Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0211

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 108 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын 14696Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг нэмж тооцохгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, хайгуулын 14696Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг 385 хоногоор нэмж тооцуулан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус үйлдэл эс үйлдэлийн улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах сэргээх зорилготой бөгөөд захиргааны хууль бус үйлдэхүй алдааг захиргааны байгууллагаар хууль хэрэглэж засуулах нь шүүхийн нэг л зорилго нь гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан “хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх”, 34.2-д “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” 106.7-д “шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэснийг шийдвэр гаргахдаа хэрэглээгүй юм.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгтээ Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтыг эш татаад “хуулиар тогтоосон уг зохицуулалт нь хариуцагч захиргааны байгууллагад Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 4 дэх удаа буюу цаашид үргэлжлүүлэн сунгах эрхийг олгоогүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэж хуулийг буруу хэрэглэсэн.

Гэтэл нэхэмжлэгчийн хүсэл, нэхэмжлэлийн агуулга нь 4 дэх удаагаа сунгуулах бус харин тусгай зөвшөөрлийн 12 жилийн хүчинтэй хугацаанаас 1 жил 20 хоногийг нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан буюу Сумын Засаг даргын буруутай үйлдлийн улмаас эрхээ хэрэгжүүлж эдлэж чадаагүй, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлд хамаарах хугацааны төлбөрийг нь төлсөн атлаа ашигт малтмал эрэн хайх зорилго үйлээ энэ хугацаанд биелүүлж хэрэгжүүлж чадаагүй улмаар эрх ашиг сонирхлоороо хохирч түүнийгээ хамгаалж сэргээхээр нэхэж шаардсан байдаг.

Мөн анхан шатны шүүх “Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг зөв хэрэглэж дүгнэлт гаргасан атлаа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал эрэн хайх 1 жил 20 хоног түүнд төлсөн 11 дэх 2019 оны жилийн 79.6 сая төгрөгийн төлбөр болон тухайн эрхийг нь хадгалаагүй “алдагдуулсан” шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч нь цаашлаад 12 дахь 2020 оны жилийн 72 сая төгрөгийг төлбөрийг хугацаанд нь хариуцагчид тус тус бүрэн төлсөн байдаг. Мөн шүүх шийдвэрийн үндэслэлдээ “Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг аливаа шалтгаанаар нөхөн болон нэмж тооцох, дуусгавар болсон хугацааг сэргээх эрхийг хариуцагчид олгоогүй тул нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын 14696Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг нэмж тооцохгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ” гэжээ.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4 тус тус заасныг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны албан тушаалтаны хууль бус үйлдлийн улмаас хуулийн этгээдийн хуулиар олгогдсон эрх ашиг хөндөгдөж Захиргааны хэргийн бүх шатны шүүх Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга хууль зөрчсөнийг тогтоосоор атал нөгөө талд нь төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэгч агентлаг буюу хариуцагчид хуулиар эрх нь олгогдоогүй, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн зарчим захицуулалтыг хэрэглээгүй, тул хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “...14696Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусах боловч, албан тушаалтаны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж, компанийн үйл ажиллагаа тасалдсаныг хариуцагч мэдсээр байж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тасалдсан хугацаагаар сунгахаас татгалзаж байгааг хууль бус гэж...” хариуцагчаас “...тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцох эрх зүйн боломжгүй...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 166 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Мянгад сумын нутаг Цахир нэртэй газар ашигт малтмалын хайгуулын 14696Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгож, улмаар 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1139 дүгээр шийдвэрээр “Б” ХХК-д, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “А” ХХК-д тус тус шилжүүлсэн болох нь тогтоогджээ.

Түүнчлэн хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр тус компанийн тусгай зөвшөөрлийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн талаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэсэн байна.

Улмаар нэхэмжлэгчээс тус тусгай зөвшөөрлийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөөг батлуулахаар Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад хандсан боловч баталж өгөөгүй тул 2019 оны 5 дугаар сард Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 3 шатны шүүх хангаж, “А” ХХК-ийн XY-014696 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гэтэл нэхэмжлэгчээс “хайгуулын ажил гүйцэтгэх боломжгүй байсан хуулиар олгогдсон хугацааг алдсан тул тухайн алдагдсан хугацаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх 468 хоногийг тооцож, тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг нэмэгдсэн хугацаанд тооцон тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглүүлэх”-ээр гаргасан 2020 оны 05 дугаар сарын 14, 06 дугаар сарын 08-ны өдрийн хүсэлтэд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 8/2499, 06 дугаар сарын 30-ны өдрийн 3/3001 дугаар албан бичгүүдээр ...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж зааснаас бусад нөхцөлд тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцох эрх зүйн үндэслэлгүй гэж татгалзсан хариу өгсөн нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг тодорхойлж, 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрхтэй талаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн тухайд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгосон энэ тохиолдолд А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын 14696X дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг нэмж тооцохгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус гэж үзнэ.

Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээдийн 14696Х дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусах байсан боловч нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж компанийн үйл ажиллагаа 385 хоног тасалдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байхад анхан шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан зохицуулалт нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 4 дэх удаа буюу цаашид үргэлжлүүлэн сунгах эрхийг хариуцагчид олгоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчаас гаргасан 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 8/2499, 06 дугаар сарын 30-ны өдрийн 3/3001 дугаар албан бичгээс үзвэл, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ танай тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бөгөөд Кадастрын хэлтсийн мэдээлийн санд тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл бүртгэлтэй байна, иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцох эрх зүйн боломжгүй гэсэн агуулгатай хариу өгсөн байгаа нь захиргааны байгууллагыг хууль зүйн үндэслэлтэй хариу өгсөн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл албан бичигт дурдсан “эрх зүйн боломжгүй” гэж татгалзсан нь хуулийн зорилгод нийцээгүй, өөрөөр хэлбэл татгалзаж буй үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасныг баримтлан “А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын 14696Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг нэмж тооцохгүй байгаа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хайгуулын 14696Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг 385 хоногоор нэмж тооцуулан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН