарантуяа нарын өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийг хасч өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Г.Ганзулын өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан “...хохирлын хэр хэмжээ хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү... ” гэсэн, шүүгдэгч С.Отгонцагааны гаргасан “...надад холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн, шүүгдэгч С.Отгонцагааны өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан “...ялтан С.Отгонцагаан нь бусадтай бүлэглэн бусдыг залилан мэхэлсэн гэм буруутай гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа тул түүнд холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Г.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын гаргасан “ ... 2002 оны эрүүгийн хуулиар 148.4 зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлж анхан шатны шүүх эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 гэж өөрчлөн шийтгэх тогтоол гаргасан нь хэргийн бодит байдал хохирлын хэр хэмжээтэй нийцэхгүй байх тул 224 дүгээр шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү... ” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2., 39.8 дугаар зүйлийн 1.6.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Боржигон овогт Гонгорсүрэнгийн Ганзул, Солгой овогт Гангаасамбуугийн Нарантуяа, Намбуу овогт Санжидын Отгонцагаан нарт холбогдох, 201514000615 дугаартай, 6 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Ганзул, С.Отгонцагаан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Нарантуяад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР