| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/0092/и |
| Дугаар | 386 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 386
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө хороололын 21 дүгээр байрны 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор Япон улсын Токио хотын Минато Шибура 3-5-34 тоотод түр оршин суугч М.Төгс-Итгэлтийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 2-24 тоотод оршин суух Их дархчуул Доржсүрэнгийн Нарандуламд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн, 2 хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Төгс-Итгэлт /онлайнаар/, хариуцагч Д.Нарандулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, гэрч О.Цэцэгмаа, Н.Амаржаргал, М.Хонгорзул, Д.Ганширмэнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Төгс-Итгэлт шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн Д.Нарандуламтай 2010 оны 03 дугаар сарын 19-нд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Мишээл 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, хүү Билэгт 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн. Бидний гэр бүл болон амьдрах хугацаанд миний эхнэр Д.Нарандулам нь үүрэг хариуцлагаа умартан зугаа цэнгэл хөөж, архидан согтуурч, удаа дараалан намайг хууран мэхэлж байсан. Энэхүү байдлын улмаас цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Би Д.Нарандуламтай эвлэрэх гэж олон жил тэвчээртэй, хүлээцтэй хандсны эцэст Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч эвлэрээгүй. Би энэхүү өргөдлөөсөө татгалзахгүй, буцаахгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Энэхүү өргөдлийг гаргаж буй миний бие өргөдлийн агуулга, үр дагаврыг ойлгож бусдын дарамт шахалтад авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно. Тиймээс гэр бүлээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хэрэгт шаардлагатай тайлбар нотлох баримтаа өгсөн байгаа гэжээ.
Хариуцагч Д.Нарандулам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Нарандулам миний бие М.Төгс-Итгэлттэй 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. М.Төгс-Итгэлт нь Япон улсаас ирж хуримаа хийж гэрлэлтээ батлуулчихаад буцаад явсан. Би 2010 оны 07 дугаар сард Япон улсад очиж хамт амьдарч байгаад 2011 оны 09 дүгээр сард
2
жирэмсэн болж, 2011 оны 12 дугаар сард Монголд ирсэн. М.Төгс-Итгэлт хамт ирээгүй. 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин Т.Мишээл төрсөн. 2012 оны 10 дугаар сард би охины хамт Япон улс руу явсан.Бид гурав хагас жил хамт амьдарч байгаад 2013 оны 02 дугаар сард жирэмсэн болоод охины хамт Монголд ирсэн. Улмаар 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү Т.Билэгт төрсөн. Хоёр хүүхдийг маань төрөх үед М.Төгс-Итгэлт надтай хамт байгаагүй. М.Төгс-Итгэлттэй гэрлэлтээ батлуулаад өнөөдрийг хүртэл 6 жил болж байгаа боловч хамт амьдарсан хугацаа 2 жил 9 сар л байдаг. Намайг жирэмсэн байх хугацаанд болон 2 хүүхдийг маань төрөх үед мөн хүүхдүүдээ өнөөдрийг өсгөх хугацаанд хамт байж аавын үүргээ биелүүлээгүй. Намайг М.Төгс-Итгэлт нь үүрэг хариуцлагаа умартан зугаа цэнгэл хөөж, архидан согтуурч, удаа дараалан хуурч мэхэлсэн гэж байгаа нь худлаа бөгөөд ямар нэг байдлаар надаас гэрлэлтээ цуцлуулах шалтаг гэж үзэж байна. Учир нь би энэ хугацаанд Монголд 2 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан. Япон улсад очиж М.Төгс-Итгэлттэй хамт амьдрах хугацаанд мөн адил хүүхдүүдээ өсгөж, хэл сурч, цагийн ажил хийж байсан. Эхнэр, ээж хүний үүргээ нэг ч удаа мартаагүй. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулах гэсэн шаардлагыг дэмжиж байна. Харин миний охин Т.Мишээл, хүү Т.Билэгт нарыг миний асрамжид үлдээж, эцэг М.Төгс-Итгэлтээс хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч М.Төгс-Итгэлт нь Д.Нарандуламд нь холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж тогтоолгохоор үндсэн, хариуцагч Д.Нарандулам нь М.Төгс-Итгэлтэд холбогдуулан 2 хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч М.Төгс-Итгэлт, хариуцагч Д.Нарандулам нар 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, №0148592 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Тэдний дундаас 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төгс-Итгэлтийн Мишээл, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төгс-Итгэлтийн Билэгт нар төрсөн байна.
Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Харин охин Т.Мишээл, хүү Т.Билэгт нарын асрамжийн талаар гэрлэгчид тохиролцоогүй, аль аль тал нь хоёуланг нь өөрийн асрамжид авахаар маргаж байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг харгалзаж, маргааныг шийдвэрлэхээр байна.
Гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэдэг бөгөөд хүүхдийн хувьд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хэн аль нь эцэг, эх байх, хүүхэдтэйгээ хамт амьдрах эрхтэй тул шүүх хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоог харгалзан үзэх бөгөөд гэрлэгчдийн хувьд хэн аль нь хүүхдийг асрамждаа байлгах боломжтой гэсэн тайлбарыг ирүүлж байгаа боловч Д.Нарандулам нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 268 дугаартай тодорхойлолтод “...Индэрт багийн 2-25 тоотод Доржсүрэн овогтой Нарандулам нь ам бүл тавуулаа аав, ээж болон
3
охин Мишээл, хүү Билэгт нарын хамт амьдарч хүүхдүүдээ асран хамгаалж, хүмүүжүүлдэг нь үнэн болно...” гэсэн байгаагаар хариуцагч нь өөрийн гэсэн орон байргүй, эцэг, эхийнхээ гэрт, цалингаас өөр орлогогүйгээр амьдардаг болох нь хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Мөн хариуцагч Д.Нарандулам 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш охин Т.Мишээл, Т.Билэгт нарыг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 19 өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр цэцэрлэгт, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 5 дугаар цэцэрлэгт бага бүлэгт, мөн хүүхэд харах үйлчилгээ зэрэгт 2 хүүхдийг 5 сарын хугацаанд 2 цэцэрлэг, 1 хүүхэд харах үйлчилгээнд хамруулсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай албан бичиг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 5 дугаар цэцэрлэгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна
Харин нэхэмжлэгч М.Төгс-Итгэлт нь цалин хөлсний эх үүсвэртэй, хүүхдийн хүмүүжил болон тэдний өсөж бойжих орчин, орон байрны нөхцлөөр нэхэмжлэгчээс давуу гэж үзэх үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн “...Би 2016 оны 02 дугаар сард шүүхэд өргөдөл өгөхдөө гэр бүлээ цуцлуулж, хоёр хүүхдээ авч Японд амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, ...Монголд хүүхдүүд маань дасаж байгаа учраас өнөөгийн нөхцөл байдалд тохируулж хүүхдүүдээ өөр дээрээ авбал Монгол улсад очиж амьдрахаар болоод байна. Хийсвэр байдлаар энэхүү шийдвэрийг гаргаагүй. Анхнаасаа хаана ч амьдрах боломжтой гэж бодож байсан. Яг одоогийн нөхцөл байдлаас болж, том охин маань сургуульд орох дөхөж байгаа учраас үүнийг харгалзан Монголдоо очиж амьдрахаар шийдэж байна...” гэсэн тайлбар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн “...М.Төгс-Итгэлтийг Т.Мишээл, Т.Билэгт нарын асран хамгаалагчаар тогтоовол хүүхдүүдийн хувьд хайр халамжаар дутахгүй, үл хайхрах хүчирхийлэлд өртөхгүй, амьдрах гэр орон аюулгүй тайван, хоол унд, хувцас, хунар, санхүүгийн асуудлаар гачигдуулахгүй, хангалттай байлгаж чадах ба Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн 26.2.1, 26.2.2, 26.2.3, 26.2.4-т заасныг хэрэгжүүлэх бүрэн боломжтой...” гэсэн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй учраас хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан мөн хүүхдийн хувьд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хэн аль нь эцэг, эх байх, хүүхэдтэйгээ хамт амьдрах эрхтэй бөгөөд энэ эрхийг нь эдлүүлэхээс татгалзах үндэслэл хэн алинд нь тогтоогдохгүй байгаа, нөгөө талаар Нарандуламын хувьд хоёр хүүхэд асран хамгаалахад хүүхдэд оногдох ахуй нөхцөл бололцооны хүртээмж багасах байдал зэргийг харгалзан охин Т.Мишээлийг эцэг М.Төгс-Итгэлтийн, хүү Т.Билэгтийг эх Д.Нарандуламын асрамжид үлдээх үндэслэлтэй байна.
Талууд тэтгэлгийн асуудлаар тусгайлан гэрээ байгуулаагүй, хүүхдүүдийн асрамжийг тус бүрд нь олгохоор шийдвэрлэсэн тул шүүх хэн алинд нь тэтгэлэг тогтоох үндэслэлгүй байна.
Шүүх дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулж, хоёр хүүхдийн асрамжийг өөр дээрээ тогтоолгох тухай шаардлагуудаас гэрлэлтийг цуцалж, охин Т.Мишээлийг эцэг болох нэхэмжлэгч М.Төгс-Итгэлтийн асрамжид үлдээн нэхэмжлэлийг заримыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох хоёр хүүхдийн асрамжийг өөр дээрээ авч, тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагаас хүү Т.Билэгтийг эх болох хариуцагч Д.Нарандуламын асрамжид үлдээн, тэтгэлэг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж тус тус шийдвэрлэв.
4
Зохигчид дундаа хамтран өмчлөх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байдаггүй, энэ талаар маргаангүй гэснийг, тэрчлэн гэрлэлт хэдийгээр цуцлагдсан боловч хүүхдүүдийн хувьд нэхэмжлэгч М.Төгс-Итгэлт, хариуцагч Д.Нарандулам нар эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч Д.Нарандуламаас гаргуулан нэхэмжлэгч М.Төгс-Итгэлтэд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Сэрхийн Сэргэлэн Мөнхжаргалын Төгс-Итгэлт /РД:УП89010450/, Их дархчууд Доржсүрэнгийн Нарандулам /РД:ДЮ88102588/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Төгс-Итгэлтийн Мишээлийг эцэг Мөнхжаргалын Төгс-Итгэлтийн асрамжид, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Төгс-Итгэлтийн Билэгтийг эх Доржсүрэнгийн Нарандуламын асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Төгс-Итгэлт, хариуцагч Д.Нарандулам нар эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдсугай.
4. Зохигчид дундаа хамтран өмчлөх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг, мөн М.Төгс-Итгэлт нь охин Т.Мишээлд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч Д.Нарандуламаас гаргуулан нэхэмжлэгч М.Төгс-Итгэлтэд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чанцалдуламд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн
5
ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН