Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 000094

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             Г.Н-д холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2017/0218/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:    

 

Прокурор                                                      Ц.Мөнхтуяа

Шүүгдэгч                                                       Г.Н

Хохирогч                                                       Б.О

Нарийн бичгийн дарга                             Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолтой Г. Н холбогдох, 1725000750032 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.О-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл, уран зохиолын багш ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын багт оршин суух, урьд нь 2014 оны 12 сарын 02-нд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 22-нд тэнсэн суллагдсан, ГН 85050917 регистрийн дугаартай, Т овогт Г. Н.

 

Шүүгдэгч Г.Н нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр “Надежда” хотхоны урд талын зам дээр “Тоёото” маркийн, 76-92 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.О-ыг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Т овогт Г-ын Н-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.О давж заалдах гомдолдоо:

 

Иргэн Б.О миний бие нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Надежда” хотхоны урд талын зам дээр Тоёото маркийн 76-92 БУЛ улсын дугаартай машинд дайруулж, биедээ хүнд гэмтэл авсан. Миний биед гэмтэл учруулсан Г.Н нь 2017.08.17-ны өдрийн 226 дугаар  шийдвэрээр 450 000 төгрөгөөр торгох ял авсан. Одоо миний бие сайжрахгүй, мөнгө байхгүйн улмаас эмчилгээ хийлгүүлж чадахгүй, гэртээ зовиуртай хэвтэж байна. Г.Н нь анхан шатны шүүх хуралд намайг эмчлүүлнэ гэж хэлсэн боловч утас нь холбогдохгүй, эргэж ирэхгүй, утсаар ч ярихгүй байна.

 

Иймд миний бие шүүхийн 226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна гэжээ.

Шүүгдэгч Г.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

 

Би гэм буруугаа ойлгож байгаа, хохирогчийг эмнэлэгт хэвтэх, эмчилгээ хийлгэхэд нь төлбөрийг нь өгнө гэсэн..., гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа дүгнэлтдээ:

 

Шүүгдэгч Г.Н үйлдсэн хэрэг тогтоогдсон, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

 

Хохирогч хэрэгт авагдсанаас өөр нотлох баримт бүрдүүлж өгөөгүй бөгөөд шүүх түүнийг цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Н нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр “Надежда” хотхоны урд талын засмал зам дээр “Тоёото” маркийн, 76-92 БУЛ улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.О-ыг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

 

Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч Г.Намнангийн мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгийн үед өгсөн :

 

....Тэр өдөр “Надежда” хотхоны хажуугаар явж байтал гэнэт эсрэг урсгалаас явган зорчигч гарч ирээд зам хөндлөн гарч гүйсэн..., би жолоогоо баруун тийш дарахад машины зүүн урд талын булангаар мөргөсөн..., Хохирогчид тухайн үед эмчилгээний зардал 499.000 төгрөг өгсөн.., буруугаа ойлгож байгаа цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө... гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.О-н өгсөн :

 

Тэр үед зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн..., эгэм хугарсан, гар өвчтэй байна..., ослын дараа ухаангүй болоод 10 хоног эмнэлэгт хэвтсэн.., Одоо эмчилгээ хийлгэх гэтэл мөнгө төгрөг байхгүй хэцүү байна..., эм, тарианы мөнгө гаргуулмаар байна... гэсэн мэдүүлэг..,

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 642 дугаартай 

 

...Б.О-ын зүүн эгэмний ясны хугарал, баруун гарын эрхий хурууны шивнүүр ясны хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, гавлын зүүн талын чамархай ясны цуурал, хуйханд шарх, зүүн сарвуу, бугуй, тохойны дотор хэсэг баруун хөлний шагайн үеэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйх зүүн гарын тохой, өвдөгөнд зулгаралт үүссэн.., 

...Гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн..., зүүн эгэмний ясны хугарал, баруун гарын эрхий хурууны шивнүүр ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт, болон Орхон аймгийн замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 16–ны өдрийн 110 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт хийсэн дүгнэлт болон үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Н-д холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж түүнд хуульд заасан ял оногдуулжээ.  

 

Хохирогч Б.О-ын биед дээрх гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирч тухайн үед 10 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бөгөөд шүүгдэгч эмчилгээний зардал 499.000 төгрөгийг төлсөн..., одоо хэрэгт эм, тариа болон эмчилгээний зардлын талаарх ямар ч баримт авагдаагүй байх тул хохирол, төлбөр нэмж гаргах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд энэ талаар дүгнэлт хийж хохирогчийг нотлох баримтаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлээд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг заасан байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.О-н гаргасан “ ...одоо миний биеийн эрүүл мэнд муу, тархи толгой их өвддөг..., цаашид эмчлүүлэх шаардлагатай байна..., эмчлүүлэх гэхэд мөнгө байхгүй..., энэ хүнээс болж гэмтэл авсан..., шүүгдэгч намайг эмнэлгээс гарсанаас хойш утсаа авахгүй байна...,би их гомдолтой ..., эм, тарианы мөнгө, эмчилгээний зардал гаргаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.О-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ЦЭЦЭГМАА

 

               ШҮҮГЧ                                                                       Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                         

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР