Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 211

 

“Орчлон консалтинг” ХХК,

“Монголын бүтээн байгуулалтын түншлэл” ХХК-иудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, гуравдагч этгээд “Хасу Жэйд” ХХК-ийн захирал Б.Наранзул, түүний өмгөөлөгч П.Еркебулан нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Орчлон консалтинг” ХХК, “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Орчлон консалтинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Баянгол дүүрэг дэх зарим ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин барилгажуулагчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцож улмаар "Багц-БГД-2" дээр төсөл хэрэгжүүлэгчээр Үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр шалгарсан болно.

Гэвч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ''дотор дугтуйн битүүмжлэлийг хангаагүй" гэсэн үндэслэлээр үнэлгээний хорооны дүнг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэж, энэ тухай манай компанид 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар бүхий “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн болно. Сонгон шалгаруулалт зохион байгуулагчид, үнэлгээний хороо нь анх сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээж авахдаа компаниудын материалыг нэг бүрчлэн задалж, нээж байсан ба энэ үедээ дугтуйн битүүмжлэлийн талаар ямар нэгэн асуудал тавиагүй бөгөөд Үнэлгээний хороо зохих ёсоор үнэлж, дүнгээ гаргаж, манай компани (“Орчлон консалтинг” ХХК)-д хамгийн сайн үнэлэлтийг өгч, урьдчилан шалгаруулсан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ын 6.9-д заасан нөхцөлүүдийг тусган, дүгнэлтээ гарган Нийслэлийн Засаг даргад танилцуулсан тухайгаа ч манай компанид Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар бүхий “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотдоо мөн дурдаад, сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар шийдвэрлэснээ мэдэгджээ.

04/1230 тоот албан тоотын агуулгаас харахад Үнэлгээний хороо нь нэгдсэн үнэлгээгээр манай компанийг урьдчилан шалгаруулж, Нийслэлийн Засаг даргад танилцуулсан, "Орчлон консалтинг" ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ганзориг миний бие Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоотой биечлэн уулзахад "Үнэлгээний хороо үнэлээд багц 2 дээр хамгийн өндөр оноо авч шалгарсанд баяр хүргэе, бүх материалуудыг Нийслэлийн Засаг дарга батламжлах ёстой" гэж мөн мэдэгдсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга батламжлаагүй бөгөөд шалтгаан нь дугтуйн битүүмжлэл нь хангагдаагүй байсан явдал гэж үзсэн байна. Улмаар төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулах шийдвэрийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргажээ. "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам''-ын 6.11, 6.12-т зааснаар Үнэлгээний хороо төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж, Нийслэлийн Засаг даргад танилцуулах бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргана гэсэн байдаг.

Эндээс харахад Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хороо дүгнэлтдээ "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ын 6.9-д заасны дагуу буюу 6.9-д "Үнэлгээний хорооны дүгнэлтэд дараах зүйлийг тусгасан байна, 6.9.1 -д төсөл тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт, үзүүлэлт бүрийн үнэлгээ. 6.9.2-т төсөл тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо, 6.9.3-т төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн ажлын туршлагын болон бусад чадавхын үнэлгээ" зэргийг тусгасан эсэхийг л нягталж, тусгасан бол төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргах ёстой тусгаагүй бол батламжлахаас татгалзах ёстой болохоос нэгэнт анх сонгон шалгаруулалтын материал хүлээн авахдаа, тусгай хороо шалгасан, нягталсан дугтуйн битүүмжилж дутуу гэх мэт шалтгаанаар сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгох, дахин явуулах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл, эрх хэмжээгүй буюу Үнэлгээний мэргэжлийн хорооны үйл ажиллагааг шууд нэг бүрчлэн шүүн тунгаах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь Үнэлгээний хорооны нэгэнт гаргасан урьдчилсан дүн, дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргад танилцуулсныхаа дараа хууль, журамд заагдаагүй үндэслэлээр хүчингүй болгосон байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу манай компанийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийж, Нийслэлийн Засаг даргад хандсан боловч Нийслэлийн Засаг даргаас ирсэн хариу нь бидний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж чадаагүй болно. Иймд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах Багц-БГД-2 дээр дахин сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгож, Үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр шалгарсан төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргаагүй Нийслэлийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоож, захирамж гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Нэхэмжлэгч ''Монголын бүтээн байгуулалтын түншлэл" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Монголын бүтээн байгуулалтын түншлэл" ХХК-иас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох нэхэмжлэлийг гаргасан болно. Нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч Б.Адьяасүрэн Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон  захирамж гаргасан.

"Монголын бүтээн байгуулалтын түншлэл" ХХК-иас Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэтауүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр Багц-БГД-3 дээр шалгарсан "Монголын бүтээн байгуулалтын түншлэл” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргасан. "Монголын бүтээн байгуулалтын түншлэл" ХХК нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Баянгол дүүрэг дэх зарим ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин барилгажуулагчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцож. "Багц-БГД-3" дээр төсөл хэрэгжүүлэгчээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр шалгарсан болно.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Үнэлгээний хороо нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам"-ын 6.9-д заасан нөхцөлүүдийг тусган, "Монголын бүтээн байгуулалтын түншлэл" ХХК-ийг сонгон шалгаруулалтад хэрхэн шалгаруулсан тухай дүгнэлтээ гарган Нийслэлийн Засаг даргад танилцуулсан бөгөөд энэ тухайгаа ч манай компанид Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1231 дүгээр бүхий "Мэдэгдэл хүргүүлэх тухай"' албан тоотдоо дурдсан.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга батламжлаагүй. "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам"-ын 6.11, 6.12-т зааснаар Үнэлгээний хороо төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж, Нийслэлийн Засаг даргад танилцуулах бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргана гэсэн байдаг. Эндээс харахад Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хороо дүгнэлтдээ "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам"-ын 6.9-д заасны дагуу "Үнэлгээний хорооны дүгнэлтэд дараах зүйлийг тусгасан байна", 6.9.1-д төсөл тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт, үзүүлэлт бүрийн үнэлгээ''. 6.9.2-т “төсөл тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо", 6.9,3-т "төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн ажлын туршлагын болон бусад чадавхын үнэлгээ” зэргийг тусгасан эсэхийг л нягталж, тусгасан бол төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргах ёстой. Нийслэлийн Засаг дарга Үнэлгээний хорооны дүгнэлтийг батламжлаагүй нь 2012 оноос хойш Баянгол дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон “Төмөр замын” гэх шар байрнуудад төсөл хэрэгжүүлж, их хэмжээний зардал гаргаж, тухайн байрны оршин суугчидтай гэрээ хэлцэл хийж байсан манай компанийн болон тухайн байрнуудын оршин суугч, иргэдийн эрх ашгийг ноцтой хөндөж, төсөл хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа юм.

“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам” батлагдахаас өмнө манай компани сайн дураараа иргэд оршин суугчидтай тохиролцож, гэрээ хэлцэл хийж, иргэдийг нүүлгэх, байрыг буулгах буюу дахин барилгажуулах төслийг эхлүүлэхэд бэлэн болоод байсан. Гэвч журам батлагдсанаар зайлшгүй сонгон шалгаруулалтад оролцох ёстой болсны үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцож, урьдчилсан үнэлгээгээр шалгарсан. Харин Нийслэлийн Засаг дарга уг урьдчилсан үнэлгээг батламжлаагүй нь 3-4 жилийн төлөвлөгөөт үйл ажиллагаа, оюуны болоод эдийн засгийн зардлыг үр дүнгүй болгоод байна. Иймд Захиргааны хэргийн шүүхээр Үнэлгээний хорооны урьдчилан шалгаруулсан дүгнэлтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам"-ын 6.11, 6.12-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргыг батламжлахыг даалгах тухай шийдвэрийг гаргуулж, манай компанид ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудад дахин барилгажуулах төслийг манай компанид хэрэгжүүлэх боломжийг олгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршиж буй ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны 39 барилгыг дахин төлөвлөн барилгажуулах талаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн "Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах" тухай А/977 захирамж гарсан. Үнэлгээний хороо нь журмын 6.8-д заасны дагуу дүгнэлтээ гарган төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж Нийслэлийн Засаг даргад албан бичгээр хүргүүлсэн байна. Үнэлгээний хороо хуралдаж төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах тухай шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт хандсан ба 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаартай албан бичгээр төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн болох талаар "Орчлон консалтинг" ХХК-д мэдэгдсэн.

Мөн Үнэлгээний хорооны дарга Д.Оросоо уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандсаны дагуу Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс 07/1310 дугаартай албан бичгээр "Үнэлгээг хуульд нийцүүлэн ил тод, нээлттэйгээр дахин зохион байгуулах нь зүйтэй" гэсэн хариу өгсөн. Баянгол дүүрэг дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах талаар хийгдсэн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хийгдсэн болно. Үнэлгээний хорооны дүгнэлт эцсийн шийдвэр биш бөгөөд Засаг дарга хянах эрхтэй. Иймд нэхэмжлэгч "Орчлон консалтинг" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цаашид төсөлтэй холбоотой ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна гэжээ.

Гуравдагч этгээд "Хаус Жэйд” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжаар зарлагдсан сонгон шалгаруулалтын Багц-2-т анх зарлахад оролцсон. Бид Хятадын томоохон хөрөнгө оруулалтыг оруулж ирж сонгон шалгаруулалтад оролцсон. Манай компаниас сонгон шалгаруулалт болоход 2 төлөөлөгч очиж зураг аваад бичлэг хийхэд “Орчлон констракшн” ХХК, “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” ХХК зэрэг 3 компани битүүмжлэлгүй гэсэн тэмдэглэгээ өгөгдөж, бүр самбар дээр бичигдсэн байдаг. Үнэлгээний хорооноос шүүхэд хэргийн материалд гаргаж өгсөн нийт 10 багцад яг энэ компаниуд материал нь шаардлага хангаагүй гэдэг. Бид оролцох зааварчилга, журмыг 300000 төгрөгөөр худалдаж авч журмын дагуу материалаа өгсөн байдаг.

Энэ материалд 3.8-д заасны дагуу дотор битүүмжлэлгүй бол тэнцээгүй гэж үзнэ гэсэн заалт байдаг. Эдгээр компаниудын материал ирсэн боловч битүүмжлэлгүй гэж баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Бид тухайн үед манай компани битүүмжлэл тал дээр алдаа дутагдал гаргаагүй. Төсөл сонгон шалгаруулалтын зааварчилгааны 3.8-д Дотор битүүмжлэл, сонгон шалгаруулалтад заасан баримт бичгийн шаардлага хангаагүй бол оролцох саналыг тэнцээгүйд тооцно гэж заасан. Үнэлгээг хуульд зааснаар дахин нээлттэй, ил тод явуулах нь зүйтэй гэж үзсэний дагуу Үнэлгээний хороо 5 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж Багц-2-т төсөл сонгон шалгаруулалт дахин зарлахаар шийдвэрлэж 5 дугаар сарын 19-ний дотор олон нийтэд нээлттэй зарласан эцсийн санал авах хугацаа 6 дугаар сарын 12-ны өдөр танайх дахин оролцоно уу гэсэн бичгийг авсан.

Бид оролцохоор хоцорч очиход өөр ямар нэгэн компани санал өгөөгүй учраас санал хүчингүй болж 06 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас дахин зарлахаар боллоо 06 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг хүртэл материал авна гэсний дагуу тус өдөр материалаа өгөөд шалгарсан байдаг. Өнөөдрийг хүртэл бид батламжаа авч чадахгүй байгаа нь "Орчлон консалтинг" ХХК Багц-2-ны эхний сонгон шалгаруулалтад гомдол гаргаснаас болоод шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байдаг. Энэ хугацаанд батламжаа авчихвал гэрээ хийх, нураалтын ажил. хөрөнгө оруулагч мөнгөө оруулах гээд хүлээгээд байгаа учир манай компанийн шийдвэр шударга үнэн болсон. Иймд "Орчлон консалтинг" ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй, журам зөрчсөн. Бүх багцад эдний компани түншлэлээрээ оролцсон байдаг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7. 29 дүгээр зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 33.5, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус баримтлан, тухайн хэргийн нөхцөл байдлыг тодруулан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг Багц-БГД-2 дээр дахин сонгон шалгаруулж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар албан бичгийн биелэлтийг түдгэлзүүлж. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 -д заасныг баримтлан нэхэмжлэгч "Орчлон консалтанг" ХХК-ийг Багц-БГД-2, нэхэмжлэгч "Монголын бүтээн байгуулалтын түншлэл" ХХК-ийг Багц-БГД-3 дээр урьдчилсан байдлаар тус тус шалгарсан тул төсөл хэрэгжүүлэгчээр батламжлан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сэрын 23-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн "Тогтоох" хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Орчлон консалтинг” ХХК-ийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл сонгон шалгаруулалтын Багц-БГД-2-т төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулах, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын шийдвэрийг хүчингүй болгуулах, “Орчлон консалтинг” ХХК, “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” ХХК-уудын ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр Багц-БГД-2, Багц-БГД-3 дээр шалгарсан “Орчлон консалтинг” ХХК, “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” ХХК-уудыг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг 2 болгож өөрчлөн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд "Хаус Жэйд" ХХК-уудын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Орчлон консалтинг” ХХК-ийн захирал Д.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна гэж үзэж байна. Учир нь "Орчлон консалтинг" ХХК нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцоход сонгон шалгаруулалт зохион байгуулагчид, үнэлгээний хороо нь анх сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээж авахдаа компаниудын материалыг нэг бүрчлэн задалж, нээж байсан ба энэ үедээ дугтуйн битүүмжлэлийн талаар ямар нэгэн асуудал тавиагүй бөгөөд Үнэлгээний хороо зохих ёсоор үнэлж, дүнгээ гаргаж, манай компанид хамгийн сайн үнэлэлтийг өгч, урьдчилан шалгаруулсан.

Үнэлгээний хороо ирүүлсэн материалуудыг хүлээн авч үнэлэн, журмын дагуу төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулж Нийслэлийн Засаг даргад танилцуулсан. "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам"-ын 6.11, 6.12-т зааснаар Үнэлгээний хороо төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж, Нийслэлийн Засаг даргад танилцуулах бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргана гэсэн байдаг. Эндээс харахад Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хороо дүгнэлтдээ "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам"-ын 6.9-д заасны дагуу нягталж,  тусгасан бол төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргах ёстой, тусгаагүй бол батламжлахаас татгалзах ёстой болохоос нэгэнт анх сонгон шалгаруулалтын материал хүлээн авахдаа тусгай хороо шалгасан, нягталсан дугтуйн  битүүмжлэл  дутуу  гэх   мэт  шалтгаанаар сонгон  шалгаруулалтын  дүнг хүчингүй болгох, дахин явуулах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл, эрх хэмжээгүй буюу Үнэлгээний мэргэжлийн хорооны үйл ажиллагааг шууд нэг бүрчлэн шүүн, тунгаах үндэслэлгүй юм. Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх зөв тогтоож, үнэлэлт дүгнэлт өгсөн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий болсон. Харин давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч “Орчлон консалтинг” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “Орчлон консалтинг” ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Багц-2-т, нэхэмжлэгч “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” ХХК  нь Багц-3-т холбогдуулан дахин сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах, төсөл хэрэгжүүлэгчээр баталсан захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Баянгол дүүрэг дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар нийтэд зарласан байх бөгөөд нэхэмжлэгч “Орчлон консалтинг” ХХК, “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” ХХК нар нь Үнэлгээний хорооны дүгнэлтээр шалгарсан боловч “төслийн баримт бичиг битүүмжлэлгүй ирүүлсэн” гэсэн үндэслэлээр хариуцагчаас дахин сонгон шалгаруулалт зарласан байна.

Нэхэмжлэгч нараас “Үнэлгээний хороо тухайн үед сонгон шалгаруулалтын материал хүлээн авахдаа битүүмжлэлийг шалгаж, үнэлгээ хийсэн байхад Засаг даргаас нэг бүрчлэн шүүн тунгаах эрхгүй” гэсэн үндэслэлээр маргажээ.

Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6 дахь хэсэгт зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн сангаас хасч, ашиглах эрх дуусгавар болох байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчид 2014 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам баталжээ.

Энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий сонгон шалгаруулалтыг журмын дагуу явагдаагүй буюу “битүүмжлэл шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр дахин сонгон шалгаруулалт зарласныг “хууль бус гэж үзэх үндэслэлгүй. 

Учир нь Төсөл сонгон шалгаруулалтад оролцох санал гаргагчид өгөх зааварчилгааны 3.8-д дотор дугтуйн битүүмжлэлийг хангах шаардлага тавьсан, нэхэмжлэгч нарын тухайд энэхүү шаардлагыг хангаагүй болох нь шүүхийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдож, захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй байна.

Улмаар Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмын 6.11-т Үнэлгээний хороо төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан  шалгаруулж, Нийслэлийн Засаг даргад танилцуулна, 6.12-т Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гаргахаар тус тус зохицуулжээ.

Энэхүү заалтын агуулгаас үзэхэд Нийслэлийн Засаг даргаас Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг үнэлж дүгнэх эрхтэй, энэ хүрээнд “нэхэмжлэгч нарын төслийн баримт битүүмжлэлийн шаардлага хангаагүй” гэсэн хариуцагчийн татгалзал буруу биш байх ба энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Иймээс нэхэмжлэгчийн “Засаг дарга нэг бүрчлэн шүүн тунгаах эрхгүй” тухай гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Орчлон консалтинг” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Х.БАТСҮРЭН

          ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ