Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2018/00967

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...тоотод байрлах, “ХЗ” ХХК /Регистрийн дугаар:./-гийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ......... байрлах, ЗТХЯ-нд холбогдох, 

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.484.870.155 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Буджав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Прокурор Ш.Эрдэнэбилэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компани Улиастай-Донойн хөндийн нисэх онгоцны буудал хүртэлх 29.488 км хатуу хучилттай автозамыг барихаар Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 54 тоот гэрээ байгуулж ажилласан. Тухайн үед ажлын хөлсийг 10.3 тэрбум төгрөг тооцон, 3 жилийн хугацаатай буюу 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлыг хийж дуусгахаар гэрээнд тусгаж, хэрэв битум, шатах тослох материал зэрэг голлох түүхий эдийн зах зээлийн дундаж үнэ 20 хувиас дээш өссөн тохиолдолд үнийн тохируулга хийхээр гэрээний тусгай нөхцлийн 44 дүгээр зүйлд тохиролцсон.

Манайх ажлыг 2013 оны 10 дугаар сард дуусган захиалагч талд хүлээлгэн өгөх гэсэн боловч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Яамнаас комиссыг ажиллуулаагүй. Улмаар Автотээврийн газраар хянагдсаар хамгийн сүүлд 2015 оны 7 дугаар сард улсын комисс ажлыг бүрэн хүлээж авсан. Энэ нь хэрэгт авагдсан ажлын үе шатны гүйцэтгэлийн тайлан дахь огнооноос харагдана. Манайхаас шалтгаалж гэрээ сунгагдаагүй, харин захиалагч Яам өөрөө хугацааг хойшлуулж байсан. 

Ажил гүйцэтгэх явцад инфляци болон барааны үнийн өсөлт гарч 2013 оны сүүлээр үндсэн түүхий эд болох битумны үнэ  гэрээ хийх үеийнхээс бараг 2 дахин их үнээр нийлүүлэгдэж худалдан авсан. Энэ хооронд манай компани асар их алдагдалд орсон тул гэрээний тусгай нөхцлийн 44 дүгээр зүйлд заасны дагуу бид захиалагчид 17 төрлийн ажилд 4.5 тэрбум төгрөгийн үнийн өсөлтийн зөрүү гарсныг мэдэгдэж, тохируулга хийхээр хандсан. Бид удаа дараа үнийн тохируулга хийх талаар мэдэгдэж, уулзаж байсан ч улсын комисс хүлээн авсны дараа зөрүүг шийдье гэсэн.

Улмаар яамны холбогдох мэргэжилтэнгүүд хянаж үзээд 3 төрлийн ажилд үнийн зөрүү олгож болно гэсэн байдаг. Үүнд: 10.325 мкуб хэмжээтэй хийгдэх Халуун асвальт бетон хучилт байгуулах ажил, 248.960 мкв хэмжээтэй битум цацлага хийх ажил,  335.269 мкуб хэмжээтэй зөөврөөр далан байгуулах ажил багтсан.

2011 онд анх гэрээг байгуулахад замын ажлын үндсэн түүхий эд болох битум нэг тонн нь 1.080.000 төгрөгөөр тооцсон байсан бол 2012 оноос хийж эхлэхэд 1.342.230 төгрөг, 2013 онд 1150 ам доллар буюу 1.664.636 төгрөг болж өссөн. Мөн дизель түлш нэг литр нь 1440 төгрөг байсан бол 2011 оны 7 сард 1750 төгрөг болсон. Гэхдээ бид ажлыг завхан аймагт хийж гүйцэтгэж байгаа тул 1970 төгрөгөөр литр тутмыг худалдан авсан. Манайх шатахуун, битум худалдан авсан гэрээ, баримтыг хэрэгт өгсөн байгаа. Зөөврөөр далан байгуулах ажлын хувьд гол өсөлт шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй байдаг.

Үндсэндээ 2011 онд гэрээ байгуулах үед зөөврөөр далан байгуулах ажлын нэгжийн үнийг 9.862,18 төгрөгөөр тооцсон байсан бол 2013 онд 12.090,20 төгрөг болж зөрүү 746.987.702 төгрөг болсон. Битум цацлага хийх ажлын хувьд нэгжийн үнийг 778,61 төгрөг байхаар тооцсон бол 2013 онд 1.449,61 төгрөг болж, зөрүү нь 167.097.767 төгрөг болсон. Халуун асвальтбетон хольцоор хучилт байгуулах ажлыг нэгж үнийг 345.993,84 төгрөгөөр тооцсон бол 2013 онд 498.127,95 төгрөг болж өссөнөөс зөрүү 1.570.784.685 төгрөг болсон. Нийтдээ үнийн өсөлтөөс 2.484.870.155 төгрөгийг анх нэхэмжилсэн. Сүүлд томилогдсон шинжээч дээрх гурван ажилд түүхий эдийн өсөлтөөс хамаарах хэсэг 1.880.232.471 төгрөг гэж тогтоосон тул шинжээчийн дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 1.880.232.471 төгрөг болгон бууруулж байна. Өмнө нь Яамны зүгээс үнийн зөрүүг олгохгүй гэж хэлж байгаагүй, харин санхүүжилт байхгүй гэдэг байсан. Гэтэл одоо өгөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

 Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “2011-2013 онуудад барилгын ажлыг бүрэн дуусч, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр улсын комисс ажиллуулж, авто замын барилгын ажлыг хүлээлгэн өгсөн” гэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу талууд үүргээ биелүүлж, гэрээний үйлчлэл дуусгавар болсныг нотолсон байна. Үнийн өсөлт ЗТХЯ-ны үйл ажиллагаанаас хамааралгүй тул хариуцах үндэслэлгүй. Зам, тээврийн яам /хуучнаар/ нь “ХЗ” ХХК-тай байгуулсан 2011 оны гэрээний дагуу ажлын хөлсийг бүрэн төлсөн. Гэтэл гэрээнд заасан ажлаа гүйцэтгэж дуусгавар болсноос хойш гэнэт 3 жилийн дараа үнийн тохируулга хийхийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасантай зөрчилдөж, үүрэг үүсэх үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Мөн уг гэрээ нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалтын үндсэн дээр байгуулсан хуулиар үүссэн “Ажил гүйцэтгэх гэрээ” гэдгийг онцгойлон дурдах нь зүйтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 28 дугаар зүйлийн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар “ХЗ” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. Гэтэл тухайн үед өөрсдөө үнээ тооцоолоод, үнийн саналаа гаргаад гэрээг байгуулж, ажил дуусгавар болсны дараа үнийн өсөлтийн зөрүү гэж нэмж 2.484.870.155 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй, Төсвийн тухай 16 дугаар зүйлийн 16.5.5-т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасантай зөрчилдөж байна. Бараа материалыг хэдээр авах, гарах зардал хэд болохыг анхнаасаа тооцоолж төсвөө гаргах ёстой. Буруу тооцсон бол өөрсдийнх нь асуудал. “ХЗ” ХХК гэрээнд заасан хугацаандаа ажлыг хүлээлгэн өгөлгүй зөрчсөн. Энэ нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр нэмэлт гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 54/014 дүгээр нэмэлт гэрээ болон ажлыг 2014 онд 22.488 км зам, 2015 онд 7 км замыг тус тус 2 хувааж ашиглалтад оруулсан байдлаар ажил удаашралтай явагдсаныг нотолж байна. Зам, тээврийн яам болон “ХЗ” ХХК-ийн хооронд байгуулсан 2 удаагийн нэмэлт гэрээний 4-т “Нэмэлт гэрээ байгуулснаар гэрээний нийт болон нэгж үнэд өөрчлөлт орохгүй” гэж тодорхой заасан тул үнийн өсөлт шаардсан нь хууль бус.  Мөн “ХЗ” ХХК нь захиалагч тал болох яаманд тухайн үед төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар огт мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн. Мөн захиалагчид төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар мэдэгдсэн тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.  Гэрээний тусгай нөхцлийн 44-д  үнийн тохируулга хийж болно гэж зааснаас анхнаасаа заавал хийхээр гэрээнд үүрэг болгож заагаагүй. Төсвийн хэмжээ нэмэгдсэн талаарх саналаа манайд ажил гүйцэтгэх явцдаа мэдэгдэж талууд өөрчлөлт оруулах эсэхээ шийдвэрлэх байсан. Мөн гэрээ хэрэгжиж дуусаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа гэнэт үнийн өсөлт шаардаж, гэрээг буцаан хэрэглэхийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасантай зөрчилдөж байна. Мөн үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно гэсэн Иргэний хуулийн заалттай нийцэхгүй байна.

Иймд “ХЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн хууль бус шаардлага байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Төрийг төлөөлж оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2011 онд гэрээг байгуулж, ажлыг 2015 оны 7 дугаар сарын 31-нд бүрэн дуусгаж хүлээлгэн өгчээ. Гэрээний тусгай нөхцлийн 44-т “үнийн тохируулга” хийх талаар тусгагдсан байх боловч тохируулга хийх талаар яам болон гүйцэтгэгч нар уулзсан, тохиролцож байсан гэх баримтгүй. Мөн үнийн өсөлтөөс ийм хэмжээний нэмэлт зардал гарсныг нотлосон баримтгүй байна. Талуудын хоорондох 2014, 2015 онд байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 4-т “үнэд өөрчлөлт оруулахгүй” гэж заажээ. Иймд нэхэмжилж байгаа үнийн зөрүүг олгох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ХЗ” ХХК нь ЗТХЯ-анд /хуучнаар: Зам, тээврийн яам/ холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.484.870.155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа 1.880.232.471 төгрөг болгон багасгаж байх бөгөөд түүнд олгосон 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэлд байгууллагыг төлөөлөх бүрэн эрхийг олгосон байх тул шүүх багасгасан шаардлагын хүрээгээр тооцон хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Нэг талаас “ХЗ” ХХК, нөгөө талаас “Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь Завхан аймаг дахь Улиастай-Донойн хөндийн нисэх онгоцны буудал хүртэлх 29.488 км хатуу хучилттай авто замын ажлыг гүүр хоолойн бусад хиймэл байгууламжийн хамт 2013 оны 10 дугаар сарын 30-ны дотор стандартын дагуу барьж гүйцэтгэхээр, Захиалагч ажлын хөлсөд 10.300.000.000 төгрөг төлөхөөр “Улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх” тухай 54 тоот гэрээг байгуулжээ. Мөн талууд 2014 оны 5 дугаар сарын 30-нд, 2015 оны 4 дүгээр сарын 16-нд тус тус 81, 54/014 тоот нэмэлт гэрээг байгуулж, ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгажээ. /1хх 10-29, 40, 41/

Зохигчид хэн алин нь гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Зохигчид ажлын хөлс 10.300.000.0000 төгрөг шилжүүлсэн, ажлыг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр эцсийн байдлаар хүлээн авсан мөн гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ, чанарт маргаагүй. Түүнчлэн хэрэгт авагдсан ажлын үе шатны гүйцэтгэлийн тайланг тухай бүр хүлээн авсан, гүйцэтгэлийг баталгаажуулж байсан гэдэгт маргаагүй. /1хх 30-35, 167-250/ 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээч Ц.Цэрэндорж, С.Бат-Амгалан, С.Батсүх нарын хийсэн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтэд мөн маргаагүй болно. /2хх 187-225/

Харин ажлын явцад гол түүхий эд, шатахууны үнэ өссөнөөс гарсан зардал нэмэгдсэн, гэрээгээр үнийн тохируулга хэрэглэхээр тохиролцсон үндэслэлээр зөөврөөр далан байгуулах ажил, битум цацлага хийх ажил, Халуун асфальт бетон хучлага байгуулах ажилд гарсан үнийн зөрүү буюу ажлын хөлсний зөрүүг нэхэмжилж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

1.Талуудын хооронд байгуулсан 2011 оны гэрээний тусгай нөхцлийн 44-т “зөвхөн голлох түүхий эд болох битум, шатах тослох материал, цемент, арматурын зах зээлийн дундаж үнэ 20 хувиас дээш өссөн тохиолдолд үнийн тохируулга хийж болох”-оор Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар гэрээний үнийн хувьд нөхцөл зааж гэрээг байгуулжээ.

Гэвч талуудын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт гэрээний 4-т “гэрээний нийт болон нэгжийн үнэд өөрчлөлт орохгүй” гэж тусгасан нь хэлцэл хийгч талууд нөхцөл зааж “үнийн тохируулга” хэрэглэх тухай өмнөх хүсэл зоригийн илэрхийллийг “үнэд өөрчлөлт оруулахгүй” байхаар өөрчилсөн байна. Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу гэрээний талууд хүсэл зоригоо чөлөөтэйгээр илэрхийлэн, агуулгаа өөрсдөө тодорхойлж хийсэн тохиролцоо гэж үзэх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлсний зөрүүг шаардах эрхгүй байна. /1хх 28-29, 40, 41/

Нэхэмжлэгч нэмэлт гэрээний дээрх заалтыг “10.300.000.000 төгрөгний хувьд өөрчлөлт орохгүй, тохируулга хийх хэвээр гэж ойлгосон” хэмээн тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар үгийн шууд утгаар гэрээг тайлбарлах бөгөөд уг заалтын хувьд нэгжийн үнэ, нийт үнэд аль алинд өөрчлөлт орохгүй байхаар тусгагдсан, уг заалт салаа утгатай, ойлгомжгүй гэх байдал тогтоогдохгүй байна. 

2.Нэхэмжлэгч үнийн өсөлтийн зөрүүгээс ажлын төсөвт өртөг 1.880.232.471 төгрөгөөр нэмэгдсэн болохыг баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Хэрэгт авагдсан 9 удаагийн явц дундын гүйцэтгэлийн тайлангаас үзвэл гүйцэтгэгч тал зөөврөөр далан байгуулах 335.269 мкуб тоо хэмжээ бүхий ажлаас 2011 ондоо 292.951 мкуб /1хх 170, 181, 193/ буюу 87 хувийг, 2012 онд үлдэх 42.318 мкуб /1хх 202/ буюу 13 хувийг гүйцэтгэжээ. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд зөөврөөр далан байгуулах ажлын хувьд шатахууны үнийн өсөлтөөс хамаарч төсөв нэмэгдсэн гэж тайлбарлаж байх боловч шинжээч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ дизель түлш Завхан аймагт 2011 онд нэгжийн үнэ 1.630 төгрөг, 2012 онд 1.722 төгрөг буюу өмнөх оныхоос 5,7 хувийн өсөлттэй байсан /2хх 192/ гэж дурдсан, уг ажлын дийлэнх хэсгийг тухайн ондоо гүйцэтгэсэн зэргээс үзвэл зөөврөөр далан байгуулах ажлын хувьд үнийн өсөлтөөс шалтгаалж 746.987.702 төгрөгөөр төсөв нэмэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /2хх 83/

Битум цацлага хийх ажлын хувьд 2012 онд 96.601 мкуб буюу нийт ажлын 39 хувийг, 2013 онд 152.359 мкуб буюу ажлын 61 хувийг, Халуун асфальт бетон хучлага байгуулах ажил 2012 онд 3780 мкуб буюу нийт ажлын 37 хувийг, 2013 онд 6.545 мкуб буюу 63 хувийг тус тус гүйцэтгэсэн, шинжээч үндсэн түүхий эд болох битум 2012 онд өмнөх оноос 16,12 хувиар, 2013 онд 19,92 хувиар, халуун асфальтбетон хольц 2012 онд өмнөх оноос 11,94 хувиар, 2013 онд 8,03 хувиар тус тус өссөн гэж дүгнэснээс үзвэл нэхэмжлэгч дээрх гурван ажлын 2012 онд гүйцэтгэсэн тоо хэмжээнд үнийн өсөлт нэхэмжлэх эрхгүй байна. Мөн 2013 онд битумны үнэ 2011 онтой харьцуулбал 20 хувиас дээш өссөн байх боловч нэхэмжлэгч 2013 онд гүйцэтгэсэн битум цацлага хийх ажилд гарсан нэмэлт зардлыг салгаж тооцож баримтаар ирүүлээгүй. Халуун асфальтбетон хольцийн хувьд дундаж үнэ 2011-2013 онд 20 хувиас дээш өсөөгүй байна. /1хх 211, 226, 235, 247, 2хх 191-193/

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор дээрх гурван ажлын хувьд гэрээ байгуулагдах үеийн болон ажлыг гүйцэтгэсэн үеийн нэмэгдсэн төсөвт өртгийн задаргааг баримтаар ирүүлжээ. Уг төсвөөс үзвэл гэрээ байгуулагдах үед зөөврөөр далан байгуулах ажилд шаардагдах төсөв 3.306.481.584 төгрөгөөс материалын зардал 316.729.965 төгрөг /2хх 87-90/, харин нэмэгдсэн төсөв 4.053.469.264 төгрөгнөөс материалын  зардал 514.973.184 төгрөг /1хх 111-116/ гэж,

битум цацлага хийх ажилд шаардагдах төсөв 193.842.172 төгрөгөөс материалын зардал 135.135.488 төгрөг /2хх 95-98/, харин нэмэгдсэн төсөв 360.939.889 төгрөгөөс материалын зардал 250.019.209 төгрөг /1хх 105-110/ гэж,

халуун асфальт бетон хучлага байгуулах ажилд шаардагдах төсөв 3.572.386.438 төгрөг, үүнээс материалын зардал 3.109.448.751 төгрөг /2хх 91-94/, харин нэмэгдсэн төсөв 5.143.171.103 төгрөгөөс материалын зардал 4.394.412.037 төгрөг /1хх 98-104/ гэж тусгагдсанаас үзвэл зөвхөн голлох түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалан ажлын хөлс 1.880.232.471 төгрөгний хэмжээгээр нэмэгдсэн болох нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл талууд анх гэрээгээр зөвхөн түүхий эдийн үнийн өсөлтөөс хамаарч тохируулга хэрэглэхээр заасан байхад шаардагдах материалын зөрүүгээр бус бүхэлд нь тухайн ажлын төсвийг өсгөж тооцон нэхэмжилжээ. Мөн гүйцэтгэвэл зохих ажлын тоо хэмжээ, хугацаа өөрчлөгдөөгүй байхад зөөврөөр далан байгуулах ажлын нэмэгдсэн гэх төсвийг хавтаст хэрэгт хоёр өөрөөр ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй. /1хх 111-116, 2хх 99-103/

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохоор 2013 оны 9 сард дизель түлш литр тутмыг 1970 төгрөгөөр худалдан авсан тухай зарлагын баримт, битумыг 2013 онд нэг тонн тутмыг 1150 ам доллараар, 2012 онд 1.440.000 төгрөгөөр, 700 ам доллараар тус тус гуравдагч этгээдээс худалдан авахаар тохиролцсон гэрээг ирүүлсэн байх боловч шинжээч дизель түлш 2013 онд зах зээлийн дундаж үнэ литр нь 1.785 төгрөг, битум 2012 онд тонн нь 851 ам доллар, 2013 онд 887 ам доллар байсан тухай дурдсан, түүнчлэн Ашигт малтмал газрын тосны газраас дизель түлшний дундаж үнэ 2013 онд 1.750 төгрөг,  битум тонн нь 860 ам доллар байсан тухай тодорхойлсон байх тул зах зээлийн дундаж ханшаас өндрөөр бүтээгдэхүүнийг худалдан авсан явдалд хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүйгээс гадна дээрх гэрээ, зарлагын баримтын дагуу худалдан авсан бүтээгдэхүүнийг маргааны зүйл болсон тухайн замын ажилд зарцуулсан эсэх тодорхойгүй.  /1хх 58-62, 92-97/

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

3.Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д “гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ төсөв зохиож гүйцэтгэж болох”-оор, гэрээ байгуулах үед урьдчилан  төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр бол энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээх”-ээр тус тус заажээ. Хэрэгт авагдсан баримтаар талууд анх гэрээг байгуулахдаа үнэд өөрчлөлт оруулахаар нөхцөл зааж гэрээг байгуулсан хэдий ч нөхцөл биелэгдэж бий болсон даруйд буюу 2011-2013 онд ажлыг гүйцэтгэх үедээ ажлын хөлсөд өөрчлөлт орсон тухайгаа гүйцэтгэгч нь захиалагч талд нэн даруй мэдэгдсэн, уг үүргээ биелүүлсэн гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

Харин хуулиар үүрэг үүссэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно, ажлыг хугацаа хоцорч хүлээлгэж өгсөн тухай хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүйг дурдав.

Дээрхийг нэгтгээд ЗТХЯ-анд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.880.232.471 төгрөг гаргуулах тухай “ХЗ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Тус шүүхийн 181/ШЗ2017/08042, 181/ШЗ2017/10974, 181/ШЗ2018/00114 дүгээр шүүгчийн захирамжаар шинжээч томилсон, шинжээчийн ажлын нийт хөлс 6.969.600 төгрөгөөс 2.880.000 төгрөг төлөгдсөн, үлдэх 4.089.600 төгрөг төлөгдөөгүй, уг зардал нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлсийг нэхэмжлэгчээс гаргуулж, шинжээчид олгов. /2хх 11, 133, 151, 186/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан ЗТХЯ-анд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.880.232.471 төгрөг гаргуулах тухай “ХЗ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.584.351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 4.089.600 төгрөг төгрөгийг “ХЗ” ХХК-иас гаргуулж, 1.209.600 төгрөгийг шинжээч Л.Баасанбатад, 2.880.000 төгрөгийг шинжээч Ц.Цэрэндорж, С.Бат-Амгалан, С.Батсүх нарт тус тус олгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

                                   

 

ДАРГАЛАГЧ                                        О.ОДГЭРЭЛ