Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 34

 

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/00034

 

С.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/00926 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Баттулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын буудал ТӨААТҮГ-т  холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, дутуу олгосон цалин хөлс  гаргуулах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч С.Баттулгын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Баттулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч С.Баттулгаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие  Чингис хаан ОУНБ-д шалгагчаар ороод 8 дахь жилдээ ажиллаж байсан.  Ажиллах  хугацаанд нэг ч удаа ажил тасалж байгаагүй. Харин шагнуулж, албан тушаал дэвшиж, Солонгосын Инчоны Нисэхийн академид суралцаж явсан. Харин 2016 оны 6 сарын 23-ны өдрийн захирлын Б221 тоот тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Би ээлжийн ажилтай 2016 оны 6 сарын 14-нд шөнийн жижүүр-15 цаг, 6 сарын 17-нд гар тээш, орон нутгийн хэсэгт 15 цаг ажиллах хуваарьтай байсан. 2016 оны 6 сарын 14-нд миний оронд шалгагч С.Нямхүү гэгч шөнийн жижүүр хуваарь дээр ажилласан. Шалгагч Оюунсанаа 6 сарын 17-нд миний оронд ажиллах байсныг албаны дарга ажиллуулаагүй байсан. Миний бие 2016 оны 2 сарын 14-нд /Шинийн 6/ Оюунсанаагийн оронд ажилласан. Шалгагч Оюунсанаа нь ажилдаа хөдөөнөөс ирж чадаагүй намайг гараад өгөөч гээд албаны даргад намайг гаргаад, дараа нь миний оронд гарч өгнө гэж хэлээд ажилдаа ирээгүй өөрийн хуваарь дээрээ намайг ажиллуулж, ажиллах байсан цаг цалингаа өөрөө 2 сард авсан болно. Миний оронд Нисэхийн баярын дараа 6 сард тэмцээн уралдаан дууссаны дараа ажиллаж өгнө гэсэн. Тэгээд 6 сарын 17-нд миний оронд ажиллах зөвшөөрөл албаны даргаас авсан. Миний оронд ажиллах гэтэл 6 сарын 16-ны өдөр дарга гэнэт ажиллуулаагүй байна. 2016 оны 5 сарын 15-ны өдөр Баттулга миний бие өдрийн жижүүр хуваарьтай байсан. Өдрийн жижүүрийн ажлаа шөнийн жижүүртээ хүлээлгэж өгдөг. Энэ өдөр шөнийн жижүүр шалгагч С.Нямхүү байсан. С.Нямхүү шөнийн ээлжиндээ ирээгүй тул би үргэлжлүүлэн нийт тасралтгүй 28 цаг ажилласан. Намайг 13 цаг ажилласнаар С.Нямхүүг ажилдаа ирээгүй байхад 15 цаг ажилласнаар бүртгээд цаг цалинг нь 5 сард оруулж 6 сард шалгагч С.Нямхүүг миний оронд ажиллуулж, намайг илүү ажилласан 15 цагаа биеэр амрааж ээлжлүүлэхээр болж хуваарь, цагийн тооцоог ээлжийн ахлах тааруулан хийсэн. Тэгээд миний оронд С.Нямхүү 6 сарын 14-нд ажилласан болно. Тэгсэн байтал 6 сарын 14-нд миний илүү ажилласан 15 цагийг тасалсанаар бүртгэж ажлаас халсан, мөн хөдөлмөрийн гэрээний 4.2.36-д ажилтан 3 өдөр 24 цаг тасалбал ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн. Миний хувьд С.Нямхүү ажилласан нь ноцтой зөрчилд тооцохгүй, ажлаас халах үндэслэл болохгүй, өөрөөр шийдэж өгөөгүйд гомдолтой байна. 6 сарын 16-ны 04.00 цагт зарласан түргэн цугларалтад очиж чадаагүй. Энэ түргэн цугларалт 8 жилд анх удаа болж байгаа. Хэзээ хэдэн цагт дуудах нь тодорхойгүй байсан. 6 сарын 14, 17-нд миний оронд С.Нямхүү, Оюунсанаа нар ажиллах тул боломж гарсан дээр нь эхнэр хүүхэдтэйгээ Итгэлт хамба явж үздэг хүнд үзүүлсэн. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэж, С.Нямхүү, Оюунсанаа нарын оронд ажилласан 32 цаг, Г.Алтанзулын оронд ажилласан 21 цаг, Бадралын оронд ажилласан 24 цагийн ажлын хөлсийг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баттулга нь тус нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албанд аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар ажиллаж байх хугацаандаа 2010 онд Аюулгүй байдлын давтан сургалтад хамрагдаж хангалтгүй дүн үзүүлсэн тул үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан. Мөн захирлын 2013 оны Б/107 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул ажлаас халагдаж, 2014 оны 05 дугаар сард шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орж байсан. Тухайн үед ажил тасалсан шалтгаан нь мөн өөрийн бие өвдсөн хүүхдүүд өвдсөн гэсэн шалтгаан байсан ба энэ тухай байгууллагад дотоод журамд заасан хугацаанд мэдэгдээгүй нэг сарын дараа энэ тухай эмнэлгийн магадлагаа авчирч байсан. Энэ үйлдэлдээ хариуцлага хүлээлгүй шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орсон боловч өөрийн алдааг ухамсарлалгүй дахин ийм шалтгаан дурдаж энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна. “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.2 дахь заалт “ажилтан ажлын 3 өдөр /нийт 24/ цаг дараалан ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан цагийг нь нэгтгэн бодоход ажлын 24 цагтаа тэнцэж байвал, 3.3.6.14 дэх заалт “удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлсэн бол гэсэн заалтуудыг үндэслэсэн. С.Баттулга нь 2016 оны 06 дугаар сарын 14, 17-ны өдрийн ажлыг тасалсан нь цагийн бүртгэлээр нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэлдээ тус өдрүүдэд ажилдаа ирээгүйгээ хүлээн зөвшөөрсөн байна. Түүний тайлбарласнаар өөрийнх нь оронд өөр ажилтан гарах байсан гэж байгаа боловч Аюулгүй байдал, хамгаалалтын албаны үйл ажиллагааны зааврын 2.4.5 “ажлын томилгоог үзлэгийн ээлжийн ахлагч мэргэжилтний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчлөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж ажилчид хоорондоо аман тохиролцоо хийсэн гэх. Ээлжийн ахлагч болон албаны даргад мэдэгдээгүй нь тус тусын тайлбараар нотлогдсоны үндсэн дээр ажлаас халах тушаалыг гаргасан. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 04.00 цагийн түргэн цугларалтад ирээгүй нь хөдөлмөрийн дотоод журмын 3.6.1.4 “байгууллагад дагаж мөрддөг үнэт зүйлс, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн, хууль тогтоомж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дүрэм, журам болон “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирлын тушаалаар баталсан журам зааврыг мөрдөж ажиллана” гэсэн заалтыг зөрчиж захирлын 2016 оны А/52 дугаар тушаалыг биелүүлээгүй, мөн журмын 3.3.6.14 “ удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлснийг” ноцтой зөрчилд тооцно гэсэн заалтыг зөрчжээ. С.Нямхүү, Оюунсанаа, Алтанзул, Бадрал нарын оронд ажилласан ажлын хөлсийг нөхөн олгуулах асуудал нь ажлаас халагдсан тушаалтай хамааралгүй, ажлын томилгоо өөрчлөн хэн нэгний оронд хариуцсан нэгжийн даргын зөвшөөрөлгүй ажилласан нь шүүхийн шийдвэрлэх асуудал биш болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин бусдын оронд ажилласан цагийн цалинг тооцож олгоогүй шаардлагын хувьд байгууллагын захиргаанд хандаж шийдвэрлүүлэх асуудал бөгөөд манай захиргаа 100 хувь хүлээн авч шийдвэрлэдэг юм. Гэтэл энэ талаар С.Баттулга өмнө нь захиргаанд огт хандаж байгаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Баттулгын нэхэмжлэлтэй Чингис хаан олон улсын нисэх буудалд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар С.Нямхүү, н.Оюунсанаа, Г.Алтанзул, н.Бадрал нарын оронд ажилласан ажлын хөлсийг гаргуулах тухай хэсэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул урьдчилан төлөөгүйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Баттулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогчийн өмгөөлөгч, шүүгч хоёрын асуулт хариултаар явагдаж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Мөн гэрчүүд худал мэдүүлэг өгч дан ажил олгогчийг төлөөлсөн АБХАдарга, ээжлийн ахлах, ажилтан гурвуулаа нэг тал болж оролцсон. Байгууллага болон ажилтан намайг хуурч ажилгүй болгосон гурван хүн гэрчээр орсон. Тасралтгүй, амралтгүй хоёр ээлж дараалан С.Нямхүүгийн оронд 28, С.Бадралын оронд 45 цаг ажилласан, мөн цалин хөлсийг олгоогүй нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хуулиас давсан харагдаж байна.

Байгууллага С.Нямхүү, Оюунсанаа, Н.Бадрал, Г.Алтанзул нарын оронд ажилласан ажлын хөлсийг гаргуулахаар шүүхэд нэхэмжилснийг шүүх шийдвэрлэж өгөөгүй.  Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 50 дугаар зүйлийг тус тус зөрчиж нөхөн амраагаагүй, илүү цаг болон шөнийн цагаар ажилласан цалин хөлсийг өгөөгүй бөгөөд амралтгүй 2 ээлж дараалан С.Нямхүүгийн оронд 28 цаг, С.Бадралын оронд 45 цаг ажилласан нь хуулиар хамгаалсан хөдөлмөрлөх эрхийг минь зөрчсөн байна.

Би зохих журмын дагуу захиргаа АБХА газрын даргад мэдэгдэж чөлөөний хуудас авах бол нэгд, албаны дарга С.Ганбат, ээлжийн ахлагч Нансалмааг албан тушаал хэтрүүлэн ажилласан, ажил үүргээ биелүүлээгүй, буруу цагийн тооцоо цалин хөлс бодуулсан, байгууллагыг хуурч мэхэлсэн, танил талдаа чөлөө зөвшөөрөл 4 цагийн чөлөөг хэтрүүлэн ажлаа тасалсан шалгагч С.Нямхүүд 15 цагийн чөлөө өгсөн гээд гурвууланг нь ажилгүй болгож арга хэмжээ авах болно. Учир нь албаны дарга 4 цагийн чөлөө өгөх эрх мэдэлтэй. 5 сарын 15-нд шөнийн жижүүр хуваарьтай байсан шалгагч С.Нямхүүг 15 цаг ажлаа таслаад ажилдаа ирээгүйг ээлжийн ахлах Я.Нансалмаа, албаны дарга С.Ганбат нар ажилласнаар бүртгээд цалин, цагийн тооцоог захиргаанд өгсөн. Харин би 5 сарын 15-нд 04 цагаас 17.00 цаг хүртэл өдрийн жижүүр хуваарь дээр ажиллаад 5 сарын 15-ны орой 17.00 цагаас 16-ны 08.00 цаг хүртэл ажиллах шөнийн жижүүр С.Нямхүүд ажлаа хүлээлгэн өгөх гэтэл ирээгүй тул би үргэлжлүүлэн тасралтгүй 28 цаг ажилласан. 5 сарын 31-нд цалингаа авахад миний илүү ажилласан 17.00-08.00 хүртэл шөнөөр илүү ажилласан 15 цагийг оруулаагүй байсан. 6 сарын 02-нд ажилдаа ирээд асуутал 6 сарын 14-нд С.Нямхүү миний оронд ажиллахаар ээлжийн ахлах Я.Нансалмаа, албаны дарга С.Ганбат, шалгагч С.Нямхүү нар хуваарь хийн зохицуулсан байсан. Иймд би зохих журмын дагуу захиргаанд чөлөө авах, эсвэл цалин хөлсөө авах боломжгүй болсон байсан. Ажил олгогч нь ажилтан намайг 2016 оны 6 сарын 14-нд шөнийн жижүүр гарах байсан. 15 цагийн ажлыг С.Нямхүү 5 сарын 15-нд миний ажилласан цаг цалин хөлсийг авсан тул ээлжийн ахлахад хэлээд ажилласныг ноцтой зөрчил гаргасан гэж буруу шийдэж хөдөлмөрийн гэрээний 4.2.36 заалтаар шийдсэн нь үндэслэлгүй юм. 2016.6.16-ны 04.00 цагт зарласан түргэн цугларалтанд 5 хүн ирээгүй байсны нэг нь би байсан. Миний бие тэр өдөр дуудлага хүлээн аваагүй нь ноцтой зөрчилд тооцох, хөдөлмөрлөх эрхийг минь хязгаарлах үндэслэл болохгүй. С.Нямхүү, Оюунсанаа, Н.Бадрал, Г.Алтанзул нарын оронд хөдөлмөрийн хууль зөрчин тасралтгүй олон цагаар ажиллуулсан, ажлын хөлс, цалин олговрыг шийдэж өгөөгүй, үүхийн шийдвэр үндэслэлтэй болоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Баттулга нь хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын  буудал Төрийн өмчит ААТҮГ-т холбогдуулан Аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, С.Нямхүү, н.Оюунсанаа, Г.Алтанзул, н.Бадрал нарын оронд ажилласан ажлын хөлсийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, дутуу олгосон гэх цалин хөлсний хувьд шүүхийн харьяаллын маргаан биш” гэж татгалзжээ.

 

Ажил олгогч нь С.Баттулгыг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ажил таслах ноцтой зөрчлийг гаргасан гэж үзсэн бол ажилтны тухайд чөлөө авсан байсан гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нотлох баримт шаардагдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШЗ2016/03960 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллагаас 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн цагийн бүртгэл, 2016 оны 6 дугаар сарын 14, 17-ны өдөр батлагдсан хуваарь, Аюулгүй байдлын дэглэм өндөржүүлэх гэдэгт ямар дэглэм багтдаг талаарх баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулжээ. /х.х-ийн 78-79/

 

Хариуцагч нь дээрх нотлох баримтыг өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэгээр баталгаажуулан ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг нь хэргийн оролцогчид хамаарахгүй бөгөөд зохигч нь нотлох баримтыг шүүхэд ирүүлэхдээ мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасны дагуу нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх байжээ.

 

Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Шаардлага хангахгүй баримт үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагааг бүрэн хийсэн гэж үзэх боломжгүй.

 

Мөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нэхэмжлэлийн үнийн дүн, хэмжээ зэргийг тодруулах нь зүйтэй юм.  

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/00926 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч С.Баттулга нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                          Ш.ОЮУНХАНД