| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1885/Э |
| Дугаар | 413 |
| Огноо | 2020-03-10 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 413
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Н
улсын яллагч: Н.Г
шүүгдэгчийн өмгөөлөгч : Г.Н
шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902004552684 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Э.Б нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Соманг плаза төв дэх Ази фарм эмийн сангаас эрх олгосон 11262265 индексийн дугаартай сэтгэцэд нөлөөт эмийн жорыг хуурамчаар үйлдэн хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж диазепам эмнээс 210 ширхэг, трамадол эмнээс 80 ширхэгийг тус тус худалдан авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...” гэв,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-14/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 15-18/, Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах,сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл/ хх-н 19/, Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1 дүгээр 40 мянгатын 44-32 тоотод хойшлуулашгүйгээр нэгжлэг хийх үйл ажиллагааг явуулав гэжээ./ хх-н 20-28/, Э.Бий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 29-30/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-н 31-32/,
Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”...” /хх-н 40-41/,
Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 46-47/, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-н 48/, 2019.06.14-ний өдрийн 3384 дугаартай шинжээчийн дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн “Э.Б шээсний дээж” гэсэн хаягтай шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Б шээсний дээж” гэсэн хаягтай шээсний дээжинд метадон / МТD/, бензодиазепин / BZO/ илрэв.
3. Шинжилгээгээр илэрсэн метадон / МТD/ 1961 оны мансууруулах эмийн тухай конвенц, бензодиазепин / BZO/ НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад тус тус багтдаг гэжээ.
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 50-52/
2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3383 дугаартай шинжээчийн дүгнэлт,гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 53-58/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 59-60/,
Шинжилгээний обьект: Э.Бий биед хийсэн үзлэгээр хураан авсан 11262265 индексийн дугаартай 6 ширхэг сэтгэцэд нөлөөт эмийн жор, эмийн бололтой бичигтэй А4 хэмжээтэй цаас, Э.Бий гэрээс хурааж авсан 11263265 индексийн дугаартай 3 ширхэг сэтгэцэд нөлөөт эмийн жор, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эмийн худалдан авсан /Билл/ тухай хуудсыг хавсаргасан, 11263265 дугаарын индекстэй 3 ширхэг эмийн жор,
2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3112 дугаартай шинжээчийн дүгнэлт:
7. Шинжилгээнд ирүүлсэн 11263265 индексийн дугаартай Сэтгэцэд нөлөөт
эмийн жор гэсэн гарчиггай баримтуудад бичиж, зурагдсан шинжилж буй гарын
үсэг, гар бичвэрүүдийг Э.Бий гэх адилтгалын шинжилгээний шаардлага
хангахгүй туршилтын загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй гэсэн дүгнэлт /хх-н 62-72/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 74/, Ази фарма ХХК-ны гэрчилгээ болон бусад холбогдолтой баримтууд/ хх-н 75-94/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 860 тоот магадлагаа/ хх-н 156-157/, Э.Бий өвчний түүхийн хуулбар/ хх-н 159-171/, Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоолд: 11263265 дугаарын индекстэй сэтгэцэд нөлөөлөх эмийн 12 ширхэг жорыг эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ./ хх-н 182/
Э.Бий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 95/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 191/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 70/, хувийн байдалтай холбоотой баримт/ хх-н 76-105/, Э.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 176/, прокурорын тогтоол /хх-н 177-178/,
Яллагдагч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /хх-н 180-181/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол/ хх-н 188-189/
Э.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 184-185/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Э.Б нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Соманг плаза төв дэх Ази фарм эмийн сангаас эрх олгосон 11262265 индексийн дугаартай сэтгэцэд нөлөөт эмийн жорыг хуурамчаар үйлдэн хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж диазепам эмнээс 210 ширхэг, трамадол эмнээс 80 ширхэгийг тус тус худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3384 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн “Э.Б шээсний дээж” гэсэн хаягтай шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Б шээсний дээж” гэсэн хаягтай шээсний дээжинд метадон / МТD/, бензодиазепин / BZO/ илрэв. Шинжилгээгээр илэрсэн метадон / МТD/ 1961 оны мансууруулах эмийн тухай конвенц, бензодиазепин / BZO/ НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад тус тус багтдаг гэж тогтоогджээ,
2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3112 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн 11263265 индексийн дугаартай Сэтгэцэд нөлөөлөх эмийн жор гэсэн гарчигтай баримтууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 11263265 индексийн дугаартай Сэтгэцэд нөлөет эмийн жор гзсэн гарчигтай 12 ширхэг баримтуудад дарагдсан тэмдэгний дардсууд хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрмж ашиглан хэвлэсэн хуурамч тэмдэгний дардсууд байна. Шинжилгээнд ирүүлсэн 12 ширхэг 11263265 индексийн дугаартай сэтгэцэд нөлөөт эмийн жор гэсэн гарчигтай баримтын эхийг хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна гэж тогтоожээ.
Гэрч П.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,
Э.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...” гэх мэдүүлэг зэрэг болно.
Э.Б нь Ази фарм эмийн сангаас эрх олгосон 11262265 индексийн дугаартай сэтгэцэд нөлөөт эмийн жорыг хуурамчаар үйлдэн өөрөө хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж диазепам эмнээс 210 ширхэг, трамадол эмнээс 80 ширхэгийг тус тус худалдан авч ашигласан нөхцөл байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Энэ эмийг тусгай зөвшөөрлөөр олгогддог гэж шүүх дүгнэв. Сэтгэцэд нөлөөт эмийг эмийн сангаас олгохдоо Эрүүл мэнд, спортын яамны сайдын тушаалаар тогтоосон тусгай стандартын дагуу олгож байхаар тогтоосон байна. Энэ жорыг мэргэжилийн эмч хүн бичих бөгөөд үүндээ хэрэглэх тунг тодорхой заасан байдаг. Энэ жоргүй бол эмийн сангаас иргэдэд олгогддогүй эм байна. Үүнийг Э.Б мэдэж байсан учраас зориуд хүнээс жорын маягт авч үүнийхээ баримтын эхийг хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэж аваад эм авч ашигласан байна. Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. .
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн 12 ширхэг эмийн жорын хэвлэмэл маягтыг хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Бийг хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай
6. Энэ хэрэгт эдмөрийн баримтаар хураагдан ирсэн 12 ширхэг эмийн жорын хэвлэмэл маягтыг хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.