Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 103

 

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/00103

 

Л.Буянбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00990 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Буянбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Чимэдцэрэнд холбогдох

 

2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Тахько” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Буянбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Буянбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Р.Лутаа асан иргэн Ж.Чимэдцэрэн нар нь 2005 оны 5 сарын 06-ны өдөр “Тахько” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг” байгуулсан. Тус хэлцлийг Чингэлтэй дүүргийн 60 дугаартай нотариатч Ц.Сайнбаяр 2005 оны 5 сарын 10-ны өдөр 196 дугаарт бүртгэн гэрчилсэн боловч  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02046 дугаар шийдвэрээр нотариатын дээрх үйлдлийг хүчингүйд тооцсон.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 сарын 27-ны өдрийн 803 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 6 сарын 24-ний өдрийн 001/ХТ2016/00805 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т заасан хэлцлийг нотариатаар заавал  гэрчлүүлэхээр заасан. Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааварт ч мөн “...бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэхээр заажээ. Иргэн Р.Лутаа асан болон Ж.Чимэдцэрэн нарын хооронд байгуулагдсан 2005 оны 5 сарын 06-ны өдрийн “Тахько” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийн”  7-д “...нотариатаар бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр болно...” гэж заасан. Хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль бус болсон тул хэлцэл хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үндэслэлтэй. Ж.Чимэдцэрэн нь хүчин төгөлдөр бус хэлцлээр компанийн хувьцаа эзэмшигч гэсэн нэрээр ногдол ашиг авч байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

 Л.Буянбат нь Р.Лутаа агсаны өв залгамжлагч бөгөөд Р.Лутаа, Ж.Чимэдцэрэн нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “...хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан.”, 56.1.8-д “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл..." байх тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Чимэдцэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1992 онд Оёдлын төв үйлдвэр хувьчлагдаж Тахько ХК-ийг үүсэн байгуулагдахад анхны хувьцаа эзэмшигчдийн нэг болж, улмаар 1996 онд Тахько ХК-ийн 687 680 ширхэг хувьцаа нэмж гаргахад нэр бүхий 7 хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулж дээрхи хувьцааг хуваан эзэмшиж байсан. Эдгээр хувьцаа эзэмшигч нарын 5 нь өөрийн эзэмшлийн хувьцаанд ногдох хөрөнгөө тусгаарлан авч өөр компани үүсгэн байгуулсан, хувьцаагаа зарсан зэрэг өөрчлөлтүүд орсны дараа миний бие хувьцаа эзэмшигч Р.Лутаатай харилцан тохиролцож өмнө байгуулж байсан гэрээ, хэлэлцээрүүдийг тодотгох, нэмэлт өөрчлөлт оруулах замаар 2005 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”, “Хамтран шийдвэрлэх, ажиллах бусад зүйлийн талаархи хэлцэл”-үүдийг байгуулсан. Тухайн үед Р.Лутаад Тахько ХК-ийн нэмж гаргасан хувьцааны асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, түүний нэр дээр бүртгэгдсэн хувьцааны шилжилт хөдөлгөөн, арилжааг зогсоосон учир өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлж авах боломжгүй байсан бөгөөд 2006 оны 11 сард уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Р.Лутаа нас барж хүү Л.Буянбат нь өв залгамжлагч болж, 2007 оноос хувьцаа эзэмшигч болж, өв залгамжлагчийн хувьд Р.Лутаатай хийсэн дээрхи 2 хэлцлийн үүргийг биелүүлэх байтал энэ гэрээ хэлцлийг мэдэхгүй, надад байхгүй, манай аав ийм гэрээ хэлцэл хийгээгүй, гарын үсэг нь биш, хууль бус хэлцэл учир хүчингүй болгуулна гэх мэтээр асуудалд хандаж байсан. Иймээс миний бие Л.Буянбатад холбогдуулан 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Р.Лутаа асаны өв залгамжлагч Л.Буянбатын нэр дээр бүртгэлтэй байгаа хувьцаанаас миний эзэмших эрхтэй хувьцааг, мөн түүний өөртөө хувиарлаж авсан ногдол ашгийн мөнгийг тус тус гаргуулж надад олгуулах нэхэмжлэл гаргасан. Л.Буянбат нь хэргийн явцад 2005 оны 05-р сарын 06-ны өдөр байгуулсан “Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Тус шүүх энэ асуудлыг 2 жил шалгаад 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 999 дүгээр шийдвэрээр дээрхи 2 хэлцэл нь хууль ёсны хүчин төгөлдөр хэлцэл байна, Л.Буянбат өв залгамжлагчийн хувьд хэлцлийн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй гээд Л.Буянбатын нэр дээр бүртгэлтэй байгаа “Тахько” ХК-ийн хувьцаанаас 314.114 ширхэг хувьцааг, мөн Л.Буянбатаас 66.906.282 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэнд олгож, Л.Буянбатын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Талуудын гаргасан гомдлыг шат шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Иймд Л.Буянбатын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан Ж.Чимэдцэрэнд холбогдуулж гаргасан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Тахько” ХКомпанийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Л.Буянбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сүхбаатар дүүргийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа Үнэт цаасны хорооны 1998 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан "Үнэт цаасаар гэрчлэгдэх өмчлөх эрхийг шилжүүлэх журам", "Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг биржийн арилжааны бус хэлцлээр худалдах" тухай журам хүчинтэй байх хугацаанд хийгдсэн атлаа энэ журмын 6 дугаар бүлэгт хувьцаагаа биржийн арилжааны бус хэлцлээр худалдах, захиран зарцуулах эрх нь өмчлөгчид байх бөгөөд энэ эрх нь хуулиар олгогдсон этгээд хувьцаагаа өөр хоорондоо мэргэжлийн байгууллагаас зохих мэдээллийг авснаар арилжиж энэ талаарх хэлцлээ албан ёсоор нотариатаар батлуулан Хөрөнгийн биржид бүртгүүлэн зохих шимтгэлийг төлж ТТТТХ-д өмчлөх эрхээ баталгаажуулснаар хувьцаа эзэмшигчийн эрх гэрчлэгдэж, баталгаажуулагдах эрх зүйн шаардлагыг хангаагүй, түүнчлэн Р.Лутаа, Ж.Чимэдцэрэн нарын хооронд хийгдсэн дээрх хэлцэл 9 дүгээр тогтоол 2005 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүчингүй болсноос хойш буюу биржийн бус замаар хувьцаат компанийн хувьцааг худалдахыг эрх зүйн хувьд зогсоосноос хойш хийгдсэн хэлцэл гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн болно.

Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэн сөрөг нэхэмжлэлийг няцааж гаргасан тайлбартаа Р.Лутаатай байгуулсан Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл нь хувьцаа арилжих, худалдах тухай хэлцэл биш, харин ирээдүйд тухайн хэлцэлд зааснаар хувьцаагаа хэрхэн хуваан эзэмшихээ тодорхойлж баталгаажуулсан хэлцэл гэж үзэж, энэ хэлцэл Үнэт цаасны тухай хуулийн 2.1, Иргэний хуулийн 113 дугаар зүйлүүдэд хамаарахгүй гэж тайлбарлаж байсан нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 999 дугаар шийдвэрт туссан байна. Р.Лутаагийн Ж.Чимэдцэрэнтэй байгуулсан Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл нь өөрт байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон хэлцэл тул Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар заавал гэрчлэгдэх ёстой хэлцэл юм. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт "хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн"-ээр хэлцэл хийсэн гэж үзэх"-ээр заасан бөгөөд талууд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 190.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлээгүй учраас гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй болж байна.

Талуудын хэлцлийг Чингэлтэй дүүргийн 60 дугаартай нотариатч Ц.Сайнбаяр гэрчилсэн байдаг. Нэхэмжлэгч Л.Буянбат нотариатчийн бүртгэлийн дэвтрээс энэ гэрээ бүртгэгдсэн, эсэх талаарх лавлагааг авахад нотариатчийн бүртгэлийн дэвтрийн 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаарт Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших тухай хэлцэл бүртгэгдээгүй, харин энэ 196 дугаарт Р.Лутаа, Ж.Чимэдцэрэн нарын Тахь электроникс ХХК-ийн хувьцааг хуваан эзэмших хэлцлийг бүртгэж, гэрчилсэн байдаг юм. Нэхэмжлэгч Л.Буянбат энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нотаритчийн үйлдлийг хүчингүй болгуулсан. Талуудын байгуулсан Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл нь худалдах, худалдан авах болон хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ биш, өөрт байгаа эд хөрөнгийн хэсгийг бусдад шилжүүлэх хэлцэл учраас энэ хэлцлийг нотариатчаар заавал гэрчлүүлэх ёстой ба хуульд заасан энэ шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн бол хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарч байна. Иймд хариуцагчийн маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх маргаан үндэслэлгүй. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 999 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн асуудал огт өөр үндэслэлээр шийдвэрлэгдсэн, одоо нэхэмжлэгч тал хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өмнө нь гаргаж байсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай адил боловч үндэслэл нь өөр байгаа гэж тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг гаргасан байхад шүүх дээрх үндэслэлүүдэд ямар нэгэн хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөлгүй, хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргаж тавьсан үндэслэлүүдийг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт огт дурдаагүй,  хариуцагч тал ямар няцаалт өгсөн, шүүх нэхэмжлэгч талын гаргаж байгаа үндэслэлүүд хуульд нийцсэн эсэх, өмнөх сөрөг нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэхэд гаргаж байснаас өөр үндэслэл мөн эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт хийсэнгүй.  

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэлийг  хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, зохигчдийг мэтгэлцүүлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Буянбат нь хариуцагч Ж.Чимэдцэрэнд холбогдуулан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Тахько” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг” хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...маргааны зүйлийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэж маргажээ.

 

Р.Лутаа, Ж.Чимэдцэрэн нар нь 2005 оны 5 дугаар сарын 6-ний өдөр Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших гэрээг байгуулсан, уг хэлцлийг гэрчилсэн 60 дугаартай нотариатч Ц.Сайнбаярын нотариатын үйлдэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болсон үйл баримтад талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдох ёстой гэж тайлбарласан ч ямар үр дагавар шаардаж байгаа нь тодорхой бус болжээ. Нэхэмжлэгч нь Р.Лутаа, Ж.Чимэдцэрэн нарын хоорондын хэлцэл Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дах хэсэгт зааснаар нотариатаар заавал гэрчлүүлэх ёстой хэлцэл, түүнчлэн талууд гэрээндээ “..,нотариатаар бүртгүүлсэн өдрөөс хэлцэл хүчин төгөлдөр болохоор” заасан тул нэгэнт нотариатын үйлдэл хүчингүй нөхцөлд хэлцэл нь хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн гэж тайлбарласан байхад дээрх асуудлаар мэтгэлцээн өрнөөгүй, Р.Лутаа өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгөө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлсэн эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлүүдийг шүүх хүчин төгөлдөр бусд тогтоохгүй, харин хэлцэл хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийж үр дагаврыг шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч нь ямар хууль, эрх зүйн үндэслэлээр юу хүсч шаардаж байгаагаар нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлдог. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар зохигчид мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлээс өөр зүйлийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр  байна.

Шүүхийн мэтгэлцээн бүрэн явагдаагүй тул нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00990 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Буянбатын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                  Ш.ОЮУНХАНД