Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/00068

 

 

 

 “Хийморь хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05645 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Хийморь хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Мөнхбатад холбогдох

 

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 14 335 789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.Энхсайхан

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Энхтайван

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ажилтан н.Булганы гуйлтаар  Д.Мөнхбатын нэрийн өмнөөс "Үндэсний Соёл амралтын хүрээлэн" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээг заавал компанийн нэрээр байгуулах шаардлагатай байна гэж гуйгаад байсан юм. Гэтэл Д.Мөнхбатын хийсэн ажлын гүйцэтгэлийн төсөв нь буруу байсан бөгөөд үндэслэлгүй илүү мөнгө авсан гээд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Хийморь хайрхан" ХХК болон Д.Мөнхбатыг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2014 оны 05 сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 1895 тоот шийдвэрээр "Хийморь хайрхан" ХХК-иас 14.335.789 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Д.Мөнхбатад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. "Хийморь хайрхан" ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч хүлээж аваагүй бөгөөд Д.Мөнхбатад компанийн нэрээр гэрээ байгуулж өгснөөр шүүхийн шийдвэрээр бусдад 14.355.789 төгрөг төлөх болж хохирсон.  Манайх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж манайхыг болон "Үндэсний Соёл амралтын хүрээлэн" ХХК-ийг хохирогчоор тогтоож Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл 148.2 дахь хэсэгт зааснаар байцаан шийтгэх ажиллагаа явуулсан. Тухайн үед Өршөөлийн хууль гарсан тул Д.Мөнхбат өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж өршөөгдсөн. Иймд 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1895 тоот шийдвэр, 707 тоот магадлалаар "Хийморь хайрхан" ХХК-иас гаргуулсан 14.335.789 төгрөгийг Д.Мөнхбат авч хувьдаа ашигласан нь тогтоогдсон тул  Д.Мөнхбатаас 14.335.789 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр дээрх мөнгийг  "Хийморь хайрхан" ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрч шийдвэр гаргуулсан.  "Үндэсний Соёл амралтын хүрээлэн" ХХК-д агааржуулах хоолой барих ажлын төсвийг "Хийморь хайрхан" ХХК-ийн захирал Ц.Энхсайхан 20.000.000 төгрөг гэж зохиож өгсөн. Төсвийн дагуу "Хийморь хайрхан" ХХК-н дансанд 20.000.000 төгрөг орж, Д.Мөнхбат тус ажлыг гүйцэтгэсэн. Тус ажлыг "Үндэсний Соёл амралтын Хүрээлэн" ХХК чанарын сайн дүнтэй хүлээж авсан. Гэтэл 2 жил орчмын дараа 6.000.000 төгрөгт хийгдэх ажил байсан байна гэсэн Барилгын хөгжлийн төвөөс гаргасан үнэлгээг үндэслэн "Үндэсний соёл амралтын хүрээлэн" ХХК-иас "Хийморь хайрхан" ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. "Хийморь хайрхан" ХХК-иас анх тус ажлын төсвийг зохиосон хирнээ Д.Мөнхбат мөнгийг нь завшсан гэж тайлбарлан түүнийг ажлаас нь халуулсан. Ингээд "Хийморь хайрхан" ХХК нь Д.Мөнхбатыг эрүүгийн хэрэгт шалгуулахад тухайн үед тус мөнгийг бараа материал ажлын гүйцэтгэлд зарцуулсан тухайгаа тайлбарлаж, хамт ажилласан хүмүүсээ гэрчээр асуулгасан. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байхдаа залхаатал нь явуулсан тул тухайн үед Өршөөл үзүүлэх хуульд хамрагдахыг тулд иргэний журмаар жич асуудал шийдвэрлүүлэхийг зөвшөөрсөн. Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Мөнхбат тус мөнгийг яаж зарцуулж, хэдийг нь хувьдаа хэрэглэсэн нь тогтоогдохгүй байгаа тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Мөнхбатаас 12.335.789 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Хийморь хайрхан" ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 212.323 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Мөнхбат нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсний зэрэгцээ эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг гэм буруугаа хүлээсэн гэж тайлбарлаж дүгнэж байгаад нь гомдолтой байна.

Би гэм буруутай 14.335.781 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн нэг ч баримт, үг үсэг хэрэгт байхгүй харин "зөвшөөрч байгаа хохирлын хэмжээг бодитойгоор тогтоосон тохиолдолд учруулсан хохирлоо төлж барагдуулахыг хүсэж байна" гэснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэж, 12.335.789 төгрөг гаргуулж Хийморь хайрхан ХХК-д олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Хийморь хайрхан” ХХК нь хариуцагч Д.Мөнхбатад холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 14 335 789 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...хувьдаа завшсан эсэх нь тогтоогдоогүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй, хохирлын хэмжээг бодитойгоор тогтоосон тохиолдолд  барагдуулах боломжтой” гэж маргажээ.

 

Хариуцагч Д.Мөнхбат нь Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-д агааржуулах хоолой барих ажил гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, хөлсийг бүрэн авсан талаар талууд маргаагүй. Харин гүйцэтгэсэн ажлын төсөв үндэслэлгүй өндөр хийгдсэн, хийсэн ажлын үр дүнгийн төсөвт өртөг, авсан ажлын хөлс хоёрын хооронд 14 335 789 төгрөгийн зөрүү үүссэн талаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нэхэмжлэгч “Хийморь хайрхан” ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргаж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр дээрх мөнгийг төлүүлж авсан үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байна.

Дээрх гэрээ хэлцэлд нэхэмжлэгч “Хийморь хайрхан” ХХК зөвхөн гэрээнд гарын үсэг зурснаас өөрөөр оролцоогүй, ажлын хөлсийг бүрэн авч, ажлыг гүйцэтгэсний хувьд Д.Мөнхбат нь үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс гадна бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж  нэхэмжлэгч  хариуцагчийг эрүүгийн журмаар шалгуулсан үйл баримт тогтоогджээ.

 

 Д.Мөнхбат  нь Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдөж, эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1035 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ.

 

Уг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт “хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ” гэж заажээ. Хариуцагч Д.Мөнхбат нь тухайн үедээ энэхүү нарийвчилсан хуулийн зохицуулалтын дагуу гэм буруугийн асуудлаар маргаагүй, өршөөлд хамруулсан Прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон, өөрөө тухайн үедээ гэм буруугийн асуудлаар маргаагүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заагдсан хууль бус үйлдэл хийсэн гэм буруу тогтоогдсон гэж үзнэ.

 

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хохирлыг төлөх нөхөн төлбөрийн хэмжээний талаар маргах эрхийг хязгаарлахгүй боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 14 335 789 төгрөгийн хэмжээний хохирлыг үндэслэлгүй гэж няцааж чадаагүй бөгөөд нэхэмжлэгчийн суутгаж авсан 2 000 000 төгрөгийн талаар маргахгүй байх тул анхан шатны шүүхээс хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Мөнхбатын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

     Ш.ОЮУНХАНД