Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01085

 

А.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00053 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

          2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 639 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: А.М

          Хариуцагч: “Н” Улсын төсөвт үйлдвэрийн газарт /УТҮГ/ холбогдох

     “Н” УТҮГ-ын захирлын 2017 оны Б/108 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох,  олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013-12- 06-ны өдөр тус төвд их эмчээр  ажиллаж байгаад 2017-05-22-ны өдөр халагдсан. Нийн захирал 2017-05-22-ны өдөр Б/108 тоот тушаал гаргаж, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр намайг ажлаас халсан. Ажлаас халсан тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.4, дотоод журмын 6.6.2.4, 6.6.2.12-г дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан боловч  би  ямар ч ноцтой зөрчил гаргаагүй. “...Дуудлагад очоод өвчтөний зовиур, асуумжийг бүрэн аваагүй, үзлэг дутуу хийсэн, эмнэлэгт хүргэж өгөөгүйн улмаас эмчилгээ үйлчилгээний хожимдол бий болж өвчтөн нас барсан ноцтой зөрчил гаргасан...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн өвчтөн үзлэгээр амин үзүүлэлтүүд бүгд хэвийн, эмнэлэг хүргэх заалтгүй байсан тул зөвлөгөө өгөөд явсан. Энэ талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй. Байгууллагын удирдлагын багийн буруу менежмент, үйл ажиллагааны алдаатай тэмцэж, эсэргүүцдэг байсан. Ингэж эсэргүүцэл илэрхийлсний төлөө намайг 2016 оны 03 дугаар сард ажлаас халж байсан. Үндэслэлгүйгээр ажлаас халсны төлөө шүүхээр заргалдана гэхэд буцаан ажилд авч, цалингийн 20 хувиар 2 сарын хугацаатай хассан. Энэ арга хэмжээ дуусаад нэг жил өнгөрч байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдоно. Миний ажлын талаар ямар нэгэн гомдол санал гарч байгаагүй. 2016-11-21-ний өдрийн сануулах арга хэмжээ авсан тушаалыг хаанаас гаргаж ирснийг би мэдэхгүй, энэ тухай надад мэдэгдээгүй тул зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн “131.1.4” гэсэн заалт хуульд байхгүй. Иймд 2017 оны Б/108 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулахыг шаардаж байна.  Миний бие нь ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбарыг хүлээн авч шүүхэд гомдол гаргасан боловч  хүлээн авахаас татгалзсаныг 2017-07-28-ны өдөр шуудангаас хүлээн авч,  эмчилгээ хийлгэж явсаар  2017-09-12-нд шүүхэд дахин хандсан. Гомдол гаргах хугацааг ийнхүү хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн нь баримтаар нотлогдох тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ. 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: А.М Түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллаж байхдаа сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т  тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас халсан.  А.М ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2017-05-13-ны өдөр  дуудлагаар очоод өвчтөний зовиур, асуумжийг бүрэн гүйцэд аваагүй, үзлэг дутуу хийсэн, эмнэлэгт хүргэж өгөх арга хэмжээ аваагүйн улмаас эмчилгээ үйлчилгээний хожимдол бий болж өвчтөн нас барсан ноцтой зөрчил гаргасан тул 2017-05- 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь халсан. Нийн захирлын 2017-05-22-ны өдрийн Б/108 тоот тушаалаар А.Мд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т заасныг үндэслэсэн бөгөөд тушаал дээр техникийн алдаа хийж 131.1.4 гэж бичигдсэн байна. А.М  Нийн захирлын 2017 оны Б/108 дугаар  тушаалыг  маргааш нь  гардаж авсан болно. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас хойш нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-г  зөрчсөн. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00053 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг тус тус баримтлан  А.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 639 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасныг баримтлан А.Мгийн шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Мг Н УТҮГ-ын их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас  9,314,837 төгрөг гаргуулж А.Мд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хугацааг хүндэтгэн үзэх үндэслэлээр хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй  дүгнэлт болсон байна. Иргэн З.Долзодмаагийн тэтгэврийн дэвтэр, эрүүл мэндийн байдлын талаарх тодорхойлолт, Аварга тосон рашаан сувилалд 8-р сарын 01-ээс 14-нийг хүртэл эмчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг үндэслэн давж заалдах шатны шүүх А.Мгийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.   А.М нь З.Долзодмаа гэх иргэнтэй ямар хамааралтай болох, өөрийнх нь хэлсэнчлэн түүний гэр бүлийн хүн, эхнэр нь болохыг нотлох баримт хэрэгт байхгүй.  З.Долзодмаа нь Сүхбаатар дүүргийн 5-р хороонд хүүгийн хамт амьдардаг, группд байдаг ба А.М нь түүнийг халамжилж асардаггүй болох нь тогтоогдсон.  Нэхэмжлэгч  шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргээ зөрчсөн гэж үзэж байна.  Нийн захирлын 2017 оны  Б/108 дугаар  тушаал  хууль зүйн үндэслэлтэй юм.  А.М Түргэн тусламжийн төвийн захирлын 2016-03-22-ны өдрийн Б/42 дугаар  тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж, 2016-11- 21-ний өдрийн Б/173 тоот тушаалаар “сануулах” арга хэмжээ авагдсан байсан. Өмнөх сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад дахин арга хэмжээ авагдсан. Иймд  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        А.М 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж,    “Н” УТҮГ-ын захирлын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалыг хүчингүй болгуулах, их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаарджээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг хангасан байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   1. Давж заалдах шатны шүүх “...А.М нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн...” гэж үзэж, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээснийг буруутгах үндэслэлгүй байна. 

        а/. Нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 дугаар тушаалын хувийг  2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр авч, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгч 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2017/09497 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. 

        Анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 181/ШЗ2017/09497 дугаар захирамж гаргахдаа “...нэхэмжлэгч нь ямар ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хэдийнээс хэдийг хүртэх хугацааны хэдэн төгрөгийн цалин олговор гаргуулахыг шаардсан нь тодорхойгүй...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид гомдол гаргах талаар хуульд заагаагүй тул давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа уг захирамжийн талаар магадлалд тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-г зөрчөөгүй гэж үзлээ.

       Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгасан байх нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.4 дэх хэсгийн шаардлага тул “...нотлох баримтыг хавсаргаагүй...” гэх агуулга бүхий анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.7, 105 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй байна. 

       Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тохиолдолд олговрыг ажилгүй байсан бүх хугацаагаар тооцох талаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан тул “...ямар хугацааны олговор авах талаар нэхэмжлэлд заагаагүй...”-г нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж үзэхгүй. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчжээ. 

      Нэхэмжлэгч нь ямар ажил, албан тушаалд эгүүлэн томилогдох шаардлага гаргасан нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр бус, харин нэхэмжлэлийн агуулгад хамаарах бөгөөд үүнийг хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад тодруулах боломжтой юм.

       Дээр дурдсанаас үзвэл, нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар А.М нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргах нөхцөл байдал үүссэн нь тогтоогджээ.

       б/. 2017 оны 181/ШЗ2017/09497 дугаар захирамжийг А.М 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр  хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргасан байна. 

       Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт гомдол гаргагчаас үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно.

       2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд З.Долзодмааг сувилалын газарт нэхэмжлэгч асарсан гэх байдлыг үгүйсгэх нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хариуцагч шүүхэд гаргаагүй тул давж заалдах шатны шүүх А.М хүндэтгэн үзэх шалтгаанаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах бөгөөд хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.

      2. А.Мг их эмчийн ажлаас халсан тушаалын үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.  

      Нийн захирал 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Б/108 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.4, дотоод журмын 6.6.2.4, 6.6.2.12-г үндэслэн “...сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад 5 дугаар сарын 13-ны өдөр... дуудлагаар очоод өвчтөний зовиур, асуумжийг бүрэн гүйцэд аваагүй, үзлэг дутуу хийсэн, эмнэлэгт хүргэж өгөөгүйн улмаас эмчилгээ үйлчилгээний хожимдол бий болж өвчтөн нас барсан ноцтой зөрчил гаргасан...” гэж  А.Мг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон их эмчийн ажлаас халсан байна.

      Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.

       Нийн захирлын 2017 оны Б/108 дугаар тушаалд заасан үндэслэлийг болон дотоод журамд заасан зөрчлийг ажилтан гаргасан нь ноцтой зөрчилд хамаарах талаар талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх 25/-д тусгаагүй байх тул ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй юм. 

       2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/173 дугаар тушаалаар А.Мд арга хэмжээ авсан гэх боловч энэ талаар ажилтанд танилцуулсан нь, мөн тушаалыг гардуулсан зэрэг баримт байхгүй тул ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй байна. 

       Нэхэмжлэгч дуудлагаар явж, очиж үзлэг хийсэн, үүнээс хойш өөр эмч дахин дуудлагаар очих үед өвчтөн нас барсан байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй боловч  А.М  эмчилгээ үйлчилгээний стандарт зөрчсөний улмаас өвчтөн нас барсан гэж үзэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзлээ. 

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд эмч, эмнэлгийн байгууллагын буруутай үйлдэл өвчтөн нас барахад нөлөөлсөн талаар заагаагүй байна. /хх 98-99/

      Түүнчлэн, Нийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.3 дахь заалтаас үзвэл сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримтыг зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулах, ажилтан баримт материалтай танилцаж нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардахаар байна.  Ажил олгогч дотоод журмын дурдсан заалтыг баримтлаагүй байх тул Нийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “дотоод хяналт №22” гэсэн баримт нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.  

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 639 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ