Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 555

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Жаргалант сумын 1-р баг, Асайт гэх газар оршин суух Далх боржигон овогт Баатархүүгийн Номинзул /РД:АВ92040901/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Жаргалант сумын Асайт баг, Ширээ гэх газар оршин суух Ногоон суунаг овогт Машбатын Сайнбат /РД:АВ83071518/-д холбогдох

Эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан хиймэл эрхтэн хийлгэсэн зардал 14 070 312 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцож тэтгэмж тогтоолгон хариуцагчаас сар бүр гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагч М.Сайнбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Эрдэнэ-Очир, иргэдийн төлөөлөгч Б.Оюунтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн иргэн Баатархүү овогтой Номинзул нь 2011 оны 1-р сарын 26-ны шөнө хариуцагч М.Сайнбатын жолоодож явсан УБН 6091 улсын дугаартай “Делика” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж яваад зам тээврийн осолд орсон. Ослын улмаас хариуцагч М.Сайнбат нь өөрийн тээврийн хэрэгслээрээ нэхэмжлэгч Б.Номинзулын баруун хөлийг дайрч баруун дунд чөмөгний далд хугарал, ослын улмаас гэмтэл учирсаар байтал эмнэлгийн болон анхны тусламж үзүүлээгүй хээр орхиж зугтсаны улмаас 4 дүгээр зэргийн хөлдөлт зэрэг гэмтлүүдийг тус тус учруулсан. Хариуцагч М.Сайнбатын дээрх үйлдэлд Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас 2011 оны 2-р сард Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн 21101055 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад 2011 оны 7-р сард хэргийг прокурорт шилжүүлсэн бөгөөд прокурор хэргийг хүлээн авч хянаад 2011 оны 7-р сард Архангай аймаг дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн. Сум дундын шүүх яллагдагч Б.Сайнбатад холбогдох эрүүгийн 21101055 дугаартай хэргийг 2011 оны 8-р сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 77 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Сайнбатыг ”... Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих, зам тээврийн осол гарсан үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр” шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээр шүүгдэгч Сайнбатад холбогдох эрүүгийн 21101055 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэх үед шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр, эмчилгээний зардалд 8 720 000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн 77 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтад тодорхой дурдаж өгсөн. Хохирогч буюу нэхэмжлэгчийн зүгээс ч дээрх 8 720 000 төгрөгийн хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн зэрэг, үлдэц биеийн эрүүл мэндийн болон хөдөлмөрийн чадвар алдалттай холбоотойгоор дээрх 8 720 000 төгрөгийн хохирол төлбөрөөс гадна дахин зардал төлбөр өнөөдрийг хүртэл гарсаар байна. Тодруулбал хэргийн улмаас Б.Номинзулын биед баруун дунд чөмөгний далд хугарал, тархи доргилт, бүсэлхий орчмын болон 2 өвдөгний баруун хөлийн дунд чөмөгний зөөлөн эдэд няцралт хөлдөлт, 2 хөлийн бүх хуруунуудын 2 сарвууны доод 1/3 хэсгээр тайрагдсан болох нь хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн 2011 оны 3-р сарын 29-ний өдрийн нэмэлт үзлэг, дүгнэлтүүдээр тогтоогдсон. Дээрх гэмтлийн шинж тэмдгүүд нь ердийн хөдөлмөрийн чадварыг 125 хувь тогтонги алдагдуулж, хариуцагч М.Сайнбатын илтэд буруутай үйлдэл, ослын улмаас ид залуу 19 насандаа хоёр гаргүй болж насан туршдаа эрүүл хүний адилаар ажиллаж хөдөлмөрлөх болон амьдралын энгийн хэв маягт дасан зохицох боломжгүй, бие даан ямар нэгэн үйлдэл хийх чадваргүй байнгын хэн нэгний асаргаа, сувилгаа, анхаарал халамжид байх шаардлагатай болсон. Улмаар 2012 оны 3-р сард БНСУ-ын Сөүл хотод байрлах Ёнсэй их сургуулийн Гангнам Сенеранс эмнэлэгт хандаж хиймэл гар хийлгэх эмчилгээнд хамрагдсан бөгөөд дээрх эмчилгээний зардалд 11 725 260 вон буюу 14 070 312 төгрөгийн зардал гаргасан. Нэхэмжлэгч Б.Номинзул нь Иргэний хуулийн 497, 499, 505-р зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах гол үндэслэл нь хариуцагчийн илтэд буруутай үйлдэл буюу зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч Б.Номинзулын биед хариуцагч М.Сайнбат нь гэмтэл учруулсан. Энэ буруутай үйлдэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм бурууг тогтоож, учирсан хохирол болон нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийн зэргийг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгасан зүйл нь гэм хор учруулсантай үүссэн эмчилгээний зардал. Энэ нь Солонгос улсын Ёнсэй их сургуулийн эмнэлгийн албан ёсны тодорхойлолт, тухайн тодорхойлолтыг албан ёсны баталгаат орчуулгын газраар орчуулж гаргасан баримтуудыг шүүхэд нотлох баримтыг хэмжээнд үнэлэгдэхүйц байдлаар гаргаж өгсөн. Мөн энэ хэрэг нь эрүүгийн хэргийн явцад нэхэмжлэгч Б.Номинзулын биед учирсан гэмтлийн зэргийн анхны болон нэмэлт шинжээчийн дүгнэлтээр тогтоож өгсөн хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг үндэслээд хариуцагчаар тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрх зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүл мэнд эмчилгээ сувилгаатай холбогдуулан гаргасан 14 070 312 төгрөгийн хохирол төлбөрийг хариуцагч М.Сайнбатаас гаргуулж, Монгол улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсгүүдэд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр тооцож тэтгэмж тогтоон хариуцагч М.Сайнбатаас сар бүр гаргуулж өгнө үү гэв.

          Хариуцагч М.Сайнбат нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 1-р сарын 26-ны өдөр өвөл Улаанбаатар хот руу өөрийн УБН 60-91 дугаартай Делика маркын машинаар хот яваад буцахдаа Жаргалантын харьяат С.Лхагва, түүний гэр бүлийн хүн болох Б.Номинзул гэсэн хүмүүстэй явж байх замд тэр хүмүүс хоорондоо маргалдаж, согтууран улмаар миний явж байсан машины хаалгыг онгойлгон хохирогч Б.Номинзул үсрэн бууж хээр өвлийн хүйтэнд хайруулж 2 гаргүй болсон нь үнэн болно. Ингээд хүн тээвэрлэж явсан жолооч гэдэг утгаараа миний бие Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд заасан зүйл ангиар жолооны эрхээ 2 жилээр хасуулан мөн 1,6 жилийн хорих ялаар шийтгэгдэн ялыг өөрийн биеэр эдэлж, хохирогч болох Б.Номинзулд хохирол барагдуулж 8 720 000 төгрөгийг бэлнээр төлсөн юм. Б.Номинзулыг Солонгос улс руу гараа эмчлүүлэхээр явахад нь нутгийн иргэдийн сайн санааны хандив цуглуулан  2570 000 төгрөг өгч тусалсан нь бодит үнэн билээ. Ингээд эцэст нь бидний дунд ямар ч маргаан, гомдол чирэгдэлгүй гээд хуулийн байгууллагын өмнө гарын үсэг зурж байсан. Гэтэл 2016 оны 8-р сарын 22-ны өдөр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.Номинзулын хууль ёсны төлөөлөгч Г.Мягмардоржийн гаргасан 14 070 312 төгрөгийн хохирол гэх нэхэмжлэлийг миний бие дахин төлөх боломжгүй. Төлбөрөө төлж, ялаа эдэлж, эрхээ хасуулж, зохих хуулийн шийтгэлийг эдэлж дууссан тул дахин төлбөр төлөх боломжгүй гэж миний хувьд бодож байна. Бидний хоорондын ярьсан яриа гомдол гаргахгүй гэж гарын үсэг зуралцсан байдлаа эргэн бодмоор юм. Миний одоогийн амьдрал гэвэл 76 настай миний ээж Пунсалдулам нь нүдний мэс засал саяхан хийлгэсэн, даралт ихтэй, бөөр нурууны өвчтэй. Мөн миний гэр бүлийн хүн болох Б.Энхтуул нь нүдний хараа муу одоо Улаанбаатар хотод нүдний мэс засал зайлшгүй 10 сард хийлгэх болсон. Мөн зүрх, үе мөчний өвчтэй. Ээж,гэр бүлийн хүн хоёроо би асарч байдаг. Эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Мөн гурван хүүхдийн том нь болох хүү Пүрэв-Очир маань хар нялхаараа 7 настайдаа 2016 оны 2-р сарын 1-ний өдөр гэнэт нас барж бидэнд уй гашуу, сэтгэл санааны хүнд дарамт учирч айхтар зовлон үзлээ. Би төрүүлсэн ээж, гэргий, 3-6 насны 2 хүүхдээ асарч байдаг билээ. Үүнээс гадна гэр бүлийн хүн болох Б.Энхтуул маань дахин нэхэмжилсэн 14 070 312 төгрөгийг дуулаад бухимдан сэтгэл санааны гүн хямралд орж бид хоёрын хооронд үргэлж маргаан үүсч, өрх гэр салах сарнихдаа хүрээд эхнэр Б.Энхтуул маань 2 хүүхдээ аваад салахаар өөрийнхөө аав, ээж дээрээ очсон. Ингээд миний амьдрал амьдрал биш болж миний сэтгэл санаа тогтворгүй боллоо. Аягүй бол сэтгэл мэдрэлийн өвчтэй ч болж магадгүй байна. Энэ бүх байдлыг газар дээр нь ирэн бодит үнэнийг хянан үзэж нэхэмжилсэн дахин төлөх төлбөрийн 14 070 312 төгрөгийг хэрэгсэхгүй болгож миний болоод бидний цаашдын амьдралд бэрхшээл зовлонгүй гэр бүл тогтвортой байхад минь гүн туслалцаа үзүүлнэ үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Номинзул нь хариуцагч М.Сайнбатаас эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан хиймэл эрхтэн хийлгэсэн зардал 14 070 312 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцож тэтгэмж тогтоолгон хариуцагчаас сар бүр гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.Сайнбат нь нэхэмжлэгч Б.Номинзулд гэм хорын хохиролд 8 720 000 төгрөг хиймэл эрхтэн хийлгэхээс өмнө төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч М.Сайнбат нь нэхэмжлэгч Б.Номинзулд учруулсан хохиролд 8 720 000 төгрөг төлсөн, мөн эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа гомдолгүй гэсэн бичигт харилцан гарын үсэг зурсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан болно.

Шүүхийн зүгээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1. Эрүүл мэнд, эмчилгээ сувилгааны зардал 14 070 312 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч М.Сайнбат нь 2011 оны 1-р сарын 26-ны шөнө Улаанбаатар хотоос Архангай аймаг руу УБН 6091 улсын дугаартай “Делика” маркын машиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих, зам тээврийн осол гарсан үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтах гэмт хэрэг үйлдэж, нэхэмжлэгч Б.Номинзулын биед хүнд гэмтэл учруулсан болох нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 53 дугаартай акт болон Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 8-р сарын 16-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Иймд эрүүгийн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг нэхэмжлэгч нь нэхэмжлэх эрхтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч М.Сайнбат нь нэхэмжлэгч Б.Номинзулын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Б.Номинзул нь хариуцагч М.Сайнбатын учруулсан гэм хорын улмаас БНСУ-ын Сөүл хотод байрлах Ёнсэй их сургуулийн Гангнам Сенеранс эмнэлэгт 11 725 260 воноор буюу тухайн үеийн Монгол банкны валютын ханшаар 14 070 312 төгрөгөөр хиймэл гар хийлгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

  • Гангнам Сенеранс эмнэлгийн эмчилгээний төлбөр болон асаргаа сувилгааны зардлын баримт. ХХ-8-9х
  • 2016 оны 8-р сарын 15-ны өдрийн Монгол банкны лавлагаа. ХХ-10х зэргээр нотлогдож байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг БНСУ руу эмчилгээнд явахад нь нутгийн иргэдээс хандив цуглуулж өгсөн гэх боловч үүнийгээ нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдвал зохино.  

Иймд нэхэмжлэгчийн эмчилгээний төлбөрт нотлох баримтаар нотлогдсон зардал 14070312 төгрөгийг хариуцагч М.Сайнбатаас гаргуулж нэхэмжлэгч Б.Номинзулд олгох нь зүйтэй байна.

2. Хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцож тэтгэмж тогтоолгон хариуцагчаас сар бүр гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан тэтгэмж тогтоолгохоор нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-т зааснаар хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой төлбөрийг сар тутам төлөхөөр зохицуулжээ.

Нэхэмжлэгч Б.Номинзул нь хөдөлмөрийн чадварыг 125 хувиар тогтонги алдсан болох нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт №53, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 сарын 16-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байх  бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад Б.Номинзул нь нийгмийн халамжийн сангаас 160 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гэсэн тайлбар гаргасан болно.

Нэхэмжлэгч Б.Номинзул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцож хариуцагчаас сар бүр тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасан боловч Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу сар бүр халамжийн тэтгэвэр авч байгаа нь түүнийг амьжиргааны эх үүсвэр тэтгэвэр сар бүр авдаг, орлоготой гэж үзэх үндэслэлтэй, мөн нэхэмжлэгч Б.Номинзул сар бүр хэдэн төгрөгийн халамжийн  тэтгэвэр авдаг, нийгмийн халамжийн сангаас авч байгаа тэтгэвэр хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байгаа эсэх талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцож тэтгэмж тогтоолгон хариуцагчаас сар бүр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Нэхэмжлэлийн шаардлагаас хиймэл эрхтэн хийлгэсэн зардал болох 14 070 312 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцож тэтгэмж тогтоолгон хариуцагчаас сар бүр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 228 302 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

          Иргэдийн төлөөлөгч М.Чинбат хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.8-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:

         

          1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч М.Сайнбатаас хиймэл эрхтэн хийлгэсэн зардал 14 070 312 / арван дөрвөн сая далан мянга гурван зуун арван хоёр / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Номинзулд олгосугай.

          2. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр тооцож, тэтгэмж тогтоолгон хариуцагчаар сар бүр тэжээн тэтгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч М.Сайнбатаас улсын тэмдэгтийн хураамж 228 302 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН

 

                                  ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                           Д.БЯМБАСҮРЭН