Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 000092

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Х.Б.д холбогдох

                                       эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                 Хэргийн индекс 142/2015/0181/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:         

 

Прокурор                                          Х.Ёндонсамбуу

Шүүгдэгч                                           Х.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Цэрэнханд

Хохирогч                                           Ц.С

Хохирогч                                           Б.А

Хохирогчийн өмгөөлөгч               О.Сарантуул, Б.Долгорсүрэн

Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолтой Х.Б.д холбогдох, 201414000366 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ц.С, өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мод боловсруулах механик технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, урьд нь 2010 оны 01 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1.д зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Х-ын Б.

 

Шүүгдэгч Х.Б нь Б.З-оос 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 12 дугаар сарын 16-нд зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийн гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно, бизнест зарцуулна гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан,

Ц.С-ээс 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “цагаан сар болох гэж байгаа өөр байгууллагуудтай гэрээ хийнэ их мөнгө хэрэгтэй байна, наймааны оргил үе гэж”  20.000.000 төгрөгийг дансаар залилан мэхэлж авсан, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр банкнаас зээл авах гэж байгаа, нөхөр Б.Б-ын дүүд өгнө гэж 27.000.000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээл хөөцөлдөж байна гэж 2.350.000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээл хөөцөлдөж байгаа гэж 4.000.000 төгрөгийг /дансаар/ залилан мэхэлж авсан, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас 200.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа дансанд байршуулна гэж хуурч мэхлэн 60.500.000 төгрөг авснаас 15.010.000 төгрөгийг буцаан өгөлгүй залилан мэхэлж авсан гэмт хэрэгт,

Б.А-аас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “шинэ жил, цагаан сарын оргил үед ачаалалтай байдаг, их мөнгө байх тусмаа ашигтай байдаг, мөн банкнаас зээл хөөцөлдөж байгаа гэж итгүүлэн 70.000.000 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б.аад холбогдох хэргээс Б.А-аас 70.000.000 төгрөг, Ц.С-ээс 41.360.000 төгрөгийг тус тус залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ш овогт Х-ын Б-г бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.д зааснаар шүүгдэгч Х.Б-г 2 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Х.Б.д оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д зааснаар Х.Б.д оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Х.Б-аас 30.563.000 төгрөг гаргаж үүнээс  17.563.000 төгрөгийг /Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суух Б.З.д, 13.000.000 төгрөгийг /Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суух, Ц.С.т тус тус олгох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар СД-г хэрэгт хавсаргаж, Х.Б, Р. нарын эзэмшилд байх Орхон аймаг Баян-Өндөр суманд тоотод байрлах орон сууцны захиран зарцуулах эрх, шилжилт хөдөлгөөнд тавьсан хоригийг, шүүгдэгч Х.Б-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хоригийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.д зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгчийн 12 нэр төрлийн 9.616.000 төгрөгийн эд зүйлийн Х.Б.д оногдох хэсгээс хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр албадан гаргуулах,

Шүүгдэгч энэ хэрэгт 35 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, шүүгдэгч Х.Б-ийн гадаад паспортыг буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.С давж заалдах гомдолдоо:

 

Хохирогч Ц.С миний бие нь анх 2012 оноос шүүгдэгч Х.Б гэх эмэгтэйг мэдэх болсон. Тэр анх 2012 онд нөхөр Б-ийн нэр дээр цалингийн зээл удахгүй авна, мөнгө зээлээч гэж ирж уулзаж мөнгө зээлж авч байсан юм. Ингэж ирэхдээ нөхөр маань УБҮ-т олон жил ажилласан, өөрийгөө алтны уурхайд тогооч хийдэг 14 хоног ажиллаад 14 хоног амардаг гэж ярьж байсан. Мөн захиралтайгаа нийлж Хятадаас сэлбэг оруулж ирдэг, сардаа маш их хэмжээний ашиг олдог гэж өөрийгөө танилцуулж байсан. 4-р микрийн 24-р байранд 2 өрөө байраа хөлслүүлдэг, өөрөө арктай нэг өрөө байранд амьдардаг, хотод байртай, ашгаа дан үл хөдлөх хөрөнгө болгодог гэж ярьж байсан. Ингээд удалгүй эхний авсан мөнгөө хүүтэй нь цувуулж өгдөг байсан. Энэ мэтчилэн 2012, 2013 онд их хэмжээгээр мөнгө авч өгдөг байсан.

 

2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “цагаан сар болох гэж байгаа өөр байгууллагуудтай гэрээ хийнэ их мөнгө хэрэгтэй байна, наймааны оргил үе гэж”  20.000.000 төгрөгийг дансаар, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр банкнаас зээл авах гэж байгаа, нөхөр Б.Б-ийн дүүд өгнө гэж 27.000.000 төгрөг бэлнээр, 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээл хөөцөлдөж байна гэж 2.350.000 төгрөггийг увуулж, цувуулж, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээл хөөцөлдөж байгаа гэж 4.000.000 төгрөгийг /дансаар/, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас 200.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа дансанд байршуулна гэж 60.500.000 төгрөг авснаас 45.490.000 төгрөгийг төлж үлдэх 15.010.000 төгрөгийг буцаан өгөөгүй байгаа.

Б-ийн надад ярьсан бүхэн худал жүжиг байсан гэдгийг сүүлд би мэдсэн. Маш олон хүнд өртэйг мэдээд олж өгөөч гээд уурлаж цагдаа шүүхэд хандах болсон. Надаас авсан мөнгөө өмнө нь мөнгө авсан байсан Н гэж хүнд өгсөн байсан.

Б намайг нийт 54.360.000 төгрөгөөр хохироогоод байгаа бөгөөд урьд өмнө нь авч байсан мөнгөө хүүтэй нь төлж байсан учир одоо огт мөнгө төлөхгүй гэж ярьж байгаа нь иргэний харилцаа юм уу? Хүний мөнгө авчихаад буцааж өгөхгүй, харин ч намайг бусдад гүтгэсэн мэтээр ярьж ташаа мэдээлэл тараагаад гэмшсэн ч шинжгүй явж байна. 2015 онд цагдаа дээр шалгагдаж байхдаа Б 3 хүнээс мөнгө зээлж авсан ба эдгээр хүмүүсдээ битгий цагдаад өгөөч өгвөл шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өгчих тэгээд би төлнө гэж худал хэлээд л явж байна.

Шүүх миний хохирлоос 41.360.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б худал үгээр хуурч мэхлэн итгэл эвдэж өчнөөн сая төгрөг авчихаад одоо хэнэг ч үгүй төлөхгүй гэж зогсож байхад шүүх түүнд ял оногдуулахгүй өршөөлийн хуульд хамруулж шийдсэн нь хэтэрхий шударга бус байна. Би ял оногдуулаад түүнийгээ өршөөдөг гэж бодсон гэтэл шүүх ял оногдуулалгүй өршөөж шийдвэрлэсэн.

Маш их гомдолтой байгаа учир түүнд оногдох ял, хариуцлагагыг хүлээх ёстой гэж үзэж байна. Түүнд итгээд өгсөн итгэлийг минь эвдэж урвуулан ашигласан Байгалмаагийн гэм буруутай үйлдэл байгаа. Анхан шатны шүүх түүний үйлдэл холбогдлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Өршөөлийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолтой Б нь С-ээс 53.360.000 төгрөг залилан мэхлэж авсан гэм буруутайд тооцож, тогтоолын 1, 2, 7 дугаар заалтанд тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ .

Хохирогч Ц.ийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.26-ны өдрийн 195 -р шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.

Хохирогч Ц.С нь Б гуйснаар 2014.01.03-нд 20.000.000 төгрөг наймааны оргил үе, мөнгө хэрэгтэй байна гэж хэлсний дагуу түүнд 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг 2014 оны III, IV сар хүртэл өгөхгүй байсан ба энэ үедээ захирал гадаад явсан гэх мөн алтны уурхайгаас 40.000.000 төгрөг авна. 100.000.000 төгрөг мөн авлагатай гэж хэлж мөнгө төгрөгний боломжтой байдлыг түүнд ойлгуулж 20.000.000 төгрөгийг авсан. 2014.03.28-нд 27.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг авахдаа нөхрийн ахын хүүхэд 200.000.000 төгрөгийн зээл авч байгаа түүнээс мөнгө авч урьд авсан мөнгөтэйгөө өгнө гэж хэлж авсан. Энэ бүгд нь худал болж зээл хөөцөөлдөөд зээл авч өгнө гэж хэлээд 4.20-нд зээл хөөцөлдөж байна гэж 2.350.000 төгрөг авсан. Зээл гарахаар бүх мөнгөө өгнө гэж 4.21-нд 4.000.000 төгрөг нэмж авсан, 5 сарын 22-нд хүрч ирээд зээл гарахаар болчихлоо гэж хэлээд, 5 сарын 23-нд дансандаа 74.900.000 төгрөг байршуулах хэрэгтэй байна. Зээлээ авахаар болчихлоо гээд нэг мөсөн бүх тооцоогоо дуусна энэ мөнгийг байршуулчихбал зээл маань гарах гээд байна гээд С дахин 53.000.000 төгрөг авсан.

Ц.С-ээс зээлж авахдаа Хятадаас тахианы мах нийлүүлдэг, оргил үе, авах авлагатай гэх зэргээр бодит байдалд байхгүй байдлыг бий болгон урьд нь мөнгө аваад орлого их олдог эргүүлж өгдөг гэсэн итгэл дээр нь тулгуурлан авсан байдаг. Гэтэл бодит байдал дээр захирлуудад захирагдах ямар нэгэн ажил алба эрхэлдэггүй, алтны уурхайгаас авах авлага байхгүй байсан бөгөөд нөхрийн ахын хүүхэд зээл авч байгаа түүнээс мөнгө авч өмнөх мөнгөтэйгөө өгнө гэж авсан нь ямар ч бодит, ахын хүүхэд зээл авсан хүн үгүй, харин өөр хүнд өртэй байсанаа нуусан бөгөөд өөрөө төлөх гэж нэмж мөнгө худал хэлж авсан байдаг.

Ингээд худал хэлснээ хүлээж одоо зээл хөөцөлдөөд чамд нэг мөсөн өгье гээд зээл хөөцөлдөж байгаа гэж 4.000.000 төгрөг 5 сарын 22-нд очоод зээл гарахаар боллоо гээд хэлээд маргааш өглөө нь 05-р сарын 23-нд мөнгө байршуул гэж байна гээд 4.900.000 төгрөг С-ээс авч, банкинд хийдэг. Гэвч зээл нь гараагүй С-ээс авсан мөнгөнөөсөө 46.000.000 төгрөгийг дансруу нь шилжүүлж, 25.900.000 төгрөгийг бэлнээр авч өгдөг, үүнээс өмнө 3.000.000 төгрөгийг С авсан байдаг. Ингээд дансруу хийсэн 46.000.000 төгрөгнөөс өөрийнхөө өртэй З, З, О гэх хүмүүст 29.410.000 төгрөгийг өрөндөө өгсөн бөгөөд С нь энэ үед дахиад Голомт банкнаас зээл авч өгнө чамд л нэг мөсөн өгнө гэж хэлэхэд нь бас л итгэдэг.

Гэвч өгөх нь битгий хэл урьд нь би чамд хангалттай хүү төлсөн гэж хэлж 2015, 2016, 2017 оныг хүргэсэн. Энэ нь хохирогч С нь түүнд итгэж өгч буй итгэлийг урвуулан ашиглаж буй гэм буруутай үйлдэл юм. Шүүхээс Б үйлдэл холбогдлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Өршөөлийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тэгэхээр 2014 он гараад нийтдээ 97.000.000 төгрөг зээлсэн нэрийдлээр аваад үүнээс 01 сарын 03-ны 20.000.000 төгрөг 03 сарын 28-ны 27.000.000 төгрөгнөөс 13.000.000 төгрөг өгөхгүй байгаа 05 сарын 23-ны 60.500.000 төгрөгнөөс 15.010.000 төгрөг өгөхгүй байгаа 04 сарын 20-ны 2.350.000 төгрөг 04 сарын 21-нд 4.000.000 төгрөг өгөхгүй гэж байгааг нэг бүрчлэн шүүх дүгнээгүй. Шүүх дүгнэхдээ зөв хуурч мэхлэх арга нь үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах замаар төөрөгдүүлэхийг хэлнэ гэж тайлбарлаад бусдыг залилан мэхлэх хэргийн итгэл эвдэн урвуулан ашиглах нь юу болохыг дүгнэсэнгүй.

Шүүхийн дээр дурдснаар үгээр бодит байдлыг гуйвуулах, нуух гэдэг нь Б 01 сарын 03-нд, 03 сарын 28-нд тус тус авсан мөнгөнүүд дээр дээрхи аргыг хэрэглэсэн. Зээл аваад ганцхан нэг мөсөн төлнө, өгнө гэж авсан 2.350.000, 4.000.000, өрөндөө тараасан 29.410.000 төгрөгийг өгөхгүй 3 жил өнгөрч, өгөх ёсгүй, өгсөн урьд нь би хүү төлж байсан гэдгээр урвуулан ашиглаж байгааг шүүх огт үнэлж дүгнэсэнгүй.

Нийт 68.750.000 төгрөгийг төлөхгүй, өгөхгүй гээд байгаа нь тэгээд гэмт хэрэг биш болж байна уу. Хэрэв иргэний эрх харилцаа бол энэ 3 жилийн хугацаанд Б нь сайн дураараа төлөөд дуусгах байсан.

Иймээс Б бусдыг хохироосон үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо. Их хэмжээний хохирол гэдэг нь 25.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээний хохирол бөгөөд шүүх Б эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхдээ хохирол төлөхгүй гэж байгаа, мөн хор хохирлын хэмжээ их байгаа түүний бусдаас авсан мөнгөний давхцал олон удаа байнгын шинжтэй байгаа зэрэгт огт дүгнэлт хийсэнгүй.

Иймд шийтгэх тогтоолд Х.Б нь С-ээс 53.360.000 төгрөг залилан мэхэлж авсан гэм буруутанд тооцож, тогтоолын 1, 2, 7 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн А-гийн нэхэмжилсэн хохирлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Ёндонсамбуу  дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б-г хохирогч Б.З-оос 2013 оны 08 дугаар сарын 20-нд 10.0 сая төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 20-нд 5.0 сая тус тус бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 12 дугаар сарын 16-нд зээлийн гэрээ байгуулан 15.0 сая төгрөг, нийт 30.0 сая төгрөгийг ...гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно, бизнест зарцуулна... гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан,

- Хохирогч Ц.С-ээс 2014 оны 01 дүгээр сарын 03-нд 20,0 сая төгрөгийг  ..цагаан сар болох гэж байгаа өөр байгууллагуудтай гэрээ хийнэ их мөнгө хэрэгтэй байна наймааны оргил үе... гэж дансаар авсан,

- 2014 оны 03 дугаар сарын 28-нд  27,0 сая төгрөгийг ...банкнаас зээл авах гэж байгаа, нөхөр Б.Б-ын дүүд өгнө... гэж  залилан мэхэлж авсан,

- 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 2.350.000 төгрөгийг ...зээл хөөцөлдөж байна... гэж итгэл төрүүлэн залилан мэхэлж авсан,

- 2014 оны 04 дүгээр сарын 21-нд  4,0 сая төгрийг  ...зээл гарах гэж байгаа ... гэж /дансаар/ залилан мэхэлж авсан,

- 2014 оны 05 дугаар сарын 23-нд 60.500.000 төгрөгийг “Хаан” банкнаас ...200.0 сая төгрөгийн зээл авах гэж байгаа дансанд байршуулна гэж... хуурч мэхлэн авснаас 15.010.000 төгрөгийг буцаан өгөлгүй залилан мэхэлж авсан гэмт хэрэгт,

 

Хохирогч Б.А-аас 2013 оны 12 дугаар сарын 26-нд ...шинэ жил, цагаан сарын оргил үед ачаалалтай байдаг, их мөнгө байх тусмаа ашигтай байдаг, мөн банкнаас зээл хөөцөлдөж байгаа ....гэж 70.0 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллан дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б.д холбогдох хэргээс Б.А-аас 70.000.000 төгрөг, Ц.С-ээс 41.360.000 төгрөг тус тус залиллан мэхэлсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.д зааснаар шүүгдэгч Х.Б 2 жил хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д зааснаар Х.Б.д оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Х.Б-аас нийт 30.563.000 төгрөг гаргаж үүнээс 17.563.000 төгрөгийг хохирогч Б.З.д, 13.000.000 төгрөгийг Ц.С.т тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хэргийн хувьд Х.Б.г  хохирогч Б.З-оос 3 удаагийн үйлдлээр 30,0 сая төгрөг, хохирогч Б.А-аас 70.0 сая төгрөг, хохирогч Ц.С-ээс 5 удаагийн үйлдлээр 68.360.00 төгрөг буюу 9 удаагийн үйлдлээр бусдад нийтдээ 168.360.000 төгрөгийн хохирол учруулсан харин төлөх төлбөрийн хувьд Б.А-аад 15.0 сая төгрөг өгсөн 57.0 төгрөгийн төлбөртэй, Ц.С.т 53.360.000 төгрөг, Б.З.д 30.0 сая төгрөгийн төлбөртэй гэж яллах дүгнэлт үйлджээ. / 7-р х.хийн 43-48-р хуудас/

 

Үүнээс шүүх Б.А-ийн 70.0 сая төгрөг, Ц.С-ийн 68.360.000 төгрөгнөөс 41.360.000 төгрөг залилсан гэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

        Тухайлбал ...хэрэгт авагдсан нотлох баримт, тэдний өөрсдийн мэдүүлгээр Б.А, Х.Б нарын хооронд, мөн Х.Б, Ц.С нарын хооронд мөнгө өгч, авч байсан нь тогтоогдож байгаа бөгөөд харин хэдэн төгрөгийг хэдэн удаа, ямар хугацаанд, хэдэн хувийн хүүтэй авч өгч байсныг ялгаж дүгнэлт хийгээгүй, түүнчлэн Б.А-ийн 70.0 сая, Ц.С-ийн 41.360.000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо үйлдэл байгаа боловч залилангийн гэмт хэргийн шинжгүй байгаа эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа эсэхийг тодорхойлж чадаагүй, шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт улсын яллагчийн гаргасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн дүгнэлтийг няцааж, үгүйсгэж байгаа нотлох баримтаа тодорхойлоогүй,

 

Мөн дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1.д заасныг баримталсан атлаа хохирлыг хэрэгсэхгүй болгох, хэлэлцэхгүй орхих, хохирогч иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргах эсэх талаар дүгнэлт хийгээгүй, Ц.С-ээс 68.360.000 төгрөг авсан үргэлжилсэн үйлдлийн 41.360.000 төгрөг авсан нь залилангийн гэмт хэрэг биш, 13.0 сая төгрөг авсан нь залилангийн гэмт хэрэг гэж үзсэн талаарх нотлох баримтаа заагаагүй байна.

 

         Иймд шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.6.д заасныг зөрчсөн байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2., 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Шарнууд овогтой Х. Бд холбогдох, 201414000366 дугаартай, 7 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол Х.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭЦЭГМАА

 

                        ШҮҮГЧ                                                                       Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                         

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР