Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Номинзулын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 555 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Номинзулын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Сайнбатад холбогдох

 

 “ Эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан хиймэл эрхтэн хийлгэсэн зардал 17.070.312 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцож тэтгэмж тогтоолгон хариуцагчаас сар бүр гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн өмгөөлөгч Р.Эрдэнэ-Очир, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Архангай аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн иргэн Баатархүү овогтой Номинзул нь 2011 оны 1-р сарын 26-ны шөнө хариуцагч М.Сайнбатын жолоодож явсан УБН 6091 улсын дугаартай “Делика” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж яваад зам тээврийн осолд орсон. Ослын улмаас хариуцагч М.Сайнбат нь өөрийн тээврийн хэрэгслээрээ нэхэмжлэгч Б.Номинзулын баруун хөлийг дайрч баруун дунд чөмөгний далд хугарал, ослын улмаас гэмтэл учирсаар байтал эмнэлгийн болон анхны тусламж үзүүлээгүй хээр орхиж зугтсаны улмаас 4 дүгээр зэргийн хөлдөлт зэрэг гэмтлүүдийг тус тус учруулсан. Хариуцагч М.Сайнбатын дээрх үйлдэлд Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас 2011 оны 2-р сард Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн 21101055 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад 2011 оны 7-р сард хэргийг прокурорт шилжүүлсэн бөгөөд прокурор хэргийг хүлээн авч хянаад 2011 оны 7-р сард Архангай аймаг дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн. Сум дундын шүүх яллагдагч Б.Сайнбатад холбогдох эрүүгийн 21101055 дугаартай хэргийг 2011 оны 8-р сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 77 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Сайнбатыг ”... Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих, зам тээврийн осол гарсан үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр” шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээр шүүгдэгч Сайнбатад холбогдох эрүүгийн 21101055 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэх үед шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр, эмчилгээний зардалд 8 720 000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн 77 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтад тодорхой дурдаж өгсөн. Хохирогч буюу нэхэмжлэгчийн зүгээс ч дээрх 8 720 000 төгрөгийн хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн зэрэг, үлдэц биеийн эрүүл мэндийн болон хөдөлмөрийн чадвар алдалттай холбоотойгоор дээрх 8 720 000 төгрөгийн хохирол төлбөрөөс гадна дахин зардал төлбөр өнөөдрийг хүртэл гарсаар байна. Тодруулбал хэргийн улмаас Б.Номинзулын биед баруун дунд чөмөгний далд хугарал, тархи доргилт, бүсэлхий орчмын болон 2 өвдөгний баруун хөлийн дунд чөмөгний зөөлөн эдэд няцралт хөлдөлт, 2 хөлийн бүх хуруунуудын 2 сарвууны доод 1/3 хэсгээр тайрагдсан болох нь хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн 2011 оны 3-р сарын 29-ний өдрийн нэмэлт үзлэг, дүгнэлтүүдээр тогтоогдсон. Дээрх гэмтлийн шинж тэмдгүүд нь ердийн хөдөлмөрийн чадварыг 125 хувь тогтонги алдагдуулж, хариуцагч М.Сайнбатын илтэд буруутай үйлдэл, ослын улмаас ид залуу 19 насандаа хоёр гаргүй болж насан туршдаа эрүүл хүний адилаар ажиллаж хөдөлмөрлөх болон амьдралын энгийн хэв маягт дасан зохицох боломжгүй, бие даан ямар нэгэн үйлдэл хийх чадваргүй байнгын хэн нэгний асаргаа, сувилгаа, анхаарал халамжид байх шаардлагатай болсон. Улмаар 2012 оны 3-р сард БНСУ-ын Сөүл хотод байрлах Ёнсэй их сургуулийн Гангнам Сенеранс эмнэлэгт хандаж хиймэл гар хийлгэх эмчилгээнд хамрагдсан бөгөөд дээрх эмчилгээний зардалд 11 725 260 вон буюу 14 070 312 төгрөгийн зардал гаргасан. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...”, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “... Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй ...” гэж тус тус заасан байх бөгөөд хуулийн дээрхи зүйл хэсгүүдээр нэхэмжлэгч Б.Номинзул миний бие хариуцагчийн илтэд гэм буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан эрүүл мэнд эмчилгээ сувилгаатай холбогдуулан гаргасан 14.070.312 төгрөгийн хохирол төлбөрийг хариуцагч М.Сайнбатаас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Б.Номинзул миний бие зам тээврийн осолд өртөж хөдөлмөрийн чадвараа алдсан 2011 оны 01 дүгээр сард 19 настай амьдралын гараагаа дөнгөж эхлүүлж байсан. Өөрөөр хэлбэл Б.Номинзул миний бие тухайн үед цалин хөлс түүнтэй адилтгах ямар нэгэн орлоггүй байсан бөгөөд 2012 онд Улаанбаатар хотод Олон Улсын Улаанбаатар их сургуульд элсэн орж 2015 онд нягтлан бодох бүртгэл мэргэжилтэйгээр суралцаж төгссөн. Гэсэн хэдийч миний бие өөрийн сурч эзэмшсэн мэргэжпээр ажил хөдөлмөр эрхлэх, аливаа байгууллага аж ахуй нэгжид эрүүл хүний адилаар ажиллаж хөдөлмөрлөх боломжгүй болсон тул өнөөдрийг хүртэл ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэж цалин хөлс авах боломжгүй явж байна. Одоо би 24 настай цаашид цаг хугацаа хэдий хугацаанд өнгөрсөн ч миний эрүүл мэндийн байдал дахиж нөхөн сэргээгдэхгүй. Иймээс миний бие цаашдийн амьдралын баталгаа, орлогын эх үүсвэрээ болгож хариуцагч М.Сайнбатаас сар бүр тэтгэмж тогтоолгох зайлшгүй шаардлагатай болж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт "... Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй...”, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт “...Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө...” гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Номинзул миний бие Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар дээрхи тэтгэмжийг хариуцагчаас шаардах эрхтэй юм. Тэтгэмж тогтоох хувь хэмжээний хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс баггүй байхаар хуульчилсан байна. Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан хувь хэмжээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө буюу сард 192.000 төгрөг байхаар тогтоож өгсөн нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Иймд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцож тэтгэмж тогтоон хариуцагч М.Сайнбатаас сар бүр гаргуулж өгнө үү. Гэм хор учруулсантай холбоотойгоор гаргасан эмчилгээ, сувилгааны зардал буюу хохирол төлбөр гаргуулах, хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотойгоор тэтгэмж тогтоолгох зорилгоор гаргаж буй дээрхи нэхэмжлэлийн шаардлагууд нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 2010 оны 11 сарын 25-ны өдрийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.7 дахь хэсгүүдэд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай тул нэхэмжпэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно. Иймд нэхэмжлэлд дурьдсан нөхцөл байдлуудад дүгнэлт хийж Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүл мэнд эмчилгээ сувилгаатай холбогдуулан гаргасан 14.070.312 төгрөгийн хохирол төлбөрийг хариуцагч М.Сайнбатаас гаргуулж, Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсгүүдэд зааснаар хуулийн хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцож тэтгэмж тогтоон хариуцагч М.Сайнбатаас сар бүр гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж анхан шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Номинзул нь Иргэний хуулийн 497, 499, 505-р зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах гол үндэслэл нь хариуцагчийн илтэд буруутай үйлдэл буюу зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч Б.Номинзулын биед хариуцагч М.Сайнбат нь гэмтэл учруулсан. Энэ буруутай үйлдэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм бурууг тогтоож, учирсан хохирол болон нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийн зэргийг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгасан зүйл нь гэм хор учруулсантай үүссэн эмчилгээний зардал. Энэ нь Солонгос улсын Ёнсэй их сургуулийн эмнэлгийн албан ёсны тодорхойлолт, тухайн тодорхойлолтыг албан ёсны баталгаат орчуулгын газраар орчуулж гаргасан баримтуудыг шүүхэд нотлох баримтыг хэмжээнд үнэлэгдэхүйц байдлаар гаргаж өгсөн. Мөн энэ хэрэг нь эрүүгийн хэргийн явцад нэхэмжлэгч Б.Номинзулын биед учирсан гэмтлийн зэргийн анхны болон нэмэлт шинжээчийн дүгнэлтээр тогтоож өгсөн хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг үндэслээд хариуцагчаар тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрх зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүл мэнд эмчилгээ сувилгаатай холбогдуулан гаргасан 14 070 312 төгрөгийн хохирол төлбөрийг хариуцагч М.Сайнбатаас гаргуулж, Монгол улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсгүүдэд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр тооцож тэтгэмж тогтоон хариуцагч М.Сайнбатаас сар бүр гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч М.Сайнбат нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Миний бие 2011 оны 01-р сарын 26-ны өдөр өвөл Улаанбаатар хот руу өөрийн УБН 60-91 дугаартай Делика маркын машинаар хот яваад буцахдаа Жаргалантын харьяат С.Лхагва, түүний гэр бүлийн хүн болох Б.Номинзул гэсэн хүмүүстэй явж байх замд тэр хүмүүс хоорондоо маргалдаж, согтууран улмаар миний явж байсан машины хаалгыг онгойлгон хохирогч Б.Номинзул үсрэн бууж хээр өвлийн хүйтэнд хайруулж 2 гаргүй болсон нь үнэн болно. Ингээд хүн тээвэрлэж явсан жолооч гэдэг утгаараа миний бие Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд заасан зүйл ангиар жолооны эрхээ 2 жилээр хасуулан мөн 1,6 жилийн хорих ялаар шийтгэгдэн ялыг өөрийн биеэр эдэлж, хохирогч болох Б.Номинзулд хохирол барагдуулж 8 720 000 төгрөгийг бэлнээр төлсөн юм. Б.Номинзулыг Солонгос улс руу гараа эмчлүүлэхээр явахад нь нутгийн иргэдийн сайн санааны хандив цуглуулан  2570 000 төгрөг өгч тусалсан нь бодит үнэн билээ. Ингээд эцэст нь бидний дунд ямар ч маргаан, гомдол чирэгдэлгүй гээд хуулийн байгууллагын өмнө гарын үсэг зурж байсан. Гэтэл 2016 оны 8-р сарын 22-ны өдөр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.Номинзулын хууль ёсны төлөөлөгч Г.Мягмардоржийн гаргасан 14 070 312 төгрөгийн хохирол гэх нэхэмжлэлийг миний бие дахин төлөх боломжгүй. Төлбөрөө төлж, ялаа эдэлж, эрхээ хасуулж, зохих хуулийн шийтгэлийг эдэлж дууссан тул дахин төлбөр төлөх боломжгүй гэж миний хувьд бодож байна. Бидний хоорондын ярьсан яриа гомдол гаргахгүй гэж гарын үсэг зуралцсан байдлаа эргэн бодмоор юм. Миний одоогийн амьдрал гэвэл 76 настай миний ээж Пунсалдулам нь нүдний мэс засал саяхан хийлгэсэн, даралт ихтэй, бөөр нурууны өвчтэй. Мөн миний гэр бүлийн хүн болох Б.Энхтуул нь нүдний хараа муу одоо Улаанбаатар хотод нүдний мэс засал зайлшгүй 10 сард хийлгэх болсон. Мөн зүрх, үе мөчний өвчтэй. Ээж,гэр бүлийн хүн хоёроо би асарч байдаг. Эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Мөн гурван хүүхдийн том нь болох хүү Пүрэв-Очир маань хар нялхаараа 7 настайдаа 2016 оны 2-р сарын 1-ний өдөр гэнэт нас барж бидэнд уй гашуу, сэтгэл санааны хүнд дарамт учирч айхтар зовлон үзлээ. Би төрүүлсэн ээж, гэргий, 3-6 насны 2 хүүхдээ асарч байдаг билээ. Үүнээс гадна гэр бүлийн хүн болох Б.Энхтуул маань дахин нэхэмжилсэн 14 070 312 төгрөгийг дуулаад бухимдан сэтгэл санааны гүн хямралд орж бид хоёрын хооронд үргэлж маргаан үүсч, өрх гэр салах сарнихдаа хүрээд эхнэр Б.Энхтуул маань 2 хүүхдээ аваад салахаар өөрийнхөө аав, ээж дээрээ очсон. Ингээд миний амьдрал амьдрал биш болж миний сэтгэл санаа тогтворгүй боллоо. Аягүй бол сэтгэл мэдрэлийн өвчтэй ч болж магадгүй байна. Энэ бүх байдлыг газар дээр нь ирэн бодит үнэнийг хянан үзэж нэхэмжилсэн дахин төлөх төлбөрийн 14 070 312 төгрөгийг хэрэгсэхгүй болгож миний болоод бидний цаашдын амьдралд бэрхшээл зовлонгүй гэр бүл тогтвортой байхад минь гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

   Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч М.Сайнбатаас хиймэл эрхтэн хийлгэсэн зардал 14 070 312 / арван дөрвөн сая далан мянга гурван зуун арван хоёр / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Номинзулд олгож; Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр тооцож, тэтгэмж тогтоолгон хариуцагчаар сар бүр тэжээн тэтгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч М.Сайнбатаас улсын тэмдэгтийн хураамж 228 302 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Номинзулын нэхэмжлэлтэй хариуцагч М.Сайнбатад холбогдох Архангай аймаг дахь Сум Дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 555 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Номинзулын зүгээс Монгол Улсын ИХШХШТХуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараахь давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцож тэтгэмж тогтоон хариуцагчаас сар бүр гаргуулах тухай шаардлага гаргахдаа Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсгүүдийг үндэслэл болгосон. Тодруулбал Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт “... Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй...” гэж 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт “...Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө...” гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжпэгчийн тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжпэлийн шаардага нь хуулийн дээрхи шаардлагад нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шаардлага болсон бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн, гэм хор учрах үед нэхэмжпэгч нь 19 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй буюу цалин орлоггүй байсан талаархи бичгийн нотлох баримтуудыг хэрэгт бүрэн гүйцэд гаргаж өгсөн.

2. Хариуцагчийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тэтгзмж тогтоолгох...” шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болон татгалзсан талаар дурьдсан зүйл байхгүй бөгөөд зөвхөн гэм хор, хохирол төлбөртэй холбогдуулан илтэд үндэслэлгүй тайлбар ирүүлсэн байдаг. Энэ тохиолдолд анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ИХШХШТХуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлаыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хуулийн дээрхи заалтыг хэрэглэлгүй ИХШХШТХуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн зөрчил болно.

3. Анхан шатны шүүх 555 дугаар шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 2 дахь заалтанд Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан тэтгэмж тогтоолгохоор нэхэ\'жюсз- 5өгөөд /1ргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлоггүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-т зааснаар хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой төлбөрийг сар тутам төлөхөөр зохицуулжээ...” гэж тодотгон зааж нэхэмжлэгчийн шаардлагыг хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл “...Тэтгэмж тогтоолгох...” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн аль зүйл заалтыг үндэслэл болгон шаардлагын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэж байгаагаа шийдвэртээ дурьдаагүй буюу шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг тодорхойлж чадаагүй нь мөн ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

4. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “... нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад Б.Номинзул нь нийгмийн халамжийн сангаас 160 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гэсэн тайлбар гаргасан болно ...” гэж тусгасан нь нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болж чадахгүй юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол Улсын ИХШХШТХуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсгүүдэд зааснаар төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах, бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх эрх, үүрэгтэй бөгөөд итгэмжпэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад маргаан бүхий асуудлын талаар бодит нөхцөл байдлыг мэдүүлсэн тайлбар мэдүүлгийг нь үндэслэж өөрийнх нь дэмжиж буй шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

5. Шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтанд ”... тэтгэмж тогтоолгон хариуцагчаар сар бүр тэжээн тэтгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж заасан байгаа нь нэхэмжпэгчийн шаардлагын утга агуулгыг алдагдуулсан, шаардлагад дурьдагдаагүй нөхцөл байдлыг илэрхийлжээ. Зүй нь нэхэмжпэгч Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэл болгож “... Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэм хор, хөдөлмөрийн чадвараа алдсан нөхцөл байдалтай холбогдуулж сар тутам төлбөр гаргуулах ...” шаардлага гаргасан болохоос "... Хариуцагчаар тэжээн тэтгүүлэх ...” талаар огт дурьдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтанд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдийг үндэслэл болгосон. Нэхэмжпэгч шаардлагдаа Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг үндэслэл болгож буйгаа тодорхой заасан. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид гэм хор учруулсан үйлдэл, шалтгаан нөхцөл нь тээврийн хэрэгслийн ашиглалт, замын хөдөлгөөны аюулгүй байдлын дүрэм журам зөрчсөнөөс үүссэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул анхан шатны шүүх шийдвэрийнхээ ТОГТООХ нь хэсэгт Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг мөн үндэслэл болгох шаардлагатай байсан. ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтанд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг бүрэн гүйцэд тусгаж өгөх нь нэхэмжлэгчийн хувьд шаардлагынхаа 2 дахь заалтыг дэмжих, нотлоход чухал ач холбогдолтой гэж үзнэ. Иймд Монгол Улсын ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсгийг үндэслэж Архангай аймаг дахь Сум Дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 555 дугаартай шийдвэрийн:

- ҮНДЭСЛЭХ нь хэсгийн “... Монгол Улсын ИХШХШТХуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон ...” гэснийг “...Монгол Улсын ИХШХШТХуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ...” гэж

- ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтанд “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар...” гэснийг “... Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар ...” гэж өөрчилж, нэмэл өөрчлөлт оруулах.

Мөн ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн:

- ТОГТООХ нь хэсгийн 2 заалт “... Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар нэхэмжлэлийн шаарлагаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцож тэтмэж тогтоолгон хариуцагчаар сар бүр тэжээн тэтгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг хүчингүй болгож “ . Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсгүүдийг үндэслэж хариуцагч М.Сайнбатаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцон тэтгэмж тогтоон нэхэмжлэгч Б.Номинзулд олгосугай...” гэж тус тус өөрчлөлт оруулж оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. ИХШХШТХуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй болно гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Номинзул, хариуцагч М.Сайнбатаас эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан хиймэл эрхтэн хийлгэсэн зардал 14.070.312 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцож, тэтгэмж тогтоолгон хариуцагчаас сар бүр гаргуулах” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч М.Сайнбатаас хиймэл эрхтэн хийлгэсэн зардал 14.070.312 төгрөг гаргуулахаар,  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр тооцож, тэтгэмж тогтоолгон хариуцагчаар сар бүр тэжээн тэтгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Номинзулын хиймэл эрхтэн хийлгэснээс 14.070.312 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, харин нөхөн төлбөр тогтоолгон, сар бүр тэжээн тэтгүүлэх талаар гаргасан шаардлагаа нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

        1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Номинзулын гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

              ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                  Г.УЛАМБАЯР