Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 33

 

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/00033

 

Хотгор зам ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00984 дүгээр  шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хотгор Зам ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Зам тээврийн хөгжлийн яам /Зам тээврийн яам/-д холбогдох

 

Үнийн өсөлтийн зөрүүд 2 484 870 155 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг

 

Хариуцагч Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Буджав

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Нямдулам, С.Мяндасмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Буджаваас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай Улиастай Онон хөндийн 29,5 км автозамыг барихаар 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулж ажил гүйцэтгэж эхэлсэн. Тухайн үед гэрээний үнийн дүн 10,3 тэрбум төгрөг, 3 жилийн хугацаатай 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.  Ажил гүйцэтгэх явцад инфляци болон барааны үнийн өсөлт гарч 2013 оны сүүлээр үндсэн түүхий эд болох битумны үнэ гэрээ хийх үеийнхээс 2 дахин их үнээр нийлүүлэгдэж, алдагдалд орсон.

Гэрээний тусгай нөхцлийн 44 дүгээр зүйлд заасны дагуу бид захиалагчид хандаж гэрээний үнийн тохируулга хийж болно гэсэн заалтыг үндэслэж хүсэлтээ Зам тээврийн яаманд гаргасан. Ингэхдээ бүх шатахуун болон битум орж байгаа ажил үйлчилгээ тус бүр дээр тооцож 4,5 тэрбум төгрөгийн зөрүүг нэхэмжилжсэн. Яамны холбогдох мэргэжилтнүүд хянаж үзээд бид 3 төрлийн ажилд үнийн зөрүү олгож болно гэсэн байдаг. Үүнд: 1. Асвальт бетон хучилт байгуулах 2. Зөөврөөр далан байгуулах 3. Битум цацлага хийх ажлууд юм. Зөөврөөр далан байгуулах: 335,269 м3 шороо зөөвөрлөсөн. 2011 онд нэгжийн үнэ 9.862,18 төгрөг байсан бол 2013 онд 12.090,20 төгрөг болсон. Зөрүү нь нийт 746.987.702 төгрөг болсон. Бетум цацлага хийх: 248.960 м2 талбайд хийсэн. 2011 онд 778 .61 төгрөг байсан бол 1.449,79 төгрөг болж, зөрүү нь 167.097.767 төгрөг болсон. Халуун асвальт бетон хольцоор хучилт байгуулах: 10.325 м3 хольцоор 2011 онд 1 м3 нь 345.993  төгрөг байсан бол 2013 онд 498 127 төгрөг болж, зөрүү нь 1.570.784.685  төгрөг болсон. Иймд хариуцагчаас нийт 2.484.870.155 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хотгор зам ХХК нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай  ажил гүйцэтгэхээр 2011 онд гэрээ байгуулсан. Ажлыг ашиглалтад өгөх хугацаа нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байсан боловч 2014 оны 5 сарын 30-ны өдөр, 2015 оны 4 сарын 16-ны өдөр тус тус 2 удаа гэрээг сунгасан.  Анх гэрээний үнийн дүн 10 тэрбум 300 сая байсан. Ажлын хугацаанд үнийн өсөлтийн зөрүү үүссэн. Хотгор зам ХХК нь анх 17 төрлийн ажилд зөрүү нэхэмжилсэн. Эдгээр ажлуудыг нь хянаж үзээд зарим ажилд нь үнийн зөрүү өгөх шаардлагагүй гэж үзээд үндсэн зөрүү гарч байгаа 3 том ажилд нь зөрүү тооцож өгье гэсэн байдаг. Зөөврөөр далан байгуулах ажлыг гүйцэтгэгч оруулж ирэхдээ 1 м3-ыг 14 000 төгрөгөөр оруулж ирсэн. Бид хянаад  тээврийн зай нь арай ойр байсан зэргийг нь бодолцож үзээд 1 м3 ыг 12 090  төгрөгөөр тооцох бололцоотой гэж нийт зөрүүд нь 746 987 702 төгрөг гэж тооцсон. Битум цацлагын ажлын хувьд битум худалдаж авсан баримтаас нь үзэхэд 1 150 ам.доллараар авсан байсан. Зөрүүгээр нь тооцож үзээд 167 097 767  төгрөг олгох боломжтой гэж үзсэн.

Асвальт хучилтын хувьд материалын үнэ өсөхөөр машин механизмын зардал өсч байгаа. Машин механизмын зардлыг тухайн үед нь бензин шатахуун өссөн тул сүүлд батлагдсан үнэд нь дүйцүүлж тооцсон. Ер нь материалын үнэ өссөнтэй холбоотой ажлын зардал өссөн. Бид нар үүнийг хянаж үзээд өгье гэхээр төсөвт суугаагүй учир өгөх эрх нь байдаггүй тул Сангийн яам руу явуулж байгаа. Ганц Хотгор зам ХХК ч биш өөр олон компани зөрүү үнийн дүн нэхэмжилсэн боловч төсөвт суугаагүй учир бид дур мэдэн зөрүүг олгох боломжгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 220 дугаар зүйлийн 220.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас 2.484.870.155 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хотгор зам ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хуурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Хотгор зам ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.578.351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зам тээврийн хөгжлийн яам ХХК-иас 12.578.351 гаргуулж, нэхэмжлэгч Хотгор зам ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гүйцэтгэгч "Хотгор зам" ХХК нь захиалагч тал болох Зам, тээврийн яам /хуучнаар/-д тухайн үед төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар мэдэгдсэн эсэхийг шүүхээс тодруулаагүй. Захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй буюу энэ талаарх нотлох баримт ч хэргийн материалд авагдаагүй, хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй.  Шийдвэрт "Сангийн сайд Ж.Эрдэнэбатад Зам, тээврийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн үнийн зөрүүний тухай 01/3424 дүгээр албан бичигт ... үнийн зөрүү 2.484.870.155 төгрөгийг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэх албан бичгээс үзэхэд ....үнийн дүн дээр маргаагүй байна" гэжээ. Энэ талаар шүүх Сангийн яамнаас тодруулаагүй. Тус яамнаас энэ асуудлыг хэрхэх талаар яагаад шийдвэрлээгүй тухай үндэслэлийг тодруулаагүй, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Сангийн яамнаас энэ асуудлаар тодруулга авахуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч ач холбогдол өгөөгүй.

 "Хотгор зам" ХХК нь ажлыг ашиглалтад хүлээлгэн өгөлгүй хугацаагаа зөрчсөн. Ийнхүү хугацааг зориуд дахин дахин сунгаж, 2 хувааж ашиглалтад оруулсан нь үнийн өсөлтөд нөлөөлсөн эсэх талаар шүүхээс тодруулаагүй.  Шүүхийн шийдвэр нь бичвэр,  агуулга, найруулга, үг үсгийн алдаа ихтэй, ойлгомжгүй. Шийдвэрийг хүчингүй болгон өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Хотгор Зам ХХК нь хариуцагч Зам тээврийн хөгжлийн яам /хуучнаар Зам тээврийн яам/-д холбогдуулан гэрээ хэрэгжих явцад үнийн өсөлт явагдсанаас гэрээгээр тохиролцсон үнээс 2 484 870 155 төгрөгийн зөрүү гарч хохирсон тул дээрх зөрүүг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., ажлаа хугацаандаа гүйцэтгээгүйгээс үнийн зөрүү гарсан” гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч тал ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөнд маргаагүй. Харин гэрээ хэрэгжих явцад үүссэн үнийн өсөлтийн зөрүү хэдэн төгрөг болох, уг зөрүүг хариуцагчаас гаргуулах эсэх асуудлаар маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь дээрх 2 484 870 155 төгрөгийг хариуцагчтай тооцоо нийлж тогтоосон  гэх бөгөөд Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүгийн 2015 оны 08 дугаар сарын 5-ны өдрийн 01/3424 дугаар албан бичгийг хэрэгт хавсаргажээ.  /х.х-ийн 63/

 

Уг албан бичигт 2011 онд гэрээ байгуулснаас хойш ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан битумын үнэ өссөн, шатахууны үнэ өссөнөөс үнийн өсөлтийн зөрүүд 2 484 870 155 төгрөгийг нэхэмжилж байна гээд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн сайдад хандсан. Ийнхүү хандахдаа  хавсралтаар 4 хуудас баримтыг хүргүүлсэн гэжээ. 

 

Зохигчдын тайлбараар уг албан бичгийн хавсралтаар талууд 2 484 870 155 төгрөгийн үнийн зөрүүний талаар тооцоо нийлсэн гэх боловч хавсралтууд нь хэрэгт авагдаагүй гэхээс гадна уг албан бичиг Зам тээврийн яамны хуулбар үнэн тэмдэгээр баталгаажсан нь бичмэл баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байна. 

 

Түүнчлэн хариуцагч талаас 3 итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож өөр, өөр агуулга бүхий, хоорондоо зөрчилдөөнтэй тайлбарыг гаргасан байхад зөвхөн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дах хэсэгт нийцээгүй байна. Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүх бичмэл нотлох баримтад тавигдах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэр үг үсгийн алдаатай, хуулийн нэр болон хэргийн оролцогчийн нэрийг буруу бичих зэргээр шийдвэрт тавигдах хууль зүйн техникийг зөрчсөнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00984 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Зам тээврийн хөгжлийн яам нь давж заалдах журмаар гаргасан гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдсугай.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                          Ш.ОЮУНХАНД