Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 884

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: С.Г, 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Б, С.Ц, Т.М,

Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч: Б.Мг,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсэг болон 2014 оны А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгүүд нь илт хууль бус болохыг тогтоолгох, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/263 дугаар захирамжийн Т.М холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Н.М, гуравдагч этгээд Б.Б-н эрх залгамжлагч Б.М, гуравдагч этгээд С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд Т.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний хувьд хэн нэгний хөрөнгө рүү санаатайгаар халдаж өөрийн болгох гэсэн зорилго байхгүй, 2005 онд ажиллаж байсан компанийн Н.О гэх хүний төрөл садангийн хүмүүс нь Бэлхэд байгаа газраа зарах гэж байгаа гэсний үндсэн дээр тухайн газрыг очиж үзсэн. Бүрдүүлсэн бичиг баримт ном журмын дагуу байсан учир тухайн газрыг шилжүүлэн авахаар болж, Д.Б-ээс Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлх зуслангийн 010407287 дугаар гэрчилгээтэй газрыг 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр худалдаж авч,миний бие 2007 оны 04 дүгээр сарын 27-нд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг Газрын албанд гаргаж, улмаар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар нэгж талбарын 1865032116489 дугаар бүхий газрын эрхийг надад шилжүүлж, газар эзэмших гэрээ байгуулж, 0******* дугаартай гэрчилгээг авсан. 

Миний шилжүүлж авсан газар 4 иргэний гэр бүлийн хэрэгцээний газар байсан бөгөөд эдгээр хүмүүс газрыг авахдаа нэг дор өргөдөл өгч, Газрын албанаас зөвшөөрөл авсан байдаг. Тухайн газрыг авах үед газрын гэрчилгээ, тойм зураг, кадастрын зураг зэргийг харж байгаад энэ газар мөн гэдгийг тогтоож авсан. Тэгэхээр миний газрын эрх шилжсэн байдал нь хууль ёсны гэж үзэж байна. 

Түүнчлэн манай аав хөрш залгаа хашааны 0******* дугаар гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг хүсэлтээ гаргаж, Б.Т-өөс шилжүүлэн авч, Засаг даргын 2007 оны 300 дугаар захирамжаар газар эзэмших эрх шилжин олгогдож, газрын албатай гэрээ байгуулан, 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0142458 дугаарын гэрчилгээтэй газрыг эзэмшиж байна. Бидний ийнхүү газар эзэмших эрхийг шилжүүлэн авах үед хажуу зэрэгцээ газрыг мөн өөр хүмүүс худалдан авч, хашаа барьж, шороо буулгаж байсан ба энэ үеэс л хоосон газар дээр хил хязгаараа тодруулцгааж хашаа барьсан. Үүнээс өмнө тухайн газрыг эзэмшиж байсан нэр бүхий хүмүүс нь бодтойгоор газраа ашиглаагүй байсан.

Гэрчилгээн дээрх хорооны дугаар болон нэгж талбарын дугаар бичигдээгүй асуудал нь Сүхбаатар дүүргийн Газрын алба болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Миний зүгээс тухай үед шаардлагатай баримтыг өгсөн. Тийм ч учраас бүрдүүлж өгсөн бичиг баримтын хүрээнд гэрчилгээг гаргаж өгсөн. Миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй. 

Миний бие гэр бүлийн хамт 2009 оноос 2014 оны хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсад сурч, ажиллаж байсан бөгөөд амралтаараа ирээд газар дээрээ байшин бариулах гээд газрынхаа асуудлыг хөөцөлдөх үед кадастрын зурганд өөрчлөлт орж, 700 м.кв байсныг 600 м.кв болгож, миний эзэмшлийн газрыг бусдад давхардуулан олгосон байсан.

Ингээд дүүргийн Газрын алба болон Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанаас лавлаж, сураглахад уг газрын эзэмших эрхийг 2009 оны 10 дугаар 

захирамжаар   Б.Б-д   шинээр   олгож,   уг эрхийг  дахин  2014 оны  А/138  дугаар 

захирамжаар  С.Ц-д  шилжүүлэн  олгож,  дахин  2016  оны  А/263  дугаар 

захирамжаар Т.М-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна. 

Эдгээр хүмүүсийн хэн ч манай газар дээр байшин барилга бариагүй, бодитойгоор эзэмшиж, ашиглаагүй байх бөгөөд зөвхөн газрын давхардсан эрхтэй болчихоод байна. 

Иймд миний газар эзэмших эрхийг хөндөж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж, газар эзэмших эрхийг давхардуулан эзэмшүүлсэн үйл ажиллагаа болон шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг болон 2014 оны А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгүүд нь илт хууль бус болохыг тогтоолгох, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. 

Хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй. 600 м.кв газраа эзэмших хүсэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “С.Г-ын хувьд газар эзэмших эрх үүссэн байхад захиргааны байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасан зарчим, зохицуулалтыг зөрчиж, эргэлтийн цэг байрлал дээр давхардуулан газар эзэмшүүлсэн. Мөн энэхүү эзэмшүүлсэн эрхээ цааш нь дахин дамжуулан эзэмшүүлж, иргэдийн эрх ашгийг зөрчсөн. 

Нэхэмжлэгчийн зүгээс хөндөгдөж байгаа эрхээ сэргээлгэх, холбогдох захиргааны актыг хүчингүй болгуулах, давхардлыг арилгуулах, захиргааны байгууллагын алдаа үйл ажиллагааг шүүхээр хянуулахыг хүссэн.

Хариуцагч нь С.Г-ын хувийн хэрэг, материал архивт хадгалагдаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ С.Г-од Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 221 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг олгосон, үүнийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй. 

С.Г-ын аав Ч.С-д 2007 оны 300 дугаар захирамжаар зэргэлдээх газрыг олгосон. Гэтэл нэхэмжлэгчийн бичиг баримт нь Ч.С-ийн хувийн хэргээс гарч ирсэн учраас 221 дүгээр захирамжаар С.Г-од газар олгосон нь буруу байна гэсэн тайлбарыг өгдөг. Гуравдагч этгээд нар нэхэмжлэгчийн нэгэн адилаар захиргааны  байгууллагын  үйл  ажиллагаанд  итгэж, тухайн хуулийн дагуу хүсэлтээ гаргаад тухайн газрыг эзэмшсэн байна.  

Тухайн газрын анхны эзэмшигч гэх Б.Б-д нь 2009 оны 10 дугаар захирамжаар газрын хэмжээг өөрчилж, томруулсан гэдэг боловч хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Б.Б-д эрх үүссэн захирамжид хоёр ноцтой алдаа байна. Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар Б.Б-д тухайн газрыг олгогдсон байдаг. 

Шүүхээс Сүхбаатар дүүргийн Газрын албаны архивт үзлэг хийхэд Б.Б-ын хүсэлт гаргасан газар нь “Шарга морьт”-д газар хүсэж, иргэний үнэмлэхээ л хавсаргасан байсан нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэхгүй. Мөн Б.Б газар эзэмших эрхийн гэрчилгээ хүлээн авсан талаарх баримт байдаггүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээгүй. Энэ нь тухайн газрын эрх хууль ёсны биш гэдгийг харуулж байна. Тийм учраас 2003 оны 131 дүгээр захирамжаар Б.Б-д газар эзэмшүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. 

Шүүх Б.Б-д газар эзэмшүүлсэн 2003 оны 131 дүгээр захирамж, 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжид тус тус анхаарах шаардлагатай.  Хариуцагчийн зүгээс 2009 оны 10 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтаар эзэмшүүлсэн гэдэг боловч тухайн захирамж нь 3 хавсралттай байсан. Газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт, схем болон байршил зураг, гэрээ зэрэг бүх зүйлийг авсны үндсэн дээр эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлэх ёстой. Тэгэхээр 2009 оны 10 дугаар захирамж хууль бус юм. Ингээд хууль бус захирамжид үндэслэж гарсан дараа дараагийн газрын эрх хууль ёсны байх үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны газрын эрх шилжих ёстой. Иргэн С.Ц, Т.М нарын хувьд анхны газар эзэмших эрх нь хууль бус гэдгийг мэдэх боломжгүй.

Мэдээллийн сангийн тухайд хамгийн анх мэдээллийн санд хэний нэр дээр байгаа нь тодорхойгүйгээр 600 м.кв газрын нэгж талбар үүссэн нь тухайн үеийн Газрын албаны ажилтны хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. Мэдээллийн санд газрын хэмжээг 600 м.кв болгохоос өмнө мэдээллийн санд 600 м.кв бүхий нэгж талбар үүссэн байсан байна. Өөрөөр хэлбэл 2009 оны 10 дугаар захирамжаас өмнө мэдээллийн санд 600 м.кв-аар газрын эрх үүссэн байжээ. Мэдээллийн сангийн мэдээллийг Газрын албаны ажилтан оруулах үүргийг хуулиар хүлээсэн. 

Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр нэгж талбарын дугаар бичигдээгүй, өөр байршил бичсэн нь нэхэмжлэгчийн буруу биш, Газрын албаны буруутай үйлдэлтэй холбоотой. Түүнчлэн С.Г-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болоогүй учраас уг газраа хууль ёсны дагуу газар эзэмших эрхтэй. 2003 оны захирамжаар шилжүүлж авсан газрын  хэмжээ 400 м.кв байсан хэдий ч бодит байдал дээр 774 м.кв байдаг. Энэ нь өөрөө 2007 онд газрын эрх шилжихдээ зөрчилтэй байсан ч гэсэн Газрын алба хуульд нийцүүлэн 2007 онд тухайн газрыг 700 м.кв-аар С.Г-од эзэмшүүлж, эрх үүссэн. С.Г-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байгаа учир газрын эрх хүчинтэй. Харин гуравдагч этгээд нарын газрын эрх үүссэн байдал нь Газрын  тухай хуулийг зөрчсөн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

С.Г-ын газрын хувийн хэрэг, материал алга болсон асуудал нь иргэний буруу биш, хувийн хэрэг материалыг тухайн Газрын алба хадгалах үүрэгтэй. Хувийн хэрэг материал байхгүй байгаа нь газар эзэмших эрхгүй болно гэсэн ойлголт хуульд байхгүй. Газрын албаны буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Н.М нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2003 оны өргөдлийн бүртгэлийн 51 дугаар бүхий нэг өргөдлийн дугаар дээр Д.Б, Н.С, Б.Т, Б.У, Б.Б газар эзэмших хүсэлт гаргасныг бүртгэсэн байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар дээрх 5 иргэн тус бүрд нь 400 м.кв газрыг эзэмшүүлсэн. 

Үүний дараа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжаар Б.Б-ын 400 м.кв газрыг 600 м.кв болгож, газрын хэмжээ, талбайг өөрчилсөн, мөн С.Г-д 2007 оны 221 дүгээр захирамжаар иргэн Д.Б-ийн 400 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ захирамжид талбайн хэмжээг нэмэгдүүлэх заалтыг оруулаагүй атлаа 700 м.кв-аар эрх шилжүүлсэн байна. Эдгээр таван иргэнд газрыг 400 м.кв-аар эзэмшүүлсэн боловч бодит байдал дээр 4 иргэн талбайн хэмжээг нэмэгдүүлж хувааснаас нэг газар эзэмшигчийн эрх хөндөгдөж байна.

Б.Б нь өөрийн газар эзэмших эрхийг С.Ц-д шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/138 дугаар захирамжаар С.Ц-д, мөн 2016 оны А/263 дугаар захирамжаар Т.М-д тус тус шилжүүлсэн. 

Нэхэмжлэгч С.Г-од дүүргийн Засаг даргын 2007 оны 221 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жилийн хугацаанд тухайн газраа эзэмшиж, ашиглаагүй. Хил хамгаалах ерөнхий газраас ирсэн лавлагаанд С.Г нь 2008 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Монгол Улсад байсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ хугацаанд тухайн газрыг эзэмших бүрэн бололцоо байсан гэж үзэж байна.

Манай зүгээс материалыг судалж үзэхэд анх Д.Б нь 2003 оны 131 дүгээр захирамжаар 400 м.кв газар эрхтэй байсан. Үүнийгээ нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч 2007 оны 221 дүгээр захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлэн, шилжүүлсэн байх бөгөөд энэ захирамж нь хууль бус гарсан байна. Мөн 2007 оны 221 дүгээр захирамжаар С.Г-д газар эзэмших эрх үүссэн боловч мэдээллийн санд тухайн үед бүртгэл хийлгээгүй, мэдээллийн санд 700 м.кв-аар бүртгэгдсэн кадастрын зураг байхгүй. Мэдээллийн санд Б.Б дээр бүртгэлтэй байсан газар С.Г-ын нэр дээр шилжиж давхцал үүссэн гэж үзэж байна. 

Дүүргийн Газрын албаны архивт нэхэмжлэгч С.Г-ын нэгж талбарын хувийн хэрэг байхгүй байгаа бөгөөд тухайн үед архивын ажилтанд яагаад шилжиж очоогүй, яагаад архивд хадгалагдаагүй гэдгийг мэдэхгүй. Иргэн Ч.С-ийн нэгж талбарын 1******* дугаар бүхий хувийн хэрэгт С.Г-ын өрөгдөл, хүсэлт хамт хавсаргагдсан байна.

Дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмшүүлж, шилжүүлсэн тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гагцхүү хэн хэний эрх ашгийн үүднээс анхны 2003 оны 131 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн хэмжээгээр өгөх боломжтой гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б-ын эрх залгамжлагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Анх Газрын тухай хууль батлагдаж, хүмүүст газар олгож эхлэх үед миний эцэг Б.Б нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар хууль ёсны дагуу эзэмшиж, 010406972 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авч, 2009 онд газраа томсгон, хашаа барьж тухайн газрыг эзэмшиж байсан байсан бөгөөд 2012 онд өөрийн эзэмшил газраа бэргэн эгч С.Ц-д шилжүүлэн өгсөн. Манайх дүүргийн Засаг даргад хууль журмын дагуу хүсэлтээ гарган авч, нэгж талбарын дугаар үүсгэж, гэрээ байгуулан гэрчилгээтэй газрыг шилжүүлсэн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч С.Г нь ямар газар, хаана байгаагаа мэддэггүй, Газрын албатай зохих ёсны гэрээ хийгээгүйгээс гадна Газрын албанд гаргасан өргөдөл баримт нь байдаггүй. Иймд С.Г нь энэхүү газрыг эзэмших хууль зүйн үндэслэлгүй. Хэдийгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн ч маргаж буй газар болон гэрчилгээн дээр бичигдсэн хороо нь буруу, маргаан бүхий газар нь гэрчилгээн дээрх хороонд хэзээ ч хамаарч байгаагүй. Газрын албатай гэрээ хийгээгүй, бүртгэлийн газраас гэрчилгээгээ хүлээн авсан талаарх гарын үсэг байхгүй, газрын төлбөрөө хийгээгүй, гадаадад удаан хугацаанд амьдарсан гэх боловч Хил хамгаалах ерөнхий газраас авсан лавлагаагаар худал болох нь нотлогдсон. Мөн гэрчилгээ нь нэгж талбарын дугааргүй, кординат нь тодорхойгүй, хэрэгт авагдсан материалд өөрийнх нь газрын хувийн хэрэг байхгүй байгааг үзэхэд энэхүү асуудлаар маргаан үүсгэж, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд С.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “С.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүхбаатар дүүргийн Газрын албанаас С.Г-од хүргүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22/252 тоот албан бичигт түүний газар эзэмших эрх нь хүчингүй болохыг тодорхой заасан. Анхнаасаа уг газрын албан ёсны эзэмшигч нь Б.Б буюу түүнээс шилжүүлж авсан С.Ц, түүний газар эзэмших эрхийн нэгж талбар нь тодорхой заагдсан. Гэтэл С.Г-ын газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр нь нэгж талбарын дугаар байхгүй, уг газар хаана байгааг заасан масштаб байхгүй. Мөн С.Г-ын Д.Б-ээс авсан гэх гэрээн дээр нь 400 м.кв газар гэж байгаа нь зөрчилдөж байна. 

Бид ямар нэгэн бичиг баримтгүйгээр аливаа үйлдлийг хийгээгүй бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмын дагуу хүсэлтээ гаргаж, газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. С.Г нь зөвхөн аавынхаа газрын асуудлыг хөөцөлдөж, баримт материал бүрдүүлж газрын албатай харьцаж байсан бөгөөд энэ нь өөрийнх нь гэх ойлголтыг төрүүлэн төөрөгдүүлж байгаа харагдаж байна.

С.Г нь газар дээр байшин барилга бариагүй гэх асуудал нь иргэдийн хувьд урт хугацааны төлөвлөлт, төлөвлөгөө, хөрөнгө санхүүгээр шийдэгддэг асуудал тул С.Г-оор байшин барилга барих эсэхээ заалгах асуудал огтоос биш, уг бид газар дээрээ байшин барихаар төлөвлөж байсан ч 2015 оны 12 дугаар сард цус харван бие муудаж, улмаар эмчилгээний төлбөр гарч, газраа зарахад хүрсэн. С.Г нь бие тааруу, хөгшин эсвэл нас барсан хүмүүсийг буруутгаж, газрыг нь авахаар улайран зүтгэж байгаа нь луйврын шинжтэй зүй бус үйлдэл юм.

С.Г нь уг газрын эзэн нь байсан бол газрынхаа төлбөрийг жил бүр төлөх үүрэгтэй бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүхэл бүтэн 10 жилийн төлбөрийг бөөнд нь төлж, энэхүү газрын маргааныг үүсгэж, өөрөө хууль дүрэм, журмыг зөрчиж үүргээ биелүүлээгүй гэдгээ нотолж байна. Харин Б.Б нь жил бүр газрын төлбөрийг тогтмол төлж, өөрийн газар дээрээ төмөр шон зоож, өргөстэй тороор хашаа татсан. Т.М-д шилжүүлэн өгөх үед шонгуудын үлдэгдэл байсан.

Гуравдагч этгээд Б.Б, С.Ц, Т.М нарын газартай холбоотой материал, гэрээ, гэрчилгээ хууль журмын дагуу авагдсан байхад ганц С.Г-ын материал олдохгүй байгаа нь хачирхалтай. Хууль журмын дагуу эзэмшиж байгаа эрхийг хүчингүй болгож өгөөч гэдэг нь хууль бус юм. 

Иймд бидний хууль ёсны эрхийг хамгаалж, хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Т.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2016 онд газар зарна гэсэн зарын дагуу С.Ц гэдэг хүнтэй уулзаж, бичиг баримтыг бүрэн шалгаж үзсэний үндсэн дээр газрыг 3.500.000 төгрөгөөр худалдан авахаар болж, Газрын албанд хүсэлтээ өгч, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 263 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Бэлх” зусланд байрлах нэгж талбарын 18650323116489 дугаар бүхий 600 м.кв газрыг шилжүүлж авсан. 

Тухайн газар нь давхацсан, маргаантай гэдгийг мэдээгүй. Тухайн үед би мөнгөний боломжгүй байсан учраас хүнээс мөнгө зээлж газрыг авсан. Одоо хүртэл тухайн мөнгөний хүүг төлөөд явж байна. Бид эхний нэг жилийн хугацаанд эдийн засгийн хувьд тус газрыг ашиглах боломж байгаагүй. 

Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцсоноос хойш хавтаст хэрэгтэй танилцаж байх явцад С.Г-ын газар эзэмших эрхийн хувьд хэд хэдэн зөрчил харагдсан. Тухайлбал газрын гэрчилгээн дээр нэгж талбарын дугаар бичигдээгүй, тухайн газар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд гэж бичигдсэн, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн дэвтэр дээр Ч.С болон С.Г нар гарын үсэг зураагүй байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нэгж талбарын дугааргүй байгаа учраас хүчин төгөлдөр бус, мөн өөр хороонд байрлалтай. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаанд 2008 оны 11 дүгээр сард тухайн газрыг эзэмшиж байсан эзэн холбогдогч нь тодорхойгүй, 2009 оны 10 дугаар сар хүртэл Б.Б гэх хүн эзэмшиж байсан. 2009 оны 12 дугаар сараас С.Г-ын нэр дээр шилжсэн байна гэдэг. Мэдээллийн санд Б.Б-ын нэр дээр байсан газар нь яагаад С.Г-ын нэр дээр шилжсэн талаар судалж үзэхэд Н.Ч гэх хүн цахимаар нэр сольж, Б.Б-ын эзэмшиж байсан газрыг С.Г болгож сольсон байдаг. 

С.Г нь  Б.Т-өөс  газар  авсан, харин Т.М-ийн хувьд Б.Б гэх хүнээс газрыг шилжүүлэн авсан. Б.Б, С.Г хоёрын хооронд хийгдсэн гэрээ байхгүй байхад яагаад 2009 онд С.Г-ын нэр дээр болгож шилжүүлсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн С.Г нь 10 жилийн хугацаанд БНХАУ-д сурч, амьдарч байсан гэдэг боловч Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар 2007 оноос хойш удаа дараа хилээр орж гарч байсан нь харагддаг. Тэгэхээр БНХАУ-д сурч байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Мөн тухайн газрын төлбөрийг Б.Б нь 2009 оноос хойш цаг хугацаанд төлсөн байхад С.Г нэгж талбарын дугаар, гэрчилгээгүй атлаа 2008-2017 оны хоорондох 10 жилийн төлбөрийг давхардуулан бөөнд нь төлсөн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаанаа БНХАУ-д байсан гэж тайлбарлаж байгаа боловч Хил хамгаалах газрын албан бичгээр Монгол Улсад 19 удаа ирсэн нь тогтоогддог. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар тухайн газар эзэмшигч Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл ажлын 10 хоногт багтаж, шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг. Энэ хуулийн заалт мөн зөрчигдөж байна гэж үзэж байна. 

Газартай холбоотой хүмүүсийн хувийн хэрэг, материалууд нь Газрын албаны архивт хадгалагдаж байхад ганц С.Г-ын материал байхгүй байгаа нь эргэлзээтэй. Тэгэхээр Б.Б-д газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамж хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Т.М нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000654143 дугаар бүхий гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн дагуу нэгж талбарын 18650323116489 дугаар бүхий 600 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Б.Д, газар эзэмшигчийг төлөөлж Т.М нар газар эзэмших эрхийн гэрээг байгуулсан. Уг газар нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмын дагуу Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр гэдгийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Газрын албаны тушаал шийдвэр үнэн болох нь архивын материалаар хууль ёсоор олгогдсон болохыг нотолж байгаа тул С.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Т.М нь 600 м.кв газрыг С.Ц-аас шилжүүлж авсан тул хариуцагчийн зүгээс тавьж буй саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Г нь тус шүүхэд “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгүүд нь хууль байсан болохыг тогтоолгох, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.   

Нэхэмжлэгч С.Г нь  “...Миний эзэмшлийн газрыг бусдад давхардуулан эзэмшүүлсэн байх бөгөөд эдгээр хүмүүсийн хэн нь ч манай газар дээр байшин, барилга бариагүй бодитойгоор эзэмшиж, ашиглаагүй байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж, миний эзэмшил газрыг бусдад давхцуулан олгосон нь миний  газар эзэмших эрхийг хөндсөн...” гэж, хариуцагч нь “... дүүргийн Засаг даргын захирамжууд нь Засаг даргын өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр тул хүчингүй болгох үндэслэлгүй...” гэж маргажээ.

Маргааны үйл баримтуудаас үзэхэд анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар иргэн  Д.Б, Н.С, Б.Т, Б.У, Б.Б нарт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлх хэмээх газарт тус бүр 400 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Улмаар С.Г нь 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д.Б-ийн эзэмшиж байсан газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар С.Г-од Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлх хэмээх газарт зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлэхээр, мөн дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжаар Б.Б-д Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлх хэмээх газарт 600 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр, Б.Б нь 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн  600 м.кв газраа С.Ц-д шилжүүлэх  хүсэлт гаргасны дагуу мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжаар С.Ц-д Сүхбаатар дүүргийн Бэлх хэмээх газарт байршилтай 600 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр, С.Ц нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа Т.М-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжаар Т.М-д зуслангийн зориулалтаар 600 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар  шилжүүлэн эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрыг бусад этгээд эзэмшиж байгаа эсэх, бусдын эд хөрөнгө байгаа эсэхийг нягтлан шалгах ёстой. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий газар нь 18650323116489 нэгж талбарын дугаар бүхий Т.М-ийн эзэмшил газартай байршлын хувьд давхцалтай, уг маргаан бүхий газарт маргалдагч талууд барилга, байгууламж бариагүй болох нь  С.Г, Б.Б, Т.М нарын газрын байршлын кадастрын зураг , Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 2/1554 дугаар албан бичиг , Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2008, 2009, 2012, 2016, 2017  оны архивын зурган мэдээлэл , шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Г нь өөрийн эзэмшлийн 700 м.кв газраа Д.Б-ээс шилжүүлэн авсан гэж маргаж байх боловч Д.Б нь өөрийн эзэмшлийн 400 м.кв газраа С.Г-од шилжүүлэн эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон  болох нь тэдний хооронд байгуулсан 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” , Д.Б-ийн 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлт  зэрэг нотлох баримтуудаар,  түүнчлэн   хариуцагч   захиргааны   байгууллага  нь  С.Г-ын эзэмшил  газрын  талбайн хэмжээг  нэмэгдүүлсэн  ямар  нэгэн  шийдвэр  гаргаагүй болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/1322 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна. 

Дээрх маргааны үйл баримтуудаас үзэхэд Д.Б нь өөрийн эзэмшлийн 400 м.кв газраа С.Г-од шилжүүлсэн байхад хариуцагч захиргааны байгууллага нь С.Г-од эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэхдээ газрын талбайн хэмжээг ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн нь тодорхойгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-д “... газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ... дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус тодорхойлон заажээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд захиргааны байгууллага, албан тушаалтнаас нэхэмжлэгч С.Г-той газар эзэмших гэрээ байгуулаагүй, С.Г-ын газар эзэмших эрхийн 0******* дугаартай гэрчилгээнд нэгж талбарын дугаарыг олгоогүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсоны дараа буюу 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр С.Г-ын газрын байршлын кадастрын зураг үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримт нь хариуцагч захиргааны байгууллага албан тушаалтны Газрын тухай хууль тогтоомжид заасан журам, шаардлагыг хэрэгжүүлээгүй буруутай үйл ажиллагаатай холбоотой байна. 

Түүнчлэн нэгж талбарын 18650323116489 дугаар бүхий 600 м.кв талбайтай газар нь 2008-2017 оны архивын мэдээлэлд нэгж талбарын дугаар болон газрын хэмжээ өөрчлөгдөж байгаагүй, уг нэгж талбарын дугаар бүхий газар нь мэдээллийн сангийн архивын мэдээлэлд анх 2008 оны 11 дүгээр сард 600 м.кв талбайтайгаар газар эзэмшигч хэн болох нь тодорхойгүй бүртгэгдсэн, 2009 оны 10 дугаар сарын мэдээллийн санд уг нэгж талбарын дугаар бүхий 600 м.кв талбайтай газар нь Б.Б-ын нэр дээр, 2009 оны 12 дугаар сараас 2012 оны 09 дүгээр сарын архивын мэдээлэлд уг газар нь С.Г-ын нэр дээр, 2012 оны 10 дугаар сараас 2016 оны 08 дугаар сарын архивын мэдээлэл дээрх нэгж талбарын газар эзэмшигчийн нэр дахин өөрчлөгдөж, Б.Б-ын нэр дээр, 2016 оны 09 дүгээр архивын мэдээлэлд газар эзэмшигч иргэний нэр дахин өөрчлөгдөж, Т.М-гийн нэр дээр тус тус бүртгэгдсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2/1554 дугаар албан бичиг , Нийслэлийн Газрын мэдээллийн сангийн архивын зурган мэдээлэл  зэргээр тогтоогджээ.

Дээрхээс үзэхэд нэгж талбарын 18650323116489 дугаар бүхий 600 м.кв талбайтай газар нь анх хэний эзэмшилд олгогдсон нь тодорхойгүй, Б.Б, С.Г, Б.Б, Т.М гэж газар эзэмшигч иргэний нэр дахин дахин өөрчлөгдсөн боловч уг нэгж талбарын дугаар бүхий газрын хэмжээ өөрчлөгдөж байгаагүй байна

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд уг маргаан бүхий газрын төлбөрт 2009 онд Б.Б 52300 төгрөг /хэдэн оноос хэдэн оны төлбөр нь тодорхойгүй/, 2014 оны 03 дугаар сарын 24-нд Б.Б /2010-2014 оны газрын төлбөрт/ 36960 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 01-нд С.Ц /2015-2016 оны газрын төлбөрт/ 13200 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-нд Т.М /2016-2017 оны газрын төлбөрт/ 7920 төгрөг,  2017 оны 01 дүгээр сарын 25-нд С.Г /2008-2017 оны газрын төлбөрт/ 89320 төгрөгийг тус тус төлж байжээ. Дээрхээс  үзэхэд маргаан бүхий газрын төлбөрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр давхардуулан төлүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна. 

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 32 дугаар зүйлийн 32.3.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигчид олгосон газрын хил зааг, байршил тодорхой болсны үндсэн дээр газар эзэмшүүлэх, шилжүүлэх захирамж гарах ёстой. Өөрөөр хэлбэл газар шилжүүлэхээс өмнө газрын хил, зааг тодорхой болсон байх ёстой.

Гэтэл захиргааны байгууллага энэ үүргээ хэрэгжүүлж, маргаан бүхий газрын хил заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, координатжуулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил газрын байршил давхцалтай болох нь тогтоогдож байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас  дүгнэн үзвэл  уг маргаан бүхий газрын давхцал юунаас болж үүссэн, тухайн газрыг эзэмших эрх түрүүлж хэнд үүссэн, Д.Б-ээс 400 м.кв газрыг шилжүүлэх хүсэлт гаргасан байхад С.Г-ын эзэмшил  газрын талбайн  хэмжээ ямар үндэслэлээр нэмэгдсэн зэрэг хэргийн нөхцөл байдлуудыг цаашид тодруулах шаардлагатай байх бөгөөд нэмж тодруулах асуудал нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас  дахин  шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 2 сарын  хугацаагаар түдгэлзүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ ...  Манай зүгээс материалыг судлан үзэхэд 2007 оны 221 дүгээр захирамжаар С.Г-од Д.Б-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ Д.Б-д олгосон 400 м.кв газрын эрхийг шилжүүлээгүй, 700 м.кв газраар эрх шилжүүлсэн, ... 2007 оны 221 дүгээр захирамж талбайн хэмжээг нэмэгдүүлсэн захирамж биш бөгөөд тухайн захирамж хууль бус гарсан ... 2007 оны 221 дүгээр захирамжаар С.Год газар эзэмших үүссэн боловч мэдээллийн санд тухайн үед бүртгэл хийгээгүй учраас энэхүү давхцлыг үүссэн гэж үзэж байна ... иргэдийн хэн хэнийх нь эрх  ашигт нийцүүлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжид зааснаар  тус бүрд нь 400 м.кв газрыг эзэмшүүлэх боломжтой...” гэж тайлбарлан хэргийн нөхцөл байдлыг дахин шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-ад холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.БАТСҮРЭН