Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 124

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Тулга;

улсын яллагч: П.Ганбаатар;

шүүгдэгч: С.Э, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг;

хохирогч: Ш.Ирмүүнзаяа;

гэрч: С.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, “Шимт ногоо” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт   улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, С.Э

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч С.Э нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ганжигүүрт 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч, бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий солгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ш.Ирмүүнзаяагаас 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: Би Ш.Ирмүүнзаяагаас 6.500.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр авсан. Мөнгө авсан өдрөө “Азийн хөдөлмөр зуучлалын товчоо”-нд мөнгийг нь тушаахад Ш.Ирмүүнзаяа өөрөө надтай хамт явж тушаасан. Би худал хэлж мөнгийг нь аваагүй, энэ мөнгөнөөс өөртөө авсан нэг ч төгрөг байхгүй. “Азийн хөдөлмөр зуучлалын товчоо” гэх байгууллага асуудалд орж виз гарахгүй байгаа талаар тухай бүр хэлж ойлгуулж байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Ирмүүнзаяа мэдүүлэхдээ: Би нөхрийгөө Солонгос улс руу явуулах зорилгоор С.Эд мөнгө өгсөн. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр С.Эд мөнгө өгөөгүй, хамт яваагүй. Харин 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Багшийн дээд сургуулийн урд талын автобусны буудал дээр өгсөн. Миний мөнгийг аваад л явсан. Сүүлд 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр С.Эд мөнгө өгснөө баталгаажуулж “Зээлийн гэрээ” хийсэн юм. Тухайн үед С.Э өөрийгөө “виз гаргана, 2018 оны 08 дугаар сарын 20-27-ны хооронд баталгаатай виз чинь гарна, 3 сарын гэрээгээр явуулна, хурдан мөнгөө өгөхгүй бол төлбөр нь нэмэгдэнэ, 6.500.000 төгрөгт бүх юм нь багтана” гэж хэлж байсан. Би 10 хоног сургалтанд суусан нь үнэн. Ингээд мөнгө аваад алга болсон. Сүүлдээ ийм ч ажилтай явна, зээл хөөцөлдөж байгаа, мөнгийг чинь өгнө гэх зэргээр хэлээд алга болдог болсон. Нэхэл дагал болж байж 100.000 төгрөг авсан. Одоо 6.400.000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: С.Э нь 2018 онд, яг өдрийг нь санахгүй байна. Хүмүүсийн мөнгө тушаана гээд бэлэн мөнгө барьчихсан “Азийн хөдөлмөр зуучлалын товчоо” дээр явж байхтай таарч байсан. Бидэнд байсан баримтаа С.Эд гаргаж өгсөн байгаа гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Ирмүүнзаяа /хх-ийн 21-25/, гэрч С.Пүрэвсүрэн /хх-ийн 28/, гэрч Ю.Мандалмаа /хх-ийн 29-30/: нарын мэдүүлэг, “Тайгын Булаг Авто” ХХК-ийн зээлийн болон фидуцийн гэрээ /хх-ийн 45-49/, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 14-15/, С.Э-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/, С.Э-гийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-ийн 61-65, 72, 96-97/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 33, 37/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Э нь “2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж  өгнө” хэмээн ямар нэгэн баталгаагүй амлалт өгч, итгүүлэн үнэмшүүлж, хуурч мэхлэн үүргээ биелүүлэхээс зайлсхийх байдлаар 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Багшийн дээд сургуулийн орчим иргэн Ш.Ирмүүнзаяагаас 6.500.000 төгрөгийг залилан авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Ш.Ирмүүнзаяагийн /хх-ийн 21-25/: “...Би өөрийн нөхөр Б.Ганжигүүрийг Солонгос Улс явуулах зорилгоор хүнээс асууж байхад нөхөр Б.Ганжигүүрийн таньдаг ах Ууганаа гэгч “Солонгос Улс руу виз гаргаж өгөх хүн байна. Би тэр хүнд мөнгө өгөөд гаргуулах гэж байгаа, та хоёр боломжтой бол мөнгөө өгөөд гаргуулахгүй юу” гэж хэлсэн. Энэ талаар нөхөр бид хоёр 2018 оны 08 сарын эхээр Эрдэнэтуяа гэх хүнтэй уулзсан. Тэгтэл “2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор Солонгос Улс руу явуулах визийг нь гаргаж өгнө” гэж хэлсэн. Тийм учраас “6.500.000 төгрөгийг яг одоо бэлнээр өнөөдрийн дотор өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд “өнөөдрөөс хэтрэх юм бол мөнгө нь нэмэгдээд 7.000.000 төгрөг болно” гэхээр нь би өөрийн нэр дээр худалдан авсан “Тоёота Приус-11” маркийн 6013 УНН улсын дугаартай авто машинаа 3.500.000 төгрөгөөр, ээжийн дүү Б.Анхбаярын нэр дээр бүртгэлтэй байсан “Тоёота Приус-20” маркийн 5384 УНБ улсын дугаартай авто машиныг ломбардад 3.700.000 төгрөгийн барьцаанд тавьж, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С.Э гэгч эмэгтэйд 6.500.000 төгрөгийг Багшийн дээдийн автобусны урд талын буудал дээр бэлнээр өгсөн. С.Э тэр өдрөө ямар нэг баримт өгөөгүй ба түүнээс хойш би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэтуяа руу залгаад мөнгө өгсөн талаар баримт үүсгэх гээд тэгээд нотариатын газар орж “зээлийн гэрээ” байгуулсан юм. С.Э нь “7 хоногийн хэлний сургалтад суу” гэж хэлээд Б.Ганжигүүрийг Багшийн дээдийн ар талд байдаг Солонгос хэлний сургалтад суу гэхээр нь би суусан юм. Сургалтын дараа эрүүл мэндийн үзлэгээр орно гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш алга болсон тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болно. С.Эд өгсөн 6.500.000 төгрөг бол миний мөнгө байгаа юм. С.Эгаас мөнгөө нэхэхээр худлаа яриад алга болсон. “...2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөнгө өгсөн байна. Учир нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ах Анхбаярын 5384 УНБ улсын дугаартай авто машиныг барьцаанд тавьж 3.700.000 төгрөг бэлнээр аваад өөрт байсан мөнгөө нэмж 6.500.000 төгрөгийг бүрдүүлэн маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр С.Эд өгсөн юм. Өмнө мэдүүлэг өгөхдөө хугацааг андуурсан байна. С.Э нь “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж мөнгө авсан бөгөөд хэн нэгэнд мөнгө өгсөн гэж нэр цохож хэлээгүй юм. Тэгээд С.Эгаас сүүлдээ “мөнгөө авъя” гэхэд “манай байгууллага дампуураад өрөнд ороод” гээд үл бүтэх зүйл яриад байсан ба мөнгийг яг яасан талаар тодорхой хэлээгүй. Миний мөнгийг С.Э авсан учраас төлөх ёстой... С.Э над руу залгаад “чи цагдаа, шүүхийнхээ байгууллагад өгсөн байна, тэрүүгээрээ шийдүүлэхгүй юу” гээд дайраад байна лээ. Тэгээд “манай нөхөр зээл хөөцөлдөж байгаа, удахгүй бүтнэ” гэсэн мессеж явуулсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 28/: “...С.Э нь “Азийн хөдөлмөр зуучлалын товчоо”-нд ямар ч хамааралгүй, ажил эрхэлдэггүй хүн юм...” гэх мэдүүлгээр, эг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

гэрч Ю.Мандалмаагийн /хх-ийн 29-30/: “...С.Э нь “Азийн хөдөлмөр зуучлалын товчоо”-нд ямар нэг хамаарал байхгүй. С.Э нь надад ямар нэгэн хүний виз гаргуулахаар мөнгө өгч байсан удаа байхгүй...” гэх мэдүүлгээр болон

Бямбаа овогтой Анхбаяр нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 53-84 УНБ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машиныг “Тайгын Булаг Авто” ХХК-д 3.700.000 төгрөгийн барьцаанд барьцаалсан зээлийн болон фидуцийн гэрээ /хх-ийн 45-49/, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 14-15/ зэрэг  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар С.Эгийн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд мөнгө өгснөө баталгаажуулж зээлийн гэрээ хийсэн баримт зэргээр хохирогчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгчөөс “хөндлөнгийн бэрхшээл саад учраагүй бол визийг нь гаргаж өгөх байсан, хэн нэгнийг залилан мэхэлж мөнгийг нь авах, үүргээ биелүүлэхгүй байх санаа зорилго байгаагүй, авсан мөнгийг Азийн хөдөлмөр зуучлалын товчоонд тушаасан“ гэсэн боловч шүүх С.Эгийн виз гаргаж өгөх нэрийдлээр бусдыг залилсан үйл ажиллагаанд дараах байдлаар дүгнэлт хийж дээрх асуудалд няцаалт өгсөн болно.

 

Шүүгдэгч С.Эгийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь гадаад орны виз олгох асуудалтай холбоогүй, энэ талаар эдлэх эрх, давуу байдал үгүй байсан бөгөөд иргэнд тухайн улсын виз олгогдох эсэх нь дан ганц тухайн улсын дипломат төлөөлөгчийн газар, эрх бүхий албан тушаалтнаас гадны нөлөөгүйгээр шийдвэрлэх асуудал бөгөөд С.Эгаас үл хамаарахаар байтал өөрийгөө виз баталгаатай гаргаж өгнө гэж өөрт байхгүй эрх хэмжээнд иргэдэд амлалт өгч, өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зохиомол амлалт өгч мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

Хохирогч Ш.Ирмүүнзаяа нь хэрхэн ямар арга замаар мөнгөний эх үүсвэрээ бүрдүүлсний эцэст С.Эд уг мөнгөө өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн “Азийн хөдөлмөр зуучлалын товчоонд” мөнгө тушаасан гэх баримт болон түүний “2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ш.Ирмүүнзаяагаас мөнгө авсан” гэх мэдүүлэг бодитой бус гэж шүүх дүгнэв.

 

Иймээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “хэргийг прокурорт буцаах, шүүгдэгчийг цагаатгах” гэсэн санал хууль зүйн үндэслэлгүй болно.  

 

Ийнхүү шүүгдэгч С.Эгийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэм буруу нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь үндэстэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Э мөрдөн байцаалтын явцад хохирогч 100.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан, 6.400.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан болно.

 

С.Э нь шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч Ш.Ирмүүнзаяагийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч С.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ