Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0108

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0108

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А. ХХК, 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: А. ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг нэмж тооцохгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг 385 хоногоор нэмж тооцуулан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А. ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Ховд аймгийн Мянгад сумын нутаг ******* нэртэй газарт орших XV-0*******Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшин, хайгуулын үйл ажиллагаа явуулж байна.

Бид 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө /Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө/-г Мянгад сумын Засаг даргад 2019 оны 1-р сарын 08-ны өдрөөс хойш удаа дараа хүргүүлсэн боловч хуулийн үндэслэлгүй шалтгаанаар батлахаас татгалзсан.

Бид Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж Мянгад сумын Засаг дарга хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, төлөвлөгөө батлахгүй байгаа талаар албан бичиг явуулсан. Тус газраас Мянгад сумын Засаг даргад дээрх төлөвлөгөөг батлах үүрэгтэй болохыг мэдэгдсэн албан бичиг илгээсэн байдаг.

Мөн бид дээд шатны албан тушаалтан болох Ховд аймгийн Засаг даргад энэ тухай хандаж тэрээр сумын Засаг даргад үүрэг өгсөн боловч Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөн л батлаагүй тул компанийн зүгээс шүүхэд гомдол гаргасан.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Мянгад сумын Засаг даргад холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө-г батлахгүй байгаа сумын засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн захиргааны танхимын тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Дээрх маргаан, нөхцөл байдлын улмаас бид 2019 онд Ашигт малтмалын тухай, Байгаль орчны тухай хуульд нийцүүлэн геологи, хайгуулын ажил гүйцэтгэх боломжгүй болж улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 21, 31, 35-р зүйлд заасан эрх, үүргээ биелүүлэх боломжгүй болсон юм.

Бид 2020 оны 5-р сарын 14-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст Хайгуулын ажил гүйцэтгэх боломжгүй байсан хуулиар олгогдсон хугацааг алдсан тул тухайн алдагдсан хугацаа буюу 2019 оны 01-р сарын 10-ны өдрөөс Дээд шүүхийн тогтоол гарсан 2020 оны 4-р сарын 22-ний өдөр хүртэлх 468 хоногийг тооцож, тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг нэмэгдсэн хугацаанд тооцон тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан. Кадастрын хэлтсээс 2020 оны 5-р сарын 26-ны өдөр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн агуулгатай хариу албан бичиг ирүүлсэн.

Бид өнгөрсөн хугацаанд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн захиргааны танхимд хандахын зэрэгцээ
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон Кадастрын хэлтэс, Хууль эрхзүйн хэлтэст шат дарааллын дагуу, удаа дараа хүсэлт гарган шийдвэрлүүлэх гэж хандсан.

Иймд хайгуулын ажил гүйцэтгэх боломжгүй болж, хуулиар олгогдсон хугацааг алдсан тул тухайн алдагдсан хугацаа буюу 2019 оны 01-р сарын 10-ны өдрөөс Дээд шүүхийн тогтоол гарсан 2020 оны 4-р сарын 22-ний өдөр хүртэлх 468 хоногийг тооцож, тусгай зөвшөөрлийн 11-дэх жилийн төлбөрийг нэмэгдсэн хугацаанд тооцон тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэж өгөх хүсэлтийг
2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гаргасан бөгөөд 2020
оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/3001 тоот албан бичгээр танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг өгсөн.

Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г батлах хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж А. ХХК нь геологи, хайгуулын уйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа шат дараатай хандаж явсаар өнөөдрийг хүрч байна. Өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагаа 1 жил 4 сар орчим хугацаагаар тасалдаж, компанийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй гэж заасны дагуу А. ХХК-д олгосон *******Х дугаартай ашигт малтмалын
тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусах боловч, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж компанийн үйл ажиллагаа 385 хоногоор тасалдсаныг Ашигт малтмал, газрын тосны газар мэдсээр атлаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тасалдсан хугацаагаар сунгахаас татгалзаж байгааг хууль бус гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А. ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг нэмж тооцохгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг 385 хоногоор нэмж тооцуулан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Ховд аймгийн Мянгад сумын нутаг ******* нэртэй газарт орших Ашигт малтмалын хайгуулын 0*******Х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 166 дугаар шийдвэрээр
Э ХХК-д олгож, мөн даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1139 дугаар шийдвэрээр Б ХХК-д, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр А." ХХК-д бүхэлд нь тус тус шилжүүлсэн байна.

А. ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад сунгуулах өргөдөл гаргасныг хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 3 жилээр сунгаж шийдвэрлэжээ.

А. ХХК нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 136 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

А. ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай
зөвшөөрлийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө /Байгаль орчныг
хамгаалах.нөхөн сэргээх төлөвлөгөө/-г батлахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус
болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн
давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дүгээр
магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх
хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаар
тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн маргаантай энэ үед А. ХХК-ийн Ховд аймгийн Мянгад сумын нутаг ******* нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрөл нь Кадастрын системд хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Иймд, А. ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан А. ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг нэмж тооцохгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг 385 хоногоор нэмж тооцуулан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А. ХХК-аас шүүх хуралдаанд А. ХХК-д олгосон Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг нэмж тооцохгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг 385 хоногоор нэмж тооцуулан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 166 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Мянгад сумын нутаг ******* нэртэй газар ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг Эм Икс Си" ХХК-д анх олгож, мөн даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1139 дугаар шийдвэрээр Б******* ХХК-д, 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр А. ХХК-д тус тус шилжүүлсэн байна.

А. ХХК нь төрийн захиргааны байгууллагад сунгуулах өргөдөл гаргасныг хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 711 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 3 жилээр сунгаж, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн талаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэжээ.

А. ХХК нь *******Х дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад хандсан боловч баталж өгөөгүй тул 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд А. ХХК-ийн *******Х дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу төлөвлөгөөг батлахыг Мянгад сумын Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргасныг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд А. ХХК-аас *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 136 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Улмаар А. ХХК-аас 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 08/07 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан тус компанийн Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч уг тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэхийг даалгасан шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд холбогдох бүртгэлийг хийх боломжтой талаар 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 7/5658 дугаар албан бичгээр хариу мэдэгджээ.

А. ХХК-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А. ХХК-ийн *******Х хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч А. ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж ... хайгуулын ажил гүйцэтгэх боломжгүй байсан хуулиар олгогдсон хугацааг алдсан тул тухайн алдагдсан хугацаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Дээд шүүхийн тогтоол гарсан 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх 468 хоногийг тооцож, тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг нэмэгдсэн хугацаанд тооцон тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэж өгнө үү гэж 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 05/14, мөн оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 06/08 дугаар албан бичгүүдээр тус тус хүсэлт гаргасан, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 8/2499, мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/3001 дугаар албан бичгүүдээр ... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж зааснаас бусад нөхцөлд тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцох эрх зүйн боломжгүй тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн, А. ХХК-аас ... *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг нэмж тооцохгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг 385 хоногоор нэмж тооцуулан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А. ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...*******Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусах боловч, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж компанийн үйл ажиллагаа 468 хоногоор тасалдсаныг Ашигт малтмал, газрын тосны газар мэдсээр атлаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тасалдсан хугацаагаар сунгахаас татгалзаж байгааг хууль бус гэж, хариуцагчаас ... тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцох эрх зүйн боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлнэ, 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж тус тус заажээ.

Хуулиар тогтоосон уг зохицуулалт нь хариуцагч захиргааны байгууллагад Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 4 дэх удаа буюу цаашид үргэлжлүүлэн сунгах эрхийг олгоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А. ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр олгосноос хойш 3 жилээр 3 удаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг аливаа шалтгаанаар нөхөн болон нэмж тооцох, дуусгавар болсон хугацааг сэргээх эрхийг хариуцагчид олгоогүй тул нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг нэмж тооцохгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхгүй тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхгүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч А. ХХК-ийн шаардлагаар ... хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг 385 хоногоор нэмж тооцуулан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэхийг хариуцагчид даалгах боломжгүй, нэхэмжлэгчийн ... тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байтал компанийн үйл ажиллагаа тасалдаж, эрх ашиг ноцтой зөрчигдсөн... гэх агуулгатай нэхэмжлэлийн үндэслэл нь энэ тохиолдолд хуулиар эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргах үүргийг хариуцагчид ногдуулах үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ... манай компани төлөх ёстой 12 жилийн тусгай зөвшөөрлийн бүх төлбөрийг төлж дууссан боловч 1 жил 1 сар буюу 385 хоног үйл ажиллагаа явуулж чадаагүй, манай компанийн үйл ажиллагаа цааш үргэлжилсэн тохиолдолд тухайн үйл ажиллагаа явуулах хугацаанд шилжүүлэн тооцуулах төлбөр гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэсний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр, түүнийг анх олгосон өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд зааснаар жил бүр урьдчилан төлөх нь уг тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах үндсэн нөхцөл болдгийг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр А. ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А. ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан А. ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг нэмж тооцохгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг 385 хоногоор нэмж тооцуулан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А. ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР