Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/01290

 

 

 

 

 


 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/01290

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 4 дүгээр гудамжны 1245 тоотод оршин суух Боржигон овогт Сүрэнхорлоогийн Баттулга /РД: МР80032113/-ын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, өөрийн байранд байрлах Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-т холбогдох

       ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, дутуу олгосон цалин хөлс гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Баттулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ /ШТЭҮД:2016/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзаяа,  гэрч С.Ганбат, Г.Алтанзул, Б.Бадрал, Я.Нансалмаа, нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч С.Баттулга шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: С.Баттулга би 2007 оны 03 дугаар сарын 26-нд Чингис хаан ОУНБ-д шалгагчаар ороод 8 дахь жилдээ ажиллаж байгаа болно. Ажиллаж байх хугацаандаа ажлаа нэг ч удаа тасалж байсан удаагүй. Харин шагнуулж, албан тушаал дэвшиж, Солонгос улсын Инчоны Нисэхийн академид суралцаж явсан. Харин 2016 оны 06 дугаар сарын 23-ны захирлын Б/221 тоот тушаалаар ажлаас халсан нь миний 4 сартай охин 3, 5, 7 настай дөрвөн хүүхдээ харан суудаг, эрхэлсэн ажилгүй эхнэр, цалингаас өөр орлогогүй ажилтан миний ажил, ар гэрийг хохироосон, сэтгэл санааны дарамтанд оруулсан шийдвэр гаргасан юм. 6 дугаар сарын 14, 6 дугаар сарын 17-ны хоёр өдөр ажил тасалсан гээд ажилтан надтай захирал, захиргааны ажилтан уулзаагүй, шууд халсан тушаал өгсөнд харамсалтай байна. Миний бие ээлжийн ажилтай 2016 оны 06 дугаар сарын 14-нд шөнийн жижүүр-15 цаг, 6 дугаар сарын 17-нд гар тээш, орон нутаг хуваарь дээр 15 цаг ажиллах хуваарьтай байсан. 2016 оны 06 дугаар сарын 14-нд миний оронд шалгагч С.Нямхүү гэгч шөнийн жижүүр хуваарь дээр ажилласан. Шалгагч Оюунсанаа 6 дугаар сарын 17-нд миний оронд ажиллах байсныг албаны дарга ажиллуулаагүй байсан. Миний бие 2016 оны 02 дугаар сарын 14-нд  Оюунсанаагийн оронд ажилласан. Шалгагч Оюунсанаа нь ажилдаа хөдөөнөөс ирж чадаагүй, намайг гараад өгөөч гээд албаны даргад намайг гаргаад, дараа нь миний оронд гарч өгнө гэж хэлээд ажилдаа ирээгүй өөрийн хуваарь дээрээ намайг ажиллуулж, ажиллах байсан цаг цалингаа өөрөө 2 сард авсан болно. Миний оронд Нисэхийн баярын дараа 6 сард тэмцээн уралдаан дууссаны дараа ажиллаж өгнө гэсэн. Тэгээд 6 дугаар сарын 17-нд миний оронд ажиллах зөвшөөрөл албаны даргаас авсан. Миний оронд ажиллах гэтэл 6 дугаар сарын 16-ны өдөр дарга гэнэт ажиллуулаагүй байна. 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баттулга миний бие өдрийн жижүүр хуваарьтай байсан. Өдрийн жижүүрийн ажлаа шөнийн жижүүртээ хүлээлгэж  өгдөг. Энэ өдөр шөнийн жижүүр шалгагч С.Нямхүү байсан. С.Нямхүү шөнийн ээлжиндээ ирээгүй тул би үргэлжлүүлэн нийт тасралтгүй 28 цаг ажилласан. Намайг 13 цаг ажилласнаар С.Нямхүүг ажилдаа ирээгүй байхад 15 цаг ажилласнаар бүртгээд цаг цалинг нь 5 сард оруулж 6 сард шалгагч С.Нямхүүг миний оронд ажиллуулж, намайг илүү ажилласан 15 цагаа биеэр амрааж ээлжлүүлэхээр болж хуваарь, цагийн тооцоог ээлжийн ахлах тааруулан хийсэн. Тэгээд миний оронд С.Нямхүү 6 дугаар сарын 14-нд ажилласан болно. Тэгсэн байтал 6 дугаар сарын 14-нд миний илүү ажилласан 15 цагийг тасалснаар бүртгэж ажлаас халсан, мөн хөдөлмөрийн гэрээний 4.2.36-д ажилтан 3 өдөр 24 цаг тасалбал ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн. Миний хувьд С.Нямхүү ажилласан нь ноцтой зөрчилд тооцохгүй, ажлаас халах үндэслэл болохгүй, өөрөөр шийдвэж өгөөгүйд гомдолтой байна. 6 дугаар сарын 16-ны 04.00 цагт зарласан түргэн цугларалтанд очиж чадаагүй. Энэ түргэн цугларалт 8 жилд анх удаа болж байгаа. Хэзээ хэдэн цагт дуудах нь тодорхойгүй байсан. Надад 6 дугаар сарын 14, 17-нд миний оронд С.Нямхүү, Оюунсанаа нар гарах болсон тул боломж гарсан дээр нь эхнэр, хүүхэдтэйгээ Итгэлт хамба явж үздэг хүнд үзүүлсэн. Миний хүүхдүүд 2, 3 сар өвчин ороогоод салахгүй, цэцэрлэгтээ 2-3 сар явж чадаагүй, эмнэлгийн хяналтанд ойр ойрхон очиж үзүүлж өнгөрөөсөн. Энэ учир байдлыг минь мэдсээр байж ажлаас халсанд гомдолтой байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэж, С.Нямхүү, Оюунсанаагийн оронд ажилласан 32 цаг, Г.Алтанзулын оронд ажилласан 21 цаг, Бадралын оронд ажилласан 24 цагийн ажлын хөлсийг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Баттулга шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2007 оны 03 дугаар сарын 26-нд Чингис хаан олон улсын нисэх буудалд шалгагчаар ажилд орж ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ажлаас хоцорч, тасалж байгаагүй, харин ч шагнуулж байсан. 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/221 тоот тушаалаар 2 өдрийн ажил тасалсан гэж ажлаас халсанд гомдолтой байна. 6 дугаар сарын 14-нд Нямхүү, 6 дугаар сарын 17-нд Оюунсанаа нар миний оронд ажиллах байсан. 2016 оны 02 дугаар сарын 14-нд Оюунсанаа ажилдаа ирээгүй, албаны дарга зөвшөөрснөөр оронд нь ажилласан байгаа. 2 сарын цалингаа Оюунсанаа бүтэн авсан. 5 дугаар сарын 15-нд өдрийн жижүүрийн хуваарьтай байсан. Гэтэл шөнийн жижүүр Нямхүү ажилдаа ирээгүй. Ингээд Нансалмаа, Ганбат дарга нар үүрэг өгсөний дагуу  улираад нийт 28 цаг ажилласан. Би 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн түргэн цугларалтанд очоогүй. Очоогүй шалтгаан нь Итгэлт хамба явж хүүхдээ үзүүлсэн. Цугларалт болсон эсэхийг мэдээгүй байсан. Иймд ажил тасалсан гэж үзэхгүй байгаа учир ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 14.208.840 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн Нямхүү, Оюунсанаа, Алтанзул нарын оронд ажилласан цалин хөлсийг өгсөн учир Бадралын оронд ажилласан 24 цагийн хөлс 156546 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзаяа шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч С.Баттулга нь тус нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албанд аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар ажиллаж байх хугацаандаа 2010 онд аюулгүй байдлын давтан сургалтанд хамрагдаж хангалтгүй дүн үзүүлсэн тул үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан. Мөн захирлын 2013 оны Б/107 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул ажлаас халагдаж 2014 оны 5 дугаар сард шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орж байсан. Тухайн үед ажил тасалсан шалтгаан нь мөн өөрийн  бие өвдсөн, хүүхдүүд өвдсөн гэсэн шалтгаан байсан ба энэ тухай байгууллагад дотоод журамд заасан хугацаанд мэдэгдээгүй, нэг сарын дараа энэ тухай эмнэлгийн магадлагаа авчирч байсан. Энэ үйлдэлдээ хариуцлага хүлээлгүй шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орсон боловч өөрийн алдааг ухамсарлалгүй дахин ийм шалтгаан дурдаж энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна. Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын 2016 оны Б/221 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Чингис хаан олон улсын нисэх буудлын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.2 дахь заалт “ажилтан ажлын 3 өдөр /нийт 24/ цаг дараалан ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 24 цагтаа тэнцэж байвал, 3.3.6.14 дэх заалт “удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлсэн” бол гэсэн заалтуудыг үндэслэсэн. С.Баттулга нь 2016 оны 06 дугаар сарын 14, 17-ны өдрийн ажлыг тасалсан нь цагийн бүртгэлээр нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэлдээ тус өдрүүдэд ажилдаа ирээгүйгээ хүлээн зөвшөөрсөн байна. Түүний тайлбарласнаар өөрийнх нь оронд өөр ажилтан гарах байсан гэж байгаа боловч Аюулгүй байдал, хамгаалалтын албаны үйл ажиллагааны зааврын 2.4.5-д “ажлын томилгоог ээлжийн ахлагч мэргэжилтний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчлөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж ажилчид хоорондоо аман тохиролцоо хийсэн гэх. Ээлжийн ахлагч болон албаны даргад мэдэгдээгүй нь тус тус тайлбараар нотлогдсоны үндсэн дээр ажлаас халах тушаалыг гаргасан. Мөн өөрийн хүүхдүүд өвчилсөн байсан, ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж дурдаж байгаа боловч хөдөлмөрийн дотоод журмын 2.5 дахь хэсэгт ажилтан амьдралын шаардлагаар хүсэлт гарган 3 сар хүртэл хугацааны чөлөө авах эрхтэй болохыг тодорхой заасан зохицуулалт бий. Энэхүү боломжийг ашиглаж болох байтал өөрийн ажлын технологи, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл гаргасан болно. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 04.00 цагийн түргэн цугларалтад ирээгүй н хөдөлмөрийн дотоод журмын 3.6.1.4 “байгууллагад дагаж мөрддөг үнэт  зүйлс, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн, хууль тогтоомж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дүрэм, журам болон Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын тушаалаар баталсан журам зааврыг мөрдөж ажиллана” гэсэн заалтыг зөрчиж захирлын 2016 оны А/52 дугаар тушаалыг биелүүлээгүй, мөн журмын 3.3.6.14 “удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлснийг” ноцтой зөрчилд тооцно гэсэн заалтыг зөрчиж Аюулгүй байдлын газрын дарга, албаны даргын хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлээгүй болно. С.Нямхүү, Оюунсанаа, Алтанзул, бадрал нарын оронд ажилласан ажлын хөлсийг нөхөн олгуулах асуудал нь ажлаас халагдсан тушаалтай хамааралгүй, ажлын томилгоо өөрчлөн хэн нэгний оронд хариуцсан нэгжийн даргын зөвшөөрөлгүй ажилласан нь шүүхийн шийдвэрлэх асуудал биш болно. Иймд хариуцагч байгууллагаас С.Баттулгын ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ажилтан С.Нямхүү, Оюунсанаа, Алтанзул нарын цалингаас суутгалж хийж, ажилласан өдрийн цалинг нь С.Баттулгад өгсөн байгаа. Б.Бадрал өөрөө С.Баттулгад ажилласан өдрийн цалинг өгсөн өгчихсөн, суутгал хийхийг зөвшөөрөөгүй тул Б.Бадралын оронд ажилласан цалин олгогдоогүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч С.Ганбат, Г.Алтанзул, Б.Бадрал, Я.Нансалмаа нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч С.Баттулга нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, С.Нямхүү, Оюунсанаа, Алтанзул, Б.Бадрал нарын оронд ажилласан ажлын хөлс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, Б.Бадралын оронд ажилласан 24 цагийн хөлс 156546 төгрөг гаргуулахаар шаардсанаас ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Бадралын оронд ажилласан 24 цагийн хөлс 156.546 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Нэхэмжлэгч С.Баттулгын үндэслэлгүйгээр ажлаас халсан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэсэн заалтад нийцжээ.

            С.Баттулга нь Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар ажиллаж байхад нь Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирлын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/221 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйл, хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2, 3.3.6.2, 3.3.6.14, 3.3.7, хөдөлмөрийн гэрээний 2.4.7, 4.2.3  дахь заалтыг баримтлан ажлаас нь халжээ. /хх-11/

            Хөдөлмөрийн хуулийн болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дээрх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар С.Баттулгыг  2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04.00 цагт Аюулгүй байдлын газраас зарласан түргэн цугларалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй тасалж, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мөн 2016 оны 06 дугаар сарын 14, 17-ны өдрийн нийт 32 цагийн ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль  зөрчсөн  байна.

         Учир нь ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан  гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Ажил олгогчийн санаачилгаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа гагцхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль тохирох хэсгийг баримтлах учиртай бөгөөд нэхэмжлэгч С.Баттулгыг ажлаас чөлөөлсөн тушаалд дээрх хуулийн зүйл заалтыг огт баримтлаагүй, гагцхүү ажил олгогч ажилтанд  оногдуулах сахилгын шийтгэлийн хэлбэрийг зохицуулсан заалт баримталсан нь хуульд нийцэхгүй байна.

           Мөн хариуцагч байгууллага нэхэмжлэгч С.Баттулгыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байвч дээрх тушаалд дурдагдсан Баттулгыг  2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04.00 цагт Аюулгүй байдлын газраас зарласан түргэн цугларалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй тасалж, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мөн 2016 оны 06 дугаар сарын 14, 17-ны өдрийн нийт 32 цагийн ажил тасалсан зөрчил гаргасан гэх боловч нэхэмжлэгч С.Баттулга 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажил тасалсан, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй үйл баримт тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч С.Баттулга нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шөнийн ээлжинд, 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “гтон” дээр тус тус ажиллах хуваарьтай байсан болох нь Аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн 1 дүгээр ээлжийн 2016 оны 06 дугаар сарын хуваариар нотлогдож байна. /хх-130/

            Гэвч С.Баттулга нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өдрийн жижүүрээр ажиллаж байгаад шөнийн жижүүр С.Нямхүү ажилдаа ирээгүйн улмаас улиран ажиласан, С.Нямхүү нь түүний оронд 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шөнийн ээлжинд гарч өгөхөөр тохиролцож, энэ тухай ээлжийн ахлагч Я.Нансалмаа, аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан С.Ганбат нарт мэдэгдсэний үндсэн дээр С.Нямхүү нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр С.Баттулгын оронд шөнийн ээлжинд ажилласан болох нь аюулгүй үзлэгийн 1 дүгээр ээлжийн жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1 дүгээр ээлжийн шалгагч нарын томилгоо, С.Нямхүүгийн тодорхойлолт,  гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх-133-134, 162, 197/

            Мөн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр С.Баттулгын оронд С.Нямхүү ажилласан тул түүнийг ажилласнаар тооцож бүртгэсэн тул С.Баттулгыг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажил тасалсан гэж үзээгүй болох нь Чингис хаан олон улсын нисэх буудлын Аюулгүй байдлын газрын дарга А.Нямбазарын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар албан бичиг, Аюулгүй байдал, хамгаалалтын албан дарга С.Ганбатын тодорхойлолт, үйлдвэрлэлийн шуурхай цугларалтанд оролцогчдын бүртгэл зэргээр тогтоогдож байна. /хх-52-53,  185/

            “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагч нар нь бие биенийхээ оронд нөхөн ажилласан тохиолдолд удирдах ажилтны зөвшөөрлөөр нөхөн ажилласан ажилтны оронд ажиллах харилцааг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд  тусгаагүй байх бөгөөд харин тухайн ажилчид хоорондоо тохиролцсон тохиолдолд  ээлжийн ахлах болон ээлжийн ахлах мэргэжилтан, Аюулгүй байдал, хамгаалалтын албан дарга нарын зөвшөөрлөөр шалгагч нарын томилгоонд өөрчлөлт оруулан ажиллуулдаг байсан тул  нэхэмжлэгч С.Баттулгыг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажил тасалсан гэж үзэхээргүй байна.

            Харин 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр С.Баттулгын оронд Б.Оюунсанаа ажиллах талаар тэд хоорондоо тохиролцсоноос бус байгууллагын эрх бүхий албан тушаалтанд энэ талаар мэдэгдээгүй байсан  болох нь гэрч С.Ганбат, Я.Нансалмаа, Н.Төмөрбаатар нарын мэдүүлгээр нотлогдож байна.

            Иймд нэхэмжлэгч С.Баттулгыг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагааны зааврын 2.4.5-д заасан ажлын томилгоог үзлэгийн ээлжийн ахлагч мэргэжилтний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчлөхийг хориглоно гэснийг зөрчиж, 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажил тасалсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-50-51/

            Хэдийгээр түүний оронд Б.Оюунсанаа тохиролцсоны дагуу ажиллахаар ирсэн боловч ээлжийн ахлах мэргэжилтэнд энэ талаар мэдэгдээгүй тул Аюулгүй байдал, хамгаалалтын албаны дарга С.Ганбат түүнийг ажиллуулаагүй байна.

            Иймд нэхэмжлэгч С.Баттулга нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажил тасалсан нь тогтоогдохгүй байх тул  2016 оны 06 дугаар сарын 14, 17-ны өдрийн нийт 32 цагийн ажил тасалсан зөрчил гаргасан гэж буруутгасан нь үндэслэлгүй байх бөгөөд С.Баттулгыг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн ажил тасалсан гэж үзэхээр байна.

            Энэ нь хөдөлмөрийн гэрээний 4.2.3.б-д заасан ноцтой зөрчилд тооцогдохгүй тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг  харилцааг шууд зогсоож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирлын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/52 дугаар тушаалаар Аюулгүй байдлын дэглэмийг шалгах түргэн цугларалт зарлаж, аюулгүй байдлын дэглэм өндөржүүлэх, албан бэлэн байдал хангахаар шийдвэрлэсний дагуу 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04.00 цагт Аюулгүй байдлын газраас зарласан түргэн цугларалтад нэхэмжлэгч С.Баттулга ирээгүй бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна. /хх-19/

Нэхэмжлэгч С.Баттулгын гаргасан 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04.00 цагт Аюулгүй байдлын газраас зарласан түргэн цугларалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй тасалж, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх зөрчлийг хөдөлмөрийн  гэрээний 4.2.3.к-д заасан энэхүү гэрээний 2.4.6 дахь заалтад тухайлан хариуцуулсан үүрэг хариуцлагыг биелүүлээгүй гэх зөрчилд хамааруулах боломжгүй гэж шүүх үзсэн болно. /хх-20-49/

Учир нь Хөдөлмөрийн гэрээний 2.4.6 б-д “онцгой болон өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед дуудлага хүлээн аваад ирэх” гэж зааснаас үзэхэд дуудлага хүлээн авсан атлаа санаатайгаар хүрэлцэн ирээгүй  байх шаардлагыг тавьжээ. /хх-6-9/

Нэхэмжлэгч С.Баттулга нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04.00 цагт Аюулгүй байдлын газраас зарласан түргэн цугларалтанд ирээгүй боловч түүнд энэхүү цугларалт болох тухай урьдчилан мэдэгдээгүй атлаа удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.  

Иймд нэхэмжлэгч С.Баттулгыг үндэслэлгүй халагдсан гэж үзэж, Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг тооцож олгох нь зүйтэй.

      Нэхэмжлэгч С.Баттулга нь ажилгүй байсан хугацаан олговорт 14.208.840 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дундаж цалин хөлсийг буруу тооцсон байх тул шүүх зөвтгөж тооцсон ба Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар нэхэмжлэгч С.Баттулгын 2016 оны 3, 4, 5 дугаар сард авсан цалингийн дундаж 1.184.070 төгрөгийг 1 сарын ажлын дундаж хоног 21.5-т хувааж нэг өдрийн дундаж цалинг 55.073 төгрөгөөр тогтоов. /хх-10/

      Дээрх нэг өдрийн дундаж цалин болох 55.073 төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажлын  234  хоногоор тооцоход 12.887.082 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэстэй ба үлдсэн 1.321.758 төгрөгийн шаардлагыг хуульд заасан үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.       

Нэхэмжлэгч С.Баттулга нь 2015 оны 7, 8 сард Б.Бадралын оронд нийт 24 цаг ажилласан болох нь зохигчдын тайлбар, гэрч Б.Бадралын мэдүүлгээр нотлогдож байх боловч чухам хэзээ, ямар хугацаанд хэдэн цаг ажилласан, түүний хөлс хэдэн төгрөг болох нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна. Иймд дутуу авсан цалин хөлс 156546 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Гэрч Я.Нансалмаа, С.Ганбат нар нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр С.Баттулгын оронд С.Нямхүү гарах талаар мэдээгүй, мэдэгдээгүй гэж мэдүүлж байгаа боловч “С.Нямхүү С.Баттулгын оронд гарна гэж хэлж байсан, гэхдээ би томилгоо өөрчлөх эрхтэй хүн биш”, “ эд нар хоорондоо урьдчилсан тохиролцсон байсан юм билээ” гэх мэтээр зөрүүтэйгээр мэдүүлж байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 221.143 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон       

ТОГТООХ нь:

 

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Сүрэнхорлоогийн Баттулгыг Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны олговорт 12.887.082 төгрөг гаргуулан С.Баттулгад олгож, үлдсэн 1.321.758 төгрөг болон дутуу авсан цалин хөлс 156.546 төгрөгийн шаардлагыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

     2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар С.Баттулгын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Баттулгыг Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-т даалгасугай.

 

     3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д зааснаар Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалаас 221.143 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР