Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 959

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “М” ХХК, 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, "М" ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 3380 га бүхий “Бороот” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 26234 дугаартай, мөн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 3568 га бүхий “Шийрт” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 26273 дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал А.Ц, түүний өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал А.Ц, түүний өмгөөлөгч С.Д нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 3380 га бүхий “Бороот” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 23234, 2015 оны 09 дүгээр сарын 14-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 3568 га бүхий Шийрт талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 26273 дугаартай өргөдлүүдийг  тус  тус  Ашигт  малтмал,  газрын  тосны  газрын  Кадастрын хэлтэст 

гаргасан.

“М” ХХК-ийн зүгээс ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй бөгөөд зөвхөн Ашигт малтмалын газраас зарласан нийтэд мэдээлсэн өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 26234, 26273 дугаартай өргөдлийн шийдвэрлэлтийн талаар Кадастрын хэлтсээс асуухад хянаж байна гэсэн хариуг манай компанид өгдөг байсан. 

Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу өргөдлийг бүртгэснээс хойш 20 хоногийн дотор хариу өгөх ёстой боловч хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байсаар 1 жил 11 сарын дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 27, 31-ний өдрүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан талаар албан бичгээр бидэнд мэдэгдсэн.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдэлд “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2/1775а, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд санал ирүүлэх  хуудсуудад дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн тул олгох боломжгүй” гэжээ. Гэтэл дээрх 2 аймгаас 2015 ондоо багтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн байхад яагаад байнга хянаж байна гэсэн хариу өгч байсан нь ойлгомжгүй байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/1775а, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд санал ирүүлэх хуудсууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл болон Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолын агуулгаас өөр буюу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд дэмжихгүй болон татгалзаж байгаа үндэслэлээ зөвхөн хуульд зааснаар тодорхойлон ирүүлэхээр заасан байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хуульд заасан шаардлага хангаж ирүүлээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 54, 55 дугаар зүйлийг зөрчиж, дэмжихгүй саналыг үндэслэн манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг татгалзаж хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул манай компанийн зүгээс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 26234, 26273 дугаартай өргөдлүүдийг дахин хянаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлсэн боловч татгалзсан хариуг ирүүлээд байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 3380 га бүхий “Бороот” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 26234 дугаартай, мөн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 3568 га бүхий “Шийрт” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 26273 дугаартай өргөдлүүдийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “М” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өргөдлийн бүртгэлийн Е-026234 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, “Бороот” нэртэй 3380 га талбайд, мөн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өргөдлийн бүртгэлийн Е-026273 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, “Шийрт” нэртэй 3568 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар тус тус өргөдлийг гаргасан.

Өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, дээрх талбайнуудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “... Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу дээр дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар санал авахаар 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6/7218, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 6/7313 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн.

Сэлэнгэ   аймгийн   Баянгол   сумын  “Бороот”   нэртэй   3380  гектар  талбайд

хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсэж гаргасан Е-026234 дугаартай өргөдөлд Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/808, Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шийрт” нэртэй 3568 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсэж гаргасан Е-026273 дугаартай өргөдөлд Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/1775а, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/1855 тоот албан бичгүүдийн хавсралтаар “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн саналыг тус тус ирүүлсэн.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно. Аймгийн Засаг дарга нар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрхийн хүрээнд “Дэмжихгүй” саналыг ирүүлсэн. Төрийн захиргааны байгууллага уг дэмжихгүй санал нь хуульд нийцсэн эсэхийг хянахгүй бөгөөд нэгэнт орон нутгаас дэмжихгүй санал ирүүлсэн, энэ нь хүчин төгөлдөр байхад Кадастрын хэлтсийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу дээрх саналыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр “М” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч “М” ХХК нь төрийн захиргааны байгууллага өргөдлийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулж гомдол гаргаж, маргаагүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, “М” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 3380 га бүхий “Бороот” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 26234, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 3568 га бүхий Шийрт талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 26273 дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр  Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн өргөдлийн бүртгэлийн NE-026273 дугаарт бүртгэгдсэн “М” ХХК-ийн өргөдлийн дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шийрт нэртэй 3568 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр  дээрх үндэслэлээр өргөдлийн бүртгэлийн NE-026234 дугаарт бүртгэгдсэн “М” ХХК-ийн өргөдлийн дагуу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Бороот” нэртэй 3380 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос тус тус татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан  хариуг 1 жил 11 сарын дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 27, 31-ний өдрүүдэд ... бидэнд ирүүлсэн ... Засаг даргын хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан саналыг үндэслэн манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч “М” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт “Бороот” нэртэй 3380 га талбайд, мөн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт “Шийрт” нэртэй 3568 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж, өргөдөл  гаргасан байх бөгөөд дээрх өргөдлүүд нь Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-026234, NE- 026273 дугаарт тус тус бүртгэгджээ.

Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь дээрх өргөдлийн дагуу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших “Бороот” нэртэй 3380 га талбайд, мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших “Шийрт” нэртэй 3568 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар санал авахаар Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарт 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6/7218, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 6/7313 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн, Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/808 дугаартай  албан бичгээр ирүүлсэн “дэмжихгүй” саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан, Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1855 дугаартай албан бичгээр ирүүлсэн “дэмжихгүй” саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан, дээрх аймгуудын Засаг дарга нарын “дэмжихгүй” саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “ ... тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх...”-ээр, 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь ... мэдэгдлийг хүлээн авмагц тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж, 19 дугаар зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж, 19.6-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь ... дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах”-аар тус тус хуульчлан тогтоожээ. 

Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “М” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу анхан шатны шүүлт хийж, хуульд заасан холбогдох ажиллагааг явуулан хүсэлтэд дурдсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших “Бороот” нэртэй 3380 га талбайд, мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших “Шийрт” нэртэй 3568 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, санал  авахаар Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарт мэдэгдлийг хүргүүлсэн, дээрх аймгуудын Засаг дарга нараас хүсэлтэд дурдсан талбай нь газар тариалангийн талбай, объект, 9 иргэний эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газартай давхцалтай гэж, “дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн, уг саналыг үндэслэн “М” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг  олгохоос татгалзсан шийдвэрийг гаргасныг хууль бус гэж үзэхгүй.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “е”, 30 дугаар зүйлийн 30.1.13-д зааснаар аймгийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх бүрэн эрхтэй байх бөгөөд дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлтэд дурдсан талбайнууд нь бусдын эзэмшил газартай давхцалтай байсан тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу хүсэлтэд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” саналыг хүргүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “хуульд заасан үндэслэл” гэдгийг зөвхөн Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан, түүнчлэн бусад хуульд заасан үндэслэлийг хамааруулан үзнэ” гэж ойлгох бөгөөд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан үндэслэлээр “дэмжихгүй” гэсэн санал хүргүүлснийг шүүх буруутгах үндэслэлгүй байна. 

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-т “аймаг, нийслэлийн Засаг дарга нь “дэмжсэн” хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах”-аар хуульчилсан байх бөгөөд харин Засаг даргаас “дэмжээгүй” хариу өгсөн бол “тусгай зөвшөөрөл олгох”-оор буюу эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт / шийдвэр/  гаргахыг дээрх хуулиар зохицуулаагүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн “... Засаг даргын хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан саналыг үндэслэн манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуульд төрийн захиргааны байгууллага нь Засаг даргын саналыг хүлээн авснаас хойш ямар хугацаанд тусгай зөвшөөрөл олгох, эс олгох талаар шийдвэр гаргахыг тусгайлан заагаагүй байх бөгөөд Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.3-т “... хууль зүйн үндэслэлтэй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн төсөл боловсруулан, даргын гаргасан шийдвэрийг өргөдөл гаргагчид мэдэгдэх”-ээр журамласан байна.    Хэдийгээр хариуцагч нь Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг 2015 оны 10 дугаар сарын 05, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан атлаа дээрх журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй буруутай байх боловч нэхэмжлэгч “М” ХХК нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байна гэж дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, улмаар хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 27, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн  болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн, “тусгай зөвшөөрөл олгох”-оос татгалзаж шийдвэрлэсэн нь  Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч “М” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших “Бороот” нэртэй 3380 га талбайд, мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших “Шийрт” нэртэй 3568 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Дээрх  нөхцөл байдлуудыг  дүгнэн үзвэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “М” ХХК нь аймгуудын Засаг даргын саналтай маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шүүх нотлох баримт цуглуулах болон дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.   

Түүнчлэн хариуцагч нь аймгийн Засаг даргын татгалзлын хууль зүйн үндэслэлийг хянах үүрэггүй бөгөөд Засаг дарга хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан санал ирүүлсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэгч нь Засаг даргын саналыг хянуулахаар тухайн аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

             Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, “М” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 3380 га бүхий “Бороот” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 26234, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 3568 га бүхий Шийрт талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 26273 дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН