Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 573

 

 

 

 

 

 

   2020            5              5                                       2020/ДШМ/573 

 

 

С.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Г.Сундуй,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Эгийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.Эд холбогдох эрүүгийн 1909008921156 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хойд овгийн С.Э, 1970 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, “Шимт ногоо” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хэсэг гудамжны 36-1 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: МБ70061601/;

 

С.Э нь 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ганжигүүрт 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч, бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ш.Ирмүүнзаяагаас 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Эг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч С.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Эгийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа “Шүүгдэгч С.Эгийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь гадаад орны виз олгох асуудалтай холбоогүй, энэ талаар эдлэх эрх, давуу байдал үгүй байсан бөгөөд иргэнд тухайн улсын виз олгогдох эсэх нь дан ганц тухайн улсын дипломат төлөөлөгчийн газар, эрх бүхий албан тушаалтнаас гадны нөлөөгүйгээр шийдвэрлэх асуудал бөгөөд С.Эгаас үл хамаарахаар байтал өөрийгөө виз баталгаатай гаргаж өгнө гэж өөрт байхгүй эрх хэмжээнд иргэдэд амлалт өгч, өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зохиомол амлалт өгч, мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно” гэж дүгнэсэн байна. Гэтэл С.Э нь БНСУ-ын виз гаргана, ажил хөдөлмөрт зуучлана гэх мэтээр ямар ч зар өгөөгүй, зарлаагүй, өөрийн зүгээс Б.Ганжигүүртэй харьцаагүй. Харин Б.Ганжигүүр нь таньдаг хүнээрээ дамжуулан С.Эд хандаж туслаач гэж гуйсны дагуу Азийн Хөдөлмөр Зуучлалын Товчоо, Монголын Үндэсний Хүмүүнлэгийн хороо, Баянзүрх, Чингэлтэй дуүргийн засаг дарга нарын гарын үсэг зурж баталгаажуулсан “Нэг өрх-нэг ажлын байр” төслийн хүрээнд тухайн үед явагдаж байсан бүртгэлд Б.Ганжигүүрийг багтаан бүртгүүлж, түүний мөнгийг Азийн Хөдөлмөр Зуучлалын Товчооны захирал Долгорсүрэнд тушааж, түүнийг уг товчооноос зохион байгуулж байсан Солонгос хэлний сургалтад хамруулан сургалтын төлбөрийг төлсөн байдаг юм.

2. С.Эрдэнэгуяа нь “Шимт ногоо" ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд өөрийн компаний үйл ажиллагааны чиглэлээр Монгол дахь "Азийн Хөдөлмөр Зуучлалын Товчоо” төрийн бус байгууллагаас зохиогдсон сургалт семинар, хөрөнгө оруулалтын чиглэлээр зохион байгуулагдсан уулзалт сургалтад олон удаа хамрагдаж байсны зэрэгцээ энэ байгууллагаас хариуцаж БНСУ-д зохион байгуулагдсан нийт 3 удаагийн сургалт, бизнес форумд оролцсон байдаг. Эдгээр арга хэмжээнд явахад УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулсан 12 хүн 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 2018 оны 2 дугаар сарын 27-ны хооронд, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн “Ногоон хөгжил” стратеги төвийн дарга С.Ганзоригоор ахлуулсан 15 хүн 2018 оны 5 дугаар сарын 26-аас 2018 оны 6 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд БНСУ-д явахад энэ бүрэлдэхүүнд багтаж явсан байдаг бөгөөд дээрх арга хэмжээнүүд нь Азийн Хөдөлмөр Зуучлалын Товчооны шугамаар зохион байгуулагдсан байдаг юм. Ийм учраас С.Э энэ байгууллагын үйл ажиллагаанд итгэлтэй дараагийн арга хэмжээнд оролцохоор өөрөө хүсэлт материалаа өгч бүртгүүлсэн байдаг.  Мөн С.Эрдэнтуяагийн ойр дотны хүмүүсээс энэ байдлаар арга хэмжээнд хамрагдах, БНСУ-ын виз гаргуулах асуудлыг хөөцөлдөж өгөөч гэсэн хүсэлт хэлж байсны нэг нь энэ хэргийн хохирогч болох Б.Ганжигүүр юм. С.Э нь Б.Ганжигүүрийн БНСУ-д зорчих виз гаргуулахаар өгсөн гэх 6.500.000 төгрөгөөс нэг ч төгрөг хувьдаа ашиглаагүй, ямар ч бичиг баримт үзүүлээгүй, зохиомол байдлыг зориудаар бий болгоогүй, бодит байдлыг нуух замаар Б.Ганжигүүрийг төөрөгдөлд оруулаагүй бөгөөд түүний мөнгийг холбогдох газарт нь дамжуулж тушаасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ талаар Азийн Хөдөлмөр Зуучлалын Товчооны захирал Долгорсүрэнтэй хамтран ажиллаж байсан Монголын Үндэсний Хүмүүнлэгийн хорооны захирал С.Пүрэвсүрэн шүүх хурал дээр тодорхой мэдүүлсэн, Долгорсүрэнтэй харьцсан захидал, Долгорсүрэнгээс хохирогч Ш.Ирмүүнзаяагийн төлбөрийг шилжүүлсэн баримтыг ч гаргаж үзүүлж байсан. Харин Азийн Хөдөлмөр Зуучлалын Товчооны захирал гэх Долгорсүрэн гадаадад гарч, хохирогч нарын хохирлыг барагдуулах төлбөр тооцоо хийх ажил удааширсантай холбоотойгоор энэ байгууллагад виз зуучлуулах хүсэлт гаргасан иргэдийн гомдол шаардлага ихсэж, мөнгөө өгсөн  хүнээсээ хохирлоо авна гэх шалтгаанаар зуучилж бүртгүүлсэн С.Эг залилсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

3.С.Э нь Б.Ганжигүүрийн гуйсны дагуу БНСУ-ын виз гаргуулахаар түүний мөнгө, материалыг бүртгэл хийж байсан эрх бүхий байгууллагын захиралд тушааж, сургалтын зардалд мөнгийг нь төлсөн байдаг бөгөөд бусдыг залилан мэхэлсэн ямар ч асуудал байхгүй байна. С.Пүрэвсүрэн Ю.Мандалмаа Г.Алтанзаяа нарт холбогдуулан Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, зарим аймгуудын иргэдийг дээрх байдлаар бүртгэн, хөдөлмөрт зуучлах ажиллагаа явуулсан гэх асуудлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Долгорсүрэн гадаадад байгаа учраас энэ хэрэг шийдэгдээгүй мөрдөн байцаалтанд байна.

4. Шүүх “Хохирогч Ш.Ирмүүнзаяа хэрхэн ямар арга замаар мөнгөний эх үүсвэрээ бүрдүүлсний эцэст С.Эд уг мөнгеө өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн “Азийн хөдөлмөр зуучлалын товчоонд” мөнгө тушаасан гэх баримт болон түүний 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ш.Ирмүүнзаяагаас мөнгө авсан гэх мэдүүлэг бодитой бус” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Ш.Ирмүүнзаяа ээжийнхээ дүү Б.Анхбаярын машиныг ломбардад тавьж авсан гэх 3.700.000 төгрөг заавал С.Эд 7 дугаар сарын 30-нд өгсөн мөнгө байх учиргүй юм. С.Эгаас 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр мөнгийг бэлнээр авсан гэх Азийн Хөдөлмөр Зуучлалын Товчооны захирлын гарын үсэг, тамгатай баримт, Б.Ганжигүүр болон бусад 4 хүний сургалтын төлбөрийг төлж, сургалтад хамруулсан баримт, гэрч С.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, Долгорсүрэнгээс хохирлын мөнгийг шилжүүлж төлсөн баримт зэргээс С.Э Б.Ганжигүүрээс мөнгө авсан өдрөө түүний мөнгийг Азийн Хөдөлмөр Зуучлалын Товчоонд тушаасан болох нь тодорхой байна. С.Э нь Ш.Ирмүүнзаяа, Б.Ганжигүүр нарын гуйсны дагуу БНСУ-д богино хугацааны хөдөлмөр эрхлэх иргэдийг бүртгэн зуучлах ажиллагаа явуулж байсан Азийн Хөдөлмөр Зуучлалын товчоонд Б.Ганжигүүрийг бүртгүүлсэн, тэрээр уг товчооноос явуулж байсан хэлний сургалт, эмнэлгийн үзлэгт хамрагдаж байсан, С.Э эдгээр үйл ажиллагааг зохион байгуулаагүй, оролцоогүй, өөрт нь хандаад ирсэн хүнд энэ байгууллагын явуулж байсан үйл ажиллагааны талаар ярьж ойлгуулан буртгэлээс хоцроод байсан тул яаралтай мөнгийг авч тушаасан бөгөөд өөрөө виз гаргана, зуучлана гэх мэтээр бусдыг ятгах, хуурч мэхлэх, мөнгийг хувьдаа авч ашиглах үйлдэл огт хийгээгуй юм. Харин үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүй, нэгэнт шүүх гэм буруутайд тооцсон учир оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх зорилгоор шүүхийн шийдвэрт заасан 6.400.000 төгрөгийг төлүүлсэн гэдгийг дурдаж байна.

5. Азийн Хөдөлмөр Зуучлалын Товчоо төрийн бус байгууллага нь БНСУ-д богино хугацааны хөдөлмөр эрхлүүлэхээр иргэдийг бүртгэж байсан нь үнэн эсэх, С.Э Б.Ганжигүүрийн мөнгийг уг товчооны захирал Долгорсүрэнд тушаасан нь үнэн эсэх, Долгорсүрэн, С.Пүрэвсүрэн, Ю.Мандалмаа нарын бусдыг залилсан гэх хэрэгт С.Э хамааралтай эсэхийг тодруулан, Б.Ганжигүүрийн хохирлыг хэн хариуцаж төлөх, С.Эд холбогдуулж үүсгэсэн хэргийг Долгорсүрэн нарын хэрэгт нэгтгэн шалгах үндэслэлтэй эсэхийг тогтоож, С.Э бусдын эд хөрөнгийг залилсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2-т заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоолгож, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийлгэсний дараа гэм буруу, ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй  болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ганжигүүрийн мөнгийг тушааснаараа тухайн байгууллагын өмнөөс ял хүлээж байгаадаа үнэхээр гомдолтой байна. Ганжигүүрийн мөнгийг тушаасан минь үнэн бөгөөд мөнгө тушаасан баримтыг Пүрэвсүрэн сүүлд гаргаж ирсэн байдаг. Би Ганжигүүрийн мөнгөнөөс нэг ч төгрөг идэж, ашигласан юм байхгүй. Ганжигүүр эхнэртэйгээ хамт ирж хөтөлбөрт хамруулж өгөхийг надаас гуйсан, энэ үйл ажиллагааны талаар бүгдийг мэдэж надтай холбоотой байсан хэрнээ намайг өөрийг нь залилж, зугтаасан гэж шүүхэд өгч яллагдагчаар татуулсанд гомдолтой байна. ...” гэв.

           

Прокурор Г.Сундуй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.Э өөрийгөө виз гаргадаг, гаргах бололцоотой хэмээн итгүүлж бусдыг төөрөгдөлд оруулж биелэгдэх огтоос боломжгүй үр дүнг амлаж хохирогч Ш.Ирмүүнзаяагаас 6.500.000 төгрөгийг шилжүүлж авсан бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих  асуудлыг бүрэн нотолсон. Өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд, шүүгдэгч нь Азийн Хөдөлмөр Зуучлалын Товчоо төрийн бус байгууллага болон Монголын Үндэсний Хүмүүнлэгийн Хороо зэрэг байгууллагуудаар зуучлуулж урьд нь 3 удаа БНСУ явсан талаараа мэдүүлдэг. Шүүгдэгч С.Э эдгээр байгууллагад ажилладаггүй болох нь хавтас хэргийн 28-29 дэх талд авагдсан гэрч Мандалмаа, Пүрэвсүрэн нарын мэдүүлгээр тогтоогддог. Мөн дээрх байгууллагууд руу 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ганжигүүр болон Ш.Ирмүүнзаяагаас авсан мөнгөө шилжүүлсэн гэдэг талаараа шүүгдэгч мэдүүлдэг. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “2018 оны 8 дугаар сарын эхээр шүүгдэгч С.Этай уулзсан. Тухайн үед өөрийгөө 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр БНСУ руу виз гаргаж өгөх бололцоотой, гаргаж өгнө гэж амласан байдаг. Үүний хүрээнд мөнгийг яаралтай шилжүүл, шилжүүлэхгүй бол 7.000.000 төгрөг болно” гэсэн талаар хохирогч тогтвортой мэдүүлдэг. Хохирогч нь “хамаатны ах Анхбаярын 53-84УНБ улсын дугаартай автомашиныг ломбардад барьцаалан 3.700.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр шилжүүлэн өгсөн гэдэг. Шүүгдэгчийн тайлбар болон түүний өмгөөлөгчөөс гаргаж байгаа давж заалдах гомдолд 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн гэдэг боловч үйл баримт нь цаг хугацааны хувьд зөрүүтэй. Өөрөөр хэлбэл, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн, Долгорсүрэн хүлээн авсан гэх утгатай санхүүгийн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн шүүгдэгч С.Э нь хохирогч гэх Ирмүүнзаяа, Ганжигүүр нарын хүсэлтийг уламжилж, зуучлалын асуудлыг ярьсан гэж байгаа боловч хавтас хэрэгт авагдсанаар 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Ирмүүнзаяа болон шүүгдэгч С.Э нар зээлийн гэрээ байгуулсан байдаг. Хохирогч Ш.Ирмүүнзаяа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “бид нар бэлнээр 6.500.000 төгрөг өгсөн. Үүнийгээ баталгажуулахын тулд ямар нэг баримт үйлдээгүй, сүүлд зээлийн гэрээ байгуулсан” гэдэг. Хэрэв шүүгдэгч С.Э Азийн Хөдөлмөр Зуучлалын товчоонд мөнгийг шилжүүлэн өгсөн бол зээлийн гэрээ байгуулах шаардлагагүй байсан. Түүнчлэн энэ хэрэгт Азийн Хөдөлмөр Зуучлалын Товчооны холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авахдаа гэрчээр үнэн зөв мэдүүлэг гаргаж өгнө гэх баталгаа гаргаж өгсөн гэрч Пүрэвсүрэн, Мандалмаа нар нь “С.Э эдгээр байгууллагад ямар ч хамааралгүй, манай байгууллагаас ямар нэг ажил хөдөлмөр хийлгүүлсэн, зуучлуулсан зүйл байхгүй” гэж мэдүүлдэг тул дээрх байгууллагуудын шалгагдаж байгаа асуудал уг хэрэгт хамааралгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Э нь Азийн Хөдөлмөр Зуучлалын товчоо төрийн бус байгууллагад ажилладаггүй мөртлөө 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ганжигүүрт 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч, бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ш.Ирмүүнзаяагаас 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ш.Ирмүүнзаяагийн “...Би өөрийн нөхөр Б.Ганжигүүрийг Солонгос Улс явуулах зорилгоор хүнээс асууж байхад нөхөр Б.Ганжигүүрийн таньдаг ах Ууганаа гэгч “Солонгос Улс руу виз гаргаж өгөх хүн байна. Би тэр хүнд мөнгө өгөөд гаргуулах гэж байгаа, та хоёр боломжтой бол мөнгөө өгөөд гаргуулахгүй юу” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр 2018 оны 8 дугаар сарын эхээр Эа гэх хүнтэй уулзсан. Тэгтэл “2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор Солонгос Улс руу явуулах визийг нь гаргаж өгнө”, тийм учраас 6.500.000 төгрөгийг яг одоо бэлнээр өнөөдрийн дотор өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд “өнөөдрөөс хэтрэх юм бол мөнгө нь нэмэгдээд 7.000.000 төгрөг болно” гэхээр нь би өөрийн нэр дээр худалдан авсан “Тоёота Приус-11” маркийн 6013 УНН улсын дугаартай авто машинаа 3.500.000 төгрөгөөр, ээжийн дүү Б.Анхбаярын нэр дээр бүртгэлтэй байсан “Тоёота Приус-20” маркийн 5384 УНБ улсын дугаартай авто машиныг ломбардад 3.700.000 төгрөгийн барьцаанд тавьж, 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр С.Э гэгч эмэгтэйд 6.500.000 төгрөгийг Багшийн дээдийн автобусны урд талын буудал дээр бэлнээр өгсөн. С.Э тэр өдрөө ямар нэг баримт өгөөгүй ба түүнээс хойш би 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эа руу залгаад мөнгө өгсөн талаар баримт үйлдэж, тэгээд нотариатын газар орж “зээлийн гэрээ” байгуулсан юм. С.Э нь “7 хоногийн хэлний сургалтад суу” гэж хэлээд Б.Ганжигүүрийг Багшийн дээдийн ар талд байдаг Солонгос хэлний сургалтад суу гэхээр нь би суусан юм. Сургалтын дараа эрүүл мэндийн үзлэгээр орно гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш алга болсон тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ... С.Эгаас сүүлдээ “мөнгөө авъя” гэхэд “манай байгууллага дампуураад өрөнд ороод” гээд үл бүтэх зүйл яриад байсан ба мөнгийг яг яасан талаар тодорхой хэлээгүй. ... Тэгээд “манай нөхөр зээл хөөцөлдөж байгаа, удахгүй бүтнэ” гэсэн мессеж явуулсан байсан...” /хх 21-25/,

 

гэрч С.Пүрэвсүрэнгийн “...С.Э нь “Азийн хөдөлмөр зуучлалын товчоо”-нд ямар ч хамааралгүй, ажил эрхэлдэггүй хүн юм. ...” /хх 28/,

гэрч Ю.Мандалмаагийн “...С.Э нь “Азийн хөдөлмөр зуучлалын товчоо”-нд ямар нэг хамаарал байхгүй. С.Э нь надад ямар нэгэн хүний виз гаргуулахаар мөнгө өгч байсан удаа байхгүй. ...” /хх 29-30/,

 

шүүгдэгч С.Эгийн яллагдагчаар өгсөн: “...Ганжигүүр гэдэг хүн над руу залгаад Солонгос улс руу ажилтан гаргах хөтөлбөр явагдаж байгаа юм байна, тийм учраас та намайг бүртгүүлээд зуучлаад явахад зуучлаад өгөөч гэж ярьсан, тухайн үед төслийн хүрээнд бүртгэл явагдаж байсан бөгөөд бид нарын зүгээс өөрийн ах, дүү, хамаатан садан, найз нөхөд зэргийг төсөлд хамруулан явуулчих санаатай ганц нэг хүнийг бүртгүүлж байсан юм. ... Тухайн үед Ганжигүүр болон Ирмүүнзаяагаас 6.500.000 төгрөг авсан бөгөөд үүнээс 5.000.000 төгрөгийг Азийн хөдөлмөр зуучлалын товчооны захирал Долгорсүрэнд бэлнээр тушаасан, мөн Чингэлтэй дүүргээс бүртгүүлсэн болон Ганжигүүрийн сургалтын төлбөрийн мөнгө 1.500.000 төгрөгийг Долгорсүрэн захирлын хэлсэнээр Люкс центрт хичээллэж байсан сургалтын төлбөрт төлсөн юм. Сургалтын төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр төлсөн бөгөөд бэлэн мөнгөний орлогын баримтыг авсан. Хэрэгт хавсарган өгсөн байгаа. ... Ганжигүүр нь мөнгө өгсөн баримт хэрэгтэй байна гээд нэхээд байсан учраас сүүлд нөхөж 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. ...” /хх 57/ гэх мэдүүлгүүд, Бямбаа овогтой Анхбаяр нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 53-84 УНБ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машиныг “Тайгын Булаг Авто” ХХК-д 3.700.000 төгрөгийн барьцаанд барьцаалсан зээлийн болон фидуцийн гэрээ /хх 45-49/,  2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 14-15/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.Эг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч С.Э нь “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан” хохирогч Ш.Ирмүүнзаяагаас 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

 

            Шүүгдэгч С.Эгийн өмгөөлөгч Г.Алтанцэцэг “Азийн Хөдөлмөр Зуучлалын Товчоо төрийн бус байгууллага нь БНСУ-д богино хугацааны хөдөлмөр эрхлүүлэхээр иргэдийг бүртгэж байсан нь үнэн эсэх. С.Эд холбогдох хэрэгт Долгорсүрэн гэгч хүний үйлдэл бий эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй  болгож  нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

           

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хавтас хэргийн 36 дугаар талд С.Долгосүрэн гэгчид С.Э нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг тушаасан гэх баримт байх боловч энэ нь бодитоор үйлдэгдсэн эсэх нь нотлогддоггүй. С.Долгорсүрэн гэгч хүн “Азийн Хөдөлмөр зуучлалын товчоо”-нд болон бусад компанид ажиллаж байсан, хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг талаар нотлох баримт байхгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Ш.Ирмүүнзаяагийн “...С.Эд өгсөн 6.500.000 төгрөг бол миний мөнгө байгаа юм. С.Эгаас мөнгөө нэхэхээр худлаа яриад алга болсон. С.Эгаас сүүлдээ “мөнгөө авъя” гэхэд “манай байгууллага дампуураад өрөнд ороод” гээд үл бүтэх зүйл яриад байсан ба мөнгийг яг яасан талаар тодорхой хэлээгүй...” /хх 21-25/, гэрч С.Пүрэвсүрэнгийн “...С.Э нь “Азийн хөдөлмөр зуучлалын товчоо”-нд ямар ч хамааралгүй, ажил эрхэлдэггүй хүн юм. ...” /хх 28/, гэрч Ю.Мандалмаагийн “...С.Э нь “Азийн хөдөлмөр зуучлалын товчоо”-нд ямар нэг хамаарал байхгүй. С.Э нь надад ямар нэгэн хүний виз гаргуулахаар мөнгө өгч байсан удаа байхгүй гэсэн мэдүүлгүүд, зээлийн гэрээ зэргээс үзэхэд шүүгдэгч С.Э нь Азийн хөдөлмөр зуучлалын компанийн байрыг түрээслэж байсан болохоос тус компанид хөдөлмөр эрхэлдэггүй, мөн гадаад улстай хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхгүй мөртлөө иргэн  Б.Ганжигүүрт 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч, бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Б.Ганжигүүрийн эхнэр хохирогч Ш.Ирмүүнзаяагаас мөнгө авсан нь нотлогддог бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэрэгт С.Эгаас өөр хүн оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дүгнэсэн боловч тогтоох хэсэгтээ орхигдуулсан байх тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмж оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Эгийн өмгөөлөгч Г.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч С.Эгийн өмгөөлөгч Г.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ