Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/01362

 

 

 

 

 

 

 

 

    2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/01362

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Д -ын

хариуцагч: М-т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.К  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

Хариуцагч тал шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож гаргасан тайлбартаа:Иргэн Б.Д  нь Ж.М тэй харилцан тохиролцож,  2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж, хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр зээл, зээлийн хүү нийт 5,200,000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон. Зээлдэгч Ж.М  авсан мөнгөө хугацаанд нь төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй. Хугацаа хэтрүүлэн 2017 оны 5 сард Б.Д ын дансанд 500,000 төгрөгийг хийсэн байсан. Түүний бид нар хүү гэж ойлгосон. Түүнээс хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй. Түүнээс хойш жилийн турш утас болон мессенжерээр холбогдоход энд тэнд явж байна гэх мэтчилэн худал зүйлс яриад л яваад байсан. Тухайн үед би хуримаа хийх гээд мөнгө төгрөгийн хэрэгтэй байсан. Мөнгөө нэхэхэд миний өөдөөс загнаад өгөх гэж байна шдээ гэж хэлээд утсаа салгадаг байсан. Би аргагүйн эрхэнд найзаасаа мөнгө авч хуримаа хийсэн. Хариуцагч өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй. Ийнхүү гэрээгээр тохиролцсон хүү болох 1,200,000 төгрөгөөс  хариуцагчийн төлсөн 500,000 төгрөгийг хасаад 700,000 төгрөг, алданги үндсэн үүргийн 50 хувь болох  2,000,000 төгрөг нийт 6,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Ж.М ийг багш хүнийх нь хувьд болон эх хүнийх нь хувьд хүндэтгэж, санхүүгийн байдлыг харгалзан үзэж, алданги болох 2,000,000 төгрөгийн 500,000 төгрөгөөс татгалзан нэхэмжлэлийн шаардлагаасаа үйлчлүүлэгчээсээ олгосон эрхийн дагуу татгалзаж байна. Одоо 6,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, түүнийгээ дэмжин оролцож байгаа. Үүнийг товчхон тайлбарлахад 4,000,000 төгрөг нь үндсэн зээл байгаа. Үүнд хариуцагч маргаагүй. Энэ мөнгийг авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар хэрэгт авагдсан байгаа. 700,000 төгрөгийг зээлийн хүүд нэхэмжилнэ. 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 4,000,000 төгрөг зээлсэн. 4,000,000 төгрөгийн 10 хувь нь 400,000 төгрөг. Тэгэхээр 3 сарын хугацаанд 1,200,000 төгрөг төлөх ёстой. Үүнээс хариуцагчийн төлсөн 500,000 төгрөгийг хасаад 700,000 төгрөг. Алдангийн хувьд 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлх нийтдээ 1 жил гарангийн хугацааны гэрээнд заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар бодоход нийтдээ 7,300,000 төгрөг болж байгаа. Үүнийг хуулийн шаардлагад нийцүүлэн 2,000,000 төгрөг болгон нэхэмжилсэн. Энэхүү алданги 2,000,000 төгрөгийг 500,000 төгрөгөөс татгалзаж, одоо бүгд 6,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгөхийг хүсч байна гэв.

Хариуцагч Ж.М  нь 2018 оны 4 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардан аваад 2018 оны 5 сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Д ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Б.Д ээс 4 сая төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрч байгаа ч түүний нэхэмжилсэн хүү болон алдангийн хэмжээ хэтэрхий өндөр байгаа тул эвлэрэн хэлэлцэх боломжгүй учир шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Д ыг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон шаардлагаа 500,000 төгрөгөөр багасган 6,200,000 төгрөгөөр дэмжин шаардсан.

Хариуцагч Ж.М  нь нэхэмжлэлийг гардан аваад, Б.Д ээс 4,000,000 төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрч, хүү болон алданги хэтэрхий өндөр байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Ж.М  2018 оны 4 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч хариуцагчийн эрх үүрэг нөлөөллийн мэдүүлэгтэй танилцан, шүүхэд 2018 оны 5 сарын 08-ны өдөр нэхэмжлэлд тайлбараа бичгээр ирүүлсэн.

Хариуцагч 2018 оны 5 сарын 18-ны өдрийн 15 цаг 00 минутад товлосон шүүх хуралдааны товыг 2018 оны 5 сарын 11-ний өдрийн 17 цаг 20 минутад Ж.М ийн шүүхэд өгсөн гар утсаар нь өөртэй нь холбогдож мэдэгдсэн.

2018 оны 05 сарын 17-ны өдөр Ж.М  нь баруун хөл хугарсан шалтгааны улмаас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтэд эмнэлгийн магадлагаа хавсарган ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааны товыг хойшлуулан хангасан.

2018 оны 06 сарын 13-ны өдөр 15 цагт товлосон хуралдааны мэдэгдлийг 2018 оны  6 сарын 07-ны өдөр хариуцагч Ж.М т Монгол шуудан компаний шуудан хүргэлтийн үйлчилгээгээр хүргүүлсэн. Мөн түүний шүүхэд өгсөн гар утсанд 2018 оны 06 сарын 07, 2018 оны 6 сарын 11-ий өдрүүдэд холбогдож Ж.М т мэдэгдсэн.

Шүүх хуралдаанд хариуцагч хүрэлцэн ирээгүй, мөн өдрийн огноотой эмнэлгийн магадлагаа гэсэн бичвэр бүхий баримт хавсарган шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт бичиж явуулжээ. 2018 оны 6 сарын 13-ны өдөр бичигдсэн эмнэлгийн магадлагаа нь эмнэлгийн тамга дарагдаагүй, ерөнхий эмч гарын үсэг зураагүй, өмнө ирүүлсэн магадлагаа олгосон эмчээс өөр эмчийн хувийн тэмдэг дарсан, 2018 оны 6 сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 сарын 12-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлснийг тэмдэглэсэн байгаа зэрэг нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны   11 сарын 450 тоот тушаалаар батласан эмнэлгийн магадлага олгох журамд нийцэхгүй, ямар эмнэлэг ямар өвчний улмаас яагаад 2 сарын хугацаагаар олгосон зэрэг үндэслэл ойлгомжгүй, учир дутагдалтай байх тул хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх үндэслэл болохгүй байна. Иймд хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэх үндэслэлтэй болно.

 Мөн хариуцагч 2018 оны 04 сарын 25-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67.1.4, 72.2, 72.3., 76.2, 77.8, 86.2, 100.3,100.4, 119.4-119.6 дахь зүйл хэсэг заалтад заасан хариуцагчийн эрх, үүрэгтэй биечлэн танилцсан, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч мэтгэлцээний үндэслэл болгож ямар нэг баримт ирүүлээгүй.

Шүүх талуудаас гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс мэтгэлцээний үндэслэл болгож ирүүлсэн баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар”Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.” ба мэтгэлцээний үндэслэл болгож ямар нэг баримт ирүүлээгүй нь хуулийн 72.3.”Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй... бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж зааснаар мэтгэлцээгүй, баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болж байх тул нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байгааг хүлээн авч, шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн дэмжиж буй шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч шаардлагаа нотлож, нэхэмжлэгч Б.Д  хариуцагч Ж.М  нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн, 18/ 17:10 дугаартай, хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл, сарын 10 хувийн хүүтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцон, гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээг ирүүлсэн, талууд гэрээнд маргаагүй, гэрээгээр Ж.М  нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 4 000 000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн /хэргийн 4, 9 тал/ байгаа нь хүү тохиролцсон хэлцлийг бичгээр байгуулж талууд хүсэл зоригоо нэгтгэн гарын үсэг зурсан, хөндлөнгийн нотариатчаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 281 дүгээр зүйлийн 281.1 ”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282 дугаар зүйлийн 282.3. “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”, 232 дугаар зүйлийн 232.3” Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан шаардлагуудыг хангасан зээлдүүлэгч зээлдэгчийн харилцааг зохицуулсан зээлийн гэрээний шинж агуулгыг илэрхийлсэн, хуулийн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээнд заасан үүргээ зээлдүүлэгч бүрэн биелүүлсэн, зээлдэгч тохирсон хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн буруутай болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн тохиролцсон хуваарийг зөрчиж, гэрээгээр тохиролцсон хугацаа болох 2017 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр үндсэн зээл 4 000 000 төгрөг, 3 сарын хүү 1 200 000 төгрөгийн хамт бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрч 2017 оны 5 сард 500 000 төгрөг төлсөн өөр төлбөр хийгээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарт  хариуцагч маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэвэл зохих дүн 5 200 000 төгрөгөөс гэрээний хугацаа хэтрүүлсэн хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.”Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасанд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох /5 200 000:2=/ 2 600 000 бүгд 7 800 000 төгрөг хариуцан төлөхөөс төлсөн 500 000 төгрөгийг хасч 7 300 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Б.Д ийг төлөөлөн, хариуцагч Ж.М ээс 6 700 000 төгрөг шаардсанаа багасгаж 6,200,000 төгрөг шаадаж байгаа нь түүний хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн эрх тул дэмжиж буй шаардлагын дүн болох 6 200 000 төгрөгийг хариуцагч Ж.М ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар талуудад хураамжийг тооцож хариуцуулав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хариуцагч Ж.М ээс 6 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д д олгож, нэхэмжлэлээс үлдэх 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Д ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М ээс улсын тэмдэгтийн хураамжид 114 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, хуралдаанд оролцоогүй зохигчид мөн хуулийн 119.5.-д зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

       

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.УРАНЧИМЭГ