Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 726

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б, Б.Б, М.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Мажигсүрэн,

шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Туяа,

шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Гэршихбөртэ,

шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Б.Баттунсаг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Туяа, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Гэршихбөртэ, шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Б.Баттунсаг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Б, Б.Б, М.Б нарт холбогдох 201625022536 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г овогт Д.Б, 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн ............................ оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ........................../;

2. Х овогт Б.Б, 1997 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт Хөвсгөл аймгийн .......................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......................./;

3. З овогт М.Б, 1997 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт Хөвсгөл аймгийн ............................ оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....................../;

Д.Б, Б.Б, М.Б нар нь бүлэглэж, согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 47 дугаар байрны хажууд иргэн Б.Б-г “мөрлөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний биед “цээжний зүүн талд 3, 4, 5, 6 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушигны авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалт, уруулд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугуй, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дотор булан, зүүн сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Б, Б.Б, М.Б нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Б, Б.Б., М.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилж зүйлчилж,

Д.Б, Б.Б., М.Б нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.Б г 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Б  г 5 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Б  г 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б, Б.Б, М.Б нарт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б, Б.Б нарын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 50 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцож,

хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Д.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Д.Б, Б.Б, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Б-н биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй маргахгүй боловч зарим асуудлыг тухайлбал түүний цээжний зүүн талд 3, 4, 5, 6 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушигны авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалт гэмтэл болох амь насанд аюултай хүнд гэмтлийг чухам шүүгдэгч нарын хэний үйлдлээс учирсан болох нь гэрч, хохирогч, шүүгчдэгч нарын мэдүүлэг болон бусад байдлаар нотлогдоогүй байдаг. Хохирогчийн цээжний зүүн талын 3, 4, 5, 6 дугаар хавирганы далд хугарал нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг шинжээчид нарийвчлан дүгнээгүй боловч 3, 4, 5, 6 дугаар хавирга талаараа хугарсан явдал нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх магадлал, таамгийг төрүүлдэг. Чухам энэхүү цээжний зүүн талын олон хавирганы хугарлаас шалтгаалан хохирогчийн амь насанд аюултай нөхцөл буюу зүүн уушигны авчилт, няцралт, плеврийн хөндийн хий хуралдал үүссэн эсэхийг ч шинжээчид тухайлан тогтоогоогүй байдаг. Анхан шатны шүүх хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт этгээд тогтоогдоогүй байхад шүүгдэгч нарт хавтгайруулан хууль хэрэглэж, ял оногдуулсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн 3 дахь хэсгийн “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасантай зөрчилдсөн буюу нийцэхгүй байна. Шүүгдэгч Б.Б, Б.Б, Б.Б нарыг хохирогч Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсныг үгүйсгэж маргахгүй боловч тэдний гэмт хэргийн оролцоо, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнээс хамаарч ялгамжтай ял оногдуулах шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, нэмэлт шинжилгээ хийлгэн шийдвэрлүүлэх боломжийг олгоно уу.” гэв.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Гэршихбөртэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх тогтоолын тогтоох хэсэгт “Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Б, Б.Б, М.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б.Б, шүүгдэгч М.Б нарыг 2016 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө согтуулуурах ундаа хэрэглэсэн үедээ, бүлэглэн хохирогч Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн дүгнэв. Шүүгдэгч нар хохирогч Б.Батхүүгийн биед учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал, гэм хорын хохиролд 7.000.000 төгрөг нөхөн төлсөн нь хохирогч Б.Батхүүгийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдов. Шүүгдэгч нар ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов.” гэсэн атлаа тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Батхүүгийн Бат-Эрдэнийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Мөнхбаярын Бумбаярыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй”  гэж шийдвэрлэжээ. Энэ нь 2015 оны шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй байна” гэж үзлээ.

            Шүүх нэгэнт шийтгэх тогтоолдоо заасанчлан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзаж үзээгүй, мөн шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар шинээр оруулж ирсэн “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглээгүй байна. Д.Б, Б.Б, М.Б нар нь хэдийгээр гудамж талбайд биеэ зөв авч явалгүй бусадтай маргалдан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан боловч тухайн нөхцөлд хохирогч ялтан нарын аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, аль алинаа өдөөн хоргоосон байдал харагддаг. Миний үйлчлүүлэгч Б.Б-н хувь, хэрэгт холбогдох үедээ 19 настай байсан, мөн тухайн өдөр найзуудын хамтаар ТҮЦ-ээс тамхи аван Д.Б, Гд нарын араас алхаж явахад түрүүлж явсан Бх, Гд нар нь бусадтай маргалдан, улмаар Бх, Б нар хоорондоо зодолдох хэмжээнд хүрсэн тухай мэдүүлгүүд хэргийн материалд бий. Б.Б нь Монгол Улсын хойд хязгаар нутаг болох Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумаас нийслэл Улаанбаатар хотноо их дээд сургуульд элсэн суралцаж, мэргэжил эзэмшихээр ирсэн, ид сурч боловсорч, хөдөлмөр хийх насандаа байна. Хэрэгт холбогдох үедээ гэнэн томоогүй зан, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн агуулга, мөн чанарыг ойлгохгүй бусдыгаа дагаж дарвин гэмт хэрэгт холбогдсон.

Түүний бүрэг даруу, ноомой, бусдын үгэнд амархан ордог зан чанар, нас, анх удаа, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ ойлгон ухаарч, гэмшиж буй байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэлгүй 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг шүүх огт хэрэглээгүй бөгөөд шийтгэх тогтоолдоо хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг анхаарч үзэн, уг хорих ялыг хөнгөрүүлэх хуулийг ашигласан бол эдлэх ял багасаж болно. Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байна. Хэдийгээр тус зүйлийн 4-т “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй ” гэж заасан ч энэ тохиолдолд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэлгүй тухайн бүлэгт буюу Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан ял оногдуулан давхар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болохыг хуульчилсан байна. Иймд шүүх бүрэлдэхүүн энэ бүлэгт заасан ял буюу хуулийн 8.2 дугаар зүйлд заасан ялын гурван төрөл болох нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэсэн ялнаас сонгон оногдуулж түүн дээр нэмэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх хуулийн боломж байхад түүнийг огт хэрэглээгүй, дурьдаагүй байгаа нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна гэж харагдаж байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх зорилго нь заавал эдгээр өсвөр насны хүүхдүүдийг нийгмээс тусгаарлаж хорьсоноор хангагдах бус харин тэдний нас, биеийн онцлогт тохирсон тэдний эрч хүч, хөдөлмөр эрхлэх чадварыг ашиглан ажил хөдөлмөр эрхлүүлснээр тэдэнд оногдуулж буй эрүүгийн хариуцлагын зорилго хангагдаж байгааг анхаарч үзээгүй.

Шүүх, шийдвэр гаргахад чухал ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр түүнд оногдуулсан ял шийтгэлийг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” байна гэж үзэж давж заалдах гомдол гаргасан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5, 38.7, 39.9 дүгээр зүйлүүдийг баримтлан 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Б.Баттунсаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. М.Б нь одоо 20 настай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, урлаг, спортод сонирхолтой, уралдаан тэмцээнд сургуулийнхаа нэрийн өмнөөс амжилттай оролцож байсан. Хохирогчид хохирол төлбөр барагдуулсан. Дээд сургуульд суралцаж байгаад чөлөө авсан. Залуу хүн тул алдаа дутагдлаа ойлгоод засарч хүмүүжин мэргэжил эзэмшээд зөв хүн болж төлөвшиж амьдрах итгэл бүрэн дүүрэн байна. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Мөн 8.5 дугаар зүйлд “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан. Энэ нь хэдийгээр 18 нас хүрсэн боловч 21 нас хүрээгүй хүн оюун санааны хувьд бүрэн бойжоогүй, төлөвшөөгүй байж болох ШУ-ны үндэслэлтэй гэж үзсэн, мөн цаашдын амьдрал ирээдүйг нь бодож,  зөв замаар явж болох боломж олгож өсвөр насны хүнтэй адилтгаж үзсэн, энэрэнгүй зарчимд нийцсэн, улс эх орны ирээдүй болсон залуучуудын алдаа оноог ойлгуулах хүмүүжлийн ач холбогдолтой хуулийн зүйл заалт гэж ойлгож байна. М.Бын нас, хохирол төлсөн байдал, гэмшиж ойлгож байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5-д зааснаар ялыг нь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч нарын зүгээс өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт хамааруулан шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхой заасан. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ 19 насанд хүрсэн байсан тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журам эдгээр шүүгдэгчид хэрэгжих хууль зүйн үндэслэл байхгүй. Д.Туяа өмгөөлөгч шүүгдэгч нарын хэн нь хохирогчид ямар гэмтэл учруулсан бэ гэдгийг ялган тогтоогоогүй гэж байна. Тухайн хэрэг шөнийн цагт үйлдэгдсэн. Хохирогч “намайг цохиж унагаахад би доош харж унасан. Тэгээд бүгдээрээ дээрээс зодсон” гэдэг. Хохирогч хэн миний толгой, цээж, уушиг руу өшиглөсөн бэ гэдгийг харах боломжгүй байсан. Шүүгдэгч нар гурвуулаа нийлээд зодож байсан гэдгийг гэрч нар мэдүүлдэг. Мөн шүүгдэгч нараас мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж, өмгөөлөгчтэй байцаалт авахад нэг нь нэгийгээ нотолсон тодорхой мэдүүлгүүдийг өгсөн. Шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад баримтаар тогтоогдож байгаа. Шинжээч далдыг хардаггүй тул хэн нь хохирогчийн хаана цохьсон гэдгийг ялгаж, салгах боломжгүй. Энэ талаар шинжээч Золжаргалыг байцаахад тодорхой мэдүүлсэн байдаг. М.Б “би тухайн үед Ганболдтой ноцолдож байхад тэр хоёр хохирогчийг зодож байсан” гэж мэдүүлэг өгдөг боловч шүүгдэгч нарыг гурвуулаа нийлж хохирогчийг зодож байсан гэдгийг гэрч нар мэдүүлдэг. М.Быг хохирогчийг зодоход оролцсон гэдгийг Д.Б, Б.Б нар мэдүүлдэг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул М.Бын үйлдэл оролцоонд эргэлзээтэй зүйл байхгүй. Иймд өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Б, Б.Б, М.Б нар нь архи ууж согтуурсан үедээ, 2016 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 47 дугаар байрны хажуугийн гудамжинд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн догшин авирлан танхайрч, иргэн Б.Б-г “Хажуугаар зөрж өнгөрөхдөө мөрлөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн зодож, түүний биед “цээжний зүүн талд 3, 4, 5, 6 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушигны авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалт, уруулд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугуй, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дотор булан, зүүн сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр залуутай зодолдож байхдаа нүүр хэсэг рүү нь баруун гараараа 1 удаа цохиод, гуя хэсэг рүү нь 2-3 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Ингээд зодож байх үед Бат-Эрдэнэ, Бумбаяр нар хүрч ирээд тэр залууг өшиглөж, зодож цохисон юм. Бат-Эрдэнэ, Бумбаяр нар тэр залуугийн хаашаа нь хэдэн удаа юугаар зодож цохисныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх1, х72/,

шүүгдэгч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Баянмөнх өөрөөсөө ах хүмүүстэй мөрлөлцөөд шууд маргалдаж эхэлсэн. Тэгээд “за хоёулаа эр хүн шиг зодолдчихъё” гэж тэр мөрлөлцсөн хүнээсээ асуугаад тэгээд л шууд байрны хажуу тал руу очоод зодолдож эхэлсэн юм. ...Тэр хохирогч Б.Батхүү гэх хүнийг бид нар нийлээд зодож байх үед байрны тагтан дээрээс нэг эмэгтэй “та нар хүн аллаа шүү дээ, цагдаа дуудлаа, болиоч та нар” гэж орилж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х73-74/,

шүүгдэгч М.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Баянмөнх, Ганболд нар урд явсан, харин Б.Б бид хоёр хойд талд нь явж байсан юм. Тэгтэл Б.Баянмөнх, Ганболд нартай хоёр хүн мөрлөлцсөн. Тэгээд Ганболд “уучлаарай ах аа” гэж уучлалт гуйхад тэр хоёр хүний махлаг биетэй ах нь “Монголчууд ийм болчихсон юм уу, ингэж уучлалт гуйдаг юм уу” гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Тэгээд Б.Баянмөнх тэр Б.Батхүү гэх залуутай хамт ойролцоо байрлах байрны хажуу руу явсан. Байрны хажууд очоод хоорондоо шууд зодолдож эхэлсэн. Тэгтэл нөгөө махлаг биетэй ах шууд Ганболдыг бариад авах гэхэд Ганболд зугтсан. Тэгээд би араас нь хөөгөөд тэр махлаг биетэй залуугийн араас нь барьж авахад эргэж хараад намайг цохиод бариад авсан. ...Б.Б бид хоёр Б.Баянмөнхийг татаж салгаад явах гэтэл Б.Баянмөнх “ална  даа” гэж хэлээд л буцаад гүйгээд явчихсан.” гэх мэдүүлэг /хх1, х75/,

хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...урдаас үл таних эрэгтэй 20 орчим настай, 165 см орчим өндөртэй, богино хар өнгийн үстэй, өмсөж явсан хувцсыг нь бол санахгүй байна, эрэгтэй хүн хүрч ирээд миний баруун талын мөр рүү зүүн мөрөөрөө хүчтэй мөрлөсөн. Тэгэхээр нь би эргэж хараад “чи яаж байгаа юм бэ, аятайхан яваач ээ” гэж хэлэхэд араас нь 170 орчим см өндөртэй, 3 эрэгтэй хүн хүрч ирээд “та 2 яагаад манай найзыг дээрэлхээд байгаа юм бэ зодолдох уу, ална шүү” гэх зэргээр доромжлоод байхаар нь би “танай найз чинь намайг мөрлөчихлөө шүү дээ аятайхан авч яваач ээ” гэж хэлэхэд “зодолдъё наашаа хүрээд ир” гэж хэлэхээр нь би урагшаа 1-2 алхахад цайвар өнгийн царайтай, цайвар өнгийн хувцас өмссөн хүн нь шууд миний уруул хэсэг рүү 1 удаа духаараа мөргөхөд би газарт унасан. Тэгээд л тэр залуус миний дээрээс зодож эхэлсэн юм. Энэ үед байрны 2 давхарт байрлах цонхоор “та нар хүн аллаа шүү дээ, болиоч ээ, цагдаа дуудна шүү” гэж хэлсэн. ...Тэдгээр залуус цагдаа нарыг ирэхээс өмнө зугтаад явчихсан байсан юм. Тухайн хэрэг учрал болсон өдөр харанхуй байсан. Нэг нь цохиход би газарт унаад нүүрээ 2 гараараа дараад хамгаалчихсан байсан юм... Тэдгээр 3 эрэгтэй хүний хэн нь хэдэн удаа миний биеийн аль хэсэг рүү, юугаар, яаж зодсон гэдгийг хэлж чадахгүй. Учир нь намайг газар унагаад л шууд зодож нүдээд байхаар нь би нүүрээ хамгаалаад доошоо тонгойчихсон юм.” гэх мэдүүлэг /хх1, х11-30/,

гэрч Б.Цацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие 2016 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө гэртээ байж байтал манай байрны доор буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 47-29 тоот байрны ертөнцийн зүгээр баруун талд үл таних 4 хүн маргалдаад, хашхиралдаад нэг эрэгтэй хүн нь “аллаа, авраарай” гэх хүний дуу чимээ гарахаар нь би юу болоод байгааг харах зорилгоор тагтан дээрээ гараад доош харахад 2 залуу зогсчихсон, 1 залуу нь газар унасан залуугийн толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд зодож байснаа нөгөө 2 зогсож байсан залуу нь хүртэл нийлээд тэр залууг зодож байсан. Манай байр бол 4 давхарт байдаг учир дээрээс нь харахад яг 3 хүн 1 хүнийг зодож байсан. Тэр залууг 10-20 минут орчим л зодож байсан. Яг хэн нь хэдэн удаа зодож цохиж байсныг бол хэлж мэдэхгүй байна. Уг зодуулж байсан залуугийн толгой, цээж хэсэг рүү нь гараараа болон хөлөөрөө зодож цохиж байсан... Ямар ч байсан 1 эрэгтэй хүнийг 3 хүн нийлээд зодож байхыг хараад “та нар хүн аллаа шүү дээ болиоч ээ, цагдаа дуудна” гэж би хэлээд цагдаад дуудлагыг 99140008 дугаараас өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд 1 залууг нь барьж авсан, харин 2 залууг нь барьж чадаагүй.” гэх мэдүүлэг /хх1, х37/,

гэрч О.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Батхүүг чирээд ойролцоо байрлах байр руу оруулаад л зодож эхэлсэн ба би тэдгээр 3 хүнийг салгах гэтэл намайг 2 эрэгтэй нь ээлжилж над руу дөхөж ирээд намайг цохиж зодоод байсан. Би бүүр дийлэхгүй нэгнийх нь хөл хэсгээс нь хазчихсан юм. ...Батхүүг 3 эрэгтэй хүн нэг байрны хажуу талд зодсон, би хэн нь Батхүүгийн биений аль хэсэг рүү нь юугаар хичнээн удаа цохиж зодсон талаар ёстой хэлж мэдэхгүй байна. ...3 эрэгтэй хүн л нийлж байгаад Батхүүг газарт унагачихсан дээрээс нь зодоод байсан.” гэх мэдүүлэг /хх1, х76/,

шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Батхүүгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд юм. Б.Батхүүгийн биеийн байдалд дээрх гэмтлүүд нь хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээнээс бүрэн хамаарна. Үзүүлэгч Б.Батхүүгийн биед учирсан бүх гэмтлийг яг хэдэн хүн учруулж болох, хооронд нь ялгаж салгаж, хэд хэдэн хүн учруулсан байна гэдгийг тогтоох боломжгүй.” гэх мэдүүлэг /хх1, х119-120/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Батхүүгийн биед цээжний зүүн талд 3, 4, 5, 6 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушгины авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалт, уруулд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугуй, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дотор булан, зүүн сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх 14092 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х8/,

“...Хүний биед үзлэг хийсэн №14092 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Батхүүгийн биед цээжний зүүн талд 3, 4, 5, 6 дугаар хавирга далд хугарал, зүүн уушгины авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалт, уруулд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугуй, баруун, зүүн сарвууны зулгаралт, зүүн нүдний дотор булан зүүн сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Б.Батхүүгийн биед учирсан цээжний зүүн талд 3, 4, 5, 6 дугаар хавирга далд хугарал, зүүн уушгины авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн тогтоох журмын 3.1.12-т заагдсанаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин уруулд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугуй, баруун, зүүн сарвууны зулгаралт, зүүн нүдний дотор булан зүүн сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Батхүү нь 2016 оны 10 дугаар сарын 12-нд ГССҮТ-д 6 хоног хэвтэн эмчлүүлсэн байх ба энэ нь гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох үндэслэл болохгүй.” гэх 610 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х171-172/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Туяагийн гаргасан “...хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж, нэмэлт шинжилгээ хийлгэн шийдвэрлүүлэх боломж олгоно уу” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Гэршихбөртэ, шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Б.Баттунсаг нарын гаргасан “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь Д.Б, Б.Б, М.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Б.Б-д хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан, тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Б-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Б-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Б.Б, М.Бумбаяр нарт тус бүр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Гэршихбөртэ, шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Б.Баттунсаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                Ц.ОЧ