Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 223

 

С.Номинд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 368 дугаар магадлалтай, С.Номинд холбогдох эрүүгийн 2014250006841 дугаартай хэргийг шүүгдэгч С.Номин, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сумъяахүүгийн Номин нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Номинг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Номингоос 52.854.070 төгрөг гаргуулж хохирогч Э.Оюунтунгалагт 42.500.000 төгрөг, Б.Оюусондорт 1.600.000 төгрөг, Б.Мөнхжаргалд 2.000.000 төгрөг, Б.Нямдоржид 6.754.070 төгрөг тус тус олгох, хохирогч Э.Оюунтунгалагийн нэхэмжлэлээс 12.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 37-72 УНК дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээ, түлхүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн С.Номингийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 194 тоотод байрлах амины орон сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 5б байрны 13 тоот орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ХД-41 дүгээр байрны 190 тоот орон сууцыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Номин, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Номин нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… шүүх хурал дээр Төгсжаргалтай хийсэн албан ёсны зээлийн гэрээний буцаан төлсөн 2 сая төгрөг, 2.500.000 төгрөгийг өгсөн авсныг нотолсон хэрнээ дансаар өгсөн 1.800.000 төгрөг, мөн 800.000 төгрөгийг хоёр тал зөвшөөрч байгааг шүүх анхаарч үзээгүй. Оюунтунгалаг нь Төгсжаргал бид хоёрын гэрээний дагуу эргэн төлөлтөө хийж чадахгүй байдлыг ашиглан сувдаг, шунхай сэтгэлээр ашиг хонжоо хайж цагдаагийн албан хаагчаар айлган дарамтлуулж 60 сая төгрөг зээлсэн гэдэг хуурамч бичгээр иргэний хэргийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ийм хүнд ял шийтгэж байгаад гомдолтой байна. “Ану Маргад Эрдэнэ” ББСБ-гаас зээлсэн 35 сая төгрөгийн зээлийн гэрээг цуцлаад хамтад нь нэгтгэн нэхэмжлэл гаргах хууль зүйн бэлээхэн заалт байсаар байхад хэрэгжүүлэхгүй байна. Мөн гол гэрч Ш.Жаргалсайханыг хөндлөнгийн хүний мэдүүлгээр 3, 4 жилийн өмнө үхсэн гэж тодорхойлж амьд үхсэнийг нотлоогүй. Төгсжаргалд учруулсан хохирлыг амины орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зараад төлөх бүрэн боломжтой. Харин ч Оюунтунгалаг миний өрөнд орсон хүнд байдлыг ашиглан өөрийн цагдаа ахаар сүрдүүлж 60 сая төгрөг өгнө гэсэн бичиг хийлгүүлж аваад надаас 60 сая төгрөг нэхэх болсон. Энэ тухай би байцаалт болгондоо хэлж байсан ч миний мэдүүлгийг нэг удаа ч шалгаагүй. Жаргалсайхан гэж хүнийг олж мэдүүлэг авах боломж зөндөө байсан ч тэр хүнийг үхсэн гэсэн нотолгоогүй баримтанд үндэслэн хайхаа больсон. Гэтэл манай аав 2016 оны 5 сард иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа авахад амьд сэрүүн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонгинохайрхан 1-27 тоотод оршин суудаг гэсэн. Скайтел дээр очиж утасны дугаарыг шүүлгэхэд 96679982 дугаараа солиод маргааш нь 96670806 утас нээгээд хэд хоногийн дараа салгасан байна гэж хэлдэг. 2016 оны 5 сарын эхээр 96670608 утас руу залгахад “би энэ утсыг одоогоос 2, 3 сарын өмнө худалдаж авсан, энэ утас руу Жаргалсайхан гэдэг хүнийг банкнаас, цагдаагаас асуудаг гэж байсан, мөн байнга гэрийнхээ хаягаа сольж явдаг хүнийг залилан хийдэг байж болзошгүй гэж бодож байна. Энэ бүгдээс харахад Жаргалсайхан, Төгсжаргал, Оюунтунгалаг, Цолмон нар нь зохион байгуулалтай цагдаа, шүүхийн хамгаалалттай гэмт хэргийн бүлэглэл гэдэг нь тодорхой байна. Оюунтунгалаг гэх хүний шунхай гүтгэлэгээс болж нэр төр, ажил төрөлгүй болж хоёр жил мөрдөгдөж байцаагдаж хоригдож 3, 4 настай хоёр хүүхдээсээ салж нөхрөөсөө албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж 8 сартай жирэмсэн 11 жилийн хорих ялтай хорих 407 дугаар ангид хоригдож байна. Гэтэл би Оюунтунгалаг гэх хүнээс нэг ч төгрөг аваагүй хирнээ гүтгүүлээд сууж байгаадаа маш их гомдолтой байна. Энэ тухайгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Лүндэндорж, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Авилгатай тэмцэх газарт тодорхой бичсэн байгаа. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж гэмт үйлдлийг илчлэх шударга үнэнийг тогтоох хууль шүүхийн шударга албан хаагч байгаа гэдэгт итгэн үнэн хүчтэй, буян ачтай гэж сэтгэлээс сүсэглэн гомдол гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл “... С.Номин нь итгэл эвдэж, хуурч мэхлэх аргаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтаар хангалттай нотлогдсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолвол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Өмгөөлөгчийн гаргаж буй гомдол нь зөвхөн өөрсдийн сэжиг таамагт тулгуурлан, бодол санаагаа тусгасан шинжтэй байна. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч С.Номин нь давтан үйлдлээр буюу 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Э.Оюунтунгалагтай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 7 хоногийн хугацаатай 48 сая төгрөг зээлж өөрийн “Хаан” банкнаас авсан зээлээ төлүүлж, хувийн орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлээд барьцааны зүйл болох хувийн сууцаа маргааш нь 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Ану маргад эрдэнэ” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж 35 сая төгрөгийн зээл авсан атлаа “зээл бүтэхгүй байна” гэж хуурч мэхлэн онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн гаалийн хилээр ямар ч бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлээгүй байж “гаалийн татварын мөнгө дутсан” гэж өөрийн танил Б.Мөнхжаргал, Б.Оюусондор нарыг хуурч мэхлэн “долоо хоногт 200.000 төгрөг өгнө”, “10 хоногт 10 хувийн хүү төлнө” гэж Б.Мөнхжаргалаас 2 сая төгрөг, Б.Оюусондороос 3 сая төгрөг залилан мэхэлж авсан,

Хохирогч П.Нямдоржид “10 хоногийн хугацаанд 500 долларын хүү төлнө” гэж 3.000 доллар зээлэхдээ “Хаан” банкны эзэмшлийн автомашин барьцаалж хуурч мэхлэн 5.954.070 төгрөг, “Эрээнээс бараагаа оруулж ирэх мөнгө дутаад байна” гэж 800.000 төгрөг тус тус залилан мэхлэн авч, нэр бүхий 4 иргэнд 59.754.070 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шүүгдэгч С.Номингийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюултай шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Барьцаа хөрөнгийг барьцаалагчид мэдэгдэлгүй гуравдагч этгээдэд давхар барьцаалж мөнгө зээлсэн үйлдлээ зориуд нууж, бодит байдлыг гуйвуулан зээлдэгч Э.Оюунтунгалагийг төөрөгдүүлж зээл төлөхөөс зайлсхийсэн С.Номингийн үйлдэл нь гэрээний эрх зүйгээр халхавчилж бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй тул “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах”, “Жаргалсайхан гэгчийг олж хашаа, байшингаа зарах гэж байсан эсэхийг шалгуулах, иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгож хүнд ял шийтгэсэн” тухай шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 368 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Номин, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

    ДАРГАЛАГЧ,

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

    ШҮҮГЧ                                                                               Б.ЦОГТ