Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 0018

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Г.Энхтуул  хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Э.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Ед холбогдох эрүүгийн 1905045781376  дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Е нь 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Сыг “пиво руу шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар маргалдаж нүүр хэсэгт нь гараараа цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Е шүүхийн хэлэлцүүлэгт:  Гэм буруу дээр маргахгүй. Хохирогчтой сайн дураараа эвлэрч хохиролд 800.000 төгрөг төлсөн.  Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.С мөрдөн байцаалтанд: 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 03 цагийн үед Парадоксын автобусны буудал дээр гурван залуу зогсож байсан. Тэгээд би нэг залуугаас нь утсыг нь  гуйгаад найз руугаа ярьсан. Тэгээд би шүлсээ хаясан чинь нөгөө зогсож байсан гурван залуу шилтэй пиво барьчихсан зогсож байгаад пиво руу шүлс хийчихлээ гээд маргалдсан. Эрүүн дээрээ жаахан сахалтай дунд зэргийн нуруутай залуу нь миний хамар руу нэг удаа цохиод хамарнаас цус гарсан. Тэгээд байж байхад найзууд ирээд нөгөө хоёр залуутай үлдсэн. Харин намайг цохисон залуутай эвлэрье гээд булан тойрсон чинь миний нүүр рүү гараараа цохисон. Тэгээд би ухаан алдаад уначихсан байсан. Би эмчид үзүүлсний дараа төлбөр мөнгөө нэхэмжилнэ. /хх-ийн 12-13/ гэх мэдүүлэг,

 

         Э.Е мөрдөн байцаалтанд: 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хороололд найз Отгонбаяр, Балжинням нарын хамт “Шөлөндөө” хоолны газарт орох гээд явж байсан чинь утсаар яриулаач гээд нэг залуу гуйхаар нь Балжинням утсаа өгөөд яриулсан. Утсаар яриулаад удаагүй байхад тэр залуу шүлсээ хаяад байхаар нь би яах гэж хамаагүй шүлсээ хаяад байгаа юм  гэсэн чинь урдаас хэгжүүрхээд байхаар нь би хамар руу нь нэг удаа цохисон. Тэгээд манай найзууд бид хоёрыг салгаж байхад нөгөө цохиулсан залуугийн найзууд гээд долоон залуу ирсэн. Тэр долоон залуугийн хоёр нь ирээд нэг нь намайг доошоо дарж унагаагаад нөгөө залуу нь намайг өшиглөсөн. Тэр үед манай найз Отгонбаяр дуудлага өгсөн байсан. Тэгээд тухайн үед би босоод цохисон залуу дээр очоод уучлалт гуйх гэтэл хоёулаа ийшээ яваад уулзъя гээд дагуулаад цаашаа нөгөө залуучуудаас холдоод явсан. Тэгээд юм яриулахгүй урдаас цохих гээд дайраад байхаар нь эрүүнд нь нэг удаа гараараа цохисон чинь ухаан алдаад уначихсан. Намайг цохиж байгааг хараад найзууд нь ирээд намайг зодох гээд дайраад намайг 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд хоорондоо уучлалт гуйцгаагаад салцгаасан. Би хохирогчийн хамар, эрүүнд гараараа нэг, нэг удаа цохисон. Хохирогчид манай найзууд гар хүрээгүй би л хоёр удаа цохисон. /хх-ийн 19-20/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Балжинням мөрдөн байцаалтанд: 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Е, Отгонбаяр бид гурав хороололын эцэст байрны дундах тоглоомын талбайд Е гурван ширхэг 0.5 граммын шилтэй Сэнгүр нэртэй пиво, Отгонбаяр бид хоёр 1 ширхэг 0.5 граммын шилтэй Сэнгүр нэртэй пиво уугаад барахгүй болохоор нь бариад барьж байснаа өлсөөд байхаар нь нөгөө хоёрыг “Шөлөндөө” хоолны газарт оръё гээд явж байсан чинь нэг ах таараад утсаараа яриулаач гэхээр нь би ууж байсан шилтэй пиво газар тавьчихаад утсаа халааснаасаа гаргаж өгсөн. Тэгсэн нөгөө утсаар ярьж байсан ах шүлсээ хаяад хэгжүүрхээд байсан чинь Е яагаад шүлсээ хаяад байгаа юм наад пиво руу шүлсээ хаячихлаа наад пивийг чинь мөнгөөр авдаг ш дээ гээд уурласан чинь нөгөө залуу урдаас нь хэгжүүрхээд байсан. Би тухайн үед цохичихно гэж бодоогүй зам хөндлөн гаръя гэж бодоод эргэж харах хооронд Е тэр залуугийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд удалгүй нөгөө цохиулдаг залуугийн найзууд гээд нилээн олон залуу ирээд та нар манай найзыг яаж байгаа юм гэхээр нь Отгонбаяр бид хоёр уучлалт гуйгаад зогсож байхад Е нөгөө залуутай булан тойроод явсан. Би араас явах гэтэл ирсэн залуучуудын нэг нь наад хоёр чинь учраа олог гэж хэлсэн. Тэгээд байж байхад цохиулсан залуугийн нэг найз нь хүрч ирээд танай найз чинь манай найзыг ухаан алдуулчихлаа гэж хэлсэн. Би хоёр ахтай хамт булан тойроод очиход хэн ч байхгүй байсан. Тэгээд буцаад байсан газартаа очиход Е замын цаанаас ирж байсан. Тэгээд нөгөө цохиулсан залуугийн найзууд Е рүү дайрцгаасан. Есөн-Эрдэнийн ахар сүүл рүү 2-3 удаа өшиглөөд нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Хэн хэн Е-г цохисоныг санахгүй байна. Тэгээд нөгөө цохиулсан залуугийн нэг найз нь больцгооё гэж хэлээд бид нар салаад такси бариад харьцгаасан. Е хохирогчийн нүүр рүү нэг удаа цохисон. Харин булан тойроод яасныг мэдэхгүй. Тухайн үед Отгонбаяр бид хоёр зодоонд оролцоогүй. /хх-ийн 21-22/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13404 дугаартай “Н.Сын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт,

 

         Хохирлын баримт /х-ийн 5/,

 

Яллагдагч Э.Е мөрдөн байцаалтанд: Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Би Сд гэмтэл учруулсан. Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Надад өөр нэмж ярих зүйлгүй. Би хохирогчийн хохирол төлбөрт 800.000 төгрөг өгсөн. Хохирогчтой эвлэрсэн байгаа. /хх-ийн 34/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Э.Есөн-Эрдэнийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 зэргийг шинжлэн судлав.  

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 

       Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

        Шүүгдэгч Э.Е  2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд  шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.Сыг “пиво руу шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь  гараараа цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

         хохирогч Н.Сын “...эрүүн дээрээ жаахан сахалтай дунд зэргийн нуруутай залуу нь хамар руу нэг удаа цохиод хамарнаас цус гарсан. Тэгээд байж байхад найзууд ирээд нөгөө хоёр залуутай үлдсэн. Харин намайг цохисон залуутай эвлэрье гээд булан тойрсон чинь миний нүүр рүү гараараа цохисон. Тэгээд би ухаан алдаад уначихсан байсан...” /хх-ийн 12-13/ гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Балжиннямын “...Е тэр залуугийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...цохиулсан залуугийн нэг найз нь хүрч ирээд танай найз чинь манай найзыг ухаан алдуулчихлаа гэж хэлсэн...” /хх-ийн 21-22/ гэсэн мэдүүлэг болон хохирлын баримтууд /хх-ийн 5/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13404 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Э.Е-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Э.Ед холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Ед хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Е гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Е гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.Ед танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

         Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.