Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01099

 

Д.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03471 дүгээр шийдвэр,

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 531 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.Б

          Хариуцагч: Мт холбогдох

          Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/II/214 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох,  олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2017 оны 09 дүгээр сарын цалин 391.585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

      Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.А, өмгөөлөгч Ж.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

       Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2017-09-18-ны өдөр Улаанбаатар төмөр замын даргын Б/II/214 дугаар тушаал гарч Сайншанд худалдааны төвийн даргын ажлаас  халсан. Тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, 132.1, нийгэмлэгийн дүрмийн 22 а, з заалтуудыг үндэслэл болгосон. 2017 оны 04- 08 дугаар сард Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс Сайншанд худалдааны төвд шалгалт хийсэн. Хоёр, гурван жилийн өмнө   гаргасан гомдлоор шалгалт явуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.5-г зөрчсөн. Мөн санхүүгийн шалгалтыг 2017 оны 04-08 дугаар сарын хооронд хийсэн атлаа, 2014, 2015 онуудын хоёр, гурван жилийн өмнө хийсэн ажлын дүн байдалд дүгнэлт хийж шалгасан. Тушаал гарсны дараа Д.Б  аудитын дүгнэлтэд гомдол гаргасан ч хариу өгөөгүй. Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын 7.1.1 дэх хэсэгт шалгалтын дүнг шалгуулсан байгууллага нэгж албан тушаалтанд танилцуулж холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах, шалгуулсан этгээд зөвшөөрөхгүй бол тайлбар бичин тэмдэглэл үйлдэж шалгалтын материалд хавсаргаснаар шалгалтыг дүн хүчин төгөлдөр болдог. Иймд  ажлаас халах тушаал гаргасан нь үндэслэлгүй. Халах тушаал гарахын өмнө санхүүгийн акт 2017-08-30-ны өдөр гарсан. Уг актаар 2017 оны 4, 5-р сарын шагналт цалинг илүү олгосон гэж 118,618 төгрөгийн акт тавьсан. Шагналт цалинг Замын даргын комиссын тэмдэглэлийг үндэслэн төлөвлөлт эдийн засгийн алба буюу дээд шатны нэгжээс нь баталсны дагуу олгодог урамшуулал байдаг. Энэ урамшууллыг өөртөө бодож олгосон гэж акт тавьсан. 2017 оны 8, 9 дүгээр сарын цалинг олгоогүй нь энэ актнаас болоод суутгал хийсэнтэй холбоотой. Шагналт цалин нь хийж байсан ажилтай холбоогүй, тушаалаар олгодог мөнгө юм.   Аудитын дүгнэлтийн дараа 0395 тоот акт гарсан. Мөн хилийн чандад өөрөө худалдаа  хийсэн гэж   илүү тооцсон үнэ 2,308,320 төгрөгийг хариуцуулсан. Тухайн барааг худалдан авах төлөвлөлт нь буруу байсан тул өөрийн биеэр хил гарч борлуулагчтай гэрээ байгуулсан. Бэлэн мөнгөөр худалдан авалт хийж чанаргүй бараа бүтээгдэхүүн оруулсан, мөнгө төгрөг завшсан зүйл байхгүй. Улаанбаатар төмөр замын даргын тушаалыг хүчингүй болгуулж Сайншанд худалдааны төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5,753,952 төгрөг гаргуулах, энэ үнийн дүнгээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2017 оны 9 дүгээр сарын цалин 391,585 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Дотоод аудит хяналтын алба нь Улаанбаатар төмөр замын даргын шууд харьяалагдах алба хэлтэс бөгөөд бусад салбар нэгжүүдэд хяналт шалгалт хийх үүрэгтэй. Дүрэм журмын дагуу шалгалт хийж гарсан зөрчил болон дутагдлыг бүрэн илрүүлж шалтгаан нөхцөлийг тогтоох үүрэг хүлээсэн. Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам нь 2017 оны 51 тоот тушаалаар батлагдсан. Сайншанд худалдааны төвийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн  замын даргын нэр дээр жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд албан тушаал бууруулж сахилгын шийтгэл буруу ногдууллаа гэсэн гомдол гаргасан. Энэ нь шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байсан хэдий ч ажил олгогч Маргаан таслах комиссоос шалгах шаардлагатай байсан. 2017 оны ХШ61/0143 тоот албаны шалгалт явуулах төлөвлөгөөг Дотоод аудит хяналтын албаны дарга батлаад 2017-07- 04-ний 2017-07- 26-ны өдөр хүртэлх хугацаанд шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтын байцаагч нар шалгаж байх хугацаанд тухайн төвийн хүмүүсээс гомдол ирсэн тул гомдлуудыг шалгах зорилгоор шалгалтын хугацааг 1 сараар сунгасан. Иргэдээс ирж байгаа гомдол нь цалин хассан, дарамталсан, байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэсэн утгатай байсан. Ингээд Сайншанд өртөөний Сайншанд худалдааны төвд хэсэгчилсэн шалгалт хийх удирдамж гаргаж шалгасан. Д.Б нь шагнал цалинг илүү авсан гэдэг үндэслэлээр буруутгасан гэдэг. Нэхэмжлэгч нь тайлбартаа  шагнал цалинг өөртөө тодорхойлоогүй ч гэсэн авсан гэдгийг хүлээн зөвшөөрлөө гэж ойлголоо. Үр дүнгийн комиссын хурлаар шагналт цалинг тодорхойлдог. Салбар нэгжийн дарга нар нь өөртөө тушаал гаргаж цалин авах боломжгүйг Д.Б мэдэх ч цалин авсан учраас 2017-07-29-ний өдрийн Б/200, 2017-06-28-ны өдрийн Б/203 тоот тушаалын 3-р хавсралтыг үндэслэн акт тавьсан, Д.Б акттай танилцаж гарын үсэг зурсан. Шуурхай хурал дээр ч өөрөө зөвшөөрсөн. Худалдааны төвийн дарга нь Замын даргаас олгосон итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулахдаа алба хэлтэстэй зөвшилцөх ёстой. Гадаадын хуулийн этгээдтэй гэрээ байгуулах итгэмжлэл олгоогүй байхад үүнийг зөрчиж худалдаа хийж, гэрээ байгуулсан. Д.Б хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.6 дахь заалтуудтай танилцсан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь шалгалтаар тогтоогдсон, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг дүгнэсэн тайлан хүчин төгөлдөр байна. Иймд  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03471 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Мээс 391 585 төгрөг гаргуулж Д.Бт олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УБТЗ нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 12 397 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 531 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03471 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон  өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: УБТЗ-ын худалдаа үйлчилгээний албаны даргын 2017 оны  04 дүгээр тушаалаар “Сарын ажлын үр дүнгээр олгох шагналын дүрэм”-ийг баталсан байдаг. Дээрх тушаалын 4 дэх заалтаар тушаалыг 2017-05-01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан. Энэ дүрэм батлагдах үед Сайншанд худалдааны төвийн нийт ажилтан алба хаагчид /үүнд Д.Б нэгэн адил хамаарна./ 2017 оны 04 сарын шагналт цалинг авах ёстой байтал аваагүй. Ажилтан албан хаагчид болон Д.Б нь 04 сарын шагналт цалинг энэ тушаал батлагдахаас өмнө үйлчилж байсан дүрмээр авах ёстой. /2017-05- 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан сарын шагналт цалин олгох журам хэрэгт авагдаагүй/  Гэтэл 2017 оны 04 сарын шагналт цалин олгох тухай УБТЗ-ын даргын тушаал 2017-05-30-ны өдөр гарсан байдаг. Үүнээс үзэхэд УБТЗ-ын даргын тушаал нь шинээр батлагдсан дүрмийн заалтаар гарсан нь батлагдаж байгааг  шүүх анзаараагүй. 04 сарын шагналт цалинг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр авсан талаар санхүүгийн баримт байхгүй зөвхөн СТ-61/03-93 тоот актанд үндэслэн дүгнэлт хийхдээ 2017-06-27-ны өдрийн 20 дугаартай тушаалаар өөртөө шагналт цалинг 35%-иар тооцож олгосон. Д.Б актыг хүлээн зөвшөөрч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1-д “ажилтны цалин хөлснөөс зөвхөн дор дурдсан тохиолдолд суутгал хийж болно” мөн зүйлийн 63.1.1-д “ажилтны 1 сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан” гэсний дагуу шагналт цалинд 5 хувийг илүү авсан гэх 118,668 төгрөгийг хөдөлмөрийн хуулинд заасны дагуу суутган авсан. Гэтэл илүү бодогдож авсан шагналт цалинг хүлээн зөвшөөрч цалингаасаа өөрөө төлсөн мэтээр дүгнэлт хийсэн. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “итгэмжлэлээр худалдах-худалдан авах эрхийг олгохдоо гадаад дотоод худалдаа гэж зааглаагүй хэмээн дүгнэсэн атлаа үндэслэх хэсгийн төгсгөлд ... өөрөөр хэлбэл, Д.Б нь эдгээр журмыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй үүргийг гүйцэтгэсэн, ингэхдээ худалдан авсан бараа нь үнэ зөрүүтэй, маргаантай байсан нь СТ-61/03-95 актаар тогтоогдсон,..” гэсэн дүгнэлтийг хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар төвийн дарга Д.Б нь Б.Наран-Учралын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж, Жинчин зочид буудалд төсөвлөсөн 35,000,000 төгрөгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг хийсэн гэдэг нь нотлогдоогүй байхад худалдан авах ажиллагаа хийсэн нь СТ-61/03-95 актаар тогтоогдсон” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал, Д.Б нь хилийн чанадад Б.НаранУчралын ажлын байрны тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүн худалдан авсан нь УБТЗ-ын Дотоод аудит, хяналтын албаны аудиторын 2017-08-30-ны өдрийн СТ-61/03-95 актаар тогтоогдсон гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хэрэв Д.Б нь худалдан авах ажиллагаа хийх эрхгүй бол энэ талаар хэрэгт цугларсан ямар баримтаар тогтоогдож байгааг шүүх нягтлан үзэх ёстой байсан. Тухайлбал, Б.НаранУчралыг ээлжийн амралттай байх хугацаанд түүнийг орлон ажиллах этгээдээр хэнийг томилсон, хэн түүний ажил үүргийг гүйцэтгэж байсан, хилийн чанадад хийгдсэн бараа бүтээгдэхүүн хүлээн авсан зарлагын баримт дээр хэн гарын үсэг зурсан, Д.Б нь Монгол Улсын хилээр орсон, гарсан тухай баримт байгаа эсэх, бараа бүтээгдэхүүн худалдан авсан зарлагын баримт дээр Д.Б гарын үсэг зурсан эсэхийг магадалж, актанд дурдсан үндэслэл нотлох баримтаар тогтоогдсон эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Д.Б нь УБТЗ-ийн даргын 2017 оны 10/822 тоот итгэмжлэлээр БНХАУ-ын Эрээн хотын компанитай бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ хийсэн байгаа юм. 2017 оны СТ-61/03- 95 актанд: “...санхүүгийн үйл ажиллагааг шалгахад 2017-08-11-ний өдрийн Б.НаранУчралын 35 сая төгрөгийн дараа тайланд тусгасан айр контейшний үнэ нэр төрөл ...Жинчин буудалд хүлээн авсан нэр төрөл дараа тайланд тусгасан үнэтэй харьцуулалт хийхэд нэр төрлийн болон үнийн зөрүүтэй байгаа зөрчил илэрсэн... тогтоогдсон” гээд үнийн зөрүүгийн 2,308,320 төгрөгийг Д.Баар хариуцуулан барагдуулах тухай акт бичигдсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 132.1-с үзэхэд бараа бүтээгдэхүүний үнийн зөрүүгээс УБТЗ-д шууд хохирол учирсан талаар актанд дурдаагүй байгаа юм. Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 135.3-р хуульд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан тухай нотлох баримт байхгүй байхад шүүх Д.Быг хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 135.4-д “ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж хуульчилсан байна. Иймээс Д.Б нь 2017 оны  СТ-61/03-95 актанд дурдсан үнийн зөрүү гэх 2,308,320 төгрөгт хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. ИХШХШТХ-ийн  116.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтээс харахад шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байх шаардлагын хүрээнд хянасан болохоос хууль ёсны байх шаардлага талаас хянаж үзээгүй байна гэх үндэслэл тогтоогдож байна. Тухайлбал, гомдолд дурдсан хууль ёсны байх шаардлагад нийцсэн ямар нотлох баримтууд байгаа, хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв хэрэглэсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоод байна. Хэдийгээр давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан нь тогтоогдсон гэж үндэслэлийг заажээ. ...Иргэний хуулийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг...Д.Бийн... шаардлага нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг агуулаагүй нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болох тул шийдвэрлэх шаардлагагүй болно” гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны Б/II/214 тоот тушаалын тушаах нь хэсэгт: “Хөдөлмөрийн тухай  131.1.3, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэхдээ Д. Бадмаарагийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д заасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан ...” гэсэн байхад гарсан тушаал нь хууль ёсны эсэхэд дүгнэлт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халж байгаа эсвэл ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа эсэхэд хууль зүйн талаас тайлбар хийж чадаагүй гэж үзэж байна. Иймд  нэхэмжлэлийг  хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

        Д.Б 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар төмөр замын Сайшанд худалдааны төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг 2017 оны 9 дүгээр сарын цалин 391,585 төгрөгийн хамт  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг шаарджээ.

       Анхан шатны шүүх хариуцагчаас 391,585 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Улаанбаатар төмөр замын дарга 2017 оны 9-р сарын 18-ны өдөр Б-II-214 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.3, 40-р зүйлийн 40.1.5, 43-р зүйлийн 43.1, 132-р зүйлийн 132.1,  Мийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а, з” заалт, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн, нэхэмжлэгчийг Сайншанд худалдааны төвийн даргын ажлаас чөлөөлсөн байна. 

   Ажил олгогч тушаалын талаар тайлбар гаргахдаа “...өөртөө шагналт цалин бодож олгосон...хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагаагүй үйл ажиллагаа буюу гадаад худалдаа хийсэн, худалдан авсан бараанд үнийн зөрүү гарсан...” гэжээ.

      Д.Б “...өөртөө шагналт цалин олгосон болон шагналт цалинг 35 хувиар бодсон...” нь байгууллагын дотоод журам зэргийг зөрчөөгүйг баримтаар нотлоогүй буюу нэхэмжлэгчид шагналт цалинг 35 хувиар бодох зөвшөөрлийг эрх бүхий албан тушаалтан олгосон баримт хэрэгт байхгүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоор нэхэмжлэлийг хангах  үндэслэлгүй байна.

     2. Худалдааны төвийн даргад худалдаа хийх эрхийг дүрмээр олгоогүй байх бөгөөд  Сайншанд худалдааны төвийн дотоод журмын  7.4-т зааснаар гадаад худалдаа хийх эрх нь худалдааны мэргэжилтэн хийх ажил байна. Д.Б гадаад худалдан авалт хийж  хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй үүргийг гүйцэтгэсэн нь  тогтоогджээ.   

        3. Шүүх Улаанбаатар төмөр замын дарга 2017 оны 9-р сарын 18-ны өдөр Б-II-214 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй гэх гомдол нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй юм.     

        Хэргийн 200, 202 дүгээр талд буй баримтаас үзвэл Д.Б нь Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 9-р сарын 18-ны өдөр Б-II-214 тоот тушаалыг хүчингүй болгохыг шаардсан гэж үзэх үндэслэлгүй байна.

       Түүнчлэн, ажилтан өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор шүүхэд хандсан бөгөөд ажил олгогчийг шийдвэрийг  хүчингүй болгосноор бус, харин ажилтныг хуучин ажилд нь эгүүлэн тогтоосноор зөрчигдсөн эрх сэргээгднэ. Иймд ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгох нь энэ тохиолдолд бие даасан шаардлага биш юм.  

       4. Хариуцагчаас Д.Бт 391 585 төгрөгийн цалин олгоогүй нь тогтоогдсон тул анхан шатны шүүх уг  мөнгийг ажил олгогчоос  гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

       Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03471 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 531 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ